“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин С.Цэрэнчимэд 19 насандаа дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлуулж байв. Бид тэмцээн гэхээсээ илүүтэй энгийн яриа өрнүүллээ. “Бэлтгэл тарангуут хүү рүүгээ яардаг. Хэдхэн цаг орхиод гарсан хэрнээ санаад байдаг юм. Надад хүүгийнхээ инээж, тоглож суухыг харах л хамгийн сайхан. Ээж минь хүүг харж, асардаг тул бэлтгэл, сургуулилалтаа сэтгэл тайван хийж байна. Тамирчин хүн амжилт гаргаж, зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Тиймээс ядарлаа гэж хойш суух эрх байхгүй” хэмээн өгүүлсэн түүнийг “Хүмүүс” буландаа урилаа.
-Тамирчин хүний гэр бүл хамгийн найдвартай ар тал нь. Тэр дундаа ээжийн тань тус их байх?
-Тамирчин хүний амжилт зөвхөн өөрийнх нь байдаггүй. Спортын жаргал, зовлонг ойлгодог гэр бүл, тусалж дэмждэг найз нөхөд ард нь бий. Миний хамгийн дотнын хүн бол ээж минь. Би ээжээсээ олон зүйл сурсан. Аливаад амархан бууж өгдөггүй занг нь дуурайсан. Биднийг хөдөлмөрч, хичээнгүй, зөв хүн болгож хүмүүжүүлсэн ээждээ их баярладаг. Зааж, зөвлөж сургасных нь хүчинд өөрийгөө өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тэмцээнд оролцоод хааяа медальгүй сэтгэл гонсгор ирэхэд “Миний охин сэтгэлээр битгий уна, хойшид чиний оролцох тэмцээн олон бий. Дараагийнхад нь бэлтгэлээ сайн базааж, амжилт гаргаарай” гэж тайвшруулж, урам хайрладаг юм. Зөвхөн ээж гэлтгүй манай гэрийнхэн намайг сайн дэмждэг. Би эрх өссөн. Бөхийн спорт амаргүй болохоор надад шантрах үе бишгүй л гардаг байлаа. Тийм үед болих уу, эсвэл хичээх үү гэдэг сонголттой тулгарсан. Удаан бодсоны эцэст үр дүнг нь үзэхээр шийдэж билээ. Сэтгэл зүтгэл, цаг хугацаа, хүч хөлсний цаана олон амжилт хүлээж байсан. Намайг медаль хүртэхээр манайхан их баярладаг. Өөрсдөө авчихсан юм шиг хөөрч, догдолно шүү дээ.
-Дэгж дэрвэж явсан охин эзэгтэй болж, ээжийн үүрэг гүйцэтгээд ирэхээр амьдралд хандах хандлага хэр өөрчлөгдөв?
-Өмнө нь өөртөө зав гаргаж, бөхийн спортыг тэргүүнд тавьдаг байжээ. Одоо айлын эзэгтэй болсон болохоор үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, гэр бүлдээ цаг, зав гаргахыг хичээдэг. Тэмцээнд ялагдчихаад сэтгэлээр унаж, дуугаа хураадаг байсан бол одоо ялагдлыг ялалт болгоно гэж бодож, хүндээр хүлээж авахаа больсон.
-Нөхөр тань чөлөөт бөхийн тамирчин. Гэр бүлээрээ спортоор хичээллэх сайхан ч, бас хэцүү санагддаг уу?
-Миний нөхрийг С.Билгүүн гэдэг. Бид нэг зорилго, мөрөөдөлтэй. Нэгнээ хүүхэд байхаасаа мэднэ. Бидний хүүхэд насны дурсамж спортын ертөнцөд өнгөрсөн. Нөхөр минь зөөлөн зантай. Хааяа маргалдсан ч нэг их удалгүй эвлэрчихдэг юм, бид хоёр. Миний төрсөн өдөр хоёрдугаар сард тохиодог. 2018 онд би төрсөн өдрөөрөө хэрэглэх мөнгөө өөр зүйлд зарцуулчихлаа. Мөнгөгүй болохоор баяраа даруухан тэмдэглэе гэж бодож байтал ханийн минь сэтгэлийн бэлэг гоё сюрприз болсон. Бэлтгэл тараад гэртээ иртэл амттанаар ширээ засчихсан угтав. Төрсөн өдрийн бэлэг болгож бөгж бэлэглэсэн нь их таалагдсан шүү.
НАДАД СПОРТЫН ЕРТӨНЦ ХОЛ САНАГДААГҮЙ
-Чөлөөт бөхийн ертөнцөд хөл тавьж байсан тэр үеийн тань дурсамжаар хамтдаа аялъя, болох уу?
-Намайг спортод дуртай болоход ах минь нөлөөлсөн. Б.Майдар ах үндэсний бөхөөс гадна чөлөөтөөр барилдах сонирхолтой. Сонирхолдоо хөтлөгдөж, нэг өдөр Б.Бат-Эрдэнэ аваргатай холбогдож, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ангид ах минь орлоо. Тэгсэн “Бөхийн секцэнд орлоо гэж бодсон чинь дээд сургуульд элсчихсэн байна шүү дээ” гэсээр ирж, бөөн инээдэм болж билээ. Сургуулиа дүүргэх жилээ ах “Алдар” спорт хороонд дадлага хийж, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багштай танилцан, намайг бөх болгохоор шийдсэн. Би туниа муутай хүүхэд байсан. Ах ажилдаа явахаасаа өмнө намайг дагуулж гүйдэг болов. Ойрхон гүйгээд хөл өвдөхөөр тэсэхгүй уйлаад суучихдаг сан. Тэгсэн “Дүүгээ 10 хоног гүйлгэж, гар дээр нь суниалгаад үзье. Чадахгүй бол больё” гэж билээ. Гүйж сурснаар өвдөг өвдөхөө больж, бэлтгэл хийж эхэлсэн. Би аавынхаа талаасаа бөхийн удамтай. Аав минь Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын харьяат, аймгийн заан цолтой байсан болохоор гэрийнхэн намайг бөх болгоно гээд ярьдаг байв. Тиймээс бөх болох юм байна гэсэн ойлголт бүр бага байхад сэтгэлд суусан. Надад спортын ертөнц тэр цагаас эхлээд хол санагдаагүй.
-Тамирчдын халуун ам бүл эхэндээ халгамаар байсан уу?
-Хүн дуртай зүйлээ харахаар гайхаж, бас биширч хүлээж авдаг юм билээ. “Алдар” спорт хорооны тамирчин ах, эгч нарын бэлтгэл хийхийг харсан надад суралцах зүйл их байлаа. Би өглөө ирж бэлтгэлээ хийчихээд өдөр нь хичээлдээ явна. Заримдаа спорт хорооныхоо цайны газар хооллочихоод, тэдний бэлтгэлийг харах гээд хичээлээ тасалчихна. Багш “Хөөе, чи хичээлдээ яваач, хоцорлоо шүү дээ” гэхээр нь “Явахгүй ээ, тамирчдын бэлтгэл хийхийг хармаар байна” гээд суугаад байдаг байлаа.
-Чөлөөт бөхийн олон тамирчнаас хэнтэй хамгийн түрүүнд нөхөрлөв?
-Би зовлон, жаргалаа хуваалцдаг цөөн найзтай. Тэднээс П.Орхон эгчтэй ойр дотно нөхөрлөсөн. Тамирчид өрсөлдөөн дунд өөрийгөө илүү дайчилж хөгжүүлдэг. Спортод зүрх сэтгэлээ зориулаад ирэхээр аар саар зүйлийг анзаарах завгүй болдог. Тамирчны амьдралаар замнаж, тэмцээнд оролцоод завгүй гүйх тусам найз нөхдөөсөө холддог. Он жилүүдийн нугачаанд нөхөрлөх сэтгэлтэй нь үлдэж, зарим нь зам мөрөө хөөсөн. Спортын ертөнц хатуу.
Тамирчин болж чадах нь дэвжээнд шигшигдэж, чадахгүй нь өөрийнхөө замаар явдаг. Спортын төлөө өөрийгөө золиосолж, дуртай зүйлээсээ ч татгалзсан тохиолдол бидэнд олон.
-Таны жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Каори Ичо. Дэлхийд данстай, алдартай тамирчнаас хэрхэн суралцдаг вэ?
-Надад зөвхөн Каори Ичо гэлтгүй япончуудаас суралцсан зүйл их бий. Тэнд суралцаж байхдаа ард түмнийх нь хөдөлмөрч, цэвэрч нямбай, ажилдаа сэтгэлээсээ ханддагийг нь хараад их бахархсан. Ямар ч ажлыг энэ миний хийх ёстой зүйл гэж хүндээр бус эерэгээр хүлээж авдаг нь таалагддаг. Тэнд нөхөрлөж байсан найзууд минь байгаа. Бид одоо ч холбоотой. Надтай нэг жинд өрсөлддөг ОХУ, Финландын тамирчин найз бий. Бид дэвжээнд өрсөлдөгч ч гэлээ энгийн үед сайхан нөхөрлөдөг. ДАШТ-д Финландын тамирчин найзтайгаа хоёр удаа таарч, хожиж байлаа. 2018 онд тэрбээр 65 кг-ын жинд дэлхийн аварга болсон.
ЗОРЬСОН Л БОЛ БУЦАХ ДУРГҮЙ
-Японд ямар мэргэжлээр сурч байсан юм бэ?
-2013 онд биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангид суралцсан ч сургуулиа дүүргэж амжаагүй чөлөө аваад ирсэн. Манай Чөлөөт бөхийн холбооноос Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Японд суралцахыг дэмжсэн юм. Япон орон олон зүйлийг мэдрүүлж, намайг нээж, өөрчилсөн гэж боддог. Тэнд бэлтгэл хийх явцдаа мэх сурах, хувилбаруудыг нь сайжруулах шаардлагатай юм байна гэж бодож байлаа. Хүний нутагт байх үедээ өөрийгөө маш их дайчилсан. Монголчуудыг надаар төлөөлүүлж харах тул ухаалаг байх ёстой гэж бодож, цаг барихаас өгсүүлээд бүх зүйлд нямбай ханддаг байв. Арлын оронд өнгөрүүлсэн цаг хугацаа үнэ цэнтэй санагддаг.
-Та чөлөө бөхийн тамирчдаас Гавьяат цолыг 19 насандаа хүртсэн. Том шагналыг олны хүндлэл, үүрэг хариуцлага дагаад ирэх шиг санагдсан уу?
-Тэр үед хүүхдээрээ шахам болохоор амьдралыг харах өнцөг минь өөр байж. Үнэнийг хэлэхэд хүндтэй шагнал хүртсэн хэрнээ цолныхоо учир утгыг мэдээгүй. ДАШТ-ээс медаль хүртэнэ гэдэг амаргүй, хичээл зүтгэл, олны итгэл найдвар тээсэн том шагнал байдгийг жилээс жилд ухаарч байна. Одоо би ухаан суух насандаа явна. Тиймээс аливаад уужуу хандаж, юмны учрыг ухаж ойлгодог боллоо.
-Магтаал, шүүмжлэлийг хэр хүлээж авдаг болсон бэ?
-Тамирчдынхаа амжилтаас урам авч, өөрийгөө хөглөдөг хүмүүс бол дасгалжуулагч багш нар. Манай Ц.Хосбаяр багш шигшээ багийн охидоо загнаж зэмлэдэггүй. Хөгжилтэй зантай болохоор алиа хошин зүйл ярьж инээлгэнэ. Багш бидэнтэй тэмцээнд оролцох тал дээр зөвлөж ярилцдаг. Ц.Цогтбаяр багш их ухаалаг. Түүний алсыг харж, холын бодолтой хэлдэг зан нь тамирчдыг татдаг. “Алдар” спорт хорооны багш нар минь тамирчдадаа аав шиг нь хандаж ирлээ. Багш нараа хараад дасгалжуулагч гэж ямар хэцүү ажил болохыг, тэр дундаа амаргүй үүрэг хариуцлага нуруундаа үүрч явдгийг нь ойлгосон. Гэр бүл, үр хүүхдэдээ гаргадаг цаг хугацаагаа бидэнд харамгүй зарцуулдаг. Хамгийн гол нь багш нарынхаа итгэл найдварыг алдахгүй байх л чухал. Миний хувьд хамгийн ойрын зорилго бол Токиогийн олимпоос медаль хүртэх. Энэ том үүргийг ард түмэн, эх орныхоо өмнө хүлээсэн. Тиймээс бэлтгэлээ сайн хийж байгаа. Би аливаа зүйлд зорьсон л бол буцах дургүй. Эхлүүлсэн зүйлийнхээ эцсийн дүнг харахын тулд тууштай байхыг эрхэмлэсээр ирсэн. “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэдэг үгэнд дуртай, байнга санаж явдаг. Аливаа зүйлд зорилготой, сэтгэлтэй, хөдөлмөрч байсан нь амжилт олдог гэж боддог. Тиймдээ ч хүрээлж буй ойр дотнын хүмүүсээс урмын үг сонсох дуртай. Амьдралд сайхан зүйл олон. Тэр дундаас эрүүл амьдарч, дуртай ажлаа сэтгэл хангалуун хийх хамгийн эрхэм.