Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бид сэтгэл эмтэлсэн мэдээтэй, таагүй нөхцөл байдалд угтаж байна. Хүүхэд багачуудаа асарч хүмүүжүүлэх, харж хандах, тэдний эрхийг хамгаалах, аливаа хэлбэрийн хүчирхийлэлгүй орчинд өсгөх нь эцэг эх та бидний үүрэг билээ.
Бид энэ өдрийг тохиолдуулан “Өнөөдөр”-ийн зочноороо Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн тусламжийн 108 утасны зөвлөх Б.Энхболдыг та бүхэнтэйгээ уулзуулж байна.
-Хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж буй хүүхдийн хувьд сургууль, цэцэрлэг амар тайван байдлыг илүүтэй мэдэрдэг газар гэж тайлбарладаг. Сургууль, цэцэрлэг хаагдсан нь гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болж байна уу?
-Дэлхий нийтийн хамарсан цар тахлын үед сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосон нь хүүхдийн хамгаалагдах эрхэд нөлөөлж байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 60 хувь хүртэл өссөн. Учир нь баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор ахуйн архидалт эрс нэмэгдсэн. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болж байна.
Мөн нөгөө талаараа хүүхдүүд гэртээ хараа хяналтгүйгээр үлдэх боллоо. Хэдхэн хоногийн өмнө дөрвөн хүүхэд усанд осолдож амь эрсдсэн харамсалтай үйл явдал үүний тод жишээ. Хэрэв хичээл сургууль орж байсан бол ийм зүйл тохиолдох байсан уу гэвэл эргэлзээтэй.
Тэгэхээр энэ цаг үед хүүхдүүд эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжид байх ёстой.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх дийлэнх шалтгаан нөхцөл нь юу вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх нь стрессээс үүдэлтэй. Тийм учраас иргэд стрессээ аль болох зохицуулах шаардлагатай. Үүнийг “стресс менежмент” гэж нэрлэдэг. Энэ зүйлийг иргэд олон нийтэд зааж таниулах нь тэднийг хожим гарч болох хүчирхийллээс холдуулах эерэг нөхцөл болдог. Мөн сурагч, оюутнуудад зааж, стрессээс ангид байх дархлааг суулгаж өгөх хэрэгтэй.
Иргэдийн одоогийн нөхцөл байдал маш их стресстэй байна. Учир нь нийгэм тэр чигээрээ орлого муутай, улс төрөөс хэт их хамааралтай байгаа нь стресс үүсэх гол шалтгаан болдог. Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг багасгахын тулд дан ганц хуулиар далайлгах бус нөлөөллийн ажлыг зохион байгуулахын зэрэгцээ дээр дурдсан стресс менежментийг таниулах шаардлагатай.
Наад зах нь гэрийн эзэн гэртээ орж ирэхээсээ өмнө ажлынхаа стрессийг ардаа орхиод сурчих хэрэгтэй.
-Сүүлийн үед хүүхдийн бие махбодод халдахаас илүүтэй сэтгэл санааны дарамтад оруулсан гэх тоо мэдээлэл их гарах болжээ. Дарамтад орсон хүүхдээс ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хүүхдийн хүчирхийллийг бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах гэж дөрөв ангилдаг.
Сэтгэл санааны дарамтад орсон хүүхэд хэт их өөртөө итгэлгүй, идэвхгүй, хувиа хичээсэн байдалтай болох тохиолдол ажиглагддаг. Зарим талаараа түрэмгий догшин, зөрүүд, оюун ухааны хөгжлөөрөө бусдаасаа хоцрох байдал анзаарагддаг. Үүгээр ч үл барам, амиа хорлох, өөрийгөө эрэмдэглэх зэргээр эмгэнэлтэй явдал тохиолдох эрсдэлтэй. Ийм байдал үүсгэхгүйн тулд хүүхдийнхээ хүсэл зорилгыг хүлээцтэй сонсож, эвтэйхэн ойлголцох хэрэгтэй. Ингэхдээ мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авбал илүү үр дүнтэй. “Хүүхэдтэйгээ ярилцаж байна” гээд мэдэхгүй зүйлийнх талаар асууж шалгаагаад байвал ямар ч үр дүнд хүрэхгүй.
-Сэтгэл санаагаар хохирсон хүүхэд сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь хэр зэрэг үр дүнтэй вэ?
-Ямартай ч огт үзүүлээгүй байснаас хавьгүй дээр. Сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг нь хүний сэтгэл санааг түр дээрдүүлэх л арга. Хүн усанд ороод тэр дороо хамаг бохироо арилгачихдаг шиг зүйл бол биш. Харин урт хугацааны дараа үр дүнд хүрдэг зүйл юм. Таван настайдаа авсан сэтгэлийн шарх нь магадгүй 10-20 жилийн дараа тухайн хүний зан төлөвөөр илэрч болно.
-Хүүхдээ үл хайхрах нь хүчирхийлэл гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.
-Үүний нэг жишээ нь дээр хэлсэнчлэн дөрвөн хүүхдэд тохиолдсон харамсалтай хэрэг шүү дээ. Мэдээж шалтгааны хувьд авч үзвэл хотын захиргаа, компанид буруу бий. Гэхдээ хатуухан хэлэхэд, эцэг эхчүүд ч хариуцлагагүй байсан. Учир нь асран хамгаалагч хүүхдээ цаг үргэлж хаана, хэнтэй уулзаж, тоглож байгааг нь мэдэх ёстой. Хэний ч хараа хяналтгүйгээр бага насны хүүхдүүд Дэнжийн мянгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж очсон нь үл хайхрах хүчирхийллийн нэг тод жишээ юм.
Хүүхдээ тоохгүй байх, эсвэл наад зах нь гадаа хүйтэн байхад “хувцсаа өмсөөрэй” гэж хэлээгүй нь нэг ёсондоо хүчирхийллийн нэг хэлбэр юм.
-Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн тулж ажиллах хэрэгтэй вэ?
-Хүн бүрийн туйлын хүсэл бол хүүхдээ сайн хүн болгох. Харин арга барилын хувьд заримдаа буруу байдаг. Жишээлбэл, манай уламжлалт тэлээдэх арга байна. Энэ бол хүмүүжлийн эерэг бус арга.
Хүчирхийллээр өссөн хүүхэд хожим нь хүчирхийлэгч болох эрсдэлтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргыг үнэхээр мэдэхгүй байж болно. Гэхдээ технологи хөгжсөн энэ үед ядахдаа интернетээс “Хүүхэдтэйгээ хэрхэн зөв харьцах вэ” гэж хайгаад харчих хэрэгтэй шүү дээ. Энэ талаарх зөвлөмж мэдээлэл цахим орчинд олон бий.
-Эцэг эхчүүд өөрсдөө үлгэр жишээч байж чадаагүй хэрнээ хүүхдээсээ хариуцлага нэхэж байдаг юм шиг.
-Наад захын жишээ гэвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэж загнадаг, магадгүй зоддог. Гол нь эцэг эхчүүд энэ үйлдлээ хийхээсээ өмнө бодох ёстой. Хүүхдийг хорвоотой танилцаж байх үед өөрсдөө ажлаасаа хоцордог байлаа гэж бодоход хүүхэд тэднээс ингэж үлгэр дуурайлал авна. Тэгэхээр энэ бол цэвэр ээж, аавын хариуцлагагүй байсны үр дагавар.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд архи уух нь хожим нь хүүхдэд архи уух сэдлийг төрүүлдэг.
Магадгүй 25 нас хүрсэн хүн үүний зөв бурууг ялгаж чадна. Харин бага насны хүүхэд бол чадахгүй, аливааг шүүлтүүргүйгээр шууд хүлээж авна.
Дээрээс нь эцэг эхчүүд ажлаасаа хоцорчхоод хүүхдийнхээ хажууд дарга руугаа утасдаад худлаа хэлдэг. Үүнийг харсан хүүхэд хожим нь багшдаа худлаа хэлж, хичээлээ таслаад PC тоглоом тоглох жишээтэй. Хүүхэд бол эцэг эхийн толь гэдэг нь энэ юм.
-Хэрэв ядуурлыг багасгавал гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг эрс багасгах боломжтой гэж эдийн засагчид үздэг. Магадгүй туйлын ганц арга нь энэ байх.
-Тийм ээ, энэ үнэн. Иргэдийн амьдралын хэрэгцээ хангагдаагүй, олж байгаа хэдэн төгрөг нь амьдралд нь хүртээмжгүй, нийгмийн бухимдал ихтэй, өвчлөл ихтэй энэ үед стресс өндөр байх нь гарцаагүй. Хэрэв ард түмний амьдралын боломж бололцоо сайжраад, наад захын хэрэгцээ нь хангагдаад ирвэл бид чинь дэлхийд байхгүй сайхан сэтгэлтэй ард түмэн болно шүү дээ. Хамгийн зөв хүмүүжлийг Монголоос харж болно. Хэдий өнөөдөр АНУ эдийн засгийн хувьд тэргүүлэгч улс ч гэлээ яг үнэндээ хүчирхийлэл өндөртэй, их зэрлэг ертөнц шүү дээ. Тус улсад арьс өнгөний үзэл нь өнөөг хэрнэ байсаар, эцэстээ цагдаа нь хар залууг өвдөглөөд амь насыг нь хохироож байгааг бид харлаа. Мөн цар тахалтай холбогдуулаад Ази хүмүүсийг үзэн ядах үзэл газар авлаа. Харин монголчуудад тэгж нэгнээ ялгаварлах үзэл байдаггүй. Маш сайхан сэтгэлтэй ард түмэн гэж Монголд ирсэн бараг бүх жуулчид ярьдаг шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд манай улсын хэвлэлээр хүчирхийллийн хэргүүдийг их мэдээлэх болжээ. Энэ нь иргэдэд хүчирхийлэл үйлдэх сэдэл өгч байна гэж зарим нэг хүн тайлбарладаг.
-Энэ төрлийн мэдээ мэдээлэл нь зарим нэг иргэнд хүчирхийлэл үйлдэх сэдэл төрүүлж байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаараа “ийм хүчирхийлэл үйлдэж болохгүй юм байна шүү” гэсэн сэрэмжлүүлэг өгч байгааг ч үгүйсгэхгүй. Мэдээллийг хүлээж авч буй тухайн иргэнээсээ хамаарна. Ер нь аль болох мэдээлэхгүй байсан нь зөв. Мэдээлэх шаардлагатай бол гэмт хэрэгтэнд оноох хуулийн хариуцлагыг илүүтэй сурталчилбал нийгэмд эерэг нөлөөтэй.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Эртнээс эцэг, эхийн хайр бол уулнаас өндөр, уснаас гүн гэж зүйрлэж ирсэн. Хүүхэд зөв сайн хүн болох, ирээдүйд хүмүүстэй найрсаг, аз жаргалтай амьдарч чадах уу үгүй юу гэдэг нь эцэг эх, хүүхдийн харилцаанаас шалтгаална. Бүх харилцааны суурь үндэс нь гэр бүлийн харилцаа байдаг. Хүүхэд гэдэг эцэг эхийн бүтээл. Сайн бүтээл хийвэл дараа нь та шүүмжлэх шаардлага байхгүй. Өөрийнхөө хийж байгаа үйлдлээрээ зөв үлгэр дуурайлал болвол дараа нь засаад байх ч шаардлагагүй.
-Ярилцсанд баярлалаа.