“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон, жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Манай монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхийн дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Цуврал хөөрөлдөөний анхны зочин бол Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана.
Та өөрийнхөө намтрын товчоог уншигчдадаа хайрла!
-Би 1970 оны өвлийн эхээр Баянхонгор аймгийн төвд төрсөн. 16 настайгаасаа шүлэг бичсэн. Төрөлх сууриндаа дунд сургууль төгсөөд, 1988 онд Оросын нийслэл рүү, Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан. Тэнд зургаан жил суралцаад, 1994 оны хавар төгссөн. Ирэнгүүтээ тухайн үеийн төрийн төв хэвлэл хэмээх статустай “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажилласан. 1996 оны зун “Ардын эрх” ч хувийнх болсон, би ч хувьдаа сонин гаргаж үзэхээр ажлаасаа гарсан. Ингээд “Өчигдөр” хэмээх сонин эрхэлж яваад, 1999 оны зунаас “Өдрийн сонин”-ы дагуул “Амралтын сонин”-ыг гаргаж яг нэг жил ажиллаад, 2000 оны зургадугаар сараас чөлөөт уран бүтээлч болсон доо. Тэр цагаас хойш номоо бичээд л сууж байна.
-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!
-Орчуулгыг би шүлгээр эхэлсэн. Оюутан байхаас шүтэж биширсэн Осип Мандельштам, Георгий Иванов хоёрынхоо тус бүр нэг бүлэг шүлгийг орос хэлнээс орчуулснаа “Ардын эрх” сонинд нийтлүүлсэн. Эмили Дикинсоны бас нэгэн бүлэг шүлгийг англиас орчуулан “Ням гараг” сонинд нийтлүүлж байлаа. “Өчигдөр” сонин гаргаж ахуйдаа Уильям Фолкнерын “Баавгай” туужийг орчуулан цувралаар нийтэлсэн. Бас сонгодог философичдын тухай өгүүллүүдийг үйвэр зүйвэр маягаар бичиж, эшлэл үгсийг нь орчуулаад сониноороо уншигчдад хүргэдэг байлаа. Энэ бүхнийг хүмүүс таашаалтай хүлээж авсанд урамшаад, цөөвтөр ном гаргасан. Нэрс нь гэвэл, “Эзлэгдсэн байшин буюу Дэлхийн шилдэг хүүрнэл зохиолын чуулган”, Мишэль дө Монтэнь “Сонгомол эсээнүүд”, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг”, Уильям Фолкнер “Өвгөд”, Хорхэ Лүис Борхэс “Хоёр хаан, хоёр хонгил”, Жан-Поль Сартр “Үг”, Валериу Бутулеску “Элст баянбүрд”, Кристофер Мэррилл “Татлага, түрлэг”, Сергей Тумуров “Хүннү ууланд нойрсогч өвс”.
-Анхны номын орчуулга амархан болов уу. Алдаж осолдсон уу. Ариутган шүүгч аврал болсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нуулгүй, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.
-Бидний цаг үед ариутган шүүгч гэж бараг л байхгүй, хэн дуртай нь өөр өөрийнхөөрөө сараачсан. Ер нь 1990-ээд оны дундуур жилд хэвлэгдэн гардаг уран зохиолын номын тоо 10 орчим л байсан гэхээр өнөөдрийн залуус итгэхгүй биз. Монголын уран зохиолын ертөнц, уншигчдын орон зай тэгтлээ хумигдаж, сүйрчихсэн үе л дээ. Уншдаг зүйл нь “Халуун хөнжил”, “Нүгэл буян” гэх мэт садар самуун сонинууд, арай нэг номорхуу байдлаар хэвлэгдсэн нь гэвэл Чейзийн цуврал роман, “Мөрөн голын журамт шулам” зэргээр хязгаарлагдаж байсан санагдана. Ганц нэгийн зэрэг өөр зүйл боддог хүн бийг нотлох гэсэн шарандаа ч юм уу, залуу байсных ч юм уу, арай дээр юм олж орчуулах гэж шамдсан л даа. У.Фолкнерын “Баавгай” тууж, Г.Маркесын “Дурлал хийгээд бусад чөтгөрийн тухай” романыг сониныхоо дугаарыг дамнуулж нийтэлчихээд ихэд бахархсанаа л санаж байна. Мэдээж, мөнгө олоогүй л дээ. Гэхдээ л их мөнгө олсноос ч илүү баяр баясгаланг мэдэрсэн юм даг.
-Манай Монгол орчуулгын баялаг өв, уламжлалтай. Олон зуун жилийн өмнөх болон өнөөгийн орчуулгад чанарын ямар ялгаа ажиглагддаг вэ?
-Бүх зүйл сайнтай, муутай. Уламжлалт орчуулга гэхээр даруй Чойжи-Одсэр бандидаас эхлээд Хасбуу дээр голлож тогтсон асар том сургуулийг ярих болно байх. Бичгийн мэргэдийн орчуулгын ажлын цар далайц хэтэрхий өргөн байсан учраас бараг л үндэснийхээ яруу найраг, уран зохиолыг ч орчуулгын өнгө аяс, сэтгэлгээний нөлөөнд залгиулчих шахаа юу даа гэж одоо надад харагдаад байгаа. Ванчинбал тайжийн билигт хөвгүүдийн шүлэг зохиолуудад Хасбуугийн нөлөө маш ихээр үл барам, Гүлрансын зарим алдарт шүлэг ердөө л Хасбуугийн жишгээр орчуулга хийж үзсэн сургууль болж таараад байна шүү дээ. Тод жишээ нь, “Дундад намрын усны дуулал” хэмээх алдарт шүлэг. Өнөө хэр энэ шүлгийг Гүлрансынх гээд энд тэнд хэвлэдэг. Гэвч үнэндээ Сүн Дунпө гээч хятад найрагчийг л орчуулсан нь тэр юм билээ. Тэгээд монгол орчуулгын хамгийн нүсэр бүтээл болох “Ганжуур”, “Данжуур” хэмээх хамтдаа 336 ботийг өнөөдөр яг тэр найруулгаар нь уншихад үнэхээр бэрх.
Түүхэн талаас нь үзвэл, Лигдэн хутагт хаан цаг товлон яаравчлуулж, “Мэргэд гарахын орон” зэрэг даяг толь бүтээлгээд, түүнээ ашигласны хүчинд асар богино хугацаанд “Ганжуур”-ыг монголчилж барсан байдаг. Тэрхүү даяг нь өнөөгийн залууст дөхөмшүүлж хэлэхэд, “Google translate” хэмээх орчуулгын цахим программ шиг л зүйл шүү дээ. Даягийн найруулга шууд танигдана, уран яруу ч юм шиг, утга тойруу ч юм шиг. Яг үнэндээ уншихад ярвигтай. Цаад хэлээ сайн мэддэг хүн л ойлгоно. Түүнийг нь хууччуул сонгодог бичгийн найруулга гээд андуурчихсан нь ч бий. Ийм маягаар энгийн олонд хүртээлгүй, шашны академик хэл тогтсон шиг байгаа юм. Тэгэхээр бид уламжлалт орчуулга л бол дээдийн яруу найруулгатай гэж туйлширч болохгүй л дээ. Өнөөгийн орчуулга гэвэл 1920-иод оны сүүлчээр Ж.Цэвээн нарын орчуулж байсан Өрнө дахины сонгодог зохиолыг монголчилсон загвараас эхэлж яригдаж таарна. “Эрдэнэ булсан арал”, “Декамерон хэмээх бичиг” сэлтийг харахад яах аргагүй л манжаар дамжин монголчилсон “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр”, “Улаан асрын зүүд”-ийн найруулга уншигддаг. Харин 1950-иад оноос хойших, орос хэл түшсэн орчуулгууд бол бүрэн утгаараа орчин үеийн монгол орчуулгын өнгө аясын эх болсон санагддаг. Нэг дэг сургуулиас цоо шинэ дэг рүү орох завсарт Ц.Дамдинсүрэн гуайн орчуулсан “Алтан загасны үлгэр” гэх мэтийн онцлог үзэгдэл гарсан л даа. Тэгж тэгж юутай ч орчин үеийн хэрэглээний хэлээр орчуулга хийх шаардлага тодорхой болж ирсэн. Уншигчдад ч шууд хүрэх утга нь сайжирсан орчуулга чухам 1950-иад оноос хойш л жигдэрсэн байх. Тэдгээрийн дотор маш алдартай хэдий ч, ний нуугүй хэлэхэд даанч чамлалттай, нуршуу, амтгүй орчуулга бишгүй л таардаг. Гэхдээ Монголын уран зохиолын өнөөдрийн үе өсөж торниход Д.Инжаннаш, Д.Равжаа, Д.Нацагдоржоос илүү тэдгээр орчуулга л гол хөрс суурь болсон. Манай орчин цагийн хэл төлөвшихөд ч орчуулгын уран зохиолын үүрэг нөлөө их байсан. Тиймээс “Эрт эдүгээгийн гайхамшиг сайхан үзэгдэл”-ийн, “Зуун жилийн ганцаардал”-ын ч хэлийг эн тэнцүү таашаан биширдэг хүний хувьд уламжлалт өв, өнөөдрийн хэв хоёрыг эсрэгцүүлмээргүй байна. Аливаа орчуулгын чанарын ялгаа гэдэг эрт болон өнөө үеийн дунд бус, сайн ба хангалтгүй хэмээх хоёр ойлголтын дунд л байдаг гэж би боддог.
-Орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?
-Хэлмэрч гэдэг нь аман орчуулга хийдэг хүн байх. Хөрвүүлэгч гэдгээр сүүлийн үед худам бичиг, кирилл үсэг хоёрыг харилцан хөрвүүлж буулгадаг хүмүүсийг нэрлээд тогтчихов уу даа. Ялангуяа өвөрлөгч нөхөд энэ нэршлийг тийм утгаар оноогоод буй нь зөв юм шиг санагддаг. Орчуулагч, дуун хөрвүүлэгч хоёрт уран гоёын л ялгаа байхаас, утгын зөрүү төдий л ихгүй юм шиг.
-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?
-Мэдээж, өмнө нь огт уншаагүй номоо шууд орчуулна гэдэг гармыг нь мэдэхгүй голын хаагуур ч хамаагүй давхиад орохтой ижил. Эхлээд унших хэрэгтэй. Өөрийн тань сэтгэлд хэр нийцтэй бууж байгааг дотроо сайн нягтлах хэрэгтэй. Үнэхээр сэтгэлийг тань татсан бол орчуулж болно. Өөрт таашаагдаагүй, ойлгож барахгүй номыг орчуулбал, та үгчилнэ үү гэхээс утгачилж дийлэхгүй. Үгчлэх тань хэчнээн уран боллоо ч, утгын гүнд нь хүрээгүй л бол тэр ерөөсөө орчуулга биш.
-Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширч байгаа нь юутай холбоотой вэ?
-Яг миний дээр хэлсэнтэй холбоотой. Нэн тэргүүнд гэвэл, уншиж гүнд нь нэвтрээгүй номоо шууд орчуулахаар барьж авдаг зоригтнууд олширсноос л тийм үзэгдэл ихсэж байгаа юм. Цаашилбал, хэлний мэдлэг дутсанаас шалтгаална. Цаад хэлээ ч, наад хэлээ ч сайн мэдэхгүй бол горьгүй. Гэхдээ хамгийн гол нь монгол хэлээ маш сайн мэдэж байж л монгол руу сайн орчуулна. Уншаад, мэдээд, мэдрээд, ойлгоод байдаг, тэр бүхнээ бусдад ойлгогдохоор илэрхийлж чаддаггүй хүмүүс яаж орчуулга хийх билээ. Англи хэлний мэдлэг нь 75 хувьтай, монгол хэлээ төгс мэддэг хүнээс сайн орчуулга хүлээж болно. Английг төгс мэддэг, монголоор бичих чадвар нь 75 хувьтай орчуулагчаас сайн юм горьдолтгүй.
-Та бусдын эх зохиол, орчуулга хоёрыг тулган үзэж байв уу. Яруу найрагч, дипломатч Дамдины Бямбаа дээр үед надад нэг эмгэнэлт-инээдэмт хууч хөөрч билээ. Тэр нь Энэтхэгийн нэг орчуулагчтай холбоотой. Тэр хүн Д.Нацагдоржийн “Миний нутаг”шүлгийг эх хэлэндээ буулгасан юм санж. Бямбаа найрагч баярлажээ. Тэгээд цээжээрээ мэдэх шүлгээ мөнөөх орчуулгатай тулган үзээд “Их Нацагдоржийг энэ хүн алжээ” гэж дуу алдсан гэнэ. Бямбаа хэд хэдэн гадаад хэл доторлох болсон одтой сэхээтэн, оюунлаг гэгээнтний ёсоор мөнөөх орчуулгыг (үнэндээ бол оршуулгыг) эргүүлэн монгол хэлнээ буулгаваас:
Хойт талдаа Хэнтий, Хангай, Соён гэдэг гурван том уултай
Дундаа Хэрлэн, Онон, Туул гэдэг гурван том голтой
Өмнө талдаа Мэнин, Шарга, Номин гэдэг гурван том далайтай,
Энэ бол Монгол. Би түүндээ хайртай
гэсэн гүтгэлэг болжээ. Яг үүнчлэн монгол уран зохиолыг харь хэлэнд орчуулахад яагаад алдас гарч, сангас асгарч, зулбадас болдог юм бол?
-Монголын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулах амаргүй гэдэг нь бас л хоёр талтай. Нэгдүгээрт, манай хэл хэцүү гэдэг нь үнэн. Нарийн ширийн өнгө аяс, үгийн дам утга гээд л өөр хэлэнд буулгахад амаргүй хэлцээр баян, бараг л тийм хэлц түлхүү хэрэглэх тусмаа уран яруу болдог гэсэн ойлголт ч газар авсан тал бий. Гэвч нөгөө талдаа буюу хоёрдугаарт, орчуулах аргагүй юмс биччихээд орчуулга гэдэг бол утгагүй зүйл гэж ярих дуртай хүмүүс байдгийг мартаж болохгүй. Уран зохиол бол хүний мөн чанар, сэрэл мэдрэмжийг илэрхийлдэг урлаг. Ахуйг биш. Ахуйгаа хэт барьчихсан зохиолууд угаасаа орчуулагдах боломжгүй. Ахуйн дүрслэл, уургын тагнай, оймсны түрий, ширдгийн хошмог, тулгын хасаг энэ тэрээсээ л салчихвал юу ч биш болоод хувирчих хоосон цэцэн үгсийн наадгай ерөөсөө уран зохиол биш. Уран зохиолын орчуулга гэдэг ойлголт уран зохиолдоо л хамаатай.
-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд их хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач.
-Нутгийн эрхэм ах Галсан тантай шууд холбоотой нэг жишээ дав даруй санаанд бууж байна. 2001 оны өвөл Сүхбаатарын талбай дээр бид нэг таарсан аа? Та талбай хошуулдаад л жигтэйхэн яаруу алхаж явсан. Тэгэхэд би Монтэний эсээнүүдээс сорчилж сонгочихоод орчуулж суусан юм. Нэг үгэн дээр яг гацчихсан явсныг ч хэлэх үү, таны бараанаар олзуурхаж, мэнд мэдэв үү, үгүй юү л “Оросоор бол совесть, англиар conscience, virtue гэсхийж буудаг нэг үгийг монголоор оноож чаддаггүй ээ. Хүний голч чигч чанар, ичих эрээлэх ёс жудгийг заасан жинхэнэ монгол үг хэрэгтэй байна. Танай Ринчен багш монгол хүнд совесть байхгүй тул орчуулагдахгүй гэж хэлсэн гэх нэг шог яриа ч байдаг даа. Жудаг нь болохоор ёс гэсэн утгатай самгард үг юм байна. Түүнийг яг юу гэж оноох вэ” гэхэд минь та түр бодолхийлснээ “Нүнжиг. Хүний нүнжиг гэдэг юм, наадхыг чинь” гэчихээд алхаад одож билээ. Би тэр оройдоо л мөнөөх эсээний нэрийг “Хүний нүнжиг, үнэнч сэтгэлийн тухай” гэж орчуулсан. Сэтгэл амраад, ажил ч урагштай явж билээ.
-Эрсэн үгээ эс олоод цөхрөхдөө “буудсан” нь оносон удаа бий юү?
-Яруу найргийн орчуулга дээр шүлэглэх хэмнэлдээ тааруулж уянгын гажилт гэмээр зүйл хийх тохиолдол элбэг шүү. Ер нь шүлгийг жинхэнээс нь ойлгоё гэвэл орчуул гэж үг бий. Анхлан уншихад бүрэн ойлгогдоогүй зүйлсийн утга орчуулж суухад л тодроод ирдэг. Орчуулахын баяр бахдал нь тэр л дээ. Хэрэв би орчуулга хийж үзээгүй сэн бол Барууны яруу найргийг өнгөцхөн уншаад, мэдрэхгүй өнгөрч, тэр хэрээр яруу найргийн тухай зөрүү гажуу ойлголттой үлдэх байсан болов уу гэж боддог.
-Та чөлөөт, утгачилсан, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ. Яагаад?
-Үгчилснээс утгачилсан нь дээр, утгачилснаас чөлөөт нь дээр. Орчуулагч бол зохиогчийн өрсөлдөгч гэж нэг айхавтар үг бий еэ. Зохиогч хэлэх гэсэн санааг орчуулагч буулгаж буй тэр хэлээрээ болж өгвөл зохиогчоос нь ч илүү тодорхой илэрхийлбэл тэр жинхэнэ сайн орчуулга.
-Зарим хүн чөлөөт орчуулгыг өргөмжлөх дуртай. Герман Гётегийн нэлээд шүлгийг билиг танхай М.Ю.Лермонтов чөлөөтэйхэн орчуулсан нь орос яруу найраг болчихсон гэдэг. Да багш А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг чөлөөтэй орчуулсан нь монгол үлгэр болчихсон. Яг үүн шиг зохиол орчуулна гэдэг өөр хэлээр ахин бүтээж буй нүсэр бүтээл гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Таны орчуулгаас юу нь монгол зохиол болсон бэ?
-Яах вэ, У.Фолкнерын “Өвгөд” өгүүллэг, “Баавгай” тууж хоёрыг та нэг үзээрэй. Ханатай байх аа.
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг уу. Дуртай хүний хийх ажил мөн үү. Алдах эрхгүй мэс засал уу. Сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?
-“Алдах эрхгүй мэс засал” гэж ёстой сайхан үг байна. Хэн дуртай нь, хэн хэлтэй нь, эсвэл завтай нь, эсвэл хийх ажилгүйдээ уйдсан нь барьж аваад нухах ажил огт биш. Өөр хийх юм олдохгүй учраас аргагүйн эрхэд орчуулга хийж амиа зогоодог хүмүүс ч байдаг. Тийм ч байг, хамаагүй. Амиа зогоох зуураа дадаж мэргэших нь л чухал. Түүний эцэст л жинхэнэ үр дүн гарна.
-Орчуулах явцад үгийн байтугай өгүүлбэрийн дэс дараа солих шаардлага гардаг уу?
-Хэл, сэтгэлгээ хоёр хүйн холбоотой гэдэг шүү дээ. Зарим хэлний зүй тогтол монгол хэлнээс өөр. Энэ нь тухайн хэлээр сэтгэх эрэмбийг биднийхээс ондоо болгочих магадлалтай. Тийм тохиолдол тод илэрч, монгол уншигчдад ойлгомжгүй эргэлт үүсээд байвал, ухаандаа дараалсан хоёр өгүүлбэрийн байрлалыг солиход илүү наалдацтай уншигдахаар бол сольж болно шүү дээ. Эцсийн эцэст үгийг биш, утгыг орчуулж байгаа хэрэг. Найруулга нь тааруу болсоор байхад л эхтэйгээ үхширтэл зууралдаж, махчлан үгчлэх гэж, дэслэн өгүүлбэрчлэх гэж чармайвал орчуулах урлагийн талаар ямар ч яриа байх аргагүй.
-Орчуулгын үйлсэд оноо, алдааны аль нь дийлэнгэ болдог бол?
-Оноо нь давахгүй бол орчуулга оролдох хэрэггүй л дээ.
-“Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно” гэж Г.Амар гүүш анхааруулсан. Энэ тухайд таны бодол?
-Яруу найргийг орчуулахад нэг л зүйл хамгаас чухал. Өөрөө яруу найрагч байх. Өөр боломжгүй. Гүлранс, Нацагдорж, Цэдэндорж, Гомбожав нар сайн яруу найрагч учраас л орчуулгууд нь тансаг болсон.
-Орчуулгыг уншигчдад ойлгомжтой буулгахын тулд харь сэтгэлгээг нь монгол болгох ёстой юу?
-Тунг нь тааруулах хэрэгтэй. Хэт монголчлоод ардын үлгэр болгож болохгүй. Бас хэт эхээ шүтээд монгол хүний ярьдаггүй хэлээр бичиж болохгүй.
-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан байдаг. Энэ зөв үү. Та урьд орчуулагдсан зохиолыг дахин орчуулсан уу. Яагаад. Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?
-Давтагдсан ганц нэг өгүүллэг зэргийн юм бол бий гэсэн шүү. Борхэсийн “Элсний судар”, бас “Гудамжны булан эрхшээгч” гэсэн хоёр өгүүллэг давхардсан байсан. Эхнийх нь “Элсний ном”, хоёр дахь нь “Ягаан булангийн хүн” нэрээр гарсан гэнэ билээ. Аль алийг нь би тулгаж хараагүй. Яагаад ийм нэрийн зөрүү байгааг сонирхуулбал, монгол уншигч Аргентинд тогтсон “ягаан булан” хэмээх хэлцийг огт мэдэхгүй, тиймээс би уг нэрийг нь хуудсан доогуурх тайлбар зүүлтээр уншигчдад мэдээлээд, тухайн өгүүллэгийн баатруудын танхай балмад зан араншинд тохируулан өөр нэр оноосон юм.
-Төрийн шагналт их зохиолч С.Дооров “Өөрийнхөө өмнө гаргасан номоо үе үе уншиж бай. Өө сэв нь илэрдэг. Засаж бай” гэж өсвөрийн зохиолчдод зөвлөдөг сөн. Таны урьд хэвлүүлсэн орчуулга бүдүүн бараг санагдаад, засан сайжруулсан тохиолдол бий юү. Ил хэлбэл их сургамж болно доо. Манай нэг нэртэй сайн орчуулагч кобель, кобыла хоёрыг андуурсан удаатай. Кобель нь эр нохой, кобыла нь гүү шүү дээ. Яг түүнчлэн ижилдүү дуудлагатай үгийн орчуулгад тань эндүүрэл гарсан удаа бий юү. Яаж залруулсан бэ. Урьдын ах, эгчийн сургаал хойчийн дүү нарт харанхуйг үлдэн хөөх гэрэл болдог шүү дээ.
-Эндүүрэл самуурал гаралгүй яах вэ. Уншиж уншиж л овоо нягт боллоо гээд хэвлүүлтэл, утга самуурсан, найруулга алдсан, үг төөрсөн, үсэг гээгдсэн буюу илүүдсэн зүйл зөндөө үзэгддэг. Яг л орос архичдын онигоо шиг, сүүлчийн уншилт үргэлж л дутсан байдаг юм. Тэр орос онигоонд, архичин эр бүтэн шил архийг нэгд нэгэнгүй сөгнөж өрчихөөд, хамгийн сүүлчийн хундагыг асгачихдаг юм. Яагаад ингэж буйн учрыг асуухад, “Сүүлчийн хундага үргэлж илүүддэг” гэж тайлбарласан гэдэг. Орчуулгад сүүлчийн уншилт үргэлж дутдаг.
-Та орчуулж буй зохиолоосоо зарим өгүүлбэр, тэр ч байтугай зарим хэсгийг гээсэн удаа бий юү?
-У.Фолкнерын “Баавгай” туужийн нэг бүлгийг бүрмөсөн гээж орчуулсан. Уншигчдад хялбар болгохын үүднээс л. Энэ алдаагаа дараа засна. Уншигддаггүй хэсэг боловч орчуулж гаргана аа.
-Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд гай тарьдаг уу, гавьяа цогцлоодог уу?
-Гай тарьдаг ч жишээ олон байна, гавьяа болдог жишээ ч олон бий. Зарим хэлц бүр нутагшаад, тагнуул шиг танигдахаа больдог шиг байна. Өнөөдөр бидний ярилцаж байгаа хэл бол Их Монгол Улсын үеийн хэл биш шүү дээ. Гэхдээ үүнд халаглах нь утгагүй юм. Хэл мөнхөд хөгжиж, хувирч, шинэчлэгдэж байдгийн л жишээ. Яг л амьдрал шиг. Яг л уран зохиолын сэтгэлгээ шиг. Бүх зүйл хувирамхай. Хэлний хөгжил, шинэчлэлд хамгийн тод нөлөөлөгч бол бусад харь хэл. Харь хэлний нөлөөг хамгаас томруун илтгэгч нь орчуулга. Тэгэхээр гай, гавьяа дэнсэлнэ гэдэг бол тухайн цаг үедээ л хүчинтэй ойлголт. Зарим талаараа дээр бидний хэлсэн гай маань гавьяа болох нь ч бий л байх. Гавьяа гэж үзсэн зүйлс гай тарих нь ч бас бий л байх.
-Харийн сонгодог бүтээл орчуулагдсаны буянаар өөр үндэстний утга зохиолын хөгжилд нөлөөлдөг явдал бий. Ч.Чимэд, Б.Энхбиш хоёр “Евгений Онегин”-ийг орчуулсны дараа Р.Чойномын “Хүн” роман гарсан. Б.Ринчен Галийдасын “Үүлэн зардас” найраглалыг гайхамшигтай яруу сайхан орчуулсан нь манай шүлэгчдэд жинхэнэ уран найрагч болоход нөлөөлсөн дөө. Таны орчуулгын нөлөө юу вэ?
-Хэрэв би эхэлж хэдэн юм орчуулж түгээгээгүй бол, миний бичсэн зохиолуудыг анхаарч унших үе бий болохгүй байсан гэж боддог. Бүхэл бүтэн үед биш юм гэхэд, ядахдаа өөрийнхөө үнэнч уншигчдад би тодорхой чиг баримжаа гаргасан байх аа.
-1922 онд Мартин Лютерийн орчуулсан Библийн орчуулга герман хэлний төдийгүй, герман утга зохиолын хөгжилд шидэт жигүүр болсон гэдэг. Таны ажигласнаар хэний ямар орчуулга монгол утга зохиолд, шинжлэх ухаанд гэгээн хишгээ хайрласан бэ?
-Санаанд яг одоо орж байгаа нь гэвэл Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Булгаковын “Мастер, Маргарита хоёр”, Стивэн Хокингийн “Цаг хугацааны товч түүх” гурвыг нэрлэе дээ.
-Таны орчуулгыг хаанахын хэн юу гэж үнэлсэн бэ. Бас шагнал, урамшил юу хайрласан бэ?
-2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг надад олгохдоо Ерөнхийлөгчийн зарлигт “Уран зохиолын шинэлэг сэтгэлгээ, уншигч олны уран сайхны болон гүн ухааны боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг “үнэлж” гэж онцлон дурдсан байсан шүү. Эдгээр нь орчуулгаас гадна бас орчуулга, өөрийн найруулга хослуулж бичсэн “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Цэцэн мэргэний нэвтэрхий толь”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” зэрэг тойм номыг бас хамруулж хэлсэн байх л даа.
-Монголд дан ганц орчуулгын хөдөлмөрөөр аж төрөх боломж бий юү. Гадаадад ямар байдаг бол?
-Боломжтой гэж боддог. Монголд ч, гадаадад ч. Мэдээж орчуулж буй номын сонголт, уншигчдын таашаал, цаг үеийн өнгө аяс гээд олон хүчин зүйл бий л дээ. Юутай ч орчуулга бол тодорхой хэмжээний ашигтай ажил болчихсон нь гарцаагүй баримт учраас өнөөдөр олон хэвлэлийн газар энэ ажил руу хошуурч байна. Миний хар номууд анх гарч эхлэх үед хэвлэлийн газрууд буурьтай уран зохиолын орчуулгыг ашиггүй учраас тоодог ч үгүй, бүр хаячихсан байсан шүү дээ. Би орчуулга хийж эхлээгүй бол, залуус маань эргээд номын амтанд ортлоо ахиад хэдэн жилээр алгуурлах байсан ч юм бил үү. Бас дээр хэлсэнчлэн, орчуулга хийж уншигчаа бэлдээгүй бол өөрийн минь бичсэн зохиолууд хүнд хүрэхгүй удах байсан ч юм бил үү гэх омойдуу бодол үе үе төрдөг л юм.
-Ц.Жамсран, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ц.Хасбаатар, Ч.Чимэд, Д.Чойжил, Г.Амар, Х.Мэргэн нарын сор орчуулагчийн өвийг Монголын орчуулагчдын холбоо түмэн олонд хүргэх, түүхийн аянд өртөөлүүлэх талаар юу хийж байгаа бол. Юу хийх ёстой вэ?
-Би хэнд ч билээ хэлсэн юм даг. “Ная, ер наслаад ч тааралдахгүй өвөрмөц сонин хүмүүс ном зохиол дотор л таардаг. Тиймээс уран зохиол бол амьдралаас хавьгүй баян” гэж. Үүнийг л өргөн олонд ойлгуулахын тулд хүн төрөлхтний өв гэдэг уран зохиол дотроо хэзээ ямагт аугаа дээд хэмжүүр нь болсоор ирсэн, хойшид ч тийм л байна гэдгийг үндэсний сэхээтнүүд маань ярьж сурталчилж явах хэрэгтэй. Бид өөрсөд рүүгээ шагайхаас илүүтэй, хүн төрөлхтний билиг оюун өөд халиадаг болсон цагт бичгийн уран зохиолын орчуулга хэмээх хөдөлмөр бодитой үнэлэгдэх биз ээ.