Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдыг аавынхаа шийрийг хатаасан уран бүтээлч хэмээн урлагийнхан үнэлдэг. Тэрбээр “Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны гран при шагналтай. Түүхэн бүтээл судалж “Монголын их хатад” бүжгэн жүжгийн хөгжмийн аялгууг 2013 онд туурвисан нь олны талархал хүлээсэн юм. 2009 онд “Галдан бошгот” симфони сюит, 2014 онд Ойрадын Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ойг тохиолдуулан төрсөн ах Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан “Галдан бошгот” дуулалт жүжгийн хөгжмийг бичсэн нь тухайн жилийн шилдэг бүтээлээр шалгарч, “Гэгээн муза” хүртэж байв. Бүтээлээсээ давсан зүйл хийх юм сан гэж олон жил тээсэн бодлоо зорилго болгон хэрэгжүүлсэн нь мөн л ахынх нь найруулсан байгаль экологид нүүрлэсэн сүйрлийг хөндсөн “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн хөгжмийн бүтээлээс харагддаг. Ах, дүү хоёр уран бүтээлийн ганзага хэдэнтээ нийлүүлж, гайхамшигтай бүтээл туурвин түмэнд толилуулсан нь шагналын хур далласан билээ.Сонгодог хөгжмийн ертөнцөд өөрийн мөрөө тод гаргасан түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа онцоллоо.
-Та хүүхэд байхаасаа оюуны спортоор хичээллэсэн гэдэг. Шатар анх тоглож сурснаа сонирхуулж яриач?
-Би шатар тоглохыг хэн нэгнээр залгаагүй. Манай байрны буурлууд зун гадаа нарлаж, өөр хоорондоо шатар нүүж өнждөг байв. Тэдний тоглохыг харсаар байгаад сурсан. Үеийнхэнтэйгээ шатар нүүж, эхлээд хожигддог байсан бол сүүлдээ хождог болов. Намайг шатарт сайн тоглодог болсныг мэдсэн байрны ах нар хожино гэж нүүгээд хожигдчихдог байлаа. Тоглох тусам урам орж, зэргэлдээх байрны хүүхдүүдтэй хөлөг дээр тулаан өрнүүлж, ялдаг болж билээ.
-Хөгжим бүжгийн сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд та түрүүлдэг байсан юм билээ?
-Тийм ээ. Хөгжим бүжгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхдаа IV-VIII ангийнхны дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд түрүүлсэн юм. Дараа нь долдугаар ангид байхдаа дахин оролцож, сургуулийнхаа аварга боллоо. Шатрын тэмцээнээс гэртээ баярын бичиг, дурсгалын зүйлстэй ирэхэд аав, ээж, ах, эгч нар минь их баярласан даа.
-Шатар тоглодог байсан тань хожим уран бүтээл туурвихад нөлөөлөв үү?
-Тэгэлгүй яах вэ. Оюуны спортоор хичээллэхэд анхаарал төвлөрч, зөв сууж сурдаг. Намайг төгөлдөр хуур тоглож сурахад шатар тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хөгжмийн хичээл, спортын аль аль нь хүнийг тэвчээр, хатуужилтай болгодог юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл, шатар намайг олон цагаар сууж, бүтээл туурвих тэвчээрт сургасан. Би өвлийн спортоос уран гулгалт, тэшүүр, хоккей үзэх дуртай. Харин зуны улиралд хөлбөмбөг, хөнгөн атлетикийн тэмцээн сонирхож үздэг.
-Спортынхонтой хэр ойр дотно нөхөрлөдөг вэ. Тамирчид хичээллэдэг спортынхоо тухай аялгуу хийлгэе гэвэл та хамтарч ажиллах уу?
-Хэрвээ спортын салбарынхан надад хамтарч ажиллах санал тавивал дуртай хүлээж авна. Урлаг, спорт аливаа зүйлийн тэргүүнд явдгаараа адилхан. Миний хувьд олимпын наадамд оролцсон тамирчдаараа их бахархдаг. Учир нь гурван сая хүнтэй ард түмний хэд нь спортоор идэвхтэй хичээллэдэг билээ. Монголын тамирчид олон сая хүнтэй улсын шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг болсонд баярладаг юм. Гүн ухаантан Карл Людвиг Берне “Тоочин хүн тоочин болно, физикч хүн физикч болно, харин урлагт шимтэж байж хүн болно” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр урлаг, спорт хүнийг хүмүүжүүлж, зөв төлөвшүүлдгээрээ гайхамшигтай.
Бэлтгэсэн:Г.Бат