Гавьяат тамирчин Г.Үүрцолмон өдгөө шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга түүнд шавь нараа өвөрмөц арга барилаар бэлтгэл хийлгэж, амжилтад хүргэдэг нэг нууц бий. Тэр нь гийрийн спорт. Өөрөө энэ спортоор хичээллэж, үр дүнг нь мэдэрсэн болохоор тамирчдаа самбо бөхөөс гадна туухайтай нөхөрлүүлдэг болжээ. Cпортын хоёр төрөлд дөрөө харшуулсан тамирчид нь 2018 онд Индонез улсад “Жакарта-2018” Азийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор самбо бөхийн холимог багуудын “Мазаалай” дэлхийн цомын анх дугаар тэмцээн Монголд болоход багаараа тэргүүлж, 2019 онд БНСУ-ын Чунжү хотод болсон ДАШТ-д хоёрдугаар байрт шалгаран багшийгаа баярлуулсан юм.Өнгөрсөн сарын сүүлчээр Дэлхийн гийрийн спортын холбооноос зохион байгуулсан онлайн ДАШТ-д ахмад насныхны ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн түүнийг “Хүмүүс” буландаа урьж ярилцлаа.
-Таны барилдаан үзэгчдийг шуугиулдаг байсныг тань ахмад тамирчид дурсан ярьдаг. Спортод хөл тавьсан замнал тань тун сонирхолтой юм билээ.
-Өөрийгөө тамирчин болно гэж төсөөлөөгүй явлаа. Намайг самбогоор хичээллэхэд аав минь дэмжиж “Миний хүү сайхан барилддаг бөх бол. Өрсөлдөгчөө ялахын тулд өөрт байгаа бүхнээ дайчлан гаргадаг тамирчин байгаарай” гээд урам хайрлаж билээ. 1984 онд аравдугаар ангиа дүүргээд ил уурхайн цахилгаанчны курст сурахаар Орос руу явлаа. Нэг өдөр хичээлээ тараад иртэл байрны зэргэлдээх зааланд орос залуус самбо бөхийн бэлтгэл хийж байна. Хорхой хүрээд болдоггүй ээ, хэл мэдэхгүй хэрнээ сонирхолдоо хөтлөгдөөд яваад орлоо. Тэр үед “папа, мама, хлеб” гэсэн үгнээс цаашгүй. Нөхдүүд надтай дохиж зангаад яриад байх юм. Би ойлгох биш, тэгтэл өөдөөс нэг юм хэлээд хувцас өглөө. Бодвол бэлтгэл хийхийг зөвшөөрч байгаа бололтой. Оросуудтай барилдсаар байгаад сүүлдээ найз болж, хэл, ярианыхаа чадварыг сайжрууллаа. Тэд хэнтэй ч нээлттэй харилцдаг зантай. “Давай” гэж ирээд л мөр алгадаж, яриа дэлгэнэ.
-Оросоос ирээд самбогоор тууштай хичээллэв үү. Тэнд юу сурснаа үеийнхээ тамирчдад харуулсан байлгүй?
-Хойд хөршид зургаан сар бэлтгэл хийж, Монголдоо ирж, Багануурын уурхайд нэг хэсэг ажиллалаа.Тэгтэл цэрэг татлага болж, Эрдэнэтийн цэргийн ангид хуваарилагдав. Армид алба хааж ирээд “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Ч.Өвгөнхүү багшийн шавь болж, самбо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн. Багш нь минь хээгүй сайхан монгол эр байлаа. Намайг Орост курст сурч байхад аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Хайр халамж, нөмөр нөөлгийг нь үгүйлсэн тэр үед багш аав шиг минь санагдаж билээ. Багш хүүхдүүдийг алаг үзэхгүй бүгдтэй нь адил харилцана. Биднийг барилдуулж, нэлээд зүгшрүүлж байгаад өөрийн шавиа болгодог байв. Би зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөсөн. Буурал багшийнхаа заасан эрдмээс суралцаж, самбо бөхийн шигшээ багийн босгоор алхахдаа амжилт гарган, алдарт хүрсэн. Өдий дайтай яваагаа өөрийн сайных бус өвгөн багшийн минь ач тус гэж боддог.
-Монголчууд самбо бөхийн олон аваргатай. Таныг шигшээ багт хөл тавихад хэдийн дэлхийн аварга болчихсон ах нар угтсан байх.
-Тэгэлгүй яах вэ, шигшээ багт хөл тавихад дэлхийн аварга болчихсон 20 гаруй шижигнэсэн тамирчин зогсож байлаа. Тамирчдыг Ч.Насантогтох, Г.Пүрэв-Очир, Ш.Чанрав нар дасгалжуулдаг. Надад хүчтэй өрсөлдөгч олон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОУХМ Н.Баатарболд, Ж.Ганболд гээд дэлхийн аварга тамирчинтай хүч сорино. Эдэнтэй ана мана үзэлцэж, УАШТ-д түрүүлнэ гэдэг миний хувьд том амжилт. Тэднийг ялж, дэлхийн дэвжээнд барилдсан маань ховор боломж байлаа. Шилдгүүдтэй барилдах ДАШТ-д өрсөлдөхөөс хэцүү санагддаг сан. Би ах нарын гарт нухуулж байж бөх болсон. Бэлтгэлийн зааланд тамирчин хүн нэгнээ хүндлэх ёс, амжилтаар нь бахархах ухаанд давхар суралдаг. Тийм л үед спортын зовлон, жаргал, баяр гуниг, эрч хүч, сэтгэлийн хат, тэнхээг дэвжээнээс мэдэрдэг юм. Багш нартаа зэмлүүлж, магтуулан, заавар зөвлөгөөг нь дагаж барилдсаар самбо бөхийн дэлхийн аварга болж байлаа.
Л.ЭНЭБИШ ДАРГА “ЧИ МИНИЙ БӨХ БОЛЛОО ШҮҮ” ГЭСЭН
-Та Монголд болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, дараа нь АНУ-ын Нью-Арк хотод зохион байгуулсан ДАШТ-д оролцож байсан гэл үү?
-Тийм ээ, миний хувьд медалийн хур далласан жил байлаа. Тэр жил самбо бөхийн дэлхийн цомын АШТ Монголд болсон. Тэр үед би “Алдар” нийгэмлэгт харьяалагддаг тамирчин цэрэг байв. Дасгалжуулагч багш нар багийн хурал хийж, өмнө нь 57 кг-ын жинд Монголоос медаль хүртэж байгаагүй тул өрсөлдөх тамирчдынхаа нэрийг амжилт гаргаснаар нь жагсаалаа. Миний хувьд дотоодынхоо тэмцээнд хамгийн цөөн оноо алдсан тамирчин байсан. Тэр үед Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Л.Энэбиш гуай Самбо бөх сонирхогчдын холбооны ерөнхийлөгч байв. Тэрбээр нэрсийн жагсаалтыг харчихаад “Г.Үүрцолмон гэж ямар тамирчин бэ” гэхэд дасгалжуулагчид “Алдар нийгэмлэгийн цэрэг байгаа юм” гэхэд “Цэрэг нь хамаагүй ээ. Тэмцээнд сайн барилдаж, оноо бага алддаг тамирчин байна. Түүнийг оролцуулъя” гэхэд шигшээ багийн багш нар дэмжлээ. Дээрх тэмцээнд барилдаж байтал цаг дуусахад дөрвөн секунд дутуу байв. Тэгтэл Л.Энэбиш дарга над руу хараад толгой дохилоо. Тэр нь хож, ял гэсэн үг шүү дээ. Дэлхийн аварга ОХУ-ын тамирчинд хожигдож явсан би дөрвөн секундэд дөрвөн оноо авч хожиход үзэгчид хашхираад л суудлаасаа бослоо. Хөгжөөн дэмжигчийн хашхираанд Спортын төв ордон нурах шиг санагдсан. Миний найз намайг аварга болохыг хараад баярласандаа зурагтаа аваад шидчихсэн гэдэг. Хожим түүнийгээ ярьж бөөн инээдэм болж билээ. Намайг түрүүлэхэд Л.Энэбиш дарга баяр хүргэж “За хүү минь, арваннэгдүгээр сард АНУ-д ДАШТ болно. Чи залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Чамд нэг аз тохиох нь. 1979 онд Д.Тэгшээ, Ц.Дамдин хоёр залуучуудын дэлхийн аварга болоод маргааш нь насанд хүрэгчдийнхэд оролцон түрүүлж байсан. Ах нарынхаа амжилтыг 10 жилийн дараа давтах, эсэх нь чамаас шалтгаална. Хэрвээ чамайг дэлхийн аварга болбол гурван өрөө байраар шагнана. Би чиний амьдралыг мэднэ. Би ч чам шиг өнчин өссөн. Амжилт гаргасан нь ДАШТ-д оролцдог юм. Энэ цагаас эхэлж чи миний бөх боллоо шүү” гэж билээ. Тэр том дарга жирийн цэрэг намайг ингэж тоосонд нэг л итгэхгүй байлаа. Тэр үед хичээл зүтгэл минь намайг алдар, амжилт руу хөтөлсөн юм шүү дээ.
-Дэлхийн шилдгүүдийг дэвжээнд нь илүүрхэнэ гэдэг гайхамшиг. 1989 онд Америкт болсон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалж, монголчуудынхаа бахархал болж байсныг тань нэг бус удаа сонссон.
-1989 оны намар самбо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорихоор АНУ-ыг зорилоо. Эхний өдөр барилдаад залуучуудын ангилалд дэлхийн аварга боллоо. Маргааш нь насанд хүрэгчдийнхэд өрсөлдөж, аваргын төлөө барилдахаар дэвжээнд гарах гэж байтал нэг хүн ард ирээд нуруун дээр алгадчихав. Хамаг анхаарлаа барилдаандаа төвлөрүүлж зогссон би дүрсхийгээд эргээд хартал Л.Энэбиш дарга “Хүүе, миний хүү яаж байна. Тайвшир, одоо ганцхан даваа үлдлээ. Дарга нь амласандаа шүү. Монголд очоод байрныхаа түлхүүрийг аваарай” гэв. Би АНУ-д Төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлсэн. Ингэж дэлхийн аварга болж, Л.Энэбиш даргын бэлэглэсэн байранд ханьтайгаа гал голомтоо бадраасан түүхтэй. Монголдоо иртэл “Үүрцолмон дэлхийн аварга болж гэнэ” гээд хүмүүс бөөн баяр угтсан. Зүйрлэж хэлбэл тэр үед би тэнгэрт дүүлэн ниссэн шувуу шиг л байлаа.
-Монголын тамирчдыг гадаадын томоохон тэмцээнд оролцоход НАХЯ-наас нэг хүн заавал дагаж явдаг байсан гэдэг, үнэн үү?
-Бидний үед АНУ-ыг хөрөнгөтөн орон гэж ярьж, ойлгуулдаг байлаа. Тэмцээнд явахын өмнө НАХЯ-аас нэг хүн ирээд “Та нар хөрөнгөтөн оронд очих гэж байна. Байрласан байрнаасаа зөвшөөрөлгүй гарч болохгүй. Ганц нэгээрээ яваа гадаад хүнийг тэд нохой шиг буудаж алахаас сийхгүй” гэж хэллээ. Тэнд очоод жин хасав. Дотор бачуураад гүймээр санагдаад болдоггүй, гарч болохгүй гэснийг нь бодоод дороо шогшоод л байлаа. “Ингэж жин хасаж үйлээ үзэж байснаас гүйгээд буудуулсан ч яадаг юм” гэж бодоод гараад гүйчихэв. Тэнд намайг тоож харж байгаа ч хүн алга. Гадуур баахан гүйж байгаад өрөөндөө ирж билээ.
-Анх удаа Америкт хөл тавиад алхам бүртээ сонирхол татсан зүйлтэй таарсан байх. Тэндээс ямар бодол тээж ирэв?
-ДАШТ-ий үеэр тэнд амьдардаг өвөрмонголчууд бидэнтэй уулзаж, сүйд болохыг харсан би эхэндээ гайхасхийж байлаа. Урлаг судлаач Ж.Бадраа гуай миний авга эгчийн нөхөр. Би хааяа тэднийхээр орж, ярьж хөөрч суудаг байсан юм. Нэг өдөр зочлонгоо Америк руу тэмцээнд явах тухайгаа сонирхуулж ярихад “Тэндхийн Элчингийн хүмүүсээс драпан пальтотой өвгөн гээд асуухаар чамд хэлээд өгнө. Түүнд үүнийг өгчихөөрэй. Тэрбээр Өвөр Монголоос Америкт очиж суурьшсан цорж лам байгаа юм” гээд монгол бичгээр хэвлүүлсэн хоёр ном өглөө. Дэлхийн аварга болсны дараа намайг АНУ дахь Монголын ЭСЯ-ныхан хүлээж авлаа. Гурав хонож байтал эрдэмтэн, профессор хүн надтай уулзахаар ирэв. Би ч Ж.Бадраа гуайн номыг өгөх хүн мөн болохыг гадарлаж “Та цорж лам мөн үү” гэхэд “мөн” гэж байна. Тэгэхээр нь “Өөрт тань үүнийг өгөөрэй гэсэн юм” гээд номыг нь гардуулахад баярлаад авсан.
МАНАЙ ТАМИРЧИД ТУУХАЙТАЙ НӨХӨРЛӨЖ, ОРОСУУДТАЙ ЭН ТЭНЦҮҮ ӨРСӨЛДДӨГ БОЛЛОО
-Хэлмэгдүүлэлтийн үед эх орондоо амьдрах аргагүй болсон шашны өндөр боловсролтой лам нар дүрвэж, гадаад улс руу гарсан тухай номноос уншиж байлаа. Тэгэхээр тэнд өвөрлөгч нутгаасаа дүрвэсэн цорж лам байсан хэрэг үү?
-Тийм ээ. Тэрбээр надтай нэлээд ярилцсаныхаа дараа өөрийнхөө амьдралыг өгүүлсэн юм. “Би Америкийн их, дээд сургуулиудад лекц уншиж өндөр цалин авдаг. Гэхдээ энд ганцаараа амьдарч байна. Эхнэр, хүүхдээ нутагтаа үлдээгээд гарсан. Түүнээс хойш тэд минь огт сураггүй болсон” гээд олон зүйл ярилаа. Цорж ламын ярианаас би нэг зүйлийг ойлгож, намайг дэргэдээ ямар нэгэн аргаар үлдээх гээд байгааг мэдэрсэн. Тэр үед дэлхийн аварга болсон надад юун таньж мэдэхгүй америкчуудын дунд үлдэх, шинэ байрныхаа түлхүүр гардаж авахаар эх орон руугаа буцах гэж яарч байлаа. Тэр хүн 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор Монголд зочилж, ирснээсээ хойш нам гүмхэн амьдарч байгаад өөд болсон тухай хүнээс сонссон. Би 1992 онд Англид зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-д өрсөлдөн, дэлхийн дөрвөн удаагийн аварга болж, 1993 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар Гавьяат тамирчин цол хүртсэн.
-Та 2018 оноос самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тамирчдаа бэлтгэл хийлгэхийн хажуугаар гийрээр хичээллүүлдэг. Өвөрмөц арга барилаар шавь нараа бэлтгэж, амжилтад хүргэдэг тань сонирхлыг минь татаад байлаа.
-Мартагдсан зүйл заримдаа шинэ болдог шүү дээ. Би самбо бөхийн дасгалжуулагчаас гадна Монголын гийрийн спортын холбооны тэргүүнээр ажилладаг. Гийрээр 2010 оноос хичээллэж, тамирчдын бэлтгэл сургуулилалтад хэрхэн нөлөөлж болохыг судалсан юм. Гийр эртний спорт. Орос гүрэнд XVII зууны сүүлчээр хөгжсөн. Дээрэмчдийн довтолгооноос гэр бүлээ хамгаалахын тулд тариачид туухай өргөж, биеэ хөгжүүлдэг байжээ. Тиймээс тамирчдаа гийртэй нөхөрлүүлж, бэлтгэл хийлгэдэг. Манай шигшээ багийнхан үүгээр хичээллэснээс хойш олон тэмцээнд амжилт гаргаж, оросуудтай эн тэнцүү өрсөлддөг боллоо. Тухайлбал, 2018 онд Индонез улсад болсон “Жакарта-2018” Азийн спортын наадамд самбо бөхийн тамирчид багаараа амжилттай оролцож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор самбо бөхийн холимог багуудын “Мазаалай” дэлхийн цомын анхдугаар тэмцээнд манай тамирчид багаараа түрүүлсэн бол 2019 онд БНСУ-ын Чунжү хотод болсон ДАШТ-д манай эрэгтэй тамирчид хоёрдугаар байрт жагссан. Өмнө нь 1989 онд Монголын самбө бөхийн шигшээ багийнхны II байр эзэлж байсан амжилтын түүхийг 20 жилийн дараа давтсан. Намайг “Жакарта-2018” Азийн спортын наадамд тамирчдаа амжилттай оролцууллаа гэж Монголын самбо бөхийн холбооноос орон сууцаар шагнаж байв.
-Гийрээр олон жил хичээллэж, судалгаа хийсэн хүн нь Та. Энэ спорт эртнийх ч Монголд хожуу хөгжиж байгаа төрөл шиг санагддаг юм.
-Би оросуудтай одоо ч ойр нөхөрлөдөг. Тамирчин байхдаа дэвжээнд барилдахаар гарч ирсэн турьхан биетэй, хариугүй өрсөлдөгчөө хараад “Энэ нөхрийг ялахад юухан байх вэ, одоохон тасдаад өгье” гэж боддог байсан. Барилдахаар дийлдэхгүй хүчтэй. Надаас доожоогүй харагддаг тамирчны хаанаас ийм их хүч гараад байгаа нууцыг нь судлаад байлаа. Тэгсэн гийрийн спортоор давхар хичээллэдгийг нь мэдсэн. Тэр үед би энэ спортын талаар ер судлаагүй байв. Хожим өөрөө хичээллэж үзээд ач тусыг нь мэдэрсэн. Гийрийн спорт одоо бүх нийтийн биеийн тамир болж хөгжиж байна. Өөрийн биеэр үр дүнг нь мэдэрсэн болохоор олныг хичээллүүлэхээр зорьсон. Дасгалжуулагч хүний үүрэг бол тамирчдаа спортоор хүмүүжүүлэн төлөвшүүлэхээс гадна олон нийтийг биеийн тамираар хөгжүүлж эрүүл, урт удаан наслуулахад чиглэдэг юм. Монголчууд хөдөлгөөний дутагдлаас үүдэж олон өвчинд өртөж байна. Миний ажигласнаар хүмүүс боловсрол мэдлэгээ эхэнд, эрүүл, урт наслахаа хоёрдугаарт тавиад байна. Өнөө цагт эмээр хооллодоггүй хүн ховор болжээ. Амьдралын саад бэрхшээлийг сэтгэлийн тэнхээ, биеийн хатуужил, тэсвэрээр даван туулдаг. Гэтэл өнөөгийн залуус хөдөлмөрийн бүтээмж муутай, ажил, амьдралын ачаалал даахгүй болсон байна. Туухайгаар хичээллэхэд биеэ хөгжүүлэхээс гадна сэтгэлийн тэнхээтэй байхад суралцдаг. Монголд олон хүн энэ спортоор хичээллэдэг боллоо. Тэр дундаа цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагчид хичээллэж байна. Монголын хүндийг өргөлтийн спортын дасгалжуулагч Т.Самбуу багш “Спортод нууц байхгүй, хөдөлмөрлөхөд л нууц байдаг” гэж хэлсэн байдаг. Манай самбо бөхийн тамирчдаас гадна чөлөөт, жүдогийн шигшээ багийн тамирчид үндсэн бэлтгэлийнхээ хажуугаар гийрээр хичээллэж, амжилт гаргаж байна шүү дээ.
-Гэр бүлийнхэн тань гийрээр хичээллэдэг байх аа. Та бокс сонирхдог хүүгээ энэ спорт руу урвуулж дөнгөсөн гэдэг.
-Тамирчин хүн өөрийгөө, гэр бүлээ ч спортоор хөгжүүлдэг. Манай эхнэр гийрийн спортын тамирчин. Монголд болсон гийрийн спортын тэмцээний ахмадын ангилалд өрсөлдөж, олон удаа түрүүлсэн. Энэ жил ДАШТ-д өрсөлдөнө. Хүү минь 18 настай, цэргийн алба хаагаад ирлээ. Армийн цэргийн ангиудын дунд зохион байгуулсан гийрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлээд “Дайчин тамирчин” шагнал хүртсэн. Би хүүгээ энэ спортоор багаас нь хичээллүүлсэн. Манай эхнэртэй хамт 40-50 насны эмэгтэйчүүд бэлтгэл хийдэг юм. Умай, бөөр, давсаг нь өвддөг, эсвэл шээс нь задгайрах, олон цаг сууж ажилласнаас цагаан мах нь эргэдэг болсон тэд туухайгаар хичээллэж, эм уухгүйгээр эрүүл болж байгаа. Эмэгтэйчүүд энэ спортоор хичээллэж өгсөх замын булчингаа хөгжүүлж, хэвийн байдалд орж байна. Хүн дотор эрхтнээ эрүүл байлгаж байж, урт насална шүү дээ. Архаг хууч өвчнийг спортоор хичээллэж, биеэ эмээр хордуулахгүйгээр анагааж болдгийн жишээ энэ. Гийрээр хичээллэсэн хүний булчинд сүүний хүчил ялгарах процесс явагдаж хавдрын эд эсүүдийг дарангуйлж устгадаг юм байна. ОХУ-ын Улаан-Үдэд энэ спортоор хичээллэдэг хижээл насныхан бий. Тархины хорт хавдар туссан найзаа нөхөд нь ятгаж туухайгаар хичээллүүлээд эдгээсэн түүх бий. Энэ мэтчилэн энэ спорт олон зүйлд ач тусаа өгсөөр байгаа.