Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Манай улсад коронавирусийн халдвар тархаагүй ч эрсдэлд суурилсан сургалт хийлээ. Хүүхдүүд халдвар авч, амьсгалын дутагдалд орвол хэрхэн ажиллах талаарх таван удаагийн сургалтыг манай эмнэлгийнхэн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагтаа тулгуурлан явуулж, нийслэл, орон нутгийн 200 эмч, сувилагчийг хамруулаад тун завгүй байв. Амьсгалын дутагдалтай хүүхдийг аппаратад оруулна гэдэг нь эрхтэн орлуулж буйтай адил учраас эмч, сувилагчийг цахимаар бус, бодитоор биечлэн сургах шаардлагатай” гэж онцлов.
-Хүүхэд болон эх, эмэгтэйчүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг нэг дор үзүүлдэг улсын ганц эмнэлэг нь ЭХЭМҮТ. Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал юу байна?
-Зүрхний гажигтай, бусад хавсарсан хүнд өвчинтэй төдийгүй үр шилжүүлэн суулгасан эхчүүд энд амаржиж байна. Элэгний хатуурал, бөөрний өвчинтэй болон хүндрэлгүй эмэгтэйчүүд харьяа амаржих газартаа төрж байгаа. Бид бусад эмнэлгийн эмч нарт зөвлөгөө өгч, сургалт явуулдаг. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхдийг эндүүлэхгүй байх нь ДЭМБ, манай улсын барьж буй бодлого. Урьдчилан сэргийлж чадах гэдэгт нэгдүгээрт, вакцинаар хамгаалж болох өвчин, осол, гэмтэл, золгүй тохиолдлууд ордог. Хүүхдүүдэд тавт вакцин тарьдаг болсноор уушгины хатгалгаа, менингитээс (тархи-нугасны идээт үрэвсэл) урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн. Автомашины осол, гаднын биет залгих, хахах, цахилгаанд цохиулах, өндрөөс унах зэрэг золгүй тохиолдлоор хүүхэд эндэхгүй байх нь чухал. 2016 оноос эхлэн хавдартай хүүхдийн эмчилгээг манай төвд хийдэг болсон. Химийн эмчилгээ, мэс заслыг манай эмч нар гардаж, туяа эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд хийж байгаа. Хүүхдийн хавдрыг эрт илрүүлэн эмчлэхэд ХСҮТ-ийн эмч нартай хамтран ажилладаг.
Мөн АНУ-ын олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, хүүхдийн хавдрын эмч, сувилагч нарыг чадавхжуулах боллоо. Хүүхдийн эндэгдлийн гол шалтгаануудыг илрүүлэх нь чухал. Монгол Улсын хэмжээнд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн нэгдүгээр шалтгаан нь нярайх. Нийт эндэгдлийг 100 хувь гэж үзвэл 60 орчим хувь нь нярай үед тохиолдож байна. Үүний ихэнх хувийг дутуу нярайн эндэгдэл эзэлдэг. Тэгэхээр бид дутуу нярайн асаргаа, эмчилгээ, тусламж, үйлчилгээг улам сайжруулахын төлөө ажиллана гэсэн үг. Хүүхэд яагаад дутуу төрөв гээд эх үндсийг нь судлаад үзэхээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбогддог. Энэ нь цаашлаад өсвөр насны охид, хөвгүүдийн эрүүл мэндтэй холбоотой болдог. Эрүүл гэж бодож байтал жирэмсэн болсны дараа хөлөөр нь хавагнан, даралт нь ихсэхээр бөөрний асуудал яригдана. Дов тойрсон долоон нүх эрүүл бол хүн саруул оршино гэж багш минь хэлдэг байв. Хоолой нь байнга өвдвөл зүрхний гажиг олдмолоор үүсэх эрсдэлтэй. Дутуу төрсөн нярайг маш сайн эмчлэх хэрэгтэй болдог. Дутуу нярайд тархины саажилт үүсэх эрсдэл өндөр. Төрөх хугацаа нь болоогүй буюу жирэмсний 34-өөс доош долоо хоногтой ээжүүд манай төвд амарждаг. Яагаад гэвэл амаржих хугацаа нь гүйцээгүй бол амьсгалын дутагдалтай, уушги нь бүрэн тэлэгдэж чадахгүй хүүхэд төрүүлэх нь цөөнгүй.
Манай эмнэлэгт Дутуу тээлт судлалын тасаг бий. Үүний дэргэд Нярай судлалын тасгийн Эрчимт эмчилгээний хэсэг ажилладаг. Бид “жижигхэн Америк” гэж нэрлэдэг юм. Яг Америкийн эмнэлгийинх шиг тоног төхөөрөмж, зохион байгуулалтаар ажилладаг учраас тэр. Тэнд нярайн уушги тэлэх эмчилгээ хийж байна. ЭХЭМҮТ сургалтын бааз нь болоод, энэ эмчилгээг улс даяар нэвтрүүлсэн. Бүх аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг амьсгал дэмжих аппараттай болсон. Энэ нь дутуу нярайн тусламж, үйлчилгээний дэвшил.
-Хүүхдийн хавдрын аль нь илүү давамгайлж байна вэ?
-Хүүхдийн цусны хавдар зонхилон тохиолддог. Цуснаас гадна нүд, элэг, нарийн, бүдүүн гэдэсний хавдрыг манай төвд эмчилж байгаа бол тархины хавдрыг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн хариуцдаг. Хүүхдийн хавдрын тоо баримтыг нэгтгэн судалж байгаа. Дүн бүртгэл сайжирснаар юунд анхаарч ажиллах нь тодорхой болдог. Цусны хавдрын эмчилгээг ХБНГУ-ын протоколын дагуу хийж байна. 10 гаруй жилийн өмнө цусны хавдартай хүүхдүүдийн 70 орчим хувь нь нас бардаг байлаа. 2011 онд эл үзүүлэлт 30 хувь болж буурсан. Эмчилгээ хийлгэснээс хойш таван жил эсэн мэнд байвал хавдрын эмчилгээний үр дүнд хүрсэн гэж тооцдог.
-Манай улс хамгийн багадаа 700 гр жинтэй нярайг хүн болгосон гэдэг юм билээ.
-550, 600, 650 гр жинтэй нярайг ч хүн болгосон шүү дээ. Гадаадад 450 гр жинтэй хүүхдийг хүн болгосон тохиолдол олон. Манай улсын хувьд нийт амаржсан эхийн долоо орчим хувь нь дутуу төрдөг. Нярайн эндэгдлийг бууруулчихвал үүнийг дагаад нялхас, тав хүртэлх насныхны эндэгдэл буурна. Улсын нэг, хоёр, гуравдугаар амаржих газарт Нярайн тасаг байгуулсан. Аймгуудад 50 ортой төрөх эмнэлгүүдэд Нярайн эмгэгийн тасаг байгуулж буй. Уушгины хатгалгаа, суулгалт, менингит, золгүй тохиолдлоор хүүхэд эндэхгүй байхад л анхаарах хэрэгтэйг дахин хэлье. Аюулгүй байдлаа хангаж амьдармаар байна. Өндөр хөгжилтэй орнуудад 1000 амьд төрөлтөд эзлэх эндэгдлийн түвшин нь нэг оронтой тоогоор хэмжигддэг. Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэхэд 2015 онд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн есөн орны нэг нь Монгол Улс болсон. Алсын зайн оношилгоог ард иргэдэд хүргэсэн гэж ЭХЭМҮТ 2017 онд НҮБ-аас шагнал хүртсэн. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэнтэй шууд холбогдон жирэмсэн эмэгтэйг алсаас оношлон, гуравдугаар шатлалын тусламж үзүүлж байгаа.
-Нярай эндэж буй гол шалтгаан нь юу бол?
-Төрснөөс хойш 29 хүртэлх хоногтой хүүхдийг нярай гэж нэрлэдэг. Нас баралтын зонхилох хувийг дутуу төрсөн нярай эзэлж байна. Уушгины цулцангийн дотор ханыг бүрхсэн сурфактант агуулсан шингэн гүйцээгүй нь эндэх нэг шалтгаан болдог.
-Хүүхдийн тусламжтай холбоотой өөр нэг асуудал нь товлолын вакцин. Үүнийг заавал хийлгэх шаардлагатай, эсэх нь маргаан дагуулдаг. Вакцин хийлгэх хэрэггүй гэсэн бодолтой эцэг, эх ч цөөнгүй. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Хүн төрөлхтний бүтээсэн нэг гайхамшиг нь вакцин. Вакциныг хэзээ ч дур мэдэн хийлгэдэггүй. Өрхийн эмчийн зөвшөөрлөөр эрүүл хүүхдэд хийдэг. Вакциныг хойшлуулж болохоос биш, хийлгэхгүй гэсэн ойлголт байх ёсгүй. Улсын хэмжээнд хүүхдийн дархлаажуулалт 90 гаруй хувьд хүрсэн. Жишээлбэл, ханиад хүрсэн, эсвэл эмчилгээ хийлгэж байвал хойшлуулаад бие нь сайжрахаар нөхөж хийнэ. Хүүхэд халуурч байвал вакцин хийхгүй. Ханиалгаж байгаа ч халуунгүй бол хийж болдог. Хоёр сартайгаас тав хүртэлх настай хүүхдэд тавт вакцин хийдэг болсноор идээт менингит эрс буурсныг хүүхдийн эмчээр 30 гаруй жил ажиллахдаа ажигласан. Одоо бас идээт менингитийн өөр үүсгэгч болох пневмококкийн вакциныг нийслэлд хийдэг боллоо. Цаашдаа орон нутгийн хүүхдүүдийг товлолоор дархлаажуулах юм.
-Хүүхдийн нас баралт буурсан тоон мэдээлэл байна. Үүнийг тодруулж өгөөч.
-Нялхсын эндэгдлийн түвшин өмнөх жилүүдийнхээс буурсан. Дэлхий даяар хүүхдийн эндэгдлийг промил буюу 1000 амьд төрөлтөд эзэлж буй тоогоор хэмждэг. Тодруулбал, нярайн эндэгдэл 2018 онд 1000 амьд төрөлтөд 8.7, 2019 онд 8.3 буюу 0.4 промилоор буурсан. Нялхсын эндэгдлийн түвшин 0.1, тав хүртэлх насных 0.8 промилоор буурчээ. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нийгмийн хүчин зүйл, амьжиргааны түвшин, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой. Хүүхдийн эндэгдлийн шалтгааныг уушгины хатгалгаа, суулгалт өвчин эзэлдэг байсан. Амьсгалын зам, суулгалт өвчний программыг 1980-аад оноос ЭМЯ хэрэгжүүлснээр дээрх өвчнөөр нас барах тохиолдлыг бууруулж чадсан. Уг өвчнөөр эндсэн хүүхдүүд ихэвчлэн тураалтай, суурь өвчинтэй нь тодорхой болов. Тиймээс 10-аад жилийн өмнөөс ДЭМБ-ын удирдамжийн дагуу Хүүхдийн өвчний цогц менежмент хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр уушгины хатгалгаагаар нас барах нь эрс цөөрсөн. Үүгээр ч зогсохгүй эцэг, эхчүүд хүүхдийнхээ өвчнийг хүндрэхээс өмнө эмчид хандах, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах талаар мэдлэгтэй болжээ. Нэг жишээ хэлэхэд, хүүхэд суулгахад шингэн зүйл сайн өгөх, давс, чихрийн уусмал уулгах хэрэгтэйг ээжүүд мэддэг болж. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (ягаан дэвтэр)-ийг ЭМЯ-наас гаргаснаар хүүхдийн өсөлт, хөгжлийн онцлог шинжүүд, асаргаа, сувилгааны талаар нэгдсэн мэдээлэлтэй болсон.
-Хэвлийд байхад нь хэт авиан буюу ЭХО оношилгоогоор ургийн гажиг тодорхойлдог. Гэтэл элдэв төрлийн гажигтай хүүхэд төрсөөр. Эцэг, эх нь ажил хийж чадахгүй хүүхдээ асраад эдийн засгийн хүнд нөхцөлд амьдарч буй нь цөөнгүй. Хэвлийд байхад нь зөв оношилж чадахгүй байна уу?
-Ургийн гажгийн оношилгоо сайжирсан. Урьд нь хүүхдийнхээ хүйсийг нь ч мэдэхгүй төрүүлдэг байлаа. Одоо бол жирэмсний таван сартайд нь эрхтэн тогтолцооны гажгийг илрүүлж байна. Гэхдээ зүрхэнд том хэмжээний цоорхой бий, эсэхийг үзэхээс биш, жижиг хэмжээний гажгийг ЭХО оношилгоогоор илрүүлэхэд амаргүй. Амьдрах боломжгүй гажигтай ураг эхийн хэвлийд бүрэлдсэн бол Эх, ургийн анагаах ухааны багийн эмч нар зөвлөлдөн, ар гэрийн зөвшөөрлөөр ургийг тасалдаг тохиолдол цөөнгүй. Уруул, тагнайн сэтэрхийтэй ч тархи, зүрхний үйл ажиллагаа хэвийн бол амьдрах бүрэн боломжтой гэж үздэг. Тэр ч бүү хэл гарын хуруугүй, хоёр хөлгүй ч тархи болон бусад эрхтэн нь эрүүл бол төрүүлэхийг зөвлөдөг. Ийм төрсөн хүүхэд ч бий. Эх, ургийн анагаах ухааны багийнхан ээж, аавтай нь ярилцсаны дүнд шийдвэр гаргадаг. Ургийн хөгжлийн гажгийг эрт илрүүлж буй учраас тоо нь ихэссэн мэт харагдаж байгаа болов уу. “Монгол Улс дахь төрөлхийн хөгжлийн гажгийн бүрдэл судалгаа” гэсэн номыг сүүлийн хэдэн жил гаргасан. Энэ талаар тус номд дэлгэрэнгүй бичсэн.
-Хоёр ихэр ургийн нэг нь өсөөд нөгөөх нь амьгүй болох тохиолдол байдаг. Үүнийг эмчлэх арга бий юү?
-Манай эмнэлгийнхэн цаашид ургийн мэс заслыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Ураг эхийн хэвлийд байхад гажгийг нь оношлон, эмчлэх юм. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хоёр дахь төслийг ЭХЭМҮТ-д хэрэгжүүлж байна. Эхийн хэвлийд бүрэлдсэн ихэр хүүхдэд ургаас урагт цус юүлэх хам шинж илрэх нь бий. Ийм шинж илрэхээр нэг ураг нь дутуу, нөгөөх нь хэвийн өсдөг. Хэвийн хэмжээнд байгаа ураг нь жижгээсээ хэрэгтэй шим тэжээлээ авчихдаг. Жирэмсний хоног нэмэгдэх тусам том ураг хөгжөөд, нөгөөх нь эндэх, эсвэл хэтэрхий жижиг төрөх эрсдэлтэй. Бага жинтэй ураг тархины саажилттай, хүчилтөрөгчийн дутагдалд орох аюултай. Ургууд холбогдсон судсыг дурангийн аргаар, эсвэл нээлттэй мэс заслаар лазераар тасалдаг. Тэгэхээр хоёр ураг ээжийнхээ хэвлийд ижил бойжиж, хэвийн төрөх боломжтой. Энэ аргыг нэвтрүүлэхээр зургаан эмч бэлдсэн. Хоёр нь унтуулга, үлдсэн нь мэс заслаа хийх юм. Мэргэжилтнүүдээ бэлтгэсэн учраас ирэх онд эмчилгээг эхэлнэ. Мөн уушгины артерын даралт ихсэх өвчтэй, амьсгал нь шуугиантай, дутагдалтай хүүхдийг азотын ислийг аппаратаар утаж, хэдхэн минутын дотор эмчлэх арга нэвтрүүлнэ. Сүүлийн үед хүүхдийн дурангийн мэс засал сайн хөгжиж байна. Эмчилгээний шинэ арга, технологи нэвтрүүлэхэд эмчийн ур чадвар их шаарддаг учир мэргэжилтнүүдийг шат дараатай бэлдэж байгаа. Хүний нөөцийн бодлого их чухал юм байна. Байшин барилгыг барьж, тоног төхөөрөмжийг оруулаад ирж болно, гэтэл ажиллах мэргэжилтэн байхгүй бол яах билээ.