Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай улс орны нийгэм, эдийн засгийн судалгааг хийдэг аргачлал, судалгаанд хамруулагчдыг яаж сонгодог болон мэдээллийн үнэн бодит, эсэхийг хэрхэн хянадаг талаар ярилцлаа.
-Манай улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн нэгдүгээр улирлын тайланд зарим иргэн шүүмжлэлтэй хандсан. Хөл хорионы улмаас ажилгүйдэл нэмэгдэн, өрхийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц буурч байхад ажилгүйдэл багасаж, иргэдийн дундаж цалин өссөн хэмээн Үндэсний статистикийн хороо тооцсон нь учир дутагдалтай гэж үзсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Нэгдүгээр улиралд өрхийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.7, дөрөвдүгээр улирлынхаас нь 9.7 хувиар нэмэгдсэн. Энэ он гарснаар төрийн албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийг хоёрдугаар сараас тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхүүдийн орлого өссөн. Коронавирусийн дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон ч эдийн засагт үзүүлэх нөлөө нь илрээгүй байсан үе гэж болно. Түүнчлэн ажилгүйдлийн түвшнийг дүүрэг, орон нутаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн, бүртгэлээс хасагдсан иргэдийн мэдээлэлд үндэслэн гаргадаг. Нэгдүгээр улиралд эл түвшин буурсан ч дөрөвдүгээр сард өссөн байна. Ер нь нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааны үр дүнг 1-2 сарын хоцрогдолтой мэдээлдэг. Энэ нь судалж, боловсруулж, баталгаажуулдагтай холбоотой.
-Судалгаанд хамруулдаг иргэд, айл өрхийг ямар шалгуураар сонгодог вэ. Статистикийн мэдээлэл, тоо баримтыг үнэн зөв гаргахад уг мэдээллийг өгсөн иргэн, айл өрх чухал үүрэгтэй байдаг уу?
-Судалгаанд хамруулах айлуудыг Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас санамсаргүй түүврийн аргаар сонгодог. Амьжиргааны ямар ч давхаргын, аль ч айл сонгогдох боломжтой гэсэн үг. Улс орнуудын статистикийн байгууллагын гаргасан судалгааны дүн, тоо баримт нь тухайн ард түмний амьжиргаа, эдийн засгийн нөхцөлийн толь болж олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, итгэж үнэмших бодит эх үүсвэр байдаг. Монголд 897 000 өрх бий. Бид улирал тутам 4100, жилийн турш 16 400 өрхийг хамруулдаг гэсэн үг. Энэ нь нийт өрхийн 1.7 хувь гэхээр судалгааны үр дүн бодитой, үнэн гарахад хангалттай хэмжээ юм.
-Сүүлийн 1-2 жилийн статистикийн тайланд дурдсанаар иргэдийн дундаж цалин, өрхийн орлого тогтмол өссөн дүнтэй байгаа. Дундаж цалингийн хэмжээ нэмэгдсээр өдгөө 1.2 сая төгрөгт хүрчээ. Гэтэл бодит байдалд олонх ажилчин үүнээс бага цалин авдаг гэх нь бий.
-Дундаж цалинг улсын хэмжээнд нийгмийн даатгал төлж буй 670 гаруй мянган хүний хөдөлмөрийн хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн дүнгээс тооцдог. Манай улс 3.2 сая гаруй иргэнтэй. Үүний 1.3 сая орчим нь хүүхэд. 260 000 гаруй малчин, 265 000 нь тэтгэвэрийнх бол 100 000 эмэгтэй гэртээ хүүхдээ харан, ажил хийхгүй байгаа гэж бодъё. Тэгвэл хөдөлмөрийн насны 360 000 орчим хүн нийгмийн даатгалын шимтгэл бараг төлөхгүй, албан бус секторт ажилладаг гэсэн үг. Өдгөө төрийн албан хаагч сард 800 000-900 000, уул уурхайн салбарынхан 2.1-2.5 сая орчим төгрөгийн цалин авч байгаа. Ингээд бодохоор дундаж цалин 1.2 сая төгрөг байх нь дамжиггүй.
-Зарим иргэн ирээдүйд хүртэх өгөөж муутай гэж тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийдэг болсон. Шимтгэлд зарцуулах мөнгө нь улс орны эдийн засагт эергээр нөлөөлөхийн зэрэгцээ аливаа статистик тооцооллын суурь болдог байх нь. Тэгвэл 360 000 орчим хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэдэг нь манай улсын эдийн засаг, нийгмийн судалгааны үр дүнд яаж нөлөөлдөг бол?
-Хэрэв албан бус секторын 360 000 орчим иргэн бүгд нийгмийн даатгалын шимтгэл төлж, цалин орлогоо үнэн зөв мэдүүлж эхэлбэл дундаж цалин, өрхийн орлогын хэмжээ өөрчлөгдөх магадлалтай. Үүнээс гадна бид нэгтгэн, мэдээлсэн тоогоо шалган, баталгаажуулаад явдаг. Ямар нэг тоо буруу гарвал шууд мэдэгддэг. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л аль нэг судалгаа, шинжилгээний дүн буруу гарчихвал ямар ч статистикч, эдийн засагчид анзаарагдахуйц алдаа харагддаг. Мөн мэргэжлийн ёс зүй гэж бий учраас манай байгууллагын хүргэж буй тоо, мэдээлэл үнэн, бодитой л гэж би хэлээд байгаа юм.
-Ядуурлын дүр төрх судалгааны сүүлийн мэдээлэлд манай улсад ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. 904 000 хүн буюу бараг гурван хүний нэг нь ядуу амьдардаг гэсэн үг. Гэтэл Дэлхийн банкнаас гаргасан тайланд эл дүнг 15 хувиар өсгөн 40 орчим хувь нь ядуу гэж тооцлоо хэмээн олон нийт шуугисан. Ядуурлын дүр төрхийн судалгаа хэр бодитой вэ.
-Нэг сард 166 800 төгрөгөөс бага орлого олдог хүнийг ядуу гэж дүгнэж байгаа юм. Уг хэмжээг 200 000 төгрөг болговол ядуурлын хамралтын хүрээ 15 хувиар нэмэгдэн, 43 хувьд хүрэхийг Дэлхийн банктай хамтарч гаргасан. Энэ нь ядуурлын шугамд ойрхон буюу эрсдэлд өртөх магадлалтай хүний тоо ийм олон байна шүү гэж анхаарууж буй хэрэг.
-166 800 төгрөгийг нэг сард хуваахад нэг хүнд өдөрт 5600 төгрөг ногдоно. Энэ бол ганц таваг хоолны үнэд хүрэхтэй, үгүйтэй мөнгө. Эл тоог хэзээ өөрчлөх бол. Амьжиргааны доод түвшин, нэг хүнд ногдох өдрийн хэрэглээний зардлыг яаж тооцдог юм бэ?
-Өрхийн нийгэм, эдийн засгийн 2020 оны үр дүнг гаргах үед 166 800 төгрөг гэсэн хэмжээг өөрчилнө. Эл дүнг нэг хүний нэг өдөрт хэрэглэх хүнс, ахуйн хэрэгцээний хамгийн бага зардлаар тооцон гаргадаг. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ, инфляц, иргэдийн худалдан авах чадвар, ажил эрхлэлт зэргийг харгалзан үздэг.
-Та статистикийн байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа энэ хугацаанд хийсэн томоохон тооллого, эдийн засаг, нийгмийн дүр төрхтэй холбоотой бүх тоог “бодолцсон” байх нь. Монголчуудын амьдралд эерэг, сөрөг ямар тоо ажиглагдаж байна?
-Иргэдийн амьжиргаа муудан, ядуурал өсөж байна гэж олон хүн ярьдаг. Гэвч бодит байдалд ядуурал төдийлөн нэмэгдээгүй гэж би хэлнэ. Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж болон цалингийн доод хэмжээ сүүлийн 10 жилд тогтмол өссөн нь иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн. Бид өнгөрсөн сард орон нутагт ажиллаад ирлээ. Орон нутгийнхны амьдрал боломжийн сайн, олон нийт өөдрөг байна. Цалин, орлого нь тасарсан, ажил хийж, бизнес эрхлэхэд нь саад учирсан юм бараг алга. Ер нь ч ядуурлын түвшин Улаанбаатарт өндөр байгаа.
-Хөл хорио тогтоосны улмаас олон хүн, өрхийн орлого буурч байгаа. Манай улсын болон аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргаанд ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалж байна уу?
...Дундаж цалинг улсын хэмжээнд нийгмийн даатгал төлж буй 670 гаруй мянган хүний хөдөлмөрийн хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн дүнгээс тооцдог. Манай улс 3.2 сая гаруй иргэнтэй. Үүний 1.3 сая орчим нь хүүхэд. 260 000 гаруй малчин, 265 000 нь тэтгэвэрийнх бол 100 000 эмэгтэй гэртээ хүүхдээ харан, ажил хийхгүй байгаа гэж бодъё...
-Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны асуумжид нэг бүлэг нэмсэн. Дөрөвдүгээр сараас хойш судалгаа хийн, ажиллаж байна. Багадаа нэг улирлын дараа үр дүн нь тодорхой болно. Тэгэхээр наймдугаар сарын дунд үед мэдээлнэ гэсэн үг. Бид дотооддоо коронавирусийн тархалт байхгүй, хөл хорионы хатуу дэглэм мөрдөөгүй байгаа тул эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь бусад улсынхаас бага байх болов уу.
-Дэлхий нийтэд урьд өмнө тархаж байсан тахал, аюулт үзэгдлийн улмаас нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн байдаг юм бэ. Тоо баримт бий юү?
-100 жилийн өмнө тохиосон халуун ханиад болон эдийн засгийн хямралуудын нөлөөгөөр үл хөдлөх хөрөнгө, хувьцааны үнэ унаж байжээ. Ер нь бодит бус үнэ буюу аливаа бүтээгдэхүүний өртөг, зардлаас давсан “хөөс” хагарах магадлалтайг эдийн засагчид хэлж байна. Манай улсад орон сууц, газрын ханш буурч болох юм.
-Цар тахлын энэ үед эдийн засаг агшиж байгаа. Үл хөдлөх хөрөнгө гэлтгүй өргөн хэрэглээний барааны үнэ буурна гэсэн хүлээлт үүссэн. Үүнийг махны экспорт хумигдсантай холбон тайлбарлаж байна. Инфляцад яаж нөлөөлөх бол?
-Дээр дурдсанчилан манай улсад хатуу хөл хорио тогтоогоогүй тул одоогоор эдийн засагт огцом савлагаа ажиглагдаагүй байна. Ажилгүйдэл буурсан ч цар тахал дотоодод дэгдэхгүй, өвчлөл багасан, намдвал эдийн засаг хурдан сэргэнэ. Ажил эрхлэлт ч өснө. Харин инфляц буурах магадлалтай гэж хэлж чадахгүй. Учир нь хүнсний бараа, бүтээгдэхүүний эрэлт их, хэрэглээ нэмэгдсээр буй.
-Өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн хүн ам, орон сууцын тооллогын мэдээ хэзээ гарах вэ. Уг тооллогын үр дүнгээс бид юу харж болох бол?
-Энэ сарын эхний хагаст багтаан мэдээлэх төлөвлөгөөтэй. Үндэсний статистикийн хороо судалгааг нь авч, боловсруулж бэлтгэдэг, үр дүнг нь Засгийн газар мэдээлнэ. Тооллогын дүнгээс хүн амын 2020-2050 оны “төрх”-ийг харах боломжтой. Товчхондоо, нийт иргэдийн дундаж наслалт, амьдралын хэмнэл, орлого, зарлага, хүйсийн харьцааны өөрчлөлт зэрэг олон үзүүлэлтээс ирэх он жилүүдийн нийгэм, эдийн засгийн төлөвийг тодорхойлж болно.