Аливаа улс иргэдээ спортоор хүмүүжүүлэн төлөвшүүлж эрүүл, урт удаан наслуулахад анхаардаг. Тэгвэл гийрийн спорт Монголд өдгөө бүх нийтийн биеийн тамир болж хөгжиж байна. Туухайгаар хичээллэсэн хүн биеэ хөгжүүлэхээс гадна сэтгэлийн тэнхээтэй байхад суралцаж, амьдралд нь тулгарсан олон саад бэрхшээлийг хатуужил, тэсвэрээр даван туулдаг. Монголын цэрэг, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид ажлын онцлог, байдлаас хамаараад туухайгаар түлхүү хичээллэдэг болсон. Дэлхийн гийрийн спортын холбооноос зохион байгуулсан цахим ДАШТ-д амжилттай оролцсон, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тамирчин, тасгийн захирагч Л.Очирбатыг “Шинэ танил” буландаа онцоллоо.
-Та гийрээр хичээллэх болсон тухайгаа сонирхуулж яриач?
-Би туухайтай нөхөрлөөд гурван жил болж байна. Манай ангийн алба хаагчид энэ спортоор хичээллэдэг юм. Гийр хүч, ухаан, ур чадварыг зэрэг хөгжүүлдэг. Намайг туухайд татагдахад нэг зүйл хүчтэй нөлөөлсөн. Нэг өдөр манай анги дээр гийрийн АШТ боллоо. 60 кг-ын жинтэй залуу 38 удаа өргөхийг харчихаад сонирхож хичээллэхээр шийдсэн. Өнгөрсөн сарын сүүлчээр Дэлхийн гийрийн спортын холбооноос зохион байгуулсан цахим ДАШТ-д манай ангиас долоон тамирчин өрсөлдөж, эмэгтэйчүүдээс Ц.Отгонтөгс эгч аварга боллоо.
-Цэрэг, цагдаа хүчний байгууллагын тамирчид туухайгаар ана мана өрсөлддөг. Тэмцээнээс медаль хүртэж, хамт олноо баярлуулж байсан биз дээ?
-2018 онд Армийн аварга шалгаруулах гийрийн тэмцээн зохион байгуулахад анх оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Энэ жилийнхэд түрүүлж, алт, мөнгө, мөн Улаанбаатар хотын АШТ-ээс мөнгө, хүрэл медаль зүүлээ. Ирэх жилийн тэмцээнд 32 кг-ыг өргөж өрсөлдөх бодол бий. Гийрийн цахим ДАШТ-д оролцсон тамирчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Т.Энхбаясгалан байлаа. Тэрбээр 10 минутад 150 удаа өргөж, дээд амжилт тогтоосон. Миний хувьд 125 удаа өргөв. Өнгөрсөн жил 50, 60 өргөдөг байсан бол энэ жилээс түлхэлтийн тоогоо ахиулж, амжилт гаргалаа. Манай алба хаагчид биеийн тамирын талбайдаа хуваарийн дагуу туухайгаар бэлтгэл хийдэг юм. Энэ спортоор Зэвсэгт хүчний 150, 084, 530 дугаар ангийн алба хаагчид хичээллэдэг. Цэрэг, цагдаа, хүчний байгууллагынхан гийрийн тэмцээн зохион байгуулж, шилдэг тамирчид шалгаруулдаг болсон.
-Спортод амжилттай яваа найзыгаа нөхөд нь дэмждэг. Тэднээсээ туухайд урвуулав уу?
-Ажлынхаа нэг найзыг туухай руу урвуулсан. Надтай хамт цахим ДАШТ-д өрсөлдлөө. Тэрбээр Армийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн амжилттай. Намайг дагаад дүү минь хичээллэдэг боллоо. Туухай айлд байхад хамгийн тохиромжтой спортын хэрэгсэл. Гэр бүлээрээ хичээллэж, үр хүүхдүүд, ач, зээ нартаа өвлүүлж болдог. Би гэртээ чөлөөт цагаараа туухай өргөх дуртай. Эрүүл, урт наслахаас гадна эерэг бодол, хандлагатай зөв хүн болж төлөвшихөд тустай. Сүүлийн үед үе мөч, нурууны суулттай хүмүүс эмийн эмчилгээнээс татгалзаж, туухайтай нөхөрлөөд эрүүл болж байгааг харлаа. Нэг танил ах минь нурууны суулт өвчнийг хэрхэн эдгээдэг тухай олж мэдэхээр интернэтээс хайхад туухай өргөх үр дүнтэй гэсэн зөвлөгөө байхыг уншаад хичээллэж, эрүүл болсон.
-Амжилт гаргахад дасгалжуулагч багшийн зөвлөгөө их нөлөөлдөг. Хэний удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог вэ?
-Би Монголын гийрийн спортын холбооны дасгалжуулагч Н.Мадигайым багшийн удирдлагад хичээллэж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Л.Билэгтбаатарын гийрийн клубт хичээллэж, тэмцээнд оролцдог юм. Гийрээр ОХУ-ын тамирчид дэлхийд хамгийн хүчтэй өрсөлддөг. Азиас Казахстан, Япон, БНСУ-ын тамирчдаас олон аварга төрсөн. Өнгөрсөн сард болсон гийрийн спортын цахим ДАШТ-д Монголын 30 гаруй тамирчин дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, цөөнгүй медаль хүртлээ. Миний хувьд ажлынхаа хажуугаар хичээллэж, амжилт гаргаж байна.