Бамбай булчирхай нь хүний мөгөөрсөн хоолойн хоёр талаар байрлах эрвээхэй мэт хэлбэртэй цуллаг эрхтэн. Бие махбодын уураг, өөх тос, нүүрсус гээд бүх төрлийн бодисын солилцоонд оролцдог. Өсөлтийн, бэлгийн, хоол боловсруулах зэрэг дааврыг зохицуулдаг чухал үүрэгтэй. Тиймдээ ч бамбай булчирхайн даавар өчүүхэн өөрчлөгдөхөд биед мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болдог. Эмэгтэйчүүдэд голдуу тохиолддог энэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн дотоод шүүрлийн булчирхайн мэргэшсэн эмч С.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Гавьяат эмч Г.Нямхүүгийн удирдлагад ерөнхий мэс засалд суралцаж, ялангуяа дотоод шүүрлийн эрхтний эмчилгээнд орчин үеийн олон арга нэвтрүүлэхэд оролцжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таныг дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын албыг үргэлжлүүлж яваа цөөн хүний нэг гэж сонссон.
-Би 2008 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн резидентээр 1.6 жил сурч, эндээ үлдсэн. 2015 онд дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Манай тасаг 90 гаруй жилийн түүхтэй. Хавдрын болон тархи, мэдрэл, зүрх, судасны зэрэг мэс заслын эмчилгээ манайхаас салаалж хөгжсөн.
Өдгөө тасаг ерөнхий мэс заслаас гадна уушги, цээжний хөндий, дотоод шүүрэл, судасны хагалгаа хийдэг 10 гаруй эмчтэй. Дотоод шүүрлийн гэдэгт бамбай, нойр, хөхний, бөөрний гэхчлэн хүний биед байдаг бүх л булчирхай багтдаг. Хамгийн түгээмэл эмгэг нь бамбай булчирхайнх. Монгол Улсад бамбайн хагалгааг анх 1978 онд Гавьяат эмч Х.Аюуш хийсэн байдаг. Түүний хөтөлж байсан архивын дэвтэр нь үе дамжсаар надад ирсэн. Уг дэвтэрт бамбайн булчирхайн мэс заслын эмчилгээний сүүлийн 40 жилийн түүх бий.
-Тэгвэл өвчний тархалтыг эндээс “харж” болох нь 30, 40 жилийн өмнө болон эдүгээ бамбай булчирхайн ямар эмгэг зонхилж байна вэ?
-Тийм ээ, бамбайн бүх төрлийн эмгэг, хагалгааны арга барилыг эл дэвтэрт тэмдэглэсэн. Тиймээс хойч үеийнхэн үүнээс олон ч зүйл сурах боломжтой. Бамбай булчирхайн өвчнийг үйл ажиллагаагаар нь даавар ихэссэн, багассан гэж ангилдаг. Үүн дотроо үүсгэвэрт өвчин буюу нэг, олон зангилаат бахуу, хавдар гэх мэтчилэн ангилна. Бамбайн мэс засал хийснээс хойшхи үеийн эхэнд тархмал хордлогот бахуу (даавар ихсэх) элбэг тохиолддог байж. Энэ нь хүн харахад мэдэгдэхүйц шинж тэмдэгтэй, нүд нь бүлтгэр, айсан юм шиг, эсвэл хурц төрхтэй, туранхай, хүзүү нь томорсон байдаг. Харин өдгөө бамбайн энэ төрлийн эмгэг багасаж, зангилаат бахуу ихэссэн. Тодруулбал, бамбай булчирхайд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй зангилаа, үүсгэвэр бий болохыг хэлж буй юм. Нэг төрлийн хоргүй хавдар гэсэн үг.
Бамбай булчирхайн хэвийн нөлөөгөөр бид эрүүл сэтгэж, биеийн ачаалал, энергиэ тэнцүү хуваарилж чаддаг бол энэ үйл ажиллагаа алдагдахаар өвдөнө. Бамбайн даавар багассан үед ядрах, нозоорох, ажлын идэвхгүй болдог бол эсрэгээрээ ихсэхэд амархан баярлаж, гомдох зэргээр сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү. Ер нь бамбайн даавар нь өөрчлөгдсөн хүн андашгүй. Бие нь хүртэл “хэлдэг”. Хэт их хордлоготой бол туранхай, судсыг нь барихад зүрх нь 80-аас олон дэлссэн, арьс нь чийглэг байдаг. Хэрэв дааврын дутагдалтай бол илүүдэл жинтэй, арьс нь хэт хуурай байх жишээтэй. Зарим эмэгтэйн сарын тэмдэг нь хүртэл ирэхээ больдог.
...Бамбай булчирхайн хэвийн нөлөөгөөр бид эрүүл сэтгэж, биеийн ачаалал, энергиэ тэнцүү хуваарилж чаддаг бол энэ үйл ажиллагаа алдагдахаар өвдөнө. Бамбайн даавар багассан үед ядрах, нозоорох, ажлын идэвхгүй болдог бол эсрэгээрээ ихсэхэд амархан баярлаж, гомдох зэргээр сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү. Ер нь бамбайн даавар нь өөрчлөгдсөн хүн андашгүй. Бие нь хүртэл “хэлдэг”...
-Уг өвчин эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог гэсэн. Юунаас шалтгаалж бамбайн даавар өөрчлөгдөж, эсвэл зангилаа үүсдэг юм бол?
-Бамбай булчирхайн эмгэгийн шалтгаан олон янз. Хүйсийн харьцаа 1:2.5 буюу өвчтэй гурван хүн тутмын хоёр нь эмэгтэй байдаг. Уг өвчний тархвар зүйн сүүлийн үеийн судалгааг одоогоор хийгээгүй. Гэхдээ амбулаториор үйлчлүүлсэн болон мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн 10 хүн тутмын 8-9 нь зангилаат бахуутай гэхээр энэ төрлийнх нь элбэг оношлогдож байна. Иргэд ч хамгийн түрүүнд шалтгааныг нь асуудаг. Тухайн эмгэг олон шалтгаантай байхад тодорхой нэг үүсгэгчтэй өвчин гэж бий. Жишээлбэл, ДОХ-ын халдвар ХДХВ-ийн шалтгаантай, тархах зам нь ч тодорхой. Харин бамбай булчирхайн эмгэг удамшлын, орчны нөлөө, хотжилт, нийгмийн сэтгэл зүй, стресс, иодын дутагдал, бүр амьдарч буй бүс нутаг, тэр дундаа уулархаг газрынхан түлхүү өвчилдөг гэсэн судалгаа бий. Манай тасгийн дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын багийнхан өнгөрсөн оны нэгдүгээр сараас бамбай булчирхайн зангилааг өндөр давтамжит радио долгионоор түлэх (RFA) эмчилгээний арга нэвтрүүлсэн. Өдгөө энэ чиглэлээр үргэлжлүүлэн судалгаа хийж байна. Үүний хүрээнд бамбай булчирхайн өвчний тархац, RFA эмчилгээний үр дүн зэргийг тодорхойлно. Ингэснээр уг өвчний тархцын ерөнхий дүр зураг гарах байх.
Эмэгтэйчүүд тэр дундаа шилжилтийн насныханд бамбайн эмгэг элбэг тохиолдох нь бий. Үүнийг зарим эрдэмтэн сэтгэл зүйн тогтворгүй байдалтай холбон тайлбарладаг. Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүд бамбайн өвчинд яагаад түлхүү өртдөгийг олон улсад судалсан байдаг. Тэдэнд сарын тэмдэг ирэх, жирэмсэн болох, хүүхэд төрүүлэх, хөхөнд сүү орох, цэвэрших зэргээр дааврын өөрчлөлт эрчүүдээс их явагддаг. Хэрэв 45-аас дээш насныхныг нэгбүрчлэн бамбайн ЭХО шинжилгээнд хамруулбал хоёр эмэгтэй тутмын нэг нь зангилаат үрэвсэлтэй байх магадлалтай гэж үздэг. Тийм элбэг тохиолддог гэсэн үг. Гэтэл манайхан энэ талаар төдийлөн мэддэггүй, өвчнөө хүндэрсэн хойно нь л эмчид хандаж байна.
-Ямар тохиолдолд хавдар болох эрсдэлтэй вэ?
-Бамбай булчирхайн хавдар нь тусдаа бүлэг өвчин. Гэхдээ ховор тохиолддог. Тухайлбал, зангилаат бахуутай 100 хүн тутмын 1-3 хувьд нь хорт хавдар оношлогддог. Үүний 85 хувь нь хөхлөг буюу эмчлэгддэг хавдар эзэлдэг нь азтай. Хавдрын явцаас хамаарч, цөөн тохиолдолд оношлогдсон даруйдаа өвчтөн нас барах нь бий. Тухайлбал, бамбай булчирхайн ялгаралгүй (эсийн) хавдрыг мэс заслын аргаар авсан ч 1-2 хоногт дахин ургадаг тул бараг эмчилгээгүй. Манай эмнэлэгт жилд дунджаар ийм хавдартай 1-2 тохиолдол бүртгэгддэг.
Хэрэв хүүхдэд зангилаат бахуу оношлогдвол яаралтай мэс засал хийх заалттай. Учир нь бага насанд илэрсэн зангилаа ирээдүйд хорт хавдар болох эрсдэлтэй. Түүнчлэн эрчүүдэд тохиолдсон бамбайн зангилаа мөн хорт хавдар байх магадлал өндөр байдаг.
-УНТЭ-ийнхэн бамбайн эмгэгийн орчин үеийн эмчилгээний бараг бүх аргыг нэвтрүүлсэн гэж дуулсан.
-Уг өвчний төрлөөс хамаарч эмчилгээний арга нь өөр өөр байна. Хамгийн элбэг оношлогдож буй зангилаат бахуугийн эмчилгээний талаар мэдээлэл хүргэх нь үр дүнтэй. Эхлээд бамбайн зангилааг хортой, хоргүйг эсийн шинжилгээгээр оношилно. Хоргүй, ямар нэгэн зовуурьгүй, булчирхай томроогүй бол ажиглах заалттай. Харин үйлчлүүлэгчийн хүзүү, хоолойг дарсан буюу хэт томорсон, шүлс дутуу залгигдах мэдрэмж төрүүлж буй бол мэс заслын эмчилгээ санал болгодог. Үүнд нээлттэй, жижиг хүрцэт мэс ажилбар, дурангийн хагалгаа, RFA эмчилгээнээс тухайн хүнд сонгох эрхийг нь олгоно. Эдгээр эмчилгээ нь өөр өөрийн давуу болон сул талтай. Нээлттэй мэс заслыг 1978 оноос хойш хийж байгаа. Жилд дунджаар 250-300 хүнд ийм хагалгаа хийдэг. Гэхдээ үйлчлүүлэгчийн арьсыг 15-20 см хүртэл нээдэг тул сорви үлдэнэ. Олон улсад мэс заслын сүүлийн үеийн эмчилгээнд тухайн өвчтөнд аль болох хөнөөл багатай, гоо сайхан талаас нь сорви бага үлдээх арга сонгохыг чухалчлах болсон. Мөн химийн аргаар зангилааг шимэгдүүлэх арга ч хэрэглэдэг. 96 хувийн этанолыг бамбай булчирхайд үүссэн зангилаа руу тарьж, устгах эмчилгээг манай эмнэлэг 2008 оноос хойш хийж буй.
RFA буюу өндөр давтамжит радио долгионоор түлэх арга нь зангилааг ЭХО-гоор “харж”, зориулалтын зүүгээр хатган, тодорхой ваттаар түлж, сорвижуулдаг. Эл арга нь эрхтэн хадгалах, гоо сайхан талаасаа ч шарх сорви үлдээдэггүйгээрээ давуу талтай. Дурангийн хагалгаа ч мөн адил. Гэхдээ бусдыгаа бодвол нарийн технологи тул төвөгтэй. Олон янзын хүрц ашиглан хийдэг. Нэгбүрчлэн тайлбарлавал ойлгоход бэрх. Одоогоор бид суга, хөхний хэсэгт тус бүр хоёр, 0.5-1.2 см хэмжээтэй зүсэж, тусгай багажаар хүзүүний хэсэгт хүрч, бамбай булчирхайнаас эмгэг эдийг гарган авч байна. Зөвхөн суга, эрүүгээр ч хүрц шургуулан, уг хагалгааг хийж болдог. Дурангийн аргыг бид саяхнаас нэвтрүүлсэн ч даатгалаар үзүүлдэг өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний жагсаалтад хамруулсан тул тухайн иргэн эмчилгээний зардлын 75 хувийг хөнгөлүүлэх боломж бүрдсэн. Мэс заслын эдгээр аргын аль нэгийг нь сонгосон ч эмчилгээний үр дүн хол зөрөхгүй. Бамбайн булчирхайн мэс засал хийлгэсэн 100 хүний 1-3-д нь хүндрэл гардаг олон улсын жишиг бий. Бид энэ түвшинд буюу хагалгааны үр дүн 97 хувьд хүрсэн.
-Бамбай булчирхай хүнд маш чухал үүрэгтэй гэсэн. Тэгэхээр мэс заслаар булчирхайгаа бүрэн авхуулсан тохиолдолд хэвийн амьдралд нь өөрчлөлт гарах уу?
-Бид эмчилгээний олон арга ашиглаж байгаа нь тухайн хүний бамбай булчирхайн жаахан ч гэсэн эрүүл эдийг авч үлдэх зорилготой. Хоргүй хавдрын мэс заслын нэг давуу тал нь энэ. Хэрвээ зангилаа хортой бол бамбай булчирхайг тэр чигт нь, бүр тунгалгийн булчирхайтай нь авдаг. Бамбай булчирхай төлждөггүй ч өчүүхэн жижиг эд хүний хэрэгцээг хангахуйц даавар ялгаруулах хүчтэй. Бамбай булчирхайгаа бүрэн авхуулсан ч дааврын эмээр орлуулан, хэвийн амьдрах боломжтой. Хагалгааны дараа зангилаат бахуу дахих магадлалтай ч ховор тохиолддог.
-Өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөөч?
-Дээр хэлсэнчлэн шалтгаан нь олон янз учраас урьдчилан сэргийлэхэд төвөгтэй. Мэдээж эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, иодын дутагдлаас сэргийлэх, уурлаж, бухимдахгүй байх хэрэгтэй.