Мото спортын өсвөрийн тамирчдаас гаргасан амжилтаараа Б.Хонгор олон жил тэргүүлж яваа. Түүний аав авто, мото спортын тамирчин Х.Батбаасан. Тэрбээр хүүгийнхээ хүсэл, мөрөөдлийг дэмжиж, мэргэжлийн тамирчин болох гарааг нь эхлүүлжээ. Тамирчин гэр бүлд өссөн нь спортын ертөнцөд хөл тавихад нь ихэд нөлөөлсөн байна. Өвөө нь авто, эмээ нь сонгомол морин спортын тамирчин, дасгалжуулагч байсан нь ачийнхаа уралдах хоббийг бадраасан гэдэг. 50, 65 сс ангилалд уралдаж, Улаанбаатар хотын АШТ-д тав, УАШТ-д зургаан удаа түрүүлж аварга болсон бол ОХУ-д болсон мото спортын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай ирж байв. 2015 онд ОУХМ Э.Халиунболд багштайгаа АНУ-ын Калифорни муж улсын АШТ-д 65 сс ангилалд өрсөлдөн, VI байрт шалгарч байсан түүнийг “Шинэ танил” буландаа урилаа.
-Мото спортыг хэдэн настайгаасаа эхэлж сонирхов. Тамирчин болоход аав тань нөлөөлсөн үү?
-Би таван настай байхдаа мото спортоор хичээллэсэн. Аав намайг KTM 50 сс мотоциклоор бэлтгэл хийлгэж, хөдөө дагуулж явдаг байлаа. Морингийн даваанд болдог тэмцээнд тамирчдын уралдахыг хараад энэ спортод сонирхолтой болсон. Тэр үеэс ОУХМ Э.Халиунболд ах шиг тамирчин болохыг мөрөөддөг байв. Аавыгаа “Үндэсний авто, мото спорт клуб” байгуулж, мото кроссын тамирчдыг бэлтгэн уралдаанд оролцуулах үеэс хамт уралдаж эхэлсэн.
-Тамирчид аав, ээжийнхээ амжилт гаргасан спортоор хичээллэж, замналыг нь үргэлжлүүлдэг. Анх ямар тэмцээнээс медаль хүртэж байв?
-Манай өвөө авто, эмээ морин спортын тамирчин. Анх хүүхдийн баярын өдөр 50 сс ангилалд уралдаж түрүүлээд алтан медаль, бэлгээр шагнуулсан. Тэр тэмцээнийг өвөө, эмээ минь үзээд надад урам хайрлаж билээ. Түүнээс хойш түрүүлнэ гэж хичээдэг болсон.
-Үе тэнгийн тамирчдаас тань хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
-Гараанаас гарсан бүх тамирчин түрүүлэхийн төлөө уралддаг. Миний ангилалд Л.Оргил гол өрсөлдөгч. Уралдааны замд алдаа гаргахгүй байх нь хамгийн чухал. Би өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан гүйцэхийг хичээдэг. Надад “Барианд ортол хамаг хүчээрээ довтолж уралд” гэж Э.Халиунболд, Х.Тэмүүжин ах нар захидаг юм. Тэднээс үлгэр дуурайл авч уралдсаар амжилт гаргасан. Энэ жил тэмцээнгүй болохоор KTM 250 сс мотоциклоор аавтайгаа 300-400 км замд бэлтгэл хийхдээ олон зүйл сурлаа.
-Мото спорт эрсдэл ихтэй спорт. Уралдаанаас эрч хүч авч чаддаг уу?
-Мото кросс өрсөлдөөнтэй болдог тул эрсдэл гаргахгүйг хичээж уралддаг. Тэмцээнд түрүүлээд медаль зүүх гоё. Хамгийн сүүлд 2018 оны УАШТ-д хурд сорьж, хүрэл медаль хүртсэн. Би ирээдүйд зохион бүтээгч болно гэж боддог. Энэ спортоос гадна сагсан бөмбөг, боксоор хичээллэнэ.
-Багш нь шавиа хааяа хатуу үгээр зэмлэдэг үү?
-Миний анхны багш Гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг ах. Дараа нь Э.Халиунболд, Х.Тэмүүжин ах нар мотоциклыг зөв унаж сурахыг заасан. Тэд “Бүгд чиний өрсөлдөгч тул барианы туг өргөтөл бууж өгч болохгүй” гэдэг. Намайг хааяа “Чи хаширлаж уралдаад байна” гэж зэмлэдэг тал бий.
-Энэ спортоор хичээллэхийг хүсдэг үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?
-“Мотоциклын уралдаан сэтгэл татдаг, сонирхолтой спорт. Хэрвээ уралдахыг хүсвэл багаасаа хичээллээрэй” гэж хэлье.
Бэлтгэсэн: Г.Цэцэг