ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор З.Бадамхатантай ярилцлаа.
-Эртний амьтны олдвор тунамал чулуунд агуулагддаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү.
-Эртний амьтан, ургамлын үлдэгдэл хурдас, чулуулагт үлдсэн байдаг. Чулуулгийг галт уулын, тунамал, хувирмал гэж гурав ангилдаг. Дэлхийн цөмөөс оргилж гарсан нь галт уулын чулуу. Галт уулын чулуу нар, салхины нөлөөнд хөөж, агшин, хагарч бутарсныг хувирмал гэнэ. Уулын оройгоос хонхор газарт бууж, хураагдсаныг тунамал чулуу гэж нэрлэдэг. Харин эртний амьтны олдвор ийм тунамалд агуулагддаг юм.
-Палеонтологийн судалгааг хэрхэн хийдэг талаар энгийнээр тайлбарлаач.
-Судлаачид биологийн цаг тоолол болон ямар үлэг гүрвэл судлахаа сонгож, түүндээ тулгуурлан төсөл бичдэг. Монгол Улсад энэ чиглэлийн судалгаанд 3-5 жилд 50 сая төгрөг зарцуулахаар төсөвлөдөг юм. Гэвч энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй учир бид өөр орны судалгааны байгууллагатай хамтардаг. Ингэхдээ хоёр талаас оролцох судлаачийн тоо, төсөв зэргээ харилцан тохироод, олдвор илрэх магадлалтай гэж тооцсон газар луу явдаг. Мэдээж очсон бүх газарт олдвор байдаггүй. Заримдаа хэдэн мянган км зам туулаад ч хоосон ирэх үе бий.
Палеонтологийн хүрээлэнгийн лабораторид махчин үлэг гүрвэлээс эхлээд сүргээрээ үлдсэн олдвор ч бий. Мөн нугасан хошуут үлэг гүрвэлийн толгой, биеийн хэсэг гээд судалгааны ажлыг нь эхлүүлэх шаардлагатай олдвор цөөнгүй. Эдгээрийн зарим нь элсэнд, нөгөө хэсэг нь хадны дунд үлдсэн байдаг. Хаднаас тухайн амьтны хамрын нүх, толгойн хэлбэрийг яг тэр хэвээр нь гаргаж авахад багадаа таван жил зарцуулна. Зарим судалгаа 10-20 жил үргэлжлэх тохиолдол ч бий. Палеонтологийн судалгаа урт хугацаа, хөдөлмөр шаарддаг гэдэг нь эндээс тодорхой харагдана.
-Энэ талаар олон улсад хийгдсэн сүүлийн үеийн судалгаанаас хуваалцана уу?
-2011 онд Канадын Рояал Тиреллийн палеонтологийн музей, Саскачеваны их сургуулийн хамтарсан судалгаагаар 100 орчим сая жилийн өмнө амьдарч байсан, 1300 гаруй кг жинтэй хуягт үлэг гүрвэлийн ходоодон дахь хоолны үлдэгдлийг тус улсын Алберта мужийн хойд хэсгээс олсон. Үлэг гүрвэл ямар төрлийн ургамлаар хооллодог нь өнөөг хүртэл тодорхой бус байв. Судлаачид хоолны үлдэгдлийг нарийвчлан шинжлэхэд 48 төрлийн үр, 13 шилмүүст ургамал, хоёр төрлийн цэцэгт ургамлын тоосонцор илэрсэн байна. Ийнхүү идэш тэжээлийн бүтцийг нь судалсны дүнд энэ амьтан тал газарт олноороо бэлчин идээшилдэг байсныг тогтоожээ.
Мөн Тель Авивийн их сургууль, Индианагийн их сургууль, Зюрихийн их сургууль, “Палеонтологийн Рояль” музей хамтарсан судалгаанд үлэг гүрвэл хорт хавдраар өвчилж байсныг тогтоосон. Ингэхдээ 66-80 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн нурууны үеийн анатомийн бүтцийг судалсан байна. Нурууны үед онцгой хэлбэртэй, олон нүх буюу сийрэгжилт илэрчээ. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд дээрх шинжүүд ховор төрлийн хорт хавдраар өвчилсөн өвчтөнөөс илэрдэг гэж тогтоосон.
Өнөө цагийн амьтад бие физиологидоо тохирсон биеийн халууныг зохицуулах биологийн чадвартай. Харин эртний амьтад биеийн дулаанаа хэрхэн тохируулдаг байсан нь тодорхойгүй. Температур нэмэгдэхэд жижиг биетэй амьтад сүүдэрт нуугдаж, биеийн халуунаа бууруулдаг. Харин үлэмж биетэй үлэг гүрвэлүүд бут, сөөгийн сүүдэрт нуугдах боломжгүй. АНУ-ын Охайогийн их сургуулийн судлаач нар том биетэй үлэг гүрвэлүүд биеийн дулаанаа хэрхэн зохицуулдаг байсныг гавлын ясных нь дотоод бүтцэд тулгуурлан судалжээ. Судалгааны дүнд том биетэй үлэг гүрвэл маш олон хялгасан судастай байсныг мэдсэн. Энэ нь тухайн амьтан өөрийгөө хөргөдөг “агааржуулагчтай” бөгөөд толгойн анатоми нь бусад амьтнаас маш онцгойг илтгэж байна.
-Монголыг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэлцдэг.
-Манай орон эртний амьтны олдвороороо дэлхийд тавдугаарт жагсдаг. Тухайн улсын эрдэм шинжилгээний салбар ямар түвшинд байгааг шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний бүтээлээр нь тодорхойлж болно. Харин Монголын палеонтологичид дэлхийн шинжлэх ухаанд толгой цохидог. Тухайлбал, 1970 онд Өмнөговь аймагт Монгол, Польшийн хамтарсан экспедицийнхэн ноцолдож буй үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олсон. Ийм олдвор дэлхийд хаана ч байхгүй. Энэ нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд зүй ёсоор тооцогддог. Мөн 1994 онд Өмнөговь аймгаас өндгөө хамгаалсан Овиратор гэх махчин үлэг гүрвэлийн яс олсон. Өөрөөр хэлбэл, тухайн үлэг гүрвэл элсэн шуурганаас өндгөө хамгаалж, доороо дарж хэвтсээр үхсэн байна. Үрээ хамгаалах гэсэн эхийн агуу хайрыг илэрхийлсэн эл олдвор дэлхий дахинд шуугиан тарьсан.
1970 онд аварга үлэг гүрвэлийн урд хоёр мөч олдсон. Үүнийг “аймшигт гар” гэж нэрлэсэн агаад 2011 онд БНСУ-тай хамтарч хийсэн судалгааны дүнд их бие, сүүлийг нь олжээ. Гэвч толгой нь олдоогүй бөгөөд хожим Австрали улсад хувь хүний цуглуулгад байсныг илрүүлж, авсан байна.
-Танай хүрээлэнгийнхэн энэ жил хэр олзтой байв?
-Палеонтологийн хүрээлэн жилд 10-15 эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг. Дорноговь аймгийн Сайншанд сумд байх олдворт газрын хурдсын насыг энэ онд тодорхойлж чадсан. Тухайн хурдас нь 102-86 сая жилийн өмнө хуримтлагдсан гэдгийг хөрсөнд агуулагдах эрдэс бодисыг шинжилж мэдсэн юм. Мөн энэ оны сүүлчээр шинэ төрлийн хоёр үлэг гүрвэлийн судалгааны ажлаа дуусгахаар зорьж буй.
-Палеонтологийн шинжлэх ухааны онцлогийн тухай ярьж өгнө үү?
-Тас шувуу судлаач байя гэж бодъё. Түүнд мэдээллийн дата хэрэг болбол тухайн амьтнаа барих, эсвэл ажиглаж, үйлдэл, иддэг хоол, амьдралын хэв шинжийг нь мэдэж болно. Харин эртний амьтныг хэн ч харж байгаагүй. Бид үлэг гүрвэлийн мөрөөр хурд, жин, тухайн үед юу хийж байсныг тодорхойлдог. Мөн шүд, ясны бүтцийг нь судалж нас, амьдарсан жил зэрэг олон мэдээллийг олж авдаг. Бас эл мэдээлэлд тулгуурлан амьтнаа дүрсэлдэг юм.
-Үлэг гүрвэлийг дүрсэлж зурах ажлыг хэн хийдэг вэ?
-Бид тухайн амьтны мэдээллийг зураач буюу пале артистад өгдөг. Зураач бидний өгсөн мэдээлэлд тулгуурлаж, тухайн амьтныг дүрсэлж зурна. Монголд ийм мэргэжилтэй хүн байхгүй учир бид гадаадын судлаачидтай хамтарч, загвараа зуруулдаг. Тэгэхээр манай улсад пале артист гэх мэргэжлийн орон зай хоосон байна гэсэн үг.
-Энэ салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Шинжлэх ухааны салбарт ажиллахад мэдлэг, тэвчээр, цаг хугацаа их зарцуулдаг. Эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг гаргахын тулд нойр, хоол, ар гэрээ ч умартдаг. Манай улсад судлагдаагүй сэдэв олон бий. Тухайн улсын шинжлэх ухааны салбарт ухаантай, мэдлэгтэй хүн ажиллах ёстой. Мөн энэ салбарт ажиллах боловсон хүчин хомстож болохгүй. Тийм учраас судалгаанд анхаарахаас гадна энэ салбарт тууштай ажиллаж, ирээдүйд амжилт гаргах залуу үе хэзээд хэрэгтэй. Бид итгэл даах залуусыг олохын тулд их сургуулиудад “Цалин авалгүй цагийн багшаар ажиллаж, хичээл заая” гэж санал тавьдаг ч тэд зөвшөөрдөггүй. Биднээс суралцах дараагийн үе байхгүй бол энэ салбар сүйрнэ. Үүнд хамгийн их санаа зовнидог.
Бэлтгэсэн: О.Алуунгуа