Нүүдэлчин ахуйн салшгүй хэсэг болсон монгол нохой нэгэн үе нүдний гэм болсныг анзаарсан хүн цөөн. Бөхөн, хулан, мазаалайн адил “Улаан ном”-д бичигдэх шахаж, хоточ сайн нохойны удам угсаа тасрах вий гэсэн болгоомжлол судлаачдад байжээ. Тиймээс уугуул үүлдрийн нохдыг хамгаалах, өсгөж үржүүлэх зорилготой залуус 2000-аад оны үеэс нэгдэж, өдгөө монгол нохойг дагнан үржүүлдэг 120 гаруй албан ёсны үржүүлэгч, 3000 гаруй цэвэр цусны монгол банхрыг Монголын нохой судлалын холбоонд бүртгэсэн аж. Энэ тухай Монгол банхар судлалын холбооны тэргүүн Д.Цэрэнхандтай ярилцлаа.
-Дэлхийд нохойны 400 гаруй үүлдэр бий. Монголчууд олон төрлийн нохой сонирхож, тэжээдэг. Таны хувьд монгол банхрыг онцлох болсны учир юу вэ?
-Би багадаа үеийнхээ хүүхдүүдийн нийтлэг сонирхлын жишгээр янз бүрийн амьтан тэжээх сонирхолтой байсан. Тэр дундаа хүний үнэнч анд нохойг илүү дотночлон тэжээдэг. 2003 онд анх монгол банхар тэжээж эхэлсэн. Говь-Алтайн аймгаас тууварчдыг дагаж ирээд, орхигдсон сүрлэг банхрыг хараад бараг “дурласан”. Түүнийг тэжээх хугацаандаа монгол банхар бусад үүлдрийнхээс онцлог, давуу талтай гэдгийг мэдэрсэн юм. Нохой тэжээхэд хөдөлмөр их шаарддаг. 2009 онд Монголын нохой судлалын холбоо байгуулж, нохойны үзэсгэлэн, тэмцээнүүд зохион байгуулах болсноор сонирхогч, үржүүлэгчид нэмэгдсэн. Одоо бид монгол банхрыг Олон улсын нохой судлалын холбоо (FCI)-нд албан ёсны үүлдэр болгон бүртгүүлэхээр зорьж байгаа. Монгол банхар эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, агаарын температурын хэлбэлзэл өндөр Төв Азийн уулархаг бүс нутгийн байгалийн шалгарлыг даван туулж ирсэн биологийн нэгэн төрөл зүйл төдийгүй Монголын уламжлалт ахуйн нэг өв гэж үздэг.
-Та өв соёлын нэг гэлээ. Нохойны хүзүүнд улаан залаа зүүдэг нь ямар учиртай юм бол?
-Судлан, сонирхож үзэхээр нохойтой холбоотой өв соёл, ёс заншил монголчуудад нэлээд байдаг юм билээ. Тухайлбал, сайн хоточ банхар насныхаа тоог гүйцэхээр гэр, малаасаа холдож нүд анидаг гэх. Эзэн нь үхсэн нохойгоо зөнд нь орхидоггүй, ач буян бодож сүүлийг нь дэрлүүлж, аманд нь шар тос хийж хөдөөлүүлдэг байсан. Нохойд модны үндсээр идүүр хийж өгдөг байж. Нохой нэмнэхээр тэнгэр задарна гэж үздэг тул гантай жил ийн домнодог гэх зэргээр олон зүйл дурдаж болно. Хоточ банхраа эцэг малаас дутуугүй эрхэмлэн, сүр хүчийг нь бадраан тод улаан өнгийн даавуугаар хэл, цацаг хайчлан хүзүүвчинд нь зүүдэг. Энэ ёс уламжлалыг судлан, сэргээж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй.
МОНГОЛ БАНХАР БИЕ МАХБОДЫН ХУВЬД ЧОНОТОЙ ТӨСТЭЙ
-Монгол банхар бусад үүлдрээс юугаараа ялгардаг вэ?
-Монголчууд дөрвөн нүдтэй л бол банхар гэж боддог. Тэгвэл монгол банхар олон зүйлээр ялгардаг. Тухайлбал, дуу бүдүүн, толгой том, хүзүү, цээж хүдэр зузаан, сэрвээ бяралхуу, өндөр. Сүүл хонгорцог өтгөн, хөл, тавхай том, зориг цөс их, хүчирхэг өсгөлүүн биетэй байсан зэргээр хууч яриа, ном бүтээлд дурдсан байдаг. Бид одоо олон улсад албан ёсны үүлдэр болгон бүртгүүлэхийн тулд стандарт гаргахаар нэлээд ажил амжуулсан. Монгол гэдэг нэрээ олон улсын нохой сонирхогчдын дунд тамгалах, бататгах зорилготой. Монгол банхар бие махбодын хувьд чонотой төстэй. Намар анхны цаснаар ороо нь орж, жилд ганц удаа гөлөглөдөг. Энэ нь нэг хэсэг ховордсон шалтгаан байх. Идэр есийн хүйтнээр гөлөглөдөг тул байгалийн шалгарлаар амьдарч чадах нь үлддэг. Монгол банхрын арьс, үсний бүтэц бусад үүлдрийн нохойноос ялгаатай. Ноолуурхаг, зөөлөн үстэй. Арьс нь салхи нэвтрүүлэхгүй, хүйтнээс хамгаалдаг болохоор хүмүүс гутал хийж өмсөх, улмаар гадаадын орнууд руу гаргаж зарах зэргээс болж монгол банхар устахад тулсан гашуун түүх бий. 2000 оны эхээр монгол банхар нэн ховордсон. Тэр үед манайхан тоодоггүй байлаа. Энэ байдлыг олж харсан залуус, монгол банхар тэжээн, уйгагүй хөдөлмөрлөсний дүнд эргэн өссөн. Одоо монгол банхар устаж үгүй болох аюул нэгэнт үгүй болсон. Бусад үүлдрийн нохой дунджаар 10 орчим насалдаг, жилд хоёр гөлөглөдөг тул амьдралын мөчлөг нь тэр хэрээр нэмэгддэг гэж үздэг. Монгол банхрын хувьд жилд ганц гөлөглөж, амьдралын мөчлөг нь нэг л эргэнэ гэсэн үг. Тиймээс бусад үүлдрээс харьцангуй урт буюу 15-20 жил насалдаг. Дасан зохицох чадвар өндөртэй, өвлийн хүйтнээр зүс нь гүйцэж, сүрлэг үзэмжтэй болдог бол хавар дулаарахад үсээ хаяна. Монгол банхар үүлдрийн нохой сонирхогчдын уулзалт, цуглаан, үзэсгэлэн тэмцээн ихэнхдээ өвөл болдог юм.
-Төвөд нохойноос ялгаатай юу?
-Манайхан төвөд банхар гэж ярьдаг ч олон улсад бүртгэгдсэн албан ёсны үүлдрийн нэр нь төвөд мастиф юм. Монгол банхар төвөд мастифтай гарал үүсэл нэг байж болох ч амьдарч буй орчны нөлөөгөөр олон зуун жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, бие даасан үүлдэр болсон. Төв Азиас гаралтай, адил төстэй ноход он жилүүдийн явцад өөр өөр үүлдэр болон хөгжсөн байдаг. Олон улсын нохой судлалын холбоонд “Монгол банхар үүлдэр” гэж бүртгэлжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр банхар гэдэг нь зөвхөн монгол нохойны албан ёсны үүлдрийн нэршил болох юм. Төвөд мастиф, монгол банхар маш их ялгаатай шүү дээ.
-Герман хоньч буюу овчаркийг сайн удамтай байх хэрээрээ үнэд хүрдгийг мэднэ. Харин монгол банхар удмын сантай болсон гэдгийг тэр бүр дуулаагүй байх.
-Бид дэлхийд бүртгэлтэй болохын тулд олон улсын стандарт, жишгийн дагуу ажиллах шаардлагатай болсон. Өдгөө Монголын нохой судлалын холбооны мэдээллийн санд 50 гаруй үүлдрийн 7000 гаруй нохойны мэдээлэл бий. Нохой болгон удмын бичиг, чиптэй. Олон улсын стандартын дагуу Монгол дахь цэвэр цусны бүх нохойг бүртгэлжлүүлэн, мэдээллийн нэгдсэн сантай болсон.
ХҮҮХДҮҮДЭЭ САЙН ХЭНДЛЕР, ҮРЖҮҮЛЭГЧ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГАА
-Нохойны тэмцээн гэхээр хүмүүс зодолдуулдаг гэж ойлгодог юм билээ.
-Янз бүрийн төрлийн тэмцээн бий. Олон удаа үзэсгэлэн тэмцээн зохион байгууллаа.
Зүйрлэж хэлбэл, миссийн тэмцээн шиг сайхан нохой шалгаруулдаг юм. Үүлдэр болгон тусдаа стандарттай. Биеийн ерөнхий байдал, өнгө зүс, зан чанар нь үүлдрийн стандарт шаардлагыг хангаж байгаа, эсэхийг шинжиж шалгаруулдаг гэсэн үг. Тэмцээнийг олон улсын нохой судлалын холбооны дүрмийн дагуух заалтуудаар шалгаруулдаг онцлогтой. Манайд сүүлийн хэдэн жил олон улсын томоохон үзэсгэлэн тэмцээнүүд болж, гадаадын шүүгчид ажилладаг болсон. Гадаадын нохой үржүүлэгч, сонирхогчид ч нохдоо оролцуулдаг болсон шүү дээ.
-Танай хүүхдүүд нохойтай ойрхон өссөн байх. Гэр бүлийн тань хобби юу?
-Манай хүүхдүүд багаасаа нохойтой нөхөрлөсөн. Нохдоо надаас дутуугүй арчилж, хооллоно. Амьтан тэжээдэг хүүхдүүд харилцааны зөв төлөвшилтэй болдог. Амьтан тэжээх нь тухайн хүүхдийг аливаад хариуцлагатай хандахад сургадаг. Би хүүхэд байхдаа туулай, загас, гөлөг, тахиа, зараа, усан гахай, яст мэлхий гээд янз бүрийн амьтан тэжээсэн. “Бөмбөгөр” худалдааны төвд дэгдээхэй зардаг байлаа, хүүхдүүд тэндээс авч тэжээнэ. Миний тэжээсэн дэгдээхэйнүүд азарган тахиа болж, өглөө эрт тагтан дээр донгодоод хавь ойрынхныг уурлуулдаг байлаа. (инээв)
-Хүүг тань нохой хөтөлж үзэсгэлэн тэмцээнд оролцож байхыг нэг бус удаа харсан юм байна.
-Үзэсгэлэн тэмцээнд нохой хөтөлж оролцоход ур чадвар шаарддаг. Нохой хөтлөгч буюу хэндлерийн ур чадвараас үр дүн хамаардаг. Тиймээс нохойг тусгайлан бэлтгэж, хэндлерүүдийг сургалтад хамруулдаг юм. Тэмцээн болгонд шилдэг хэндлэр шалгаруулна. Нохойны хэрэглээ, соёл өндөр хөгжсөн Европын орнуудад үе дамжсан үржүүлэгч, хэндлер байдаг. Би хүүхдүүдээ сайн хэндлер, үржүүлэгч болно гэдэгт итгэдэг.
ХҮН БОЛГОН УРГИЙН ОВОГТОЙ БАЙДАГ ШИГ НОХОЙ Ч ОНООСОН НЭРТЭЙ
-Танай монгол банхрууд Цагаадай, Цайдам, Царам, Цацаг гэсэн содон нэртэй юм.
-Монголчууд нохойдоо Арслан, Баавгай, Банхар, Хүдэр, Гарьд гэх мэт хүч чадал, сүр хүч, авхаалж самбааг нь бэлгэдэж түгээмэл нэр өгдөг. Айл болгон Хүдэр, Баавгайтай байдаг шүү дээ. Албан ёсны үржүүлэгчдийн хувьд удмын санд бүртгүүлэхээр нэр давхцах асуудал гардаг учраас хүн болгон ургийн овогтой байдаг шиг нохой ч үржлийн, оноосон нэртэй. Тухайлбал, манай үржлийн газрын ноход “Монгол арслан” гэж овоглодог. Энэ нь тухайн төрөлтийн гөлөгнүүдэд ижил үсгээр эхэлсэн нэр өгдөг юм. Тэгээд л Цагаадай, Цайдам, Царам, Цацаг гэж нэрлэсэн. Нохойд нэр өгөхдөө нэлээд эрэл сурал, судалгаа болдог.
-Та бүхэн тоо толгойг нэмэгдүүлэх, олон улсад үүлдэр болгон баталгаажуулахаар өсгөн, үржүүлж байна. Харин орон нутагт малчид нохойг хот мануулах, араатан амьтнаас малаа хамгаалуулах, ан гөрөө хийлгэх зэргээр ашигладаг шүү дээ.
-Монголчууд эртнээс газар нутаг сэлгэн нүүдэллэж ирсэн. Өвөрмөц ахуй өнөө ч байсаар. Баруун болон төвийн аймгаар хоточ банхар, зүүн аймагт тайга анч нохой элбэг. Эдгээр нь зан чанарын хувьд өөр. Тайга анч нохой туранхай, өндөр, зэгзгэр биетэй. Анч нохдын нийтлэг хэв шинжтэй, зүрх зоригтой, хурдан хөдөлгөөнтэй, үнэр сайн мэдэрнэ. Зөвхөн монгол тайга нохойг үржүүлж, сонирхдог залуус ч бий. Сүүлийн үед тайга нохойг хурдны чиглэлээр хөгжүүлэх зорилгоор уралдаан зохиох болсон. Үржүүлэгчид гэдэг нь тоо толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулан хөгжүүлэх, мөн олон улсад бүртгэлжүүлэх, таниулан сурталчлах, өв соёлыг судлах зэрэг ажил хийж байна. Монгол банхар хээр тал нутагт малчны хотонд байх ёстой. Тиймээс манай үржүүлэгчид цэвэр цусны банхрыг хөдөө орон нутаг, малчны хотонд эргүүлэн нутагшуулах ажлыг сүүлийн жилүүдэд идэвхтэй зохион байгууллаа. Энэ зорилгын хүрээнд Монгол банхар судлалын холбоо орон нутагт төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг малчид талархан хүлээн авсан.