Монголын кино урлагт хос морьтойгоор зүтгэж байгаа уран бүтээлчийг “Далд хүмүүс” буландаа урьж, ил гаргахыг зорилоо. Л.Ган-Эрдэнэ СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн ч, оюутан ахуйгаасаа зураглаачийн ажилд дурлаж, өдгөө энэ ажлаа хийж явна. Тэрбээр “Зангараг”, “Хоёр амь”, “Хийморь”, “Ээж хад” зэрэг 20 гаруй уран бүтээлд зураглаачаар ажиллажээ.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээлд ажиллав?
-“Монгол фильм”-ийн найруулагч Д.Золбаярын “Хаалга” нэртэй кинонд ажиллалаа. Дэлгэцэд гаргахдаа нэрийг нь өөрчилж магадгүй. Өөр хоёр кинонд ажилласныг хөл хорио цуцалсны дараа үзэгчдэд хүргэх болсон.
-Анх ямар киноны зураг авсан бэ?
-“Монгол фильм”-ийн бүрэлдэхүүнд багтаад, “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд анх ажилласан.
-Урлагийн мэргэжил сонгосон шалтгаан тань юу вэ?
-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, аав минь Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж байгаад амьдралын шаардлагаар төгсөж чадаагүй юм билээ. Ээж минь ч ардын хөгжмийн чиглэлээр суралцсан. Урлагийн мэдрэмжтэй хүмүүсийн гэр бүлд төрж, өссөн нь дуртай болоход их нөлөөлсөн байх. Хоёрдугаарт, багад аавын оюутан ахуйн найзууд буюу одоогийн алдартай жүжигчид манайхаар орж, гардаг байлаа. Тэднийг харж, аавынхаа мөрөөдлийн мэргэжлийг эзэмшихийг хүссэн дээ. Харин сурч байх үедээ би жүжигчин биш, найруулагчийн ажилд илүү дурласан.
-Найруулагчаар суралцаж байсан хүн хэзээнээс, хэрхэн зураглаачийн ажилд хорхойссон юм бол?
-Би СУИС-д Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн ангид жүжигчнээр суралцаж байгаад орхиод, дараа нь Л.Энхбаяр, Д.Золбаяр багшийн удирдлагад найруулагчаар сурч, төгссөн. “Аравт” киногоо бүтээсний дараа “Монгол фильм”-ийнхэн “Red1” камер оруулж ирсэн юм. Би тус байгууллагаар овоглоод удаагүй байлаа. Гэтэл гадаадаас оруулж ирсэн, үнэтэй камеруудаа надад хариуцуулчихсан. Тэдгээрийг ажиллуулж сурахаас авхуулаад их сонирхолтой санагдсан. Камертай нэг л “ноцолдоод” эхлэхээр улам сонирхолтой санагдаж, зураг авах дуртай болдог юм билээ. Тэгээд ч эзэмшсэн мэргэжлээс минь тэс хөндлөн биш шүү дээ.
-Зураг авахын юу нь тийм сонирхолтой гэж?
-Яг тийм, ийм гэж үгээр илэрхийлэх хэцүү. Нэг уран бүтээлд хамтарч буй хүмүүстэйгээ ойлголцож, авсан зургандаа сэтгэл ханамжтай байх гээд ажлаасаа таашаал мэдрэх сайхан. Хамгийн гол нь үзэгчид миний нүдээр, харсан өнцгөөс кино үзнэ гэсэн үг. Амар ажил гэж үгүй. Кино бүтээх явцад янз бүрийн л бэрхшээл тулгардаг. Гэхдээ ард нь гарсны дараа бэрхшээлүүд дурсамж, бас туршлага болж үлддэг. Киноны зураг авах явцад хүмүүсийн итгэлийг алдахгүй ажиллах сан гэж хичээнэ. Яавал илүү сонирхолтой, гоёор харуулж болох вэ гээд л толгойгоо байнга ажиллуулна. Үргэлж тархиа ажиллуулж, шинээр сэтгэх хэрэгтэй. Тийм ч болохоор би энэ ажилдаа дуртай.
-“Найруулагч, зураач, зураглаач нь киноны тулгын гурван чулуу”, бас “Кино бол хуурах урлаг” ч гэдэг. Зураглаачийн хийц, дүрслэл, эвлүүлгийн шидээр кино “амилдаг” шүү дээ. Та уран бүтээл бүртээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?
-Кино бол нийлмэл урлаг. Тиймээс төрөл, зохиолоосоо хамаараад ямар арга барилаар яаж ажиллахаа шийддэг. Мэдээж найруулагч, зураачтайгаа маш сайн ярилцаж, төлөвлөдөг. Гол нь аль болох сонирхолтой байдлаар зургаа авч, урнаар дүрсэлж, хүний сэтгэлд хүрэх бүтээл хийхийг л би хүсдэг. Бас маш нямбай байж, план бүрээ төлөвлөж, түүнийхээ дагуу ажилладаг. Гадаадын мундаг кинонуудыг үзэхэд “Үүний зургийг тэр л авсан” гэдэг нь харагддаг шүү дээ. Найруулагч нар ч таньдаг зураглаачаа биш, чадвартайг нь сонгож хамтардаг. Би одоогоор суралцаж л яваа залуу уран бүтээлч. Өөрийн онцлог, арга барилыг олох, түүнийгээ тогтоох гэж хичээж явна.
-Зураг авах үед найруулагчтай санал зөрөлдөх үе хэр гардаг вэ?
-Тийм тохиолдол бишгүй. Ихэнхдээ гүйцэд төлөвлөлгүй зургийн ажлаа эхлэх, богино хугацаанд шахаж авах зэргээс болж уран бүтээлийн маргаан гарах нь бий. Гэхдээ маргалдаад, муудалцаад байдаг юм биш. Уран бүтээлээ сайн, чанартай болгох үүднээс л санал зөрөлдөж байгаа юм. Аливаа уран бүтээлийг хамтын хүчээр бий болгодог. Хүн бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй бол урагшлахгүй. Тиймээс санал зөрөлдсөн ч нэгнийгээ сонсож, дахин зөвлөлдөж байж шийдвэр гаргах нь үр дүнтэй санагддаг.
-Киноны зураг авах явцад зөвхөн зураглаачид л тулгардаг бэрхшээл юу бол?
-Бэрхшээл гээд тоочвол зөндөө бий. Гэхдээ тэр болгоныг дэлгэж яах юм бэ. Кинонд хэдхэн секунд үзэгдээд өнгөрөх зураг авахын тулд камер, техникээ үүрээд хэдэн км алхах, өндөр уул хаданд авирах, халж, бээрэх үе бишгүй. Нэгэнт л энэ мэргэжлээр ажиллаж байгаагаас хойш тулгарсан бэрхшээлүүдийг яаж ийгээд давах нь ойлгомжтой.
-Хамгийн хэцүү нөхцөлд зураг авсан кино тань аль нь вэ?
-Хэцүү гэхээс илүү ажиллагаатай гэвэл онох байх. Жишээ нь, “Хийморь” кино түүхэн сэдэвтэйн дээр зургийг нь дөрвөн улирал дамнаж авсан болохоор амаргүй байсан. Урт хугацаанд, байгалийн янз бүрийн тогтцыг харуулж зураг авахыг хичээсэн. “Хоёр ертөнц” киноны зургийн 60 гаруй хувийг Налайхын хогийн цэгт авсан. Маш их салхитай газар учраас нунтаг нүүрс, хог, шороо хийсээд л. Камер, техник хэрэгслээ хамгаалах амаргүй байсан шүү.
-Сая ярьсан шиг халуун, хүйтэнд камер, гэрэл халах, хөлдөх гээд байгаль, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалах бэрхшээл гарна. Мөн түүхэн болоод монгол ахуй харуулсан кино бүтээхийн тулд хөдөө зураг авахад цахилгаангүй газарт техник хэрхэн ашиглахаас эхлээд дэд бүтцийн асуудал тулгардаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийддэг вэ?
-Яаж ийгээд шийдэхгүй гээд яах билээ. Техник хэрэгслээ ямар ч нөхцөлд ажиллуулах, бас бүрэн бүтэн авч явах ёстой. Устай, цастай, хадтай янз бүрийн газарт л цахилгаан үүсгүүрээ чирээд явна. Гол нь бэлтгэлээ сайн базаасан байхад ажлаа асуудалгүй хийж чадна.
-Нэг жилд хэдэн кинонд ажиллаж амждаг вэ?
-Янз бүр дээ. Нэг кинотой зууралдах нь ч бий. Хоёроос гурван кинонд ажиллах үе ч байдаг. Дээр хэлсэнчлэн “Хийморь” шиг түүхэн сэдэвтэй киноны зургийг урт хугацаанд авах шаардлагатай бол өөр уран бүтээлд давхар ажиллах боломжгүй. Би нэг ажлаа гараас гаргаж байж дараагийнхыг эхэлдэг. Олон ажил зэрэг эхлүүлж, сэглэх дургүй.
-Тэгэхээр жилийн ихэнх өдрийг зургийн талбайд өнгөрүүлдэг байх нь ээ?
-Жилийн 365 хоногийн талаас илүүг зургийн талбайд л өнгөрүүлнэ. Заримдаа ч орон гэргүй хүн шиг л байна шүү дээ. Нэг талбайгаас нөгөө рүү нүүгээд л.
-Гар хамгийн сайн нийлдэг найруулагч тань хэн бэ?
-Би ямар ч хүнтэй эвсэж ажиллахыг хичээдэг. Бусдаас илүү ойлголцдог, нэгнээ эчнээ мэддэг, хамтарч ажиллаад дадчихсан уран бүтээлчид ч бий. Гэхдээ гар нийлдэг гээд нэг л найруулагчтай ажиллахаас илүүтэй өөр өөр хүмүүстэй хамтарч, тэр болгондоо шинэ зүйл сурахыг эрмэлздэг юм.
-Адалт явдалт, тулаант, түүхэн гээд олон төрлийн кинонд ажиллажээ. Аль төрлийн уран бүтээлд ажиллах нь танд илүү сонирхолтой, амттай санагддаг вэ?
-Би уянгын төрлийн кинонд илүү дуртай. Инээдмийн төрлийн кинонд яагаад ч ажиллаж чадахгүй гэж санагддаг. Инээдмийн кинонд ажиллах шаардлагатай бол хамгийн сайнаараа хичээх нь ойлгомжтой. Гэхдээ уянгын кино шиг мэдэрч чадахгүй байх.
-Хамтарч ажиллахыг хүсдэг найруулагч бий юү?
-Найруулагч нарын ажилласан байдал, онцлогийг ажиглаж, суралцдаг. Хамтрахыг хүсдэг найруулагч нар бий.
-Таны ажилласан хэд хэдэн кино олон улсын наадамд шалгарч, оролцсон юм билээ.
-“Зангараг”, “Хоёр амь” кино ОХУ-ын болон Европын хэдэн наадмаас шагнал хүртсэн. “Хийморь” киног олон улсын 10 гаруй наадамд сойж, бараг ихэнхээс нь шагнал гардлаа. Өнгөрсөн зун бүтээсэн “Ээж хад” киног энэ жил олон улсын наадмуудад явуулахаар төлөвлөсөн гэсэн.
-Олон улсын наадмаас шагнал хүртсэн хэд хэдэн кинонд ажиллалаа. Гэхдээ тэр болгонд камерын ард ажилладаг уран бүтээлчдийн нэр дурдагдалгүй өнгөрдөг. Харамсалтай санагддаг уу?
-Үгүй ээ, харин ч амар. Би олны өмнө байх дуртай хүн биш. Ажлаа хийгээд л мөрөөрөө явах нь амар. Олны нүдний өмнө байх тухгүй шүү дээ.
-“Монгол фильм”-д ажиллаад багагүй хугацаа өнгөрүүлжээ. Та ч нэлээд олон кинонд ажиллалаа. Бие даан уран бүтээл хийх бодол бий биз дээ?
-2015 онд “Төмөр нар” кино найруулсан. Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож буй эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн тухай. Тэд чухам юунаас болж, яагаад гэмт хэрэгт холбогдсон, торны цаана тэд хэцүү цаг хугацааг хэрхэн даван туулж, өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялж буйг харуулахыг хүссэн. Хамгийн гол нь амьдралын үнэ цэн юунд оршдогийг үзүүлэхийг хичээсэн. Анхны бүхэнд алдаа, дутагдал бий. Гэхдээ улам ахихыг хичээж, суралцсаар л байна.
-Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү?
-Бодсон зүйл бий. Гэхдээ цаг нь арай болоогүй. Уянгын төрлийн киноны зохиол биччихээд хэдэн жил дотроо шатаж явна.
-Б.Балжинням гуайгаас авхуулаад зураглаачаас найруулагч болсон хүн олон. Та ч тэдний нэг. Найруулах, зураг авах ажлын аль нь тантай ойр вэ?
-Монголд төдийгүй гадаадад, Холливудад чансаа дээгүүрт бичигддэг найруулагч нарын олонх нь уран бүтээлийн гараагаа зураглаачаас эхэлсэн байдаг юм билээ. Магадгүй энэ нь зураг авах нь маш их мэдрэмж шаарддаг, найруулагчийн хүсэж буй санаа, шийдлийг хамгийн сайн ойлгодог, уран, гоёор дүрслэн үзүүлж чаддаг болохоор тэр байх. Зураглаач, найруулагчийн ажил өөр өөр “амттай”. Гэхдээ аль аль нь маш хариуцлагатай, сайхан.