Хийлч, АНУ-ын Чикаго хотод оршин суудаг Т.Гэрэлтуяатай цахимаар ярилцлаа. Өнгөрсөн өвөл Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран Хас” балетын хөгжмийн хэсгээс гадаадын хөгжимчин найзуудтайгаа өөр, өөрийн улсаас холбогдож хамтран тоглосон нь монголчууд төдийгүй сонссон хүн бүрийн сонирхлыг татсан. Тэр үеэс түүнтэй ярилцахыг хүссэн юм.
-Энэ бүтээл төрсөн түүхийг ярьж өгөх үү?
-Тэгье ээ. Би төгөлдөр хуурч малайз бүсгүйтэй өмнө нь Ардын жүчигчин Ж.Чулууны хөгжим “Уулын горхи”-ийг хамтарч тоглож байсан юм. Италид хамт сурч байсан уран бүтээлч л дээ. Монгол хөгжим гоё гэдэг. Найз маань Америк дахь азиудыг үзэн ядах үзлийн эсрэг 14 хоног ази хөгжим сонсгох ажил зохион байгуулсан юм. Төлөвлөгөөндөө нэг өдөр нь монгол зохиол сонсгохоор тусгасан байсан. Тэгээд л бид ярилцаж байгаад “Уулын горхи”- ийг тоглосон юм. Хүмүүс маш их сонирхож сонссон. Бүр хоёр мянга гаруй лайктай болоод. Найз минь үүнд урамшсан байх, дахин нэг бүтээл тоглоё гэхээр нь “Уран Хас”-ыг сонгосон. Эхлээд төгөлдөр хуурч өөрийн тоглож байгааг бичиж, метрономоор хэмнэл тогтооход бусад хөгжимчин түүгээр нь тоглосноо тус бүртээ дүрсжүүлж бичсэн. Төгөлдөр хуурч эвлүүлсэн.
-Их ажил болдог юм байна шүү.
-Тийм шүү.
-Төгөлдөр хуурч С.Саянцэцэг “Гадаадад монгол аялгууг шүтэн биширч байна” гэж хэлсэн удаатай.
-Бид 2017 онд нэг удаа хэсэг найзын үдэшлэгт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”-ийг тоглосон юм. Хүмүүс нулимсаа арчиж суухад нь монгол хөгжим ямар ч үндэстний сэтгэлд хүрдэг юм байна гэж бодсон. Энд гэр бүлүүд, найзууд үдэшлэг зохиож, хөгжимчид урьж тоглуулах нь элбэг. Саяхан би фэйсбүүк хуудасныхаа нээлтээр Ж.Чулууны “Уран Хас”, “Уулын горхи”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, “Баярын уянга”-ыг тоглоход сонссон олон хүн “Баярлалаа” гэсэн байна лээ.
-Та Америкт удаж байна уу?
-Нэлээд хэдэн жил боллоо. Ер нь гадаадад 12 дахь жилдээ амьдарч байна. Гэр бүлтэй, хоёр хүүтэй.
-Уучлаарай, гадаад залуутай гэрлэсэн үү?
-Үгүй ээ, монгол.
-Энэ аль болох чөлөөтэй ярилцдаг талбар болохоор илэн далангүй асуучихлаа. Хүүхдүүд нь монголоороо ярьж байна уу?
-Гэртээ хүүхдүүдтэйгээ нэг ч англи үг хэрэглэхгүйгээр ярьдаг. Том хүү таван настай. Цэцэрлэгтээ англиар, гэртээ монголоор ярьдаг. Аялга нь жаахан ондоо болохоос сайн ярина. Эхэндээ хэлд орж өгөхгүй байлаа. Санаа зовоод хэлний согог заслын эмчилгээнд хүртэл явуулсан. Хүүхэд хоёр хэлээр зэрэг сэтгэж хэлд орох үед бага зэргийн саатал гардаг юм байна. Бид мэдэхгүй айгаад байсан юм билээ. Ярьж эхэлмэгцээ монгол, английг ялгаад төвөггүй харилцаж эхэлсэн. Бага нь ой, хагастай. Ганц, хоёр үг хэлж эхэлж байгаа.
-Хүүхдүүд бага, ажил их юм байна. Олон хүүхдэд хичээл зааж байна уу?
-Одоогоор манай сургалтын төвд 16 хүүхэд суралцдаг. Бүгд монгол. Голдуу дөрөв, таван настай. Гуравтай хүүхэд ч бий.
-Тэд хэр сурч байна?
-Дажгүй. Ойлгоод л байгаа. Би сүзүки арга барилаар заадаг. Сургалтад сууж, багшлах эрхийн сертификат авсан юм. Хичээлийг хүүхэд бүрт тохирсон хөтөлбөрөөр явуулдаг. Зарим хүүхдэд тоглоомын аргаар ойлгуулдаг. Хөгжим сурах, бас заах хэцүү гэдгийг эцэг, эхчүүд ойлгодог болж байна. Аав, ээжүүд өөрсдөө хөгжим тоглож чадахгүй ч хүүхэд нь сураад тоглох байх гээд монгол дуунуудын ноот цуглуулчихсан байна. Нэг ээж тийм ноотыг гадаадын хийлчид өгч тоглуулжээ. Тэгэхэд нь хөгжим өөрийнх нь сонсож дадсанаар дуугараагүй гэнэ. Сэтгэл нь ханаагүй. Үүнээс үүдээд монгол хөгжмийг монгол хөгжимчин утгаар нь тоглох юм байна гэсэн бодолтой болсон гэдгээ хэлж билээ. Хүмүүс хөгжим сонсох, хүүхдээ сургах гэсэн ийм их хүсэл тэмүүлэлтэй байдаг. Америкт морин хуур, төгөлдөр хуур заах нь олон ч хийлийн багш байдаггүй. Лав Чикагод байхгүй.
-Тэгэхээр та олон шавьтай байх нь аргагүй юм байна. Монгол дахь багш тань хэн бэ?
-Одоо ОХУ-ын Тува улсад багшилж байгаа Д.Амарсанаа.
-Гадаадад суралцаж, ажиллах болсон түүхийг тань сонирхъё.
-2008 онд ХБК-ийн II курс төгсөөд Итали улсын Дэлхийн нэгдсэн коллежид элсэн суралцсан юм. Хоёр жилийн дараа Бостоны Хөгжмийн дээд сургуульд орж, дөрвөн жилийн дараа бакалавр зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгссөний дараа Чикаго хотын залуучуудын “Сивик оркестр оф Чикаго” найралд хоёр жил ажилласан. Дараа нь энэ хотдоо ерөнхий боловсролын бага сургууль, бас “Мюзик хаус” хөгжмийн сургуульд багшилж байгаад сургалтын төвөө нээв. Энд бол студио гэдэг. Чөлөөт уран бүтээлч тул олон байгууллагатай гэрээтэй ажилладаг. Чикаго хот орчмын оркеструуд болон “Whitney”, “Great moments in Viny” гэдэг хамтлагтай байнга хамтарч тоглодог. Бас “Поэма” хэмээх утсан хөгжмийн дөрвөлтэй. Хоёр америк, нэг перу хөгжимчинтэй хамтран ажиллаж байна.
-Танай дөрвөл “Уран Хас”-ыг тоглосон байх нь ээ?
-Тийм ээ. Ер нь нэгдүгээр хийлээр би, хоёрдугаар хийлээр Сесилиа гэдэг перу хөгжимчин, альтаар Америкийн Эрик, виолончелиэр Кэйли тоглодог. Кейли бол “Рузвельт” их сургуулийн Хөгжмийн дээд сургуулийг төгссөн, “Чикаго мюзик холл”-д ажилладаг мундаг уран бүтээлч. Сесилиа, Эрик бид гурав Бостоны их сургуулийг хамт төгссөн юм. Бид байсхийгээд шинэ уран бүтээл төрүүлдэг. Зөвхөн монгол, бас перу хөгжмөөр дагнасан концерт ч зохион байгуулж байлаа. Эрик бид хоёр 2014 онд Монголд “The UB project” төсөл хэрэгжүүлж, хамтарсан тоглолт хийсэн.
-Түүнд Монгол орон таалагдсан уу?
-Таалагдсан. Бараг монгол хүн болох шахаад буцсан (инээв).
-Та гоцолж тоглох дуртай юу?
-Гоцолж гэхээс илүүтэй оркестрт болон камерный төрлөөр тоглох дуртай. Яагаад гэвэл хөгжмийг олуул хамтарч тоглох тусам илүү хүчтэй, утгатай болдог юм шиг санагддаг. Камерный гэдгийг монголоор цөөхүүл гэдэг шүү дээ. Тайзан дээр хамтарч тоглож байгаа хөгжимчдөөс авах энергийг үгээр илэрхийлэх аргагүй.
-Хөгжингүй оронд оркестрын хөгжимчин байх нь амьдралын ч, нэр төрийн ч баталгаа гэдэг. Танд тэгж санагддаг уу?
-Хамгийн гол нь уран бүтээлийн эрх ашиг гэх үү, амт ч гэмээр юм уу, тийм нэг мэдрэмж байнга байдаг. Симфони найрлын хөгжимчид бүгд нэг хүн шиг ажиллаж, тоглож тухайн зохиолын утга санааг нь бүрэн гүйцэд гаргадаг болохоор нэг нь ч тааруухан тоглох эрх байхгүй. Тийм болохоор оркестрын хөгжимчдийн хариуцлага өндөр. Олон даваа давсан хүн тэр мундаг хөгжимчдийн эгнээнд багтдаг.
-Хамт олноороо үзэгч, сонсогчдод хүргэсэн гайхамшигтай сайхан тоглолтуудын талаар яриач.
-“Сивик оркестр оф Чикаго”-той тоглосон бүхий л зохиол, бүтээлийг мартахын аргагүй. Тэр дундаа нэртэй челист Ёо Ёо Матай хамтарч тоглосон И.С.Бахын “Бранденбургийн концертууд” хамгийн гоё нь гэж бодогдож байна. Тэгэхэд олон хотоор аялж тоглосон юм. Ер нь тэр үед оркестрын хөгжимчин гэж хэн бэ гэдгийг илүү сайн ойлгосон. Уран бүтээлчийг сорьсон, хүчирхэг мэдрэмж өгдөг ажил.
-Бүдүүлэг асуулт байж болох юм. “Ямар залхуутай юм бэ” гэж бодож байсан уу?
-Хэзээ ч тэгж бодож байгаагүй. Яагаад гэвэл чадахын төлөө өөрийгөө дайчилж, заримдаа шөнө унтахгүй давтахыг хүсдэг болохоор тэгж бодохгүй.
-Ямар хөгжим тоглох илүү таалагддаг вэ. Удаан хэмнэлтэй нь уйтгартай гэдэг ч юм уу, тэгж харьцуулж болох уу?
-Удаан хэмнэлтэй, гүн гүнзгий утга агуулгатай зохиол тоглох хэцүү санагддаг. Хүч, энерги илүү зарцуулдаг. Нэгэн хөгжим судлаач Й.Гайдн, И.С.Бах, В.А.Моцарт нарын зохиолуудыг хөгжмийн библи гэж хэлснийг уншиж байлаа. Нэгэн хөгжим судлаачийн бичсэнийг уншиж байлаа. Үнэхээр тийм санагддаг. Харин романтизмын сүүлийн үеийн болон түүнээс хойших хөгжмүүдийг тоглох хялбар санагддаг. Жишээлбэл, С.Прокофьев, А.Дворжак нарын зохиолууд илүү ойр санагддаг. Европын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс гадна тухайлбал, А.Пьяццоллагийн бүтээлүүдээс тоглох дуртай.
-Чикагод байдаг монгол хөгжимчид үе үе хамтарч тоглодог. Төгөлдөр хуурч Д.Маралгуагийн шинэ уран бүтээлийн тоглолтод хамтарсан байна билээ. Та бүхэн дахиж хэзээ тоглох вэ?
-Тийм ээ, бид биеэ дэмжиж, аль болох их юм хийхийг боддог. Монгол хөгжмөө таниулах, гайхуулахын хүсдэг. Хүүхдүүд минь насаар бага болохоор тэр бүр зав гарахгүй юм. Гэхдээ хичээж л байна.