Манайд туялзуур сэлмийн спорт хөгжөөд 10 гаруйхан жил болж байна. 2009 онд Монголын туялзуур сэлмийн холбоог анх байгуулж, 2013 оноос Азийн болон Олон улсын туялзуур сэлмийн холбооны гишүүн болсноос хойш тамирчид нь гадаадын тэмцээнд оролцож эхэлсэн түүхтэй. Европоос гаралтай энэ спорт манай улсад хамгийн залууд ордог. Туялзуур сэлмийн хувцас, хэрэгсэл нь гоёмсог харагддаг тул язгууртны спорт гэж ойлгох хүн олон. Эрт үед зөвхөн ихэс дээдсийн хүрээнд хөгжиж байсан энэ спортоор хүн бүхэн сонирхон хичээллэх боломжтой. Олимпын наадмыг анх зохион байгуулахад багтсан спортын дөрвөн төрлийн нэг. Түүнээс хойш нэг ч удаа хасагдаагүйн учир нь сэлмийг эрсдэл багатайд тооцдог болоод тэр. “Дуэль” клубийн тамирчин, туялзуур сэлэмчин Г.Даваацогийг “Залуус” буландаа урив.
-Волейбол тоглодог залууг сэлмийн спортын юу нь татав?
-Биднийг волейболын бэлтгэл хийлгэдэг Б.Хатанзориг багш туялзуур сэлмээр хичээллэдэг байсан юм. Тэрбээр Багануур дүүрэгт “Уурхайчин” клуб нээж, намайг “Чи өндөр тул туялзуур сэлэм тохирно, хичээллээд үз” гэж санал тавьсан. Спортын төрлүүд нэгнийхээ суурь болдог талтай. Туялзуур сэлэмд хөл тавихад волейболоор хичээллэдэг байсан минь их нөлөөлсөн. Волейбол хөлийн тэнцвэр олох, олон цагаар бэлтгэл хийхэд ачаалал даах чадвар суулгадаг. Надад сэлмийн спортын ганцаарчилсан төрөл таалагдсан. Тулааны дэгжин хувцас, хэрэглэлийг нь анх хараад өөрийн эрхгүй татагдаж билээ. Энэ спортод дурласнаас хойш үеийнхээ тамирчидтай тулалдмаар санагдаж, бэлтгэлийн заал руу яарч ирдэг болсон.
-Та “Дуэль” клубээр овоглож, тэмцээнд оролцдог. Дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн багш тань туялзуур сэлмээр олон жил тулалдсан туршлагатай тамирчдын нэг.
-Хотод оюутан болж ирээд бэлтгэл хийх клуб хайлаа. Нэлээд судалсны эцэст “Дуэль” клубийг сонгож, Ц.Жигжидсүрэн багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэв. Тус клубт орсон анхны өдрөө тамирчдыг нь хараад бахархсан. Туялзуур сэлмийн УАШТ-ий үеэр багшийгаа гайхалтай тулалдахыг анх харсан. Тэр тэмцээний дараа Багануур дахь клубийнхээ Б.Хатанзориг багшаас зөвшөөрөл авч, “Дуэль”-ээр овоглодог болсон юм.
-ШУТИС-ийн барилга архитектурын ангид сурдаг гэсэн. Хичээлдээ явах, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд нэг хэсэгтээ л завгүй гүйсэн үү?
-Тэгсэн. Тухайн үед нэгдүгээр курст сурч байлаа. Туялзуур сэлэмд татагдсан болохоор хичээлээсээ илүү анхаарал хандуулсан. Одоо боловсрол, спорт аль алийг нь орхихгүйгээр урагшлахыг хичээж байгаа. Эхний жил бэлтгэл, тэмцээн гэж нэг хэсэгтээ л завгүй гүйсээр ангийнхантайгаа сайн танилцаж амжаагүй. Долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийхээр тэдэнтэй тухтай ч ярилцах зав гардаггүй байсан.
-Сэлмийн тэмцээн сонирхолтой, тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй. Тамирчин хүн тулааны талбарт ялалт, ялагдалтай нүүр тулгардаг шүү дээ.
-Туялзуур сэлмийн А зэрэглэлийн тэмцээнд анх оролцоод, хэсгээсээ ч гарч чадсангүй. Тэр үед өрсөлдөөн ихтэй том тэмцээн болдог гэдгийг ч мэдээгүй. Миний хувьд тэмцээн нь ямар болдог юм байна, өөрийгөө сориод үзье гэсэн бодлоор өрсөлдсөн. Хичээллээд удаагүй байсан болоод ч тэрүү үзэгчдийг харангуутаа биеэ барьж, сандарсаар өрсөлдөгчдөө ялагдчихав. Дараа нь өсвөр үе, залуучуудын УАШТ боллоо. Өсвөрийнхөөс хүрэл, залуучуудынхаас нь мөнгөн медаль хүртчихээд их баярласан. Үүнээс хойш УАШТ-ий багийн төрөлд, гран при тэмцээнээс нэг алт, мөнгө, хоёр хүрэл медаль зүүсэн. Анхны медаль араасаа шагнал дагуулсан болохоор урам авч, тууштай хичээллэсэн. Би багадаа бие султай, тавдугаар анги хүртлээ биеийн тамирын хичээлээс чөлөөлөгддөг байлаа. Долдугаар ангид орох жилээ ангийнхаа хөвгүүдтэй хөлбөмбөг тоглож сурсан маань хойшид спортод хөл тавихад дөхөм болсон. Туялзуур сэлэмтэй нөхөрлөж, эрүүл, чийрэг, болсондоо баярладаг. Волейболын багш намайг харчихаад “Чи анх над дээр туниа муутай хүүхэд ирж байлаа. Тэр үеэ бодвол одоо тамирчин болжээ” гэж билээ.
ЯЛЧИХААД ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ ӨӨДӨӨС ХАРАХ МӨЧ ХАМГИЙН ГОЁ БАЙДАГ
-Туялзуур сэлэм хөнгөн, хүнд, илд гэсэн төрөлтэй. Та аль төрлөөр нь тулалддаг вэ?
-Би хүнд сэлмийн төрөлд тулалдаг. Хөнгөн, хүнд, илд төрлийн сэлмээр хичээллэдэг тамирчдын тулалдах техник өөр. Хөнгөн сэлмээр зөвхөн үзүүрийнх нь товчлуураар өрсөлдөгчийнхөө биед хатгаж оноо авдаг. Гар, хөл, толгой руу хатгавал тооцохгүй. Тэгвэл хүнд сэлэм эрт үеийн халз тулаанаас үүсэлтэй. Өрсөлдөгчийнхөө толгойноос хөл хүртэлх биеийн аль ч хэсэгт хатгасан оноо өгдөг. Илд сэлэм хөнгөн, уян хатан. Цавчих, хатгах хэлбэрээр оноо авдаг. Хөлнөөс дээш биеийн бүх хэсэгт хүрч болдог онцлогтой. Сэлэм бариад өрсөлдөгчтэйгөө тулалдаж байгаа бол биеийнхээ бүх хэсгийг хяналтдаа байлгах ёстой. Хөдөлгөөн бүрээ сайн хянаж, нямбай гүйцэтгэх шаардлагатай. Сүүлийн үед монгол тамирчдын тэмцээн өрсөлдөөнтэй болсон. Өрсөлдөхийн хэрээр ур чадвар, туршлага, хүч чадал нэмэгддэг.
-Азийн орнуудаас Япон, БНСУ-д энэ спорт өндөр хөгжсөн. Тамирчид нь олимп, ДАШТ-д хүчтэй өрсөлддөг юм билээ.
-Японд туялзуур сэлэм өндөр хөгжсөн. Клубийнхээ тамирчидтай Токиод очиж хэд хоног хамтарсан бэлтгэл хийхдээ тамирчдынх нь тулааны техникээс суралцсан. Тэд хөнгөн, хурдтай. Илдний төрлийн тамирчид нь биднээс өөр техниктэй. Сэлмийн спорт тактик, ухаан шаарддаг. Тулааны нэг төрөлд ордог ч хүмүүс эртнээс язгууртнуудын спорт гэж үзсээр ирсэн. Туялзуур сэлмээр тулалдаг тамирчин нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай байдаг. Одоогоор энэ спортоор гэрийнхнээсээ ганцаараа хичээллэдэг нь би.
-Дасгалжуулагч Б.Хатанзориг, Ц.Жигжидсүрэн нар клубийнхээ тамирчдыг бэлтгэл хийлгэдэг арга барилаараа ялгардаг биз?
-Тэгэлгүй яах вэ, Б.Хатанзориг багш тэсвэр тэвчээр, дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн тактик, техникийн бэлтгэл голдуу хийлгэнэ. Би хүчний сургуулилалт хийдэг байхдаа “Дуэль” клубт орж, дахин эхнээс нь бэлтгэл хийж эхэлсэн. Тэр үед надад бүх зүйл шинэ санагдаж байлаа. Сэлмийн спортын тамирчид тулааны талбарт богино хугацаанд тэсрэлт гаргаж, өрсөлдөгчөө ялдаг онцлогтой. Ялах, ялагдах нь тухайн тамирчнаас шалтгаалах тул техник чухал. Туялзуур сэлэмчид шатар, даамын нүүдэл шиг бодож, эзэмшсэн техникүүдээ ашиглан, өрсөлдөгчийнхөө гаргасан үйлдлийн эсрэг тооцоолж тулалддаг. Оноо алдахгүйн тулд анхаарлаа сайн төвлөрүүлнэ. Ялчихаад өрсөлдөгчийнхөө өөдөөс харах мөч хамгийн гоё байдаг. Хүүхдүүд сэлмээр хичээллэх тусам өөрийгөө үнэлэх үнэлэмж нь дээшилдэг. Сэлмийн спортын тамирчин гэж хэлүүлэхэд бахархах сэтгэл төрдөг юм.
ХЭН ОВСГОО ГАРГАЖ, ТАКТИКТАЙ ТУЛАЛДАНА ТЭР ЯЛАГЧ БОЛДОГ
-Сэлмийн спортын тамирчид туршлагатай нөхдөөсөө суралцаж, ур чадвараа ахиулдаг нь лавтай. Та хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?
-“Дуэль” клубийнхээ тамирчдаас спортын мастер Б.Баттөмөр ахыг их хүндэлдэг. Тэрбээр намайг энэ клубийн тамирчин болчихсон байхад ирсэн. УАШТ-д дөрвөн удаа тэргүүн байрт шалгарч, ДАШТ-д эх орноо төлөөлөн дөрвөн удаа тулалдсан туршлагатай тамирчин. Германд суралцаж байхдаа сэлмээр сонирхон хичээллэж, Монголдоо ирж энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа. Бид өнгөрсөн жилийн зун хамтдаа бэлтгэл хийсэн. Надаас илүү туршлагатай тул зөвлөгөө өгдөг. Хамгийн түрүүнд тамирчин хүний сэтгэл зүй тэмцээний өмнө, тулааны талбарт ямар байх ёстой, тулалдаж байхдаа техникүүдээ хэрхэн гүйцэтгэх арга барилаас нь сурсан. Түүнд нэг давуу тал бий. Тэмцээнд өрсөлдөх тамирчдын амжилт, ялалт, ялагдал, тулалдах арга барил, сэтгэл зүй, давуу, сул талыг нь маш сайн судалдаг. Шилдгүүдийг ялахын тулд тэднээс илүү хөдөлмөрлөж байж амжилт гаргана гэдэг бодлоор бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцдог. Хичээнгүй, өөртөө итгэлтэй, дайчин зан чанар нь амжилт руу хөтөлдөг шиг санагдсан.
-Өөрийнхөө сул талыг хэрхэн давж, амжилт гаргаснаа сонирхуулж яриач. Магадгүй энэ ярилцлагыг уншиж суугаа нэгэнд хэрэг болох ч юм бил үү.
-Би тамирчин болсон ч эхэндээ сэтгэл зүйн хат тэвчээрээс сайн суралцаагүй байлаа. Тэмцээнд оролцохдоо бэлтгэл хийдэг байснаасаа огт өөр болчихно. Ц.Жигжидсүрэн багш “Чи тулалдахдаа бэлтгэл хийдэг шигээ байгаач” гэж зэмлэдэг байв. Тэмцээний өмнө хэнтэй ч ярихгүй дуугаа хурааж, биеэ барьчихна. Бүтэн жил ийм байдалтай тулалдлаа. Заримдаа ингэж оролцвол тамирчин болоод ч хэрэг алга гэж бодож шантарна. Сүүлдээ туршлагатай болж, үзэгчдийг бус өрсөлдөгчөө хараад мэдэрч тулалддаг болсон. Тэмцээний талаар олон зүйл бодож, өөрийгөө стресстүүлдэг байснаа хожим ойлгосон. Тулаанд заавал ялах ёстой гэсэн бодлоор бэлтгэл хийж, нойр, хоол, амралтаа зохицуулж чаддаггүй байснаа мэдсэн. Тамирчин хүн бэлтгэл сайн хангасан ч бусад зүйлээ тохируулахгүй бол амжилт гаргахгүй. Тулааны спортоос туялзуур сэлэм олон жил хичээллэж болдог төрөл. Амжилт гаргах тусам арга барил, техникээ сайн эзэмшдэг. Шинэ залуу тамирчин чансаа өндөртэйгөө ялах магадлалтай. Хэн овсгоо гаргаж, тактиктай тулалдана тэр ялагч болдог. Миний хувьд тулалдахгүй хэд хоновол бие эвгүй болчихно. Клубтээ ирээд бэлтгэл хийх гэхээр нэг л эвээ олж өгөхгүй удна. Тэгэхээр сэлмийн спортынхон бэлтгэл байнга хийж, амжилтын түвшнээ барьж, ур чадвараа ахиулдаг юм.
-Гар бөмбөгтэй нөхөрлөсөн хүүгээ сэлмээр тулалдаад эхлэнгүүт гэрийнхэн тань хэр дэмжив?
-Манай гэрийнхэн намайг спорттой нөхөрлөсөн цагаас дэмжсэн. Долдугаар ангид байхад аав, ээж “Чи волейболоор хичээллээч, сонирхолтой спорт шүү дээ” гэж ятгах боллоо. Тэр үед үеийнхээ хүүхдүүдтэй гудамжинд хөлбөмбөг тоглож өнждөг байв. Арваннэгдүгээр ангид ороод ангийнхантайгаа волейболоор хичээллэсэн ч туялзуур сэлэм рүү урвачихсан. Миний хувьд багийн спортоос илүү сэлмийн ганцаарчилсан төрөлд амжилт гаргаж эхэлсэн.
НАЙЗТАЙГАА ДАЙСАН ШИГ ТУЛАЛДАХ ХЭЦҮҮ
-Тулааны талбарт тамирчин болгон ялдаггүй. Багшийн заавар, зөвлөгөө шавьдаа нөлөөлж амжилт руу хөтөлдөг шүү дээ.
-Туялзуур сэлмээр тулалдахад богино хугацаанд тэмцээний хувь заяаг эргүүлж болдог тал бий. Ард багш зогсоод яг гарахын өмнө “Өрсөлдөгч тань ийм арга барил, тийм техниктэй. Тиймээс миний зөвлөсөн тактикаар тэгж тулалд” гэж хэлдэг. Багш тамирчдынхаа хажууд байхад их түшигтэй. Харагдахгүй байвал эрч хүчгүй болчихсон шиг санагддаг юм. Зэрэглэлийн тэмцээнээс илүү УАШТ, гран при тэмцээнд шилдэг тамирчид өрсөлддөг. Манай “Дуэль” клубийнхэн багийн төрөлд түрүүлдэг. Тамирчид минь нэгнээ тулалдаж байхад дэмжиж, урам хайрлан, эрч хүч өгдөг юм. Би өнгөрсөн жил УАШТ-ий аваргын төлөө “Хангарьд” клубийн тамирчинтай өрсөлдсөн. Багшийн минь “Тулалдаад ял” гэдэг үг намайг аварга болгож байлаа.
-Тэмцээнд ана мана үзэлцэж, энгийн үед сайхан нөхөрлөдөг найз олон байдаг уу?
-Өмнө нь найз нөхдөө, клубийнхээ тамирчдыг өөрийнхөө өрсөлдөгч гэж боддоггүй байлаа. Намайг найз минь сэлмийн спортод анх уруу татсан. Энгийн үед сайхан нөхөрлөдөг найзтайгаа дайсан шиг тулалдах заримдаа хэцүү санагддаг байв. Тэр үед хэдий найз нөхөд ч гэлээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болдог юм байна гэдгийг ойлгож билээ. Бид нэгэндээ бууж өгөхгүй ана мана үзэлцдэг ч тэмцээний дараа найзууд хэвээр үлддэг. Спорт найз ч байсан нэгийгээ ял, хож гэдэг дайчин чанарыг сэтгэл зүйд нь суулгаж чаддагаараа гайхамшигтай.
-Сэлмийн спортоор хичээллэдэг хүмүүсийн бие, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?
-Сэлмийн спортынхон хүндлэл, найрсаг харилцаа, зөв хандлагыг эрхэмлэдэг. Энэ бүхнээс багагүй суралцдаг болохоор амжилттай яваа нэгнээрээ бахархдаг юм. Хичээллэдэг хүмүүст бие бялдар нь өв тэгш хөгжих, илүүдэл жингээсээ салах, стресс тайлагдах зэргээр эерэг зүйл ажиглагддаг. Спортын ямар ч төрлөөр хичээллэхэд хэн ч эхэндээ шантарч буцдаг. Хэцүү санагдсан тэр үеийг алхам алхмаар даван туулж чадвал арга барилыг нь аяндаа олно. Тэмцээнээс тэмцээнд оролцох тусам туршлагажиж, өөрийгөө ямар тамирчин бэ гэдгийг мэддэг. Тамирчин хүнийг тууштай зан, тэсвэр хатуужил, өөрийгөө ялах бие, сэтгэлийн хат урагшлуулдаг.