Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ баг, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник, спорт хорооны тамирчин, ОУХМ Ганзоригийн Ануужин Тайландын эзэн хааны нэрэмжит дэлхийн цомын тэмцээнд амжилттай өрсөлдөж, алтан соёмбот далбаагаа хоёронтоо мандуулсан юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай туйванчид өмнө нь ийн дараалан түрүүлж байгаагүй. Тэрбээр 2018 онд оюутны ДАШТ-д 63 кг-д өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр 113 кг-ыг өргөн, мөнгөн медаль хүртсэн бол 2019 онд Дэлхийн хүндийг өргөлтийн холбооны дүрмээр батлагдсан шинэ жин болох 64 кг-д Монгол Улсын насанд хүрэгчдийн амжилтыг зургаан удаа шинэчлэн тогтоосон. 2019 онд АНУ-ын Сан-Диего хотод болсон дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн гээд түүний амжилт үргэлжилнэ. Ази тивийн залуучуудын АШТ, оюутны ДАШТ-ий мөнгө, Дэлхийн цомын тэмцээний хошой алтан медальт түүнийг “Залуус” буландаа урилаа.
-Тууз дүүрэн медалиа зүүгээд зургаа авхуулсан охиныг анх харчихаад амжилтад хүрэхийн тулд ямар их хөлс дуслуулсан бол гэж бодож байлаа. Та Говь-Алтайн Баян-Уул сумаар овоглодог байх аа?
-Тийм ээ, Говь-Алтай аймгийн Баян-Уул сум аав, ээжийн минь нутаг. Хүүхэд байхдаа зуны амралтаар очдог байлаа.Тэмцээнд оролцохдоо энэ сумаар овоглох дуртай. Би хүндийг өргөлтөд хөл тавихаасаа өмнө дасгалжуулагч Б.Гунгаа, Ц.Болдбаатар багш нарын удирдлагад хөнгөн атлетикаар хичээллэсэн. Өвөл хөнгөн атлетикийн бэлтгэл хийх амаргүй. Тиймээс хүчний бэлтгэлээ зааланд хийж байхдаа хүндийг өргөлтийн тамирчдын штанг өргөхийг сонирхож хардаг байв. Сүүлдээ энэ спортод татагдаж, Д.Чинзориг, Я.Дөрвөнжин багшийн шавь болж анх хичээллэсэн. Би хөнгөн атлетикаас хүндийг өргөлт рүү урвасан. Б.Гунгаа багш гурван төрлийн харайлтаар хичээллүүлнэ гэхээр Я.Дөрвөнжин дасгалжуулагч “Үгүй ээ, энэ охиноор штанг өргүүлнэ” гэдэг байлаа. Хүндийг өргөлтөөр хичээллэх явцдаа энэ спортоор амжилт гаргах боломжтойг мэдэрсэн. Өглөө бэлтгэл хийчихээд өдөр нь хувцсаа сольж өмсөөд, багшаасаа нуугдан хүндийг өргөлтийн сургуулилалтаа үргэлжлүүлдэг байлаа. Бие халаах маягаар нэг хэсэг хичээллэж байгаад ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан “Тэмүүлэл” тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Тэр үед Я.Дөрвөнжин багш “Чамд ирээдүй байна. Хөнгөн атлетикийн тамирчин гэхэд энэ спортын техникийг зөв гүйцэтгэж байна” гэж урамшуулж билээ.
-Хөнгөн атлетик, хүчний спорт хоорондоо уялдаатай гэдэг. Одоо бодоход буруу сонголт хийгээгүй бололтой.
-Тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатан гээд спортын таван шинж чанараас суралцдаг. Хөнгөн атлетикийн уян хатан чанар хүүхдийг багаас нь спортоор хичээллэхэд хэрэг болдог. Энэ хоёр спорт эсрэг, тэсрэг хэрнээ нэгнийхээ орон зайг нөхдөг тул амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг. Би хүчний бэлтгэл хийгээд тэмцээнд оролцоход өмнөхөөсөө нэг метрээр илүү харайдаг байв. Сүүлдээ 10 метрт харайдаг боллоо. Хөнгөн атлетикийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн маань миний хувьд том амжилт байв.
-Спортод хөл тавьсан үеэс ээж тань өнөөг хүртэл тууштай дэмжсээр ирсэн гэх юм билээ.
-Манайхан надад “Чи юу сонирхож байна, түүнийгээ хий, харин эргэж буцах тухай огт ярихгүй шүү. Тиймээс өөрийнхөө сонгосон спортод эзэн болоорой” гэж хэлдэг байв. Ээж спортод дуртай. Хааяа “Намайг хүүхэд байхад өнөөгийнх шиг таатай орчин, нөхцөл байсан бол дуртай спортоороо хичээллээд амжилт гаргах байлаа. Бидний үеийнхэнд даанч тийм боломж байсангүй” гэдэг юм. Ээж минь өөрийнхөө хичээллэж амжаагүй спортоор охиноо амжилт гаргаасай гэж хүсдэг байсан болов уу. Энэ спортоор хичээллэдэг олон залуу бий. Гэр бүлийнх нь дэмжлэг дутсанаас зарим нь замын дундаас шантарч орхидог. Дориун амжилт гаргах нь дээ гэж байтал найз нөхөд нь “Эмэгтэй хүүхдэд хүнд төмөр өргөх тохирохгүй, өсөлт нь зогсож, намхан болно. Спортын өөр төрлөөр хичээллэ” гэж ятгаснаас болж шалтаг хэлээд явчихна. Хүндийг өргөлтийн техникийг зөв хийж сурвал бэртэл багатай спортын төрөлд ордог юм. Тиймээс өөрийн хичээллэж буй спортынхоо мөн чанарыг сайн ойлгож, алдаа дутагдал гаргахгүй хичээллэвэл амжилт гаргана.
-Монголд Хүндийг өргөлтийн холбоо байгуулснаас хойш шигшээ багийн тамирчид гадаадын томоохон тэмцээнд амжилт гаргах болсон. Дасгалжуулагч багш нарын тань сэтгэл, зүтгэлтэй холбоотой байх, тийм үү?
-2013 оноос Монголын хүндийг өргөлтийн холбоог байгуулснаас хойш Ц.Хосбаяр багш, Ц.Хасбаатар, С.Үенбаатар, Ч.Даваадорж, О.Батсайхан ах нар энэ спортыг эх орондоо хөгжүүлэхээр сэтгэл нэгдэж, хамтран ажиллаж байгаа. Тэд ингэж нэгдээгүй бол Монголд энэ спорт хөгжихгүй, бидний амжилтын тухай ч яригдахгүй байх байлаа. Монголд мартагдах дөхсөн энэ спортыг тэд сэргээсэн. Хүндийг өргөлтийн холбоо байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр үеэс М.Анхцэцэг, Э.Билэгсайхан, би гээд үе тэнгийнхэн сонирхон хичээллэхэд ах нарын дэм тус, заавар, зөвлөгөө тус болсон. Өмнө нь амжилт гаргах сайн тамирчид байсан ч эдийн засгийн боломжгүйгээс гадагшаа тэмцээнд оролцож чадахгүй үлддэг байсан тухай сонсож байлаа. Ц.Хосбаяр багш шигшээ баг бүрдүүлж, биднийг дасгалжуулснаар дотоод, гадаадын тэмцээнд оролцож, амжилт гаргах болсон.
ААВЫН МИНЬ НЭР ГАРАХ БОЛОХООР ЗОРИЛГОТОЙ АМЬДРАХЫГ ХИЧЭЭДЭГ
-Хүмүүс хүндийг өргөлтийг та нарын амжилтаас харж, илүү мэддэг болж байх шиг санагддаг.
-Зарим нэг хүн “Та нар чинь газраас татдаг нь бил үү, хэвтээгээс шахдаг нь бил үү” гэж асуудаг юм. Бид хүмүүст хичээллэдэг спортынхоо тухай аль болох зөв ойлгуулахыг хичээдэг. Нэг үеэ бодвол олон хүүхэд энэ спортоос урам авч хичээллэдэг болжээ. Биднийг анх хичээллэхэд Азийн АШТ-ээс медаль хүртсэн тамирчин байгаагүй. Тэгтэл өсвөрийн тамирчдаас гурван жил хичээллээд О.Баянтуул, О.Төгс-Эрдэнэ нар Азийн тэмцээнээс медаль хүртлээ. БНХАУ, БНСУ, Тайваньд энэ спорт өндөр хөгжсөн. Тиймдээ ч топ спортынх нь төрөлд багтдаг. Өмнөд хөршид хүндийг өргөлтөөр хичээллэдэг таван сая хүн байдаг гэсэн. Бидний хувьд тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөнө гэдэг чамлахааргүй амжилт.
-Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулиас Спортын төв сургууль руу шилжин суралцсан. Тамирчин болох гараа тань тус сургуулиас улбаатай юу?
-Сургуулийнхаа биеийн тамирын багштай хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож тэнцээд, Биеийн тамир спортын төв сургуульд суралцахаар шилжиж, 2015 онд төгссөн. 44 дүгээр сургуульд надаас гадна боксын тамирчин, ОУХМ Б.Чинзориг ах сурч байлаа. Токиог зорих олимпын эрх авсанд нь их баярласан. Тус сургуулийн багш нар сурагчдаа сонирхсон спортод нь зөв чиглүүлж өгдөг юм. Намайг багш минь Спортын төв сургуульд оруулаагүй бол хүндийг өргөлтийн спортоор хөрвөж, хичээллэхгүй байсан болов уу. Би багш нартаа баярладаг. Ямар азаар сайн багш нартай таарч, зүг чигээ олж чадав аа гэж.
-Таны хувьд 2013 он тэмүүллээр дүүрэн байсан. Энэ үеэс амжилт гаргаж эхэлсэн санагдана.
-Би айлын дунд охин. Ах, дүүтэй. 2013 он намайг олон зүйлээр сорьсон жил болсон. Тэр жил аавыгаа бурхны орныг зориход би хүндийг өргөлтийн спортод дөнгөж хөл тавьж байлаа. Хорвоогийн мөнх бусад аавыгаа алдсан сэтгэл зүйн хүндхэн цохилт намайг энэ спортод зоригтой хөл тавихад түлхэц болсон. Тэр үед аавынхаа үргэлжлэл болж үлдсэн болохоор нэр төрийг нь өргөж явна гэж боддог байлаа. Энэ бодол миний амьдралын нэг том зорилго болсон. Медаль хүртчихээд аавынхаа нэрээр дуудуулах надад хамгийн сайхан. Хэрвээ хүүхэд насандаа хагацлын зовлон туулаагүй бол шийдэмгий алхам хийх байсан ч уу, үгүй ч үү. Миний хувьд гэр бүл, багш, хамт олныхоо итгэлийг дааж явна гэдэг өндөр хариуцлага. Намайг унаж, босоход аавын минь нэр гарах учраас зорилготой, зүтгэлтэй амьдрахыг хичээдэг. Саад бэрхшээлтэй тулгарах тусам нөмөр нөөлөг нь үргэлж үгүйлэгддэг байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл багш нар минь аавын оронд аав болж ирлээ.
АМЖИЛТ ГАРГАЧИХААД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРНА
-Ц.Хосбаяр багшийг тань хүчний спортын тамирчид өвөрмөц арга барилаар бэлтгэл хийлгэж, “уяа сойлго”-ыг нь тааруулж чаддаг гэдэг юм билээ.
-Санал нэг байна. Багш минь шавь нараа амжилт гаргуулахын тулд өвөрмөц арга хэрэглэдэг. 2013 онд өсвөрийн тамирчдаа Азийн АШТ-д оролцуулаад багаараа хүүхдийн олимпод өрсөлдөх эрх авч байлаа. Миний хувьд анх удаа гадаадын томоохон тэмцээнд оролцож үзсэн нь тэр. Намайг жаахан айдастай байгааг багш харцнаас минь мэдчихэв. Яг өргөхийн өмнө “За чи одоо үүнийг өргөөд аавдаа бэлэг барьчих” гэлээ. Тэр үед өргөж үзээгүй жингээ яаж өргөснөө ч анзаараагүй. Намайг өргөчихсөн зогсож байхыг багш хараад их баярласан. Тэрбээр миний амьдралд юу тохиолдсон, сэтгэл зүй ямар байгааг маш сайн мэдэж байсан тул дасгалжуулагчийн арга барилын торгон мэдрэмжээ гаргасан хэрэг. Түүнээс хойш тэмцээнд оролцохдоо багшийн хэлсэн тэр үгийг байнга боддог болсон. Энгийн үед бидэнтэй найз шиг хөгжилддөг багш минь бэлтгэл хийлгэхдээ хэзээ ч эрхлүүлэхгүй. Заримдаа гомдтол хатуу үг хэлнэ. Монголчууд “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэж ярьдаг даа. Яг л тийм хүн. Тамирчдынхаа ар гэрт анхаарал байнга хандуулна. Сэтгэл санаа, эрүүл мэнд, бэлтгэлийн дараах амралт, хоолоо хэрхэн тохируулсныг асуухгүйгээр хараад мэднэ. Шалтаг хэлбэл хүлээж авахгүй, “Чи одоо тэгээд яах гээд байгаа юм. Өргөмөөргүй санагдвал эндээс явж болно, хаалга цаана чинь байна” гэнэ. Магтаал, шүүмжлэл, хатуу, зөөлнийг гайхалтай тааруулна. Тамирчдаа нэг гэр бүл шиг байлгаж, зовлон, жаргал, баяр, гунигийг хамтад нь хуваалцуулж сургасан.
-Харж байхад хошин шогийн мэдрэмжтэй, тамирчдынхаа шарыг нь хөдөлтөл зэмлээд, сэтгэлийг нь сэргээж урам хайрлахаа ч мэддэг хүн шиг санагдсан.
-Багш шартай хүний сэтгэл доторх галыг асаах дуртай. Миний шатдаг занг мэддэг болохоор хааяа “Чи наад жингээ өргөж чадахгүй ээ, чам шиг хүн бардаггүй байхгүй юу” гэнэ. Тэгж хэлэх тусам “Харж байгаарай, өргөх юм чинь” гэж бодоод улам хичээдэг. Тэгвэл шүүмжлэх тусам сэтгэлээр унадаг тамирчинтай өөр арга барилаар харилцана. Өргөж чадахгүй байвал нь “Хүчтэй, чадалтай чадна гэдгээ тэдэнд харуулаад өг. Одоо л өргөхгүй юм бол хэзээ өргөх юм” гэж урам өгнө. Багшийн шар маажсан үг бууж өгдөггүй занг минь улам бадраадаг юм. Тамирчин хүнд хор шар тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй. Ажиглахад амьдралын урсгалыг сөрөх дургүй хүн амжилтад хүрдэггүй юм шиг санагддаг.
-Та МУИС-ийн сэтгэл зүй, философийн ангид сурдаг. Хичээлдээ гүйх, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд энэ бүхнийг зохицуулах нэг хэсэгтээ амаргүй байв уу?
-Надад сонгосон мэргэжил минь таалагддаг. Бэлтгэл хийхээс гадна тэмцээнд оролцох, хичээлдээ явах гээд олон ажлыг зэрэг амжуулах амаргүй санагддаг байлаа. Спорт, сургууль гэж амралтгүй явсаар дунд нь аль ч үгүй хоцрох гээд байсан тул сургуулиасаа жилийн чөлөө авсан. Хүндийг өргөлтөөр хичээллэдэг тамирчин бие, сэтгэл зүйгээ сайн амрааж байж бэлтгэл хийдэг онцлогтой. Би залуу байна. Спортын амжилтыг тамирчин хүн хийж, бүтээдэг насандаа гаргадаг. Харин суралцахад оройтохгүй. Тиймээс богино хугацаанд олддог спортын карьерыг зөв ашиглах ёстой. Амжилт гаргачихаад сургуульдаа үргэлжлүүлэн суралцана.
-2017, 2018 онд медалийн хуртай байлаа. Азийн болоод ДАШТ-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг хэдэнтээ гаргасан.
-Би шигшээ багийн тамирчин болчихоод 2017 онд Непалд болсон залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Дараа нь Тайландын эзэн хааны нэрэмжит дэлхийн цомын тэмцээнд хоёр удаа түрүүллээ. 2018 онд оюутан залуучуудын ДАШТ, 2019 онд АНУ-д болсон олимпын эрх олгосон дэлхийн цомын тэмцээнээс тус бүр мөнгөн медаль өвөртлөв. Бид багаараа эрх олгох хоёр тэмцээнд амжилттай оролцож, оноогоо цуглуулбал Токиог зорих боломжтой. Багш тэмцээнд оролцуулахаас эхлээд бүгдийг төлөвлөдөг. Бидний өрсөлдөгч тамирчныг судалж, жингийн захиалга өгөхдөө өргөсөн жингээс нь нэг кг-аар ахиулна. Өрсөлдөгч өргөх жингээ нэмэхээр, багш дахиад ахиулна. Багшийг захиалах тусам өнөөх тамирчин улам шатдаг. Түүнийг захиалсан жингээ өргөж чадах, эсэхийг хараад жин захиалахаа зогсооно. Хэрвээ захиалсан жингээ өргөж чадахгүй алдвал би хожно. Багш үүнийг маш сайн тооцоолдог. Товчхон хэлбэл, хөлөг дээрх шатар, даам нүүхтэй адил. Намайг яг ийм аргаар 2019 онд болсон дэлхийн цомын тэмцээнд АНУ-ын тамирчинтай өрсөлдүүлж, амжилтад хүргэсэн. Тэр тэмцээнд өрсөлдөгч минь 111 кг-ыг өргөх гээд алдахад би 110 кг-ыг өргөж жингээр илүүрхэн ялж байлаа. Хөнгөн атлетик, хүндийг өргөлтийн тэмцээнээс хүртсэн медаль нэг тууз дүүрчихсэн тул шинийг авсан. Энд тэндхийн арга хэмжээнд оролцохдоо медалиудаа зүүгээд явахаар бэр эгч “Ануужингийн медаль байхгүй болохоор гэр тавилгагүй мэт харагдах юм” гэдэг.
СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ШИЙДДЭГ ЗҮЙЛ СПОРТ БИШ
-Өөрөө 64 кг-д хүч сорьдог. Хойшдоо жингээ ахиулах бодол бий юү?
-Би хойшдоо 71 кг-д хүч үзнэ гэж бодож байгаа.Улс болгоны тамирчдын арга барил, техник өөр. Тэднээс суралцах зүйл их. Би өрсөлдөгч тамирчдаа тэмцээний үеэр ажигладаг. Ямар хоол хүнс хэрэглэн, амралтаа хэрхэн зохицуулж, амжилт гаргадгийг нь сонирхон судална. Надтай нэг жинд өрсөлддөг Хятад, Румыний эхний таван байрт жагсдаг алдартай тамирчдыг ойрын үед судалж байна. Тус улсын тамирчдаас хоёр нь жингээ огт өөрчлөхгүй 10 жил болсон. Амжилтаа алдахгүй олон жил барина гэдэг хэцүү. Ингэхийн тулд бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, сахилга бат, дэг журам сахина. Миний хувьд амжилтынх нь нууцыг мэдэх гэж хичээдэг. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөхийн тулд би ч бас хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй. Тамирчин хүн бэлтгэлээс гадна сайн судалгаатай байх ёстой.
-Төрийн дууллаа эгшиглүүлэхэд сайхан мэдрэмж төрж, огшдог биз?
-Медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглэхийг сонсохоор өөрийн эрхгүй огшиж, самсаа шархирдаг юм билээ. Би монгол хүн шүү гээд эх орноороо бахархах сэтгэл тийм л үед илүү төрдөг юм. Эх орон хаана ч явсан үнэ цэнтэй. Хилийн дээс алхаад л улсынхаа нэрээр дуудуулдаг болохоор бидэнтэй үүрэг, хариуцлага ч хамт явдаг. Намайг медаль хүртэхэд хамгийн их баярладаг хүн бол ээж. Түрүүлснийг минь сонсонгуутаа л мэлмэрүүлчихдэг гэсэн. Миний найз залуу эдийн засагч мэргэжилтэй. Бид энэ спортоор хичээллэдэг байхдаа танилцсан. Одоо алдаа оноо, баяр гунигаа хуваалцаж, амжилтын төлөө хамтдаа зүтгэж байна. Намайг амжилтад хүргэхийн тулд бүх талаар дэмжиж тусалдаг. Тэмцээнд өөрийгөө хэрхэн дайчилж, бэлдэх талаар байнга зөвлөнө. Гадагшаа тэмцээнд явах үед ар гэрийнхээ асуудлыг миний оролцоогүйгээр шийдчихнэ. Алдаа дутагдал гаргаж, сэтгэлээр унахад тайвшруулж, урам өгнө. Бэлтгэлийн дараа тайван орчинд тухтай байлгаж, амраахыг хичээдэг юм. Надад “Би ингэх байсан юм гэж хожим харамсахгүйн тулд энэ спортод эцсээ хүртэл зүтгэ. Чиний уналт, босолтод би үргэлж хамт байх болно. Амжилтад хамтдаа зүтгэж хүрнэ” гэдэг.
-Залуус спортод хөл тавиад цаашид хичээллэх, эсэхээ сайн бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаад дундаас нь буцах тохиолдол харагддаг.
-Залууст хандаж хэлэхэд сэтгэл хөдлөлөөр шийддэг зүйл спорт биш. Өөрийн дуртай спортод сонирхолтой болохын тулд чин сэтгэлээсээ дурла.Сонгосон спорт тань танд алдаа харамсал бус, амжилт, аз жаргал байх ёстой. Хэрвээ тамирчин болохоор шийдсэн бол эцсийн үр дүнг нь заавал үз. Хэн нэгний ятгалгаар бус өөрөө сонирхож хичээллэ. Хүн дуртай зүйлдээ сэтгэл гаргадаг, завгүй ч байсан зориод зүтгэдэг юм. Өөрийгөө битгий хуур. Бие нь зааланд, сэтгэл нь өөр газар луу тэмүүлж байгаа бол энэ таны хүсэл мөрөөдөл огт биш шүү. Өдөр хоногийг аргацаасан зүйл хоосноос ялгаагүй. Тиймээс өөрийнхөө сонголтод үнэнч, тууштай байвал хөдөлмөрлөсөн бүхэн тань амжилт болон эргэж ирдэг. Амжилт гэдэг үгийг хэлэхэд амархан ч хүрэхэд маш хэцүү. Спортод бодож байгаагүй зүйлтэйгээ өдөр бүр тулгарахад сөрж босох сэтгэлийн хаттай байгаарай. Тэр үед хэцүү санагдсан бүхэн тань өөрийнхөө төлөө гаргасан хамгийн зөв алхам байх болно. Тамирчин хүн ганцаараа зүтгээд амжилт гаргадаггүй. Амжилтынх нь ард олон хүний тус дэм бий. Энэ ташрамд, Монголын хүндийг өргөлтийн холбооны удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч багш нар, гэр бүл, найз нөхөд болоод Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөл, ард иргэд, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник, спорт хорооны хамт олон, бидний тэмцээнийг үзэж, сэтгэл зүрхээрээ дэмждэг спорт сонирхогчдодоо талархаж явдгаа уламжилъя.