МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш П.Эрдэнэтүшигтэй мөлхөгч амьтан болон террариумын талаар ярилцлаа.
-Та багаасаа амьтан сонирхож, тэжээсэн гэсэн. Энэ зүйлд татагдсан гол шалтгаан юу бол. Хэдэн төрөл зүйлийн амьтан тэжээж үзсэн бэ?
-Би амьтан сонирхож, тэжээгээд 40 жил болжээ. Бага байхад аав, ээж минь амьтны тухай ном уншиж өгдөг байсан. Номд дүрсэлсэн халуун орны ширэнгэ, амьтдыг төсөөлж, ургуулан боддог байсан минь хүрээлэн буй орчноо ажиглаж, энэ талаар судлах сонирхолтой болоход нөлөөлсөн. Долоон настайдаа шувууны ангаахайг хооллож эхэлсэн. Мөн хэрэмний хоршдой, үе хөлтөн зэрэг олон амьтан тэжээж үзлээ. Германд сурч байхдаа гэрийнхээ нэг өрөөнд мэлхий, гүрвэл, аалз тэжээн, үржүүдэг байв. Ер нь шонхор, тагтаа, орог зусаг гээд тэжээсэн амьтнаа тоолбол олон. Хамгийн удаан тэжээсэн нь мэлхий, 12 жил болж байна.
-Та яст мэлхий тэжээдэг цахим бүлгэмийнхэнд зөвлөгөө өгдөг юм билээ. Сүүлийн үед эл амьтан эрэлттэй байна уу?
-Сүүлийн үед Монголд яст мэлхий тэжээдэг хүн олширсон. Учир нь арчилгаа бага шаарддаг, элдэв чимээ, үнэр гаргахгүй зэрэг олон давуу талтай. Хүмүүс яст мэлхийний ус 25-28 градус дулаан байх ёстойг мэдэхгүй шууд хүйтэнд хийдэг. Ингэснээр амьтан цочирдож, хатгаа авч, бөөр нь өвддөг. Яст мэлхий тэжээгчид өвдсөн амьтнаа яах талаар асуудаг. Тэдгээрийг ажиглахад яст мэлхий нь кальцийн дутагдалд орсон, эсвэл бөөр нь өвдсөн байх нь бий. Ер нь таны амьтан эрүүл, эсэхийг хоол идэж байгаагаас нь анзаарч болно. Бие нь өвдсөн амьтан ердийнхөөсөө бага иддэг юм.
-Германд амьтныг зохиомол орчинд үржүүлэх чиглэлээр сурсан гэсэн. Энэ тухай ярьж өгөөч.
-Амьтныг амьдрах орчинд нь, орчноос тусад нь хамгаалах гэсэн хоёр арга бий. Жишээлбэл, хэсэг газрыг улсын тусгай хамгаалтад авч байгаа нь амьтан, ургамлыг амьдрах орчинд нь хамгаалж буй хэрэг. Харин амьтныг зохиомол орчинд өсгөж, үржүүлэх нь амьдрах орчноос тусад нь хамгаалах арга юм. Би хоёр нутагтан, жижиг мэрэгч, үе хөлтүүдийг зохиомол орчин бүрдүүлж, хамгаалах ажилд гаршсан. Тухайн амьтныг тухтай байлгах хөрс, ус, гэрэл, ургамалтай зохиомол орчныг террариум гэдэг юм. Терариум доторх гэрэлтүүлэг, агаарын чийг, ургамал зэргийг амьтны амьдралын онцлогт тааруулж эс чадвал өвдөж, богино насалдаг.
Хуурай газрын яст мэлхийн террариумын агаарын чийгшил 30-40, мэлхийнийх 60-80 хувь байх ёстой. Террариумын чийгшлийг тааруулахын тулд усан хүрхрээ, бороо оруулагч, мананжуулагч зэрэг төхөөрөмж суурилуулдаг. Мөн террариумын гэрлийг ч амьтандаа тааруулж сонгодог. Тухайлбал, хоёр нутагтан амьтан нарнаас аминдэм авч, ясны хөгжил, арьсны бүтэц нь эрүүл байдаг. Эл амьтныг террариумд тэжээхдээ биеийн онцлогт нь тааруулж хэт ягаан туяа ялгаруулдаг чийдэн сонгож тавихгүй бол сульдаатай болж, мөч нь буруу хөгжих, арьс, үс, хайрсны асуудал үүсдэг. Тийм учраас тухайн төрөл зүйлийн биеийн онцлогт тааруулж, амьдрахад таатай хиймэл орчин бүрдүүлдэг эл ажил шинжлэх ухааны нэг салбар болон хөгжиж буй.
-Хүн бүрт дуртай амьтан бий. Таны хувьд ямар амьтан сонирхдог вэ?
-Бүх төрөл зүйл амьтнаас хоёр нутагтан, мөлхөгчийг илүүтэй сонирхож, судалдаг. Мөн мэлхий, загасыг террариумд тэжээж, үржүүлэх дуртай. Ер нь ямар ч амтны зан байдлыг ажиглах дуртай. Уулын нугад олон цаг сууж амьтад ямар үйлдэл гаргадаг, юу иддэг зэргийг ажиглах таатай санагддаг.
-Амьтан тэжээдэг хүмүүст зөвлөгөө өгдөг эмч боловсон хүчин манай улсад хэр байдаг бол?
-Манай улсад малын эмч байдаг, гэхдээ амьтны эмч байхгүй. Малын эмч мэдэхгүй амьтнаа номоос уншсан онолд тулгуурлан эмчлэх гэж оролддог. Өөрөөр хэлбэл туршилт хийдэг гэсэн үг. Олон улсад малын, зэрлэг болон мөлхөгч амьтны эмч тусдаа мэргэшсэн байдаг. Хөхтөн, мөлхөгч амьтад цусны температур, биеийн хэмжээнээс авхуулаад тэс өөр бүтэцтэй атал манайд ижил аргаар эмчлэх гэж оролддог. Том биетэй амьтны зүүгээр хөхтөнийг тарьж, алсан тохиолдог цөөнгүй. Тийм учраас мөлхөгч амьтан тэжээдэг хүмүүс эмчид бус, амьтан судлаач нарт ханддаг.
-2019 онд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А8 дугаар тушаалд “Нохой, муур болон бусад жижиг амьтан худалдах зориулалтын дэлгүүрийн байр нь худалдаа, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, албан байгууллага, нийтийн орон сууцнаас тусдаа байна” гэж заасан. Улаанбаатарт амьтан зардаг ихэнх дэлгүүр байрны доор байдаг. Энэ талаар та юу гэж бодож байна ?
-Тэр тушаал ихэнх амьтны дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд саад учруулж эхэлсэн. Хороолол болон хотын төвөөр байдаг амьтны дэлгүүрүүдэд загаснаас өөр үзэж, сонирхох амьтан алга. Амьтны хүрээлэнгүй манай оронд хүүхдүүд жижиг дэлгүүрүүдээр явж, танин мэдэхүйн мэдээлэл авч буйг төрийн эрх баригчид ойлгоогүй юм шиг санагдсан. Мөн амьтны тухай хууль батлахдаа муур, нохой, хэвлээр явагч, шавж зэргийг төрлөөр нь ялгах хэрэгтэй. Мэдээж нохой, муур дуу чимээ их гаргадаг бөгөөд эвгүй үнэр ялгаруулдаг тул байрны оршин суугчдад таагүй байх нь аргагүй. Энэ тал дээр байрны дэлгүүрүүдэд дуу чимээ тусгаарлах, орчны эрүүл ахуйн стандарт зааж, түүнийг нь зөрчвөл арга хэмжээ авах зэргээр зохицуулах хэрэгтэй болохоос амьтан зарахыг хориглох нь оновчгүй шийдвэр юм. Олон улсад байр, орон сууцны доор амьтны дэлгүүр байхыг хориглодоггүй. Дэлхийн чиг хандлагыг харж, үлгэрлэх хэрэгтэй санагдсан.
Бэлтгэсэн:О.Алуунгуа