Хүн төрөлхтөн амьтдыг гаршуулж, ашиг шимийг нь хүртэн, ачилга, уналгад хэрэглэж, туслуулж, бас тусалж амьдарсаар хэдэн мянган жил өнгөрчээ. Тэднийг эрүүл байлгах, хариулах, асрах, сургах, хайрлах, хамгаалах өндөр хариуцлага хүн бүхэнд ногдож буй. Монголчууд амьтдаас хүнд халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлж, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, тэдэнтэй яаж харьцдагийг “Жонон” мал эмнэлгээс харъя. Нохой, муур, туулай, хурга, тугал, усан гахай, яст мэлхий, сармагчин, орог зусаг, матар зэрэг амьтны эрүүл мэнд, цаашлаад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажилладаг тус эмнэлгийн малын их эмч М.Мөнхбаатарын ажлын “Нэг өдөр”-ийг сурвалжиллаа.
09.00 цаг. Чингэлтэй дүүргийн нутаг, Баянбүрдийн тойргийн урд талд байрлах “Жонон” мал эмнэлэг хэмээх хаягтай хүрэн байшинг зорив. Нохойгоо үзүүлэхээр ирсэн эгч, дүү хоёрын хамт бид дөрвүүл эмчийг хүлээж байтал тус эмнэлгийн ажилтан ирлээ. Тэдний ажлын цаг 09.30-аас эхэлдэг юм байна. Амьтдын зураг, дүрс, баримлаар чимэглэсэн, цагаан ханатай, цэвэрхэн, бас тохилог эмнэлэгт орлоо. Нэг нас гурван сартай, Неки хэмээн эхний нохойны нэр, насыг нь бүртгүүлж байх зуур дахин нэг гөлөг эзний хамт орж ирэв. Хоёр нохой бие бие рүүгээ хуцсан тул эмч нэг нэгээр нь хөтлөөд цааш оруулж, эзэд нь ч явчихав. Удалгүй сурвалжилгын гол дүр М.Мөнхбаатар эмч ирж, ажлын цаг эхлэхээс өмнө эмнэлгээ бидэнд танилцууллаа. Үзлэгийн, мэс заслын, хэвтүүлэн эмчлэх, угаалгын, вакцины, ажилчдын гээд 11 өрөөтэй, долоон ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Тэднийх жижиг амьтны эмнэлэг бөгөөд эмч нь гэрийн тэжээвэр амьтан, адууг дагнан эмчилдэг юм байна. Анх 2010 онд Сүхбаатар дүүргийн нутаг, XI хороололд эмнэлгээ байгуулсан бөгөөд Мал эмнэлгийн тухай хуулийн шинэчилсэн заалт буюу малын эмнэлэг нь сургууль, цэцэрлэгээс багадаа 200 метр хол байх ба орон сууцад байрлаж болохгүй гэсэн шаардлагын дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сард ийшээ нүүжээ. Мал эмнэлгийн сургуулийн оюутнууд дадлага хийж, өнгөрсөн долоо хоногт тэдний хугацаа нь дууссанаар харьцангуй бүл цөөтэй байгаа үе юмсанж.
09.30 цаг. Хамгийн эхэнд ирсэн Неки хэмээх эм нохойнд үржлийг нь хязгаарлах мэс заслыг М.Мөнхбаатар Б.Нямгарав эмч нар эхлүүлэв. Үүнийг эзнийх нь хүсэлтийн дагуу хийжээ. Ингэснээр нохой нь үржлийн үедээ чангаар олон хоногийн турш хуцахгүй, бусдыгаа дуудаж эзэндээ хүндрэл учруулахгүй болдог аж. Нохойнд эхлээд тайвшруулах, дараа нь мэдээ алдуулах тариа хийж, тэвэрч, эрхлүүлэн, унтахыг нь хэсэг хугацаанд хүлээх зуур эмч салбарынхаа талаар яриа өрнүүлэв. Нохойны үржлийг зогсоохын тулд буудах нь бурууг тайлбарлаж, өнгөрсөн оноос Баянзүрх, Хан-Уул дүүргийн 2000 шахам нохойнд дээрх мэс заслыг хийлгэсэн нь зөв ажил болохыг хэллээ. Улаанбаатар хотод гудамжаар дүүрэн эзэнгүй нохой тэнэж, машинд дайруулж, үржлийн үедээ хуцалдаж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулдаг дүр зургийг ирээдүйд харахгүйн тулд өдгөө уг мэс заслыг хийх ёстой аж. Манай улс анх Богд хаант засгийн үеэс өдий хүртэл золбин нохойгоо буудсаар ирсэн ч тоо нь буурахгүй байгаа тул дэлхийн хөгжилтэй орнуудын туршлага болох мэс заслын аргыг сонгох нь зөв хэмээв.
Тэрбээр “Айлын хашаанд бус, гудамжаар явж буй эзэнгүй нохойг бууддаг. Гэтэл хүмүүс нохойныхоо гөлөгнүүдийг төөрүүлж хаяснаар нохойны тоо олширдог юм. Харин өнгөрсөн оноос дүүргүүдийн ЗДТГ-аас нохойны үржлийг хязгаарлах мэс заслын ажлын тендер зарлаж, эмнэлгүүдийг шалгаруулсан нь сайшаалтай. Энэ ажлыг 10 жил эрчимтэйгээр үргэлжлүүлэхэд эзэнгүй нохойны тоо буурах боломжтой. Нохой жилд хоёр удаа үржилд ордог бөгөөд дунджаар 6-8 гөлөг гаргадаг. Гөлөг нь найман сар хүрмэгц л дахин үржих боломжтой. Ийм хурдан үрждэг амьтан. Мөн гэрийн тэжээвэр амьтдаас хүнд халдварладаг маш олон төрлийн өвчин байдаг учир нохойг бүртгэх, шинжилгээ авах, вакцинжуулах нь нийгмийн эрүүл мэндийн төлөө хийж буй ажил” хэмээв. Нохойны гэдсэн дэх цагаан хорхой хүнд халдварласнаар элэгний гепатит, малд эргүү зэрэг өвчин үүсгэдэг аж.
Мэс засал хийх нохой нь унтаж, эмч нар халдвар хамгааллын хувцас, бээлийгээ өмсөв. Бид ч мөн хамгааллын хувцас өмсөж, малгай “углалаа”. Багажаа ариутгагч төхөөрөмжөөс гаргаж, эмчилгээний орон дээр нохойгоо хэвтүүлэн, мэс засал хийв. Дотор хэсэгт нь хайлдаг, харин гадна талын зүслэгийг мэс заслын утсаар оёж дууссанаар хагалгаа 30 минутын дараа өндөрлөлөө. Нохойнд дусал залгаж, сэрэх хүртэл нь хэвтүүлэхээр Б.Нямгарав эмч тэврэн, өөр өрөө лүү авч явлаа.
10.00 цаг. Мэс засал хийх хооронд вакцинд хамрагдах, хоолны хордлого, арьсны өвчнөө эмчлүүлэх болон салоны үйлчилгээ буюу хумсаа авхуулах, үсээ засуулах, угаалгахаар дөрвөн нохой авчирсан бөгөөд бусад эмч үзэж, үйлчилгээ үзүүлжээ. Нэг мууранд үржил хязгаарлах мэс засал хийлгэхээр авчирсан тул М.Мөнхбаатар эмч тэвэрсээр тасаг руу нь орлоо. Б.Алтансүх эмч болон манай сурвалжилгын гол баатар хоёр л дээрх мэс заслыг хийдэг аж. М.Мөнхбаатар эмч “Би энэ мэс заслыг өдөрт хамгийн ихдээ 16 амьтанд хийсэн тохиолдол бий. 800 гр-100 кг хүртэлх жинтэй амьтад ирнэ шүү дээ” гэсээр хагалгаагаа эхлүүлэв. Багадаа хайртай нохойгоо өвчнөөр үхүүлэн, чарганд ачиж, ууланд оршуулж байгаад амьтны эмч болох мөрөөдөлд анх хөтлөгдсөн аж. Тэр үед суманд нь нохой эмчлэх ажилтан байгаагүйгээс их харамсаж байжээ. Тэрбээр Архангай аймагт төрж, Сэлэнгийн Бугант тосгонд өссөн бөгөөд 2006 онд ХААИС-ийг жижиг амьтны эмч мэргэжлээр таван жил суралцан төгссөн аж. Тус мэргэжлээр өмнө нь хоёр л элсэлт авсан бөгөөд тав орчим төгсөгчтэй байжээ. Ангиасаа ганцаараа мэргэжлээрээ ажиллаж буй нь бөгөөд өдгөө энэ чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлтгэхгүй, зөвхөн ерөнхий анги буюу малын эмч л сургаж байгаа гэнэ. Тиймээс жижиг амьтны эмч ажлын талбарт л суралцаж, бэлтгэгдэж буйг хэлсэн. Эдүгээ хоёр эмчийг дадлагажуулж, ажиллуулж байгаагийн нэг нь Б.Нямгарав.
Дипломоо авсны маргаашаас Монголд анхны, “Амар” хэмээх жижиг амьтны мал эмнэлэгт ажилласнаас хойш 14 жил энэ чиглэлээр дагнаж, мэргэшсэн эмч болжээ. Ийн хүүрнэх зуур түүн рүү утасдаж, зөвлөгөө авах гэсэн тохиолдол цөөнгүй гарав. Тэрбээр “Би Монгол Улсын тод манлай уяач Б.Далайхүү гуайн хурдан морины эмчээр ажилладаг. Адууны тэжээл, вакцин, хээлтүүлэг, тамир тэнхээг хариуцдаг юм. Тэжээлээ хэрхэн тарьж, бэлтгэх талаар бид зөвлөлдлөө. Одоо ч ажлын ачаалал гайгүй болсон. 2010 оны үед TV9 телевизийн “Хоточ банхар” нэвтрүүлэгт оролцож, зөвлөгөө өгдөг байж билээ. Мөн “Малчин” телевизээр малын эрүүл мэндийн талаарх иргэдээс ирүүлсэн асуултад хариулт өгдөг байснаас хойш хүмүүс надтай их холбогддог болсон” гэв. М.Мөнхбаатар эмчийн эмнэлэгт нь ирчихээд зурагтаар зөвлөгөө өгдөг эмчид л амьтнаа үзүүлнэ гэх тохиолдол ч цөөнгүй гардаг байжээ. Спэй хийх мэс засал эхлэхэд бэлэн боллоо. Олон амьтан нэгэн зэрэг авчирч, эмч нар завгүй болсон тул ганцаараа хагалгаа хийв. Номхон дөлгөөн, ааштай, эзэн нь барьж, сургаж дийлдэггүй зэрэг янз бүрийн амьтантай харьцдаг учир их эрсдэлтэй мэргэжил гэдэг нь М.Мөнхбаатар эмчийн гаран дээрх сорвиноос харагдах аж. Мууранд хошуувч зүүлгэх боломжгүй, дөрвөн хөл нь хумстай, хурдан хөдөлдөг учир эмчлэхэд маажих, хазах зэрэг хүндрэл гардаг байна. Амьтад ч гэлтгүй эзэн нь хүртэл янз бүрийн зан араншинтай байдаг тул тэдэнтэй ойлголцож, харилцана гэдэг хэцүүг ч хэлсэн.
11.00 цаг. Дахин нэг мууранд мэс засал хийлгэхээр авчирлаа. Үйлчлүүлэгчид урьдчилан цаг авдаг бөгөөд мэс засал хийлгэх бол хоолыг нь сойж байгаад авчирдаг юм байна. Эмч амьтдын шинж, үүлдэр, биеийн байдал, сэтгэл зүйг нэгбүрчлэн анзаарч, түүнд тохируулан харьцаж буй харагдана. Тухайлбал, “Муурыг гэрээс ховор гаргадаг учир салхилахдаа биеэ барьчихна. Нохойны нулимсыг арчиж, нуухыг нь авч өгөхөд их дуртай байдаг. “Голден ретривер” үүлдрийн нохойнууд хурдан хөдөлгөөнтэй, хараагүй хүмүүст хөтөч болдог, харин “Кавказ” банхар нь нутагтаа хонь хариулдаг шүү дээ” гэх зэргээр ирсэн амьтан бүрийг шинжинэ. Муурт хийсэн мэс засал цаг хэртэй үргэлжлэв. Энэ хугацаанд эмч нэг ч удаа сууж, амраагүй бөгөөд ийш тийш хурдан хөдөлж ажилласаар байлаа. Яаралтай биш бол үдээс хойш мэс засал хийдэггүй гэнэ.
13.00 цаг. “Жонон” мал эмнэлэг “Азтай савар” төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг аж. Тус байгууллагын ажилтнууд хандив босгон, нохойнуудыг эзэнтэй болгож, эмчлүүлдэг байна. Үүний хүрээнд “Жонон” мал эмнэлгээр үйлчлүүлэхэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг гэнэ. Мөн эзэнтэй амьтдын эмчилгээнд ч хөнгөлөлт үзүүлдэг аж. Тухайлбал, эм нохойнд үржил хязгаарлах мэс засал хийхэд 80-200, мууранд бол 60-80 мянган төгрөгийн өртөгтэйг хэллээ. Монгол банхрын дөрвөн сартай гөлөг эзний хамт ирж, Б.Мөнхбаатар эмчид үзүүлэв. Галзуугийн болон гудрага зэрэг таван төрлийн өвчнөөс сэргийлдэг хам вакцин хийлгэлгүй, тэр гөлгийг одоогийн эзэнд нь худалджээ. Вакцинаа хийлгээгүйн улмаас гөлгөн нохойд халдварладаг парвовирусээр өвчилснийг эмч оношилж, эдгэх магадлал маш бага хувьтайг хэлэв. Эзэн нь уйлж, “Тэгээд яах вэ” гэхээс өөр зүйл дуугарсангүй. Найман хоногийн турш өвддөг, шингэнээ ихээр алддаг тул эмч тэр хугацаанд нь эмчилгээ хийнэ хэмээж, хэвтүүлэн эмчлүүлэх тасаг руу шилжүүлж, дусал залгууллаа. Эмчилгээний тасагт ч мөн нохой, муур авчирч, эмч нарыг хүлээсээр харагдав. “Франц бульдог” хэмээх үүлдрийн нохойны биеэр нь юм туурсан учир эзэн нь эмчлүүлэхээр авчирчээ. Түүний биеийн халуун, жинг нь хэмжин, сардаа нэг удаа усанд оруулж, өдөрт 2-3 удаа салхилуулахыг зөвлөв. Нохой, муур нь тосны булчирхайгүй тул усанд олон удаа оруулж, өөх тостой, халуун ногоотой хоол өгч болохгүй гэнэ.
Эмчлүүлэхээр ирсэн амьтдын заримд нь карт нээж, хөтлүүлдэг бол нөгөө хэсэг нь зөвхөн бүртгүүлээд үйлчлүүлдэг аж. “Жонон” эмнэлэг хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болж, картын тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа гэсэн. Эмч Монголын жижиг амьтны малын эмч нарын холбооноос гэрийн тэжээвэр амьтдад олгодог олон улсын стандартад нийцсэн гэрчилгээг танилцууллаа. Түүн дээр хилээр зорчих, вакцин хийлгэх, эмчлүүлэх, эзнээ солиулах бүрт бичилт хийж, хөтөлдөг аж. Ийн тайлбарлах зуур “Герман хоньчин” үүлдрийн нэлээд том биетэй нохойдоо савны үрэвслийн эмчилгээ хийлгэхээр авчирлаа. Эмч нохойг өргөн, зориулалтын үзлэгийн ширээн дээр хэвтүүлж, тарих гэтэл архирч, ийш тийш хөдөлсөн тул техникчээ дуудан туслууллаа. Удалгүй жижигхэн гөлөг эзнийхээ цамцны энгэрээс цухуйсаар ирсэн нь 800 гр жинтэй, Чи хуа хуа үүлдрийнх гэнэ. Тэрбээр парвовирусээр өвчилсөн бөгөөд М.Мөнхбаатар эмчилж, эдгээсэн аж. Энэ удаад вакцинаа хийлгэхээр иржээ. Эмч үзлэг хийж, “Биеийн дулаан 35 градус байна. Сульдаатай байгаа учир дулаацуулах аппаратад суулгаж, витамин өгч хэдэн хоног ажигласны дараа вакцин хийе” гэв. Гөлгийг 42 хоногтойгоос эхлэн хам вакцины тунг 21 өдрийн зайтайгаар дараалан 4-5 удаа хийх ёстой аж. Харин нас бие гүйцвэл жилд нэг л удаа галзуугийн вакцинд хамруулах юм байна. Муур бол 12 долоо хоногтойд нь гурван төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх хам вакциныг 21 хоногийн давтамжтай хийлгэх хэрэгтэй аж. Өдгөө “Ковид-19”-ийн улмаас гадаадаас импортолдог уг вакцинууд тасарч буйг эмч хэллээ. Вакцинаас гадна гэрийн тэжээвэр амьтан заавал туулга уух ёстой бөгөөд энэ нь гэдсэн дэх шимэгч хорхойг нь хөөх ач холбогдолтой юмсанж.
14.30 цаг. Нурууны хэсэг нь бүхэлдээ шархалсан муурыг нэгэн эрэгтэй тэврэн орж ирлээ. Анх үржлийн үедээ өөр мууртай ноцолдож, нуруундаа хазуулсныг эзэн нь дур мэдэн боож, эмчилснээс шарх нь хүндэрчээ. Түүнд витамин уулгаж, дусал хийн, хэвтүүлэн эмчлэхээр болов. М.Мөнхбаатар эмч “Орцны цонхноос унаж, бэртсэн, машинд дайруулсан, түлэгдсэн, хорт хавдар туссан зэрэг эмчлэхэд хүндрэлтэй амьтад ирдэг. Бүгдийг нь л эдгээхийн төлөө ажилладаг. 45 гр жинтэй хэрнээ 15 гр хорт хавдар туссан орог зусгийг эзэн нь аргаа барж, тариа хийлгэн, үхүүлэх зорилготой авчирсан. Би “Үзээд алдъя” гээд мэс засал хийхэд амжилттай болж, эдгэрсэн. Яг тэр амьтныг ингэж эмчлэх тухай заадаггүй учир бүгдийг нь практикаас суралцсан. Тас шувууг хүртэл өнгөрсөн жил эмчиллээ. Би таван жилийн өмнө Ирландад гэрийн тэжээвэр амьтны эмчилгээний сургалтад хамрагдаж, Европын улс орнуудаас туршлага судалсан нь их хэрэг болж байна” хэмээв. Хотын ойролцоох малчид хүртэл хурга, тугал нь бэртэж, өвчилбөл эднийд ханддаг аж.
15.00 цаг. Нэгэн эмэгтэй муураа, дөрвөн зулзагынх нь хамт үзүүлэхээр авч иржээ. Эзэн нь зулзагануудын эм, эрийг мэдэх, бие нь зовиуртай байгаа, эсэхийг лавлан асууж, “Эмч ээ та сайн үзээд өгөөрэй” хэмээв. Эмч “Эх нь их сүүтэй бололтой. Зулзаганууд нь төрөөд хэд хоносон гэхэд нэлээд мариатай юм. Нүд нь нуухтаагүй, биеийн байдал нь хэвийн байна. Харин эхийнх нь үс унаж байгаа тул дусал хийлгэж, сайн хооллох хэрэгтэй” хэмээв. Ингэх зуур ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард авсан гэх муур эзний хамт үзлэгийн өрөөнд орж ирлээ. “Зөвхөн түүхий мах иддэг, биеийг нь үзүүлэх гэсэн юм” хэмээхэд эмч “Зориулалтын хоолонд бага багаар дасгаж, гадуур гаргаж сургахгүй бол стресстэх магадлалтай. Гэрчилгээнээс үзэхэд нэг сар хүрээгүй байхдаа вакцинаа хийлгэсэн байна. Хилээр гаргахад вакцинд зайлшгүй хамруулсан байх ёстой. Тиймээс хугацаа нь болохоос өмнө вакцинжуулжээ. Гэхдээ одоо зүгээр” гэв.
16.00 цаг. Хүнтэй адил амьтан ч мөн бүх төрлийн өвчин тусдаг гэнэ. Хөхний хорт хавдар, давсагны чулуутай болох зэрэг нь амьтдын дунд түгээмэл өвчин аж. Бүр гоо сайхны мэс ажилбар болох чихээ соотойлгох, сормуус нь дотогш ургасан бол зовхи татах мэс засал ч хийдгийг эмч хэлсэн. Сэзи хэмээх нэртэй мууранд шинжилгээ хийлгэн, М.Мөнхбаатар эмчид үзүүлэв. “Өвөл даарч байжээ. Чихнийх нь үзүүр хэсгийн арьс хатингаршиж, биеийнх нь үснүүд шингэрчээ” хэмээн харангуут оношилж, одоо бие нь сайн байгааг тайлбарлалаа.
17.00 цаг. М.Мөнхбаатар эмчийн ажлын цаг үүгээр дуусав. Өнөөдөр тус эмнэлгээр гэрийн тэжээвэр 20 гаруй амьтан үйлчлүүлснийг бүртгэлд нэгбүрчлэн бичжээ. Тэд үсээ засуулж, усанд оруулахаас эхлээд спэй хийх мэс засал зэрэг арав гаруй төрлийн үйлчилгээ авсан байна. Хэвтэн эмчлүүлэх тасагт нь өглөө найман амьтан байсан бол орой арван нэг боллоо. “Жонон” мал эмнэлгийн хананд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн ангийн малын эмчийг нэг жилийн хугацаатай жижиг амьтны эмчилгээний чиглэлээр сургаж, явуулсны талархал, гэрчилгээ харагдах аж. Мөн дүүргүүдээс явуулсан нохойны үржлийг хязгаарлах мэс заслын ажилд идэвхтэй оролцож, хамгийн олныг хамруулсны гэрчилгээ ч байв. Эцэст нь “Амьтан тэжээнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Судалгаа хийж, санхүүгийн боломжтой болсон цагтаа амьтан тэжээх хэрэгтэй. Балчир хүүхэдтэй, гадаад руу явах, эсэхээ тооцож, вакцин, үйлчилгээнд нь бүрэн хамруулж, цаг гаргаж чадах бол амьтан асраарай. Мөн орон сууцад амьдардаг бол гадагш гарахдаа нохойныхоо ялгадсыг цэвэрлэх ууттай, эд хэрэгсэлтэй явах соёлд суралцах нь чухал” хэмээв.