Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл судлаач, доктор Б.Золзаяатай орчин үеийн хүүхдийн онцлог, мэргэжил сонголтын талаар ярилцлаа.
-Мэргэжил сонголтын олон улсын аргачлал гэж юу вэ. Орчин үеийн хүүхдүүдэд зориулсан аргачлал юм уу?
-Тийм ээ. Даяарчлал, дэлхий нийтийн хөгжилтэй холбоотойгоор улс, үндэстний соёл хоорондын ялгааг багасгасан сэтгэл судлалын арга зүй орчин үед бий болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн америк, хятад хүүхдэд тохирох арга зүй гэхээс илүүтэй дэлхий дээрх нийт багачуудыг нас насанд нь хэрхэн хөгжүүлж, үнэлэх тухай аргачлал юм. Монголд энэ салбарт ул суурьтай судалгаа дутагдаж буй. Учир нь манайд сэтгэл судлалын шинжлэх ухаан дэндүү “залуу үе”- дээ байна. Орчин үеийн монгол хүүхдүүдийн хөгжилд сэтгэл зүйн боловсролтой аав, ээжүүд, чадварлаг сэтгэл судлаачид хамгийн түрүүнд хэрэгтэй.
-Одоогийн аав, ээжүүд сэтгэл зүйн боловсролд хэр суралцсан бол. Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг ойлгож, тусалж, дэмжиж чадаж байна уу?
-Эцэг, эхчүүд сүүлийн үед “Хүүхэдтэйгээ яаж харилцах вэ”, “Тэднийг яаж ойлгох вэ” гэж хамгийн их асуудаг болсон. Хүүхдийн зан төлөв, харилцаанд гарч буй асуудал нь тухайн гэр бүлээс л эхтэй. Хүүхэд бол гэр бүлийн шинж тэмдгүүд нь юм. Тиймээс хүүхдийн тань харилцаанд асуудал үүсэх л юм бол өөрсдөө буюу аав, ээж гэх насанд хүрсэн хүмүүс хандлагадаа анхаарах хэрэгтэй гэсэн үг. Шуудхан хэлэхэд, сэтгэлзүйчээс зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл асуудалгүй амьдрал гэж үгүй. Тэгэхээр ээжүүд хүүхдийнхээ тухай асуухаас өмнө өөрөөсөө “Би ямар ээж вэ”, “Би өөрийнхөө үйлдлийг анзаарч, хүүхэд, гэр бүл, нийгэмтэй харилцахдаа ямар байдаг бол”, “Би өөрийгөө таньж, мэдсэн хүн үү, үгүй юү” гэж эргэцүүлэх хэрэгтэй. Үүний дараа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай яригдана.
Нүдэнд харагдаж, гарт баригддаг бодит зүйлтэй сэтгэл судлаач нар ажилладаггүй ч хүүхдийн, хувь хүний зан үйлийг танин мэдэх тодорхой аргачлал, боломж бидэнд их бий. Орчин үеийн ялангуяа, 2000, 2010 оноос хойш төрсөн хүүхдүүдийн онцлог, ялгааны талаар их ярих боллоо. Мэдээж техник, технологи, нийгэм, цаг үе өөрчлөгдөж байна. Бидэнд байхгүй зарим чадварыг одоогийн хүүхдүүд эзэмшчихдэг. Тэгэхээр энэ хурдацтай өөрчлөлтийг дагаад аав, ээжүүд хөгжих шаардлагатай болж байна. Насанд хүрсэн, бүх зүйлийг ойлгож, мэддэг хэрнээ эцэг, эхчүүд хариу үйлдэл үзүүлэх буюу хүүхэдтэйгээ яаж харилцах арга барилаа олохгүй, яг юу хийх ёстойгоо мэдэхгүй болсон. Энэ арга барилын талаар сэтгэлзүйч гэлтгүй нийгмийн сүлжээнээс ч асар их мэдээлэл авах боломжтой. Гэвч хүүхэдтэйгээ харилцах хэдэн зуун аргаас аль нь зөв, бурууг шүүн тунгаах чадвар муу байна шүү дээ. Яагаад гэвэл бид хүүхдэд мэдлэг олгох тал дээр ийм арга барилд суралцаагүй учраас тэр. Орчин үеийн хүүхдүүдийн тухай ярихын өмнө тэдний ээж аавуудын хандлага, зан үйлийн өөрчлөлтөд анхаарах нь зүйтэй.
-Хэдэн настайгаас нь хүүхэдтэйгээ мэргэжил сонгох талаар ярилцах нь зүйтэй бол?
-Олон улсын жишгээр бол 13 нас буюу хүүхэд тогтсон нэг зүйл сонирхдог болсны дараа мэргэжил сонгох тухай ярилцах нь оновчтой гэж үздэг. Гэхдээ Азийн улс орнуудад үүнээс ч бага наснаас нь ямар мэргэжилтэй хүн болоход анхаарч эхэлдэг юм билээ. Ер нь хүүхдийн өөрийнх нь сонирхол, дуртай зүйл, ур чадвар маш чухал. Тэдний сонирхол, ур чадвар, зан төлөвийн онцлогийг нь эхлээд “усалж” байж, дараа нь ямар мэргэжил сонгох, эсэхэд анхаарах нь зүйтэй. 13 нас гэхээр есдүгээр ангийн хүүхэд гэсэн үг. Аравдугаар ангидаа сонгон судлах хичээл нь ирээдүйн мэргэжлийн үндэс суурь болох юм. Энэ үед мэргэжил сонгохдоо төөрөлддөг учир хүүхдийг багаас нь ур чадвар, сонирхол, зан төлөвийн онцлогт нь тулгуурлан чиглүүлж, хөгжүүлж, ирээдүйн мэргэжилд нь хөтлөх хэрэгтэй гэсэн үг. Ингэхийн тулд зөвхөн мэдлэг олгоход анхаарах бус, хүүхдийн сонирхол, хүсэл мөрөөдөл, сэтгэл санаа нь ямар байна, тэр мэдрэмжийг хуваалцаж, ойлголцох нь чухал. Тэгэхээр дахиад л дээр хэлсэнчлэн орчин үеийн ээж, аавуудын сэтгэл зүйн боловсролын талаар ярихад хүрнэ. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд зөрчилгүй, өөрөө өөрийгөө танин мэдсэн ээж, аав хүүхдээ “эрүүл” өсгөж, хүмүүжүүлнэ гэсэн үг.
Эцэг, эх нь юуг үлгэрлэж, яаж харилцдагаас шалтгаалж үр хүүхдийн зан үйл төлөвшдөг шүү дээ. Тиймээс орчин үеийн хүүхдүүдийн аав, ээж юм бол, тэд маш их ялгаатай болсныг мэдэж буй бол эцэг, эхчүүд өөрсдийгөө өөрчлөөсэй. Товчхондоо нэгдүгээрт, ээж, аавууд өөрсдийгөө ажиглах, боловсруулах, хоёрдугаарт, хүүхдийн сэтгэл зүй гэх маш өргөн ойлголтыг мэдэж, хангаж өгөх, дараа нь, тэдний ирээдүйг тодорхой хэмжээнд төсөөлж болно. Эцэг, эхчүүд “Уурлахгүй байна гэж юу байх вэ, хүн л юм чинь уур хүрнэ” гэх зэргээр ярьдаг. Тэгвэл нэг удаагийн уур ч гэсэн таны үр хүүхдийн сэтгэл зүрхэнд хэрэггүй зүйл гэдгийг ухаарах ёстой. Дэлхий дахинд сэтгэл судлалын шинжлэх ухаан энэ бүх үйл явц, өөрчлөлт, үр дагаврыг маш их судалж буй. Уг нь бид ээж, аавуудын хүүхдэдээ бий болгосон үр дагавартай бус, сайн сайхан руу чиглүүлэхийн тулд саад болж буй шалтгаантай нь ажиллаж, үйлчилгээ үзүүлмээр байна.
-Ээж, аавууд эхлээд өөрийгөө өөрчилж, дараа нь хүүхдэдээ анхаарал тавьж, тэдэнд гарч буй өөрчлөлтийг мэдэрч, анзаарч, ярилцдаг байх хэрэгтэй гэлээ. Манайд бага, дунд ангид нь анхаарал тавихгүй хэрнээ сургууль төгсөх дөхөхөөр гэнэт мэргэжил сонгох тухай ярьж, тулгаж эхэлдэг гэж таны лекцээс сонсож байсан юм.
-Сургуулийн сэтгэлзүйч нарын судалгаанаас үзэхэд дунд ангийн хүүхдүүд голчлон ирж, сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарах гэдгийг хичээлийг нь давтуулах гэж ойлгодог. Гэтэл хичээл давтуулах, тухайн хүүхдийн доторх хүсэл сонирхол, мэдрэмжийг хуваалцах гэдэг нь тусдаа асуудал. Өөрөөр хэлбэл, орчин үед ээж, аавуудыг “бэлтгэгдсэн” байхыг шаардаж байна. Гадаадын улс орнууд эцэг, эхийн хариуцлагыг гэр бүл төлөвлөлтөөр шийдэж буй. Харин гэр бүл төлөвлөөгүйгээс болж хосуудад эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсрол, хүүхдийн хүмүүжил гээд маш олон даваа, түүнийг дагасан эрсдэл бий болдог. Миний бодлоор их, дээд сургуулиудад гэр бүлийн үүрэг, хариуцлагын тухай хичээл заах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд хүүхэдтэй болбол зөвхөн сургуульд ороход нь анхаардаг биш, бүх цаг үед нь халамжилж, ойлгодог ээж, аав болж чадна.
Хүмүүс зарим зүйлийг харж, дуурайж сурдаг. Гэхдээ хүүхэдтэйгээ ярилцаж, тэдэнд зөвлөн, мэдрэмжийг нь хуваалцаж, ойлгоно гэдэг техник, технологи, эсвэл ямар нэг өөр зүйлийн тусламжтайгаар шийдвэрлэх асуудал биш. Би Японы сэтгэл судлаачийн хамт Монголын нэгэн ерөнхий боловсролын сургуульд очиж, лекц уншсан юм. Түүний дараа япон сэтгэл судлаач маань 15 хүүхдэд зөвлөгөө өгөхөд 10 орчим нь уйлсан. Яагаад гэвэл тэдэнтэй ярилцаж, зөвлөгөө өгч, дотоод ертөнц, мэдрэмжийг нь хуваалцдаггүй учраас тэр. Энэ бол ганц бус, олон удаагийн тохиолдол. Хэрвээ эцэг, эхчүүд хүүхдэдээ мэргэжлээ сонгоход нь туслах гэж буй бол эхний удаад дээр дурдсаныг анхаарч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүний дараа зөвлөгөө өгдөг төв, сургууль гээд хүссэн газарт хандаж, мэдээлэл авч болно. Хүүхдийн сонирхол нь зан төлөв, нарийн ур чадвар, танин мэдэхүйтэйгээ хэрхэн уялдаж байгааг тодорхойлж гэмээнэ ямар салбар, мэргэжил тохирохыг мэдэх боломжтой.
-Эцэг, эх, хүүхэд гэсэн хоёр субъект мэргэжил сонгоход голчлон оролцдог. Тэгвэл хүүхдүүд өөрсдөө мэргэжил сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Хүүхдүүд эхлээд маш их судалгаа хийх хэрэгтэй. Мөн өөрийгөө таних нь зүйтэй. Би хэн бэ, хаашаа алхах гэж байгаа зэргийг тодорхойлж, хамгийн ойрын төлөвлөгөөгөө гаргавал сайн. Ингээгүйгээс хүүхдүүд маш их алддаг. Үүний дараа өөртөө итгэлтэй байдал чухал. Хүүхдүүд өөрөө боломжийг бүтээх бус, одоо байгаа боломждоо тулгуурлан мэргэжлээ сонгодог. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гэх мэт. Энэ бол боломж биш. Хүсэл мөрөөдөл нь том байх тусмаа өөрөө өөртөө тэр хэмжээний боломж бүрдүүлж өгдөг. Үүнийг багаас нь хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй байна. Дараагийн нэг чухал асуудал бол тэдний ур чадвар. Хуульч мэргэжилтэй болох нөөц чадвар бий ч сонирхолтой, эсэх, эсвэл зан төлөв нь тохирох уу гэдгийг бодолцох нь зүйтэй.
Зөвхөн өөрийн, эсвэл Монгол орныхоо сайн сайхны төлөө бус, дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний төлөө би хүссэн мэргэжлээ сонгож, ажлаа дуртай хийнэ гэдэг сэтгэхүйг хүүхдэд суулгавал сайн. Яагаад гэвэл сэтгэл санаа, зан үйлээ удирдаж чаддаггүй хүн бусдад муугаар л нөлөөлнө. Одоо үеийн хүүхдүүд их эерэг болж, сайн үйлсийн аянд оролцож, бусдад туслах сонирхол давамгайлж байна. Түүнийгээ өөрийн мэргэжил, хүсэл мөрөөдөлтэй холбох хэрэгтэй. Хүүхдүүд алсын хараагаа чадвар, боломж, сонирхолтойгоо холбох учир зүйг олохгүй байх шиг. Хэрвээ тийм бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлал, Улс төр судлал, Социологи-нийгмийн ажлын тэнхим хамтран салбар дундын ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгдөг мэргэжилтнийг хоёр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Ийм мэргэжилтэн бэлтгэж буй нь тэднээс зөвлөгөө авах шаардлага үүссэн гэсэн үг. Өөрийн мөрөөдөл, ур чадвар, сонирхол, ээж, аавын санал, найзуудын нөлөөлөл гэх зэрэг тулгамдаж буй бүх асуудлын зангилааг тайлахын тулд нэгдүгээрт, сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэх, хоёрдугаарт, өөрийгөө таних, гуравдугаарт, хүсэл, зорилго, үүсээд буй асуудлын шалтгааныг зөв олох хэрэгтэй.
-Одоогийн хүүхдүүд мэргэжил сонгохдоо ямар зүйлийг чухалчилдаг юм бол?
-Орчин үед нэг мэргэжлээс нөгөө рүү хөрвөдөг байдал ихэссэн. Энэ цагийн хүүхдүүд нэг ажлын байран дээр удаан тогтохгүй, долоо ба түүнээс дээш удаа ажлаа солино гэж Америкт хийсэн нэг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгэхээр нэг талаас хүүхдүүд олон талын чадвартай байх, нөгөө талаас бие даасан, тав тухыг бий болгосон ажлын байр хүсэх гэх мэтчилэн өөрчлөлт гарч байна.
-Манайд хэчнээн төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг бол. Энэ талаар танайх судалгаа хийдэг үү?
-Монголд зөвхөн улсын 17 сургуульд 300 гаруй мэргэжилтэн бэлтгэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан 500 гаруй ажлын байрны тодорхойлолт гаргасан байдаг юм билээ. Сүүлийн үед шинэ мэргэжлүүд бий болж, ангилал нь ч өөрчлөгдөж буй. Тэгэхээр сонирхол, ур чадвартаа тулгуурлаж, 13 наснаас хойш мэргэжлийн чиг баримжаагаа олоод түүнд тохирох, үгүйгээ судлах хэрэгтэй. Мөн би мэргэжлээ бүтээх ёстой гэдгийг багаас нь ойлгуулах нь чухал. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд мэргэжил сонголтдоо бүтээлч хандаж, түүнийг нь эцэг, эх, сургуулийн зүгээс дэмжих ёстой.
-Та оюутнуудад хичээл заахаас гадна сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлээд удаж байна. Сургамж болох үүднээс мэргэжил сонголтын үйлчилгээ үзүүлэхэд тохиолдсон нэг жишээнээсээ ярьж болох уу?
-Инженерийн мэргэжилтэй болно гэдэг итгэл үнэмшлийг хүүдээ аав, ээж нь бий болгочихсон байсан. Тэр хүү ч энэ мэргэжил надад тохирох юм байна гэх бодолтой бидэнд хандсан юм. Түүний зөн төлөв, сонирхол нь инженер болоход тохирч байсан ч тэр чиглэлийн ур чадвар байхгүйг аргачлалаар тодорхойлсон. Хүүтэй ярилцаж үзэхэд “Нээрээ би энэ мэргэжлийн ажлыг огт хийхгүй юм байна, аав минь энэ салбарт бизнес эрхэлдэг болохоор инженер болгох гэсэн” хэмээн ярьсан. Сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүтэй гурван удаа уулзсаны дараа их баярласан юм. “Миний нуруун дээрх том ачааг авч хаясан юм шиг болчихлоо, байнга бодогдож их дарамтад байгаа мэт мэдрэмж төрж, хэцүү санагдаж байлаа” гэж хүү хэлээд өөр мэргэжил сонгон, одоо амжилттай суралцаж буй. Тухайн хүүхдийн эргэлзээ, айдсын цаана түүний ур чадвар дутаж байсан гэсэн үг. Үүнээс харахад өөрийн хүсэл мөрөөдлийг өөрөөлийнхөөс ялгаж, ойлгох ёстой.