Оно Шигэки: Токиогийн их сургуулийн монгол хэлний анги төгссөн, хэл шинжээч, орчуулагч мэргэжилтэй, Япон Улсын иргэн Оно Шигэки гуайтай ярилцлаа. Тэрбээр манай улсад анх ирснээс хойш 40 гаруй жил өнгөрчээ. МУИС болон бусад сургуульд багшилж байсан бөгөөд өдгөө гэр ахуйн жижиг барааны дэлгүүр ажиллуулдаг, дөрвөн хүүхэдтэй нэгэн билээ.
-Таныг анх Монголд ирэхэд манай улсын өнгө төрх ямар байв. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Монголд “юу ч байхгүй” нь миний сонирхлыг татдаг байсан. Тодруулбал, өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөнтэй, далай, том хэмжээтэй ой, олон төрөл, зүйлийн амьтан байхгүй. Томоохон хот суурин ч үгүй шахам, иргэд нь тархай, бутархай амьдарч, ажин түжин байдгийг нь сонсон, зурагтын мэдээ, номоос ойлгон сэтгэл татагдсан юм. Анх ирэхэд яг л миний бодсончлон Улаанбаатар буйдхан хот байв. Токио, Японы бусад хоттой харьцуулахад “хоосон” юм шиг. Автомашин, барилга, байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар зэрэг нь цөөхөн, орчин тойрон нь нам гүмхэн байсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би ер нь анир чимээ бага, олон хүн хөлхдөггүй газар оронд дуртай.
-Ямар ажлаар ирж байв?
-1978-1980 онд МУИС-д мэргэжил дээш- лүүлж, монгол хэл гүнзгийрүүлж сурсан. Японд дөрвөн жил сурчихаад ирсэн ч ярьж чадахгүй шахам, ойлгохдоо ч маруухан байв. Тэгээд энд хоёр жил сурч зүгшрээд буцсан юм даг. Хоёрхон жил болсон учраас ахиад заавал ирэх сэн гэсэн бодол тээж харьсан. Нийгэм одоогийнхоос өөр байсан тул санааны зоргоор хоёр улсын хооронд ирж, очдог байгаагүй.
-Хэзээ буцаж Монголд ирсэн юм бэ. Хэдэн оноос энд суурин амьдрах болов. Таныг эргэж ирэх үед манайх хэр өөрчлөгдсөн байв?
-10 жилийн дараа буюу 1990 онд эргэж ирсэн. Социалист тогтолцоо нурж, бүх юм өөрчлөгдсөн байлаа. Тайван, амгалан байсан нийслэлчүүдийн амьдралд “хөдөлгөөн орж”, хүмүүс илэн далангүй, зоримог ярьж хөөрдөг болсон нь хамгийн их анзаарагдсан. 1980-аад онд Улаанбаатарт найзтай болно, хүмүүстэй яриа өрнүүлнэ гэдэг хэцүү байсан юм шүү.
Монголчууд гадаад улсад алба, амины шугамаар явах нь элбэгшиж байсан үе. Тиймээс орчуулагчдад ажил олдох боломж гарч, би япон хэлний хэлмэрч хийж эхэлсэн. 1990-1994 онд Япон, Монголын хооронд ирж очин, ажиллаж байв. Харин 1994 онд МУИС-д нэг жил багшлах боломж гарснаас хойш энд суурин амьдарсан. Цөөнгүй сургуульд есөн жил багшилсан. Тэр дундаа МУИС-д ажиллаж байсан минь нэр төрийн хэрэг.
-Монголд гадаад багш цөөн байхад та багшилж байв уу. Анх хэн гэдэг багшаар монгол хэл заалгасан бэ. Монголчуудыг япон хэл сургах хэцүү байв уу. Та манай хэлийг сурахад бэрхшээлтэй байсан уу?
-МУИС-д орос багш нар цөөнгүй байсан. Харин япон хэлийг тухайн үед би ганцаараа зааж байсан шиг санагдана. Лувсандорж гэж айхавтар чанга, зарчимч багшаар монгол хэл заалгаж байв. Гадаад хэл сурахад хүний хэлж ярьсныг ойлгон, өөрөө яриад байж болно. Тэр бол амархан. Харин тухайн хэлээр бичсэн ном зохиол уншиж, алдаа мадаггүй бичиж сурах хэцүү. Төвөггүй уншиж, бичиж сурсан үед л гадаад хэлийг гайгүй эзэмшлээ гэж ойлгох хэрэгтэй.
Монголчуудыг хэл сурахдаа авьяастай гэж боддог. Энэ нь ярих, үзэл бодлоо илэрхийлэх тун дуртай гэдэгтэй нь холбоотой байх. Ер нь япончууд дуу цөөтэй, дотогшоо. Харин монголчууд яриасаг учраас ямар ч хэлийг төвөггүй сурдаг байх. Нүүрэмгий, сэргэлэн ч гэж хэлж болно.
-Та олон жил энд амьдарч, монголжсон хүн. Манай зохиолчдоос хэний номыг унших дуртай вэ. Хүндэлдэг дуучин, тамирчин бий юү. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг бараг гардаггүй. Долоо хоногийн зургаан өдөр дэлгүүрээ ажиллуулна. Ням гарагт амардаг ч нялх хүүхэдтэй болохоор эхнэр бид хоёр тун завгүй. Багшилдаг байхдаа ажилдаа явж, амарсан үедээ хэл шинжлэлийн номнуудаа уншиж өдрийг өнгөрүүлдэг байсан.
Залуудаа, бичгийн их хүн Ц.Дамдинсүрэнгийн зохиолуудаас уншдаг байв. Яруу тансаг монгол хэлээр гайхалтай бичсэн байдаг шүү дээ. “Хэлдэг гурав, хийдэг ганц” өгүүллэгийг нь уншаад миний эргэн тойрны цөөнгүй хүнийг хэлчихсэн мэт санагдан, гүн сэтгэгдэл төрж билээ. Ер нь зарим монгол хүн хийхээсээ түрүүлж ярих, аливааг шүүж, өөлөх хандлагатай байдаг. “Аяны шувууд”, “Охидын уянга” дуунд дуртай. “Аяны шувууд”-ыг анхны хувилбараар нь хэдэн ч удаа сонссон уйддаггүй. Зурагт тайлбартай болон шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолд сонирхолтой. Одоо зав багатай тул ном уншиж чадахгүй байна. 1980-аад онд Японтой харьцуулахад Монголд орос хэлний ном, толь бичиг олон тоогоор хэвлэгдсэн байсан. Тэгээд орос хэл бие дааж сурсан юм. Боломжийн түвшинд сурчихсан байсан ч одоо бараг мартагнаж орхиж.
-Ойрын болон хэтийн төлөвлөгөөгөө хуваалцаач. Дэлгүүрийн тань орлого багасаад, өөрөө ч байнга сууж ажиллах төвөгтэй болсон гэсэн.
-Би одоо 68 настай, 70 хүрээд дэлгүүрээ хаах бодол бий. Дараа нь ӨМӨЗО-ы Өвөр Монголын их сургуульд монгол судлалын чиглэлээр суралцах зорилготой. Өдий насандаа зорилго гэхээс илүүтэй мөрөөдөл гээд хэлчихэд буруудахгүй байх.
-Сонирхолтой, сайхан санаа байна. Яагаад ӨМӨЗО-ыг сонгох болов?
-Ар монголчуудын талаар би зохих хэмжээний мэдлэгтэй болсон. Харин өвөр монголчуудын тухай юу ч мэдэхгүй. Тэд Хятад хэмээх их гүрэнд бүрэн уусчихалгүй өдий хүртэл оршин тогтнож, хэл, соёлоо авч үлдсэн нь гайхалтай. Миний мэдэхээр одоогоос 10 гаруй жилийн өмнө та нар монгол дээл өмсөж, үндэсний хувцсаараа ингэтлээ гоёдоггүй байхад өвөр монголчууд олон ястан үндэстнийхээ хувцас, эд хэрэгслээр гангардаг байв. Зарим монгол үг, уламжлал, заншлыг эртний монголчуудынхаар авч үлдсэн. Өвөр Монголын их сургуульд Монгол судлалын чиглэлээр 2-3 жил сурах боломжтой юм билээ. Охиноо бага сургуульд орох насанд хүрэхээс өмнө сурчих юм сан. Сургуульд орохоор нь Японд сургах хэрэг гарч, завгүй болчих байх гэж боддог.
-Анх манай улсад ирснээс хойш 40 гаруй жил болжээ. Монгол бүсгүйтэй гэрлэж, дөрвөн хүүхдийн аав болсон гэсэн.
-Багшилж байхдаа шавьтайгаа ханилсан юм. Ууган хүүгээ 1999 онд өлгийдөн авч байлаа. Гурван хүүхэдтэй болсон ч 2010 онд гэрлэлтээ цуцлуусан. Эхнэрээсээ салсны дараахан хоёр том хүүхдээ аваад Япон руу явж, тэнд бага сургуульд оруулсан юм. Өдгөө тэр хоёр маань их, гурав дахь нь дунд сургуульд явдаг.
-Нууц биш бол эхнэрээсээ яагаад салсан бэ. Шавьтайгаа гэрлэсэн гэхээр насны зөрүүнээс болж хоорондоо зөрчилддөг байсан уу?
-Би анхны эхнэрээсээ 20 гаруй насаар ах байсан. Насны зөрүүнээс шалтгаалсан, эсэхийг мэдэхгүй. Гэхдээ айл гэрийн ачааг эр, эм хоёр аль болох тэнцүүхэн үүрч, бие биедээ дэм болох учиртай байх. Бидэнд тэр нь дутагдсан болов уу. Эмэгтэй хүн хэт давуу эрх эдлэхийг хичээх, нөхрөөсөө их зүйл шаардах нь үл ойлголцох шалтгаан болдог юм уу хэмээн өдгөө боддог.
-Одоо нялх охинтой юм байна. Ер нь хүүхдүүдээ ийм, тийм мэргэжил эзэмшээсэй, тэр улсад амьдраасай гэж боддог уу. Хэр сайн аав бэ?
-Энэ дэлхийн бүх эцэг, эх үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг байх. Би ч тэдний адил. Гурван томыгоо Японд сургадгийг дээр дурдсан. Өндөр боловсролтой болоосой гэж тэр шүү дээ. Сургалт, байрны төлбөрийг нь өгдөг. Хоёр дахь эхнэртэйгээ гэрлэж, хэнз охинтой болсон. Охин маань одоо есөн сартай. Их сургуулийн хоёр маань англи хэл, түүхийн ухааны чиглэлээр сурч байгаа. Алсдаа мөнгө бага олох, ажлын байр хязгаарлагдмал мэргэжил юм шиг санагдах л юм. Гэхдээ хүүхдүүдийнхээ сонголтод нөлөөлөх арга алга. Аль улсад амьдрах нь ч өөрсдийнх нь мэдэх хэрэг. Хүүхдүүдээ хамгийн гол нь амьдралын ухаантай болоосой гэж боддог. Мэдлэг, боловсрол чухал боловч хаана ч дасан зохицож чаддаг, ажилсаг, ноён нуруутай болгохыг эрмэлздэг. Ямар ч ажлыг гололгүй хийн, хоолоо олоод идчих нь чухал.
-Танайх дэлгүүрээ нээгээд багагүй хугацаа өнгөрчээ. Борлуулалт хэр байна. Жижиг, дунд бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-2013 онд дэлгүүрээ нээсэн юм. Анх энэ байраа бүхэлд нь дэлгүүр болгон, том талбайд, олон төрлийн бараа санал болгож байсан. Жил ирэх бүр талбайгаа багасгасаар, өдгөө 30 орчим ам метр болжээ. Гэр ахуйн, хямдавтар үнэтэй бараа зардаг. Олон жил ажиллуулсан, зөвхөн манайх зардаг зүйл цөөнгүй байдаг тул байнгын үйлчлүүлэгчид бий.
-Дэлгүүрийн ашиг хэр байдаг бол. Оюутнуудынхаа төлбөрийг төлнө, амьжиргаагаа залгуулна. Дутагдах, гачигдах зүйлгүй амьдарч чадаж байна уу?
-Нэг сарынх нь ашгийг барагцаалбал 5-6 сая төгрөг. Би тэтгэврийн мөнгө нэг сая орчим төгрөг авдаг. Хэмнэж, илүү зардал гаргахгүйг хичээдэг. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүн ялангуяа махны үнэ тогтмол өсөж байгаа нь хүндрэлтэй л байна. Энд хэлэхэд, би ер нь хоолоо өөрөө хийдэг. Ялангуяа адууны зүрх, үхрийн гүзээ, богийн сархинагт дуртай. Үнэ нь ч хямдавтар, эрүүл мэндэд сайн тул байнга хэрэглэдэг. Гэхдээ тийм ч элбэг биш учраас “Хүчит шонхор” луу зорьж очин, эрж байж олдог.
-Япончуудыг арвич хямгач гэдэг. Дэлгүүрийн байрны мөнгө, анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн бүрдүүлж байв?
-Боломжийнхоо хэрээр мөнгө хураасан. Тэгээд дэлгүүрийн энэ байраа (Чингэлтэй дүүрэг V хороо) худалдан авч, бараагаа татаж байлаа. Ер нь монголчуудтай харьцуулахад япон хүмүүс мөнгө сайн хадгалдаг байж магадгүй. Ажил, гэрийнхээ хооронд алхдаг, автомашингүй. Замын түгжрэл ихтэй, зогсоолын талбай хомс Улаанбаатарт хүмүүс яагаад ийм олон автомашинтай байдгийг ойлгодоггүй.
-Гадаад хүнд Монгол хэр ээлтэй орон бэ. Бизнес хийхэд, ажиллаж, амьдрахад ямар бэрхшээл тулгардаг бол.
-Жижиг бизнес эрхэлдэг ч төрийн албан хаагчийн дарамт ихтэй гэж хэлнэ. Ер нь төрийн албаныхан хүнд сурталтай, дээрэнгүй зантай байх нь олонтоо. Төрийн албан хаагч гэдэг бол иргэд, ард түмний үйлчлэгч, туслагч гэдгийг ойлгодоггүй хүн цөөнгүй. Бас дэлгүүр ажиллуулахад хулгай тасарна гэж ер үгүй. Үйлчлүүлэгчид хулгай хийнэ, зарим худалдагч ч жижиг сажиг бараа хумслаад хэцүү байсан. Тиймээс дэлгүүрээ өөрөө байнга ажиллуулах болсон. Бусдаар Улаанбаатарт, Монгол оронд хайртай. Дуртай болохоороо ч өдий олон жил амьдарч буй.
-Орон нутаг руу явж байв уу. Очих дуртай аймаг, сум байдаг уу?
-Зав багатай учраас ийш тийш яваад байж чаддаггүй. Төв, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт очиж үзсэн. Үзэсгэлэнт байгальтай, сайхан газрууд шүү.
-Алсдаа Японд очиж амьдрах уу. Ер нь нутаг орон, ах, дүүгээ санах юм уу. Хаана төрсөн хүн билээ, та?
-Осакад төрсөн. Хэтдээ Японд очиж амьдрах, үгүйгээ мэдэхгүй байна. Бага охиноо том болж, сургуульд орох үед шийдэх байх. Би айлын ганц хүү, аав, ээж минь бурхан болсон учраас Япон руу төдийлөн татагддаггүй. Гэхдээ жил бүр гэр бүлээрээ очиж амарч, хүүхдүүдтэйгээ уулздаг.