Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэргэжилтэн, Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төвийн тэргүүн М.Цэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр хараагүй иргэдэд анх компьютер заахын зэрэгцээ ярьдаг ном, цахим брайл технологийг монгол хэлнээ хөрвүүлж, нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Хараагүй хүмүүст дэлхий ертөнцийг харах боломж олгож буй М.Цэнгэл байгууллагынхаа шилдэг ажилтнаар хоёр удаа шалгарч байсан гэнэ.
-Та долоон нас хүртлээ хардаг байсан юм билээ. Харааны олдмол бэрхшээлтэй гэсэн үг үү?
-Би 1982 онд Хэнтий аймгийн Батширээт сумд төрсөн. Намайг тусгай сургуульд сургахын тулд аав, ээж минь 1988 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн юм. 1997 онд 29 дүгээр тусгай дунд сургуулийн наймдугаар анги төгссөн. Тэр үед наймдугаар анги л төгсгөдөг байлаа. Одоо ерөнхий боловсролын сургуулийн адил 12 дугаар анги төгсгөж байгаа. Гурван настайгаас минь нэг нүдний хараа муудаж эхэлсэн л дээ. Одоогийн ЭХЭМҮТ-д эмчлүүлсэн ч хараатайгаа үлдэж чадаагүй. Нүд, тархины даралт ихтэй байсан учраас баруун нүдээ авхуулж, долоон настайдаа бүрэн хараагүй болсон. Товчхондоо өвчний улмаас харааны олдмол бэрхшээлтэй болсон.
-Хараагүй болохоосоо өмнөх үеэ санадаг уу?
-Эмнэлэгт хэвтэхдээ бага зэрэг хардаг байсан. Мэс заслын дараа юу ч харахгүй, маш хэцүү байснаа санадаг юм. Тэр үед “Орбис” олон улсын байгууллагын америк эмч нарт үзүүлэхэд найдваргүй гэсэн хариу өгсөн. Нүд маш их өвддөг, хэд хоног ухаангүй хэвтдэг байсан үеэ санаж байна. Миний нүдийг авхуулахгүй гэж ээж минь их хичээсэн ч өөр арга байгаагүй гэсэн. Багадаа дугуй унаж, шоо эвлүүлж тоглодог, телевизээр орос сувгаар хүүхэлдэйн кино их үздэг байснаа ч санадаг юм. Мэс засалд орохынхоо өмнө Улаанбаатарт ээжийндүүгийнд анх удаа өнгөт зурагт үзэж байснаа мартдаггүй. Төрөлхийн хараагүй хүнд өнгөний талаарх ойлголт, төсөөлөх чадвар байдаггүй. Хэрэв технологийн дэвшлээр түр зуурт ч гэсэн хараатай болбол тухайн байгаа орчноо л харахыг хүсэж байна. Гадаад улсад электрон нүд суулгах туршилт хийж байгаа. Хар, цагаанаар харах зэрэг олон туршилт хийж буй юм билээ. Боломжтой бол тэр туршилтад нь орж үзэх сэн гэж боддог.
-Харахгүй байх нь ажил хөдөлмөр эрхлэхэд тань бэрхшээл биш болсон мэт санагдаж байна. Та техник, технологитой хэзээнээс холбогдсон бэ?
-Хараагүйчүүдийн үйлдвэрт очих, үргэлжлүүлээд сурч, дээд боловсрол эзэмших гэсэн хоёр сонголттой туллаа. Найзтайгаа хамт есдүгээр ангид орох гээд ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн захиралтай уулзсан ч “Хараагүй хүүхдийг жирийн сургуульд сургах боломжгүй” гэж хариулдаг байв. Хараагүй хүүхдүүдийн сурдаг 116 дугаар тусгай сургуульд хожим X анги төгссөн л дөө. 2000 онд англи хэл бие даан сурсан. Тухайн үед “Сантис” сургалтын төвд хандахад Оргилмаа гэж захирал нь дэмжин, үнэ төлбөргүй хамруулсан. Англи хэл сурсан гол зорилго минь хараагүй хүмүүст мэдээлэл, харилцааны хүртээмжтэй технологийг таниулах байв. Компьютер, ухаалаг утас хэрэглээ болж, бүх зүйл цахим болно, технологийн хөгжил рүү хэн нэг нь орох, хийх ёстой гэж багш нар минь хэлдэг байлаа. Тэгээд 2002 онд “Хараагүй хүмүүсийн интернэт мэдээллийн тусгал төв” ТББ-аа байгуулсан. Эхний хоёр жилдээ судалгаа хийлээ. Хараагүй хүмүүст зориулсан ямар технологи олон улсад хөгжсөн байдаг, брайл дэлгэц, ярьдаг төхөөрөмж, программыг судалж эхэлсэн. Анхны төслөө 2004 онд санаачилж, ADRA олон улсын байгууллагын тусламжаар 2005 онд 116 дугаар тусгай сургуульд ярьдаг цахим номын студи байгуулсан. Төрийн бус байгууллагынхаа нэрийг “Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв” болгон өөрчилж, шинэ санаа гарган, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд өрсөлдөхөөр зорьсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн өөрсдөө санаачлан технологиудыг хөгжүүлэх, ялангуяа, олон улсын стандартыг монгол хэлээр хөрвүүлэн, амьдралдаа цахим хэрэглээг нэвтрүүлэх боломжтой.
-Та цахим орчинд хэрхэн ажиллаж сурсан юм бэ?
-Би их, дээд сургуульд сурч чадаагүй. Гэхдээ компьютер, технологийн шинэ шийдлүүдийг олон улсад сурсан. 2007 онд Малайзад болсон Ази, Номхон далайн харааны бэрхшээлтэй залуучуудыг чадавхжуулах олон улсын сургалтад хамрагдсан юм. Мөн Тайландад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүллээ. Хараагүйчүүдийн холбооны нөхөн сэргээх сургалтын төвд компьютерын анхны багшаар ажиллаж, сургалт зохион байгуулан, 70 гаруй хүнд хэрэглээний мэдлэг, ур чадвар эзэмшүүлжээ. Мөн компьютер засах, шинээр гарч буй программ хангамжийг өөрчилж шинэчилсэн байна.
-Харааны бэрхшээлтэй иргэдийн цөөнгүй нь бариа заслаар амьдралаа залгуулдаг. Харин та бичиг цаас, тэр тусмаа компьютер, интернэт орчинд ажиллаж байна. Бэрхшээл тохиолддог уу?
-Амьдралынхаа 15 жилийг компьютер, интернэт, техник, технологи хөгжүүлэхэд анхаарч, ажиллажээ. Энэ бүхнийг ганцаараа хийх боломжгүй, олон байгууллага, хүнтэй хамтарч ажилласан. 2010 онд олон улсын дэйзи (ярьдаг ном) стандартыг нэвтрүүлж, Билл Гейтсийн сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг өргөжүүлэн, дэйзи ном бүтээх студи байгуулав. Харааны бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг байгууллага болон аймгийн номын сангуудад дэйзи ном тоглуулагч төхөөрөмж хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр хуучин аудио хэлбэрийг халж, цахим хүртээмжтэй номыг олон янзаар сонсох боломжтой болгов. Тодруулбал, хараагүй иргэд эхлүүлэх, зогсоох, гүйлгэх, тоглуулах гэсэн дөрвөн командаар л сонсох боломжтой ярьдаг аудио номыг 2010он хүртэл хэрэглэж байлаа. Харин дэйзи стандартыг нэвтрүүлснээр номыг сонсох, текстийг унших, бүр зурагтай хэлбэрээр ч “харах” боломжтой болсон. Мөр, хуудас, гарчгаар нь солих боломжтой. Хэвлэмэл номыг гараараа бариад яаж уншдаг билээ яг түүнтэй адилаар сонсож болно гэсэн үг. 300 гаруй номыг энэ стандартаар бүтээгээд байна. Радио, телевизийн нэвтрүүлэгчтэй гэрээ байгуулан, ярьдаг номоо уншуулсан. Өмнө нь зөвхөн эрэгтэй хүнээр уншуулдаг байсныг өнгөрсөн оноос “Дангина” нэртэй программ нэвтрүүлж, эмэгтэй хүнээр уншуулсан.
-Номоо хэрхэн сонгодог вэ?
-Харааны бэрхшээлтэй хүмүүс ямар ном унших хүсэл сонирхолтойгоо ирүүлдэг. Мөн Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Харааны бэрхшээлтэй иргэдийн уншлагын танхимаас унших номын төлөвлөгөө гаргана. Ихэвчлэн хүүхдийн, гадаад, дотоодын уран зохиолын ном сонгодог.
-Харааны бэрхшээлтэй иргэдийн уншлагын танхимаар хүмүүс хэр үйлчүүлдэг бол?
-Нийтийн номын сан учраас Улаанбаатар хотод оршин суугаа харааны бэрхшээлтэй бүх хүнд нээлттэй. “Ковид-19” дэгдэхээс өмнө өдөрт 5-10 хүн үйлчлүүлдэг байв. Зарим нь гэрээрээ ном авч уншдаг. Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн учраас энэ номын санг мэдэхгүй хараагүй хүн бараг байхгүй болов уу. Зам, талбай, дэд бүтцийн асуудлаас болж номын санд ирдэг хүмүүст бэрхшээл учирч байна. Мөн тухайн хүнийг гэрээс гаргахаас гэр бүлийнхэн нь айдаг. Ялангуяа эмэгтэй хүнийг явуулахгүй, гэрт байлгаснаар нийгэмших боломжийг нь хаасаар байгаа. Өмнө нь бид номын сангүй байлаа. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах сургалт элбэг болж. Цахим орчинд ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо сайн. Орчны саад л бидэнд гол бэрхшээл болдог. Дуут гэрэл дохио, нийтийн тээврийн хүртээмж, хөтөч зам гээд дэд бүтцийг цогцоор нь шийдэх хэрэгтэй байна.
-Дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас болж гэмтэж байв уу?
-1998 оноос таяг бариад ганцаараа сайн явдаг байсан ч одоо муудаад байна. Шон мөргөх, нүхэнд унах гээд эрсдэл их шүү дээ. Траншейны нүхэнд 2-3 удаа унаж, машинд хэд хэдэн удаа мөргүүлж, нуруугаа гэмтээж байсан.
-2013 онд монгол хэлээрх “Бат” нэртэй программ хэрэглээнд нэвтрүүлсэн гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Тийм ээ. Дэлхий нийтэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үндсэн гурван технологи бий. Судалгаа хийх явцдаа эдгээр технологийг монгол хэлээр хөрвүүлж чадвал хараагүй иргэд олон улсын түвшинд мэдээллээр хангагдах нь гэдгийг ойлгосон. Нэг дэх нь өмнө ярьсан дэйзи буюу хүртээмжтэй ном хэвлэлийн стандарт. Үүгээр хараагүй иргэд ном, сурах бичиг, хэвлэмэл материал гээд уншиж, брайлаар сонсож болох бүх л форматыг нэвтрүүлсэн. Сул хараатай хүн дэлгэцээр томруулаад уншиж болно. Эсвэл цахим брайл төхөөрөмж ашиглан ярьдаг программаар сонсож болох нь. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, МУИС, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Тайландын “NEC tech” байгууллага хамтран 2011 онд монгол хэлээр ярьдаг программыг “Microcoft SAPI” орчинд хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж, 2013 онд монгол хэлээр ярьдаг “Бат” нэртэй программ хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд компьютер дээр кирилл үсгээр унших, бичих боломж бүрдлээ. Үүний дараа цахим брайл технологи нэвтрүүлсэн. Олон улсын компьютерын дэлгэц уншигч болон дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг брайл хөрвүүлэгч 10 гаруй программ хангамжид монгол цахим брайл үсгийг таниулсан юм. 15 жилийн турш ажиллахдаа эдгээр гурван технологийг хөгжүүлж, Монголын харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралд нэвтүүлжээ.
-116 дугаар тусгай сургуулийн сурагчдад сурах бичиг хүртээмжгүй байдаг. Үүнийг шийдвэрлэхэд танай байгууллагын оролцоо хэр байна вэ?
-Тусгай хэрэгцээт боловсролын салбарт энэ технологиудаа нэвтрүүлэхээр БСШУСЯ-нд санал хүргүүлээд байгаа. Эцэг, эхчүүд, сурагчид манай байгууллагад ханддаг. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд ашигладаг 138 сурах бичгийг 2018 онд хүртээмжтэй форматад оруулсан. Тэдгээр сурах бичгийг ирэх намар сургалтад ашиглаж эхэлнэ. Бид ном, сурах бичгийг хараагүй хүмүүс сонсох боломжтой болгосон ч тэдгээрийг ашиглах компьютер, тоног төхөөрөмж хангалтгүйгээс шалтгаалан хоёр жил хүлээсэн. Цахим брайл төхөөрөмж гэхэд улсын хэмжээнд есөн ширхэг байна. Дорнод, Сүхбаатар аймгийн нийтийн номын санд тус бүр хоёр бий. Энэ төхөөрөмжийн тоог нэмж, тусгай боловсролын салбарт өргөнөөр ашиглавал харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, цахим сургалтад дэвшил гарна.
-Та бүхний хөгжүүлсэн технологийг хэрэглээнд оруулах, хүртээмжтэй байлгах нь чухал. Тухайлбал, 116 дугаар тусгай сургуульд ийм төхөөрөмж бий юү?
-Одоогоор байхгүй. Брайл бичгийн механик машин хэрэглэдэг. 50 гаруй жилийн өмнө нь л ийм байсан. Бидний хөгжүүлсэн технологийг сургалтдаа нэвтрүүлнэ гэж найдаж байна. Гэртээ байгаа хараагүй хүүхдүүд дэйзи ном тоглуулагч төхөөрөмж авч сонсох боломжтой. Хараагүй иргэдийн уншлагын танхимд брайл болон ярьдаг ном нийлээд 1000 орчим бий.
-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил юу байна?
-Олон улсын жишгийн дагуу хүртээмжтэй технологи нэвтрүүлж, хараагүй хүмүүсийн хэрэглээ болголоо. Монгол хэлний ярьдаг программыг компьютерт суулгаад цахим мэдээлэл авч болно. Цахим брайл төхөөрөмж тусгай боловсролд маш чухал. Мөн ярьдаг номыг онцлох хэрэгтэй. Цар тахлын үед харааны бэрхшээлтэй хүүхдүүд цахим хичээлээс их хоцорч байна. ЖАИКА олон улсын байгууллагаас манай төхөөрөмжийг худалдан авч, харьяа яамаар нь дамжуулан хүүхдүүдэд өгөх санал ирсэн. Бид математик, физик, химийн хичээлийнхээс бусад сурах бичгийг сонсох боломжтой болгосон юм. Мөн халууны шил, даралтын аппарат зэрэг өргөн хэрэглэдэг зүйлийг ярьдаг хэлбэрт оруулж байна. Ярьдаг халууны шил үйлдвэрлээд эхэлсэн. Ирэх сараас хэрэглээнд оруулна. Халууны шил гэхэд бие, ус, өрөөний температурын хэмжээг хэлэх юм. Цаашдаа хүртээмжтэй ном хэвлэлүүдийн тоог нэмэх зорилготой ажиллаж байна.