Сагсан бөмбөг сонирхогчдод Данди нэрээрээ алдаршсан тамирчин бол ОУХМ Д.Бат-Эрдэнэ юм. Ахыгаа дагаж хоёрдугаар ангиасаа сагсан бөмбөг сонирхон хичээллэсэн тэрбээр 1995 онд өсвөрийн УАШТ-ээс алтан медаль хүртэж, тамирчны гараагаа эхэлсэн түүхтэй. Тоглолтын хурд, мэдрэмжээрээ гайхагддаг байсан mүүнийг “Залуус” буландаа урьж ярилцлаа.
-Хүүхэд байхдаа өдөржин сагс тоглож, бэлтгэл хийдэг байсан гэж сонссон.
-Аавыг минь Д.Дамбаа гэдэг. “Эрх чөлөө” сонинд өрөгч, Эрчим хүчний газар, хүнсний үйлдвэрт цахилгаанчин хийдэг байлаа. Тэр үед аавын найз Дарьсүрэн Хөвсгөл аймгийн БТСХ-ны даргаар томилогдож ирсэн юм. Ажлынхаа хажуугаар тус хорооны сахиулаар ажиллахыг аавд санал болгосон. Спорт хорооны заалны гэрлийг шөнө асааж болохгүй учир цонхоор нь тусах сарны гэрэлд торгууль, холын зайн шидэлтээ 2-3 цаг давтдаг байв.
-Хөвсгөл аймгийн баг УАШТ-д түрүүлж байсан. Тэр тухайгаа яриач?
-Хөвсгөл аймагт Соёл, спортын шинэ төв барьж, дунд сургуулиудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Тэр үед би гудамжнаасаа холдож үзээгүй шахам хүүхэд аймгийнхаа захын хорооллоос төв орж, тэмцээнд түрүүлэн аварга боллоо. Ингэж л анх багш, дасгалжуулагчдын хараанд өртөж, аймгийнхаа шигшээ багийн тамирчин болсон юм. Тэр үед спорт хорооны дасгалжуулагч Оюундалай багш сагсан бөмбөгийн секц хичээллүүлдэг байлаа. Түүний удирдлагад өдөр бүр бэлтгэл хийнэ. 1993 оны айхавтар зудын жил анх удаагаа Хөвсгөл аймгаа төлөөлж, Баянхонгорт болсон өсвөрийн УАШТ-д явлаа. Очтол эрх авах тэмцээнд оролцоогүй учир биднийг тэр жил хасчихлаа. Дараа жил нь уг тэмцээнд оролцож, шигшээ наймд үлдэж, чамлахааргүй амжилт гаргасан. Зун хашаандаа сагсны шийд зоож, ус, түлээгээ бэлдчихээд, өдөржин бэлтгэл хийдэг байв. 1995 оны өсвөрийн УАШТ-ий шигшээ дөрөвт “Эрдэнэт”, “Хөх тэнгэр”, “Сэлэнгэ” багтай үлдэж, манай аймгийнхан анх удаа түрүүлсэн. “Тайгынхан алтан медаль авлаа” хэмээн хэвлэлээр бичиж байсан даа, тэр үед.
-Та 1995 оны өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч болсон. Шилдэг тоглогч болохын тулд их хичээсэн нь лавтай. Сагсан бөмбөгийн спортод хэрхэн татагдав?
-Намайг бага ангид байхад Америкийн сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жордан ид шуугиулдаг байлаа. Тэр агуу тоглогчийг үзээд сагс тоглохыг мөрөөдөж эхэлсэн. Намайг хоёрдугаар ангид байхад манай өвөө “Уран дөш” хүүхдийн зусланд манаач хийлээ. Зун өвөөгийндөө очиж амрангаа, зуслангийн шийдэн дээр л өнждөг хүүхэд болсон. Дөрөвдүгээр ангид орсон жил манай хоёрдугаар найман жилийн сургуульд их, дээд сургуулиа дүүргээд ирсэн залуу багш нар ажиллахаар ирлээ. Шинээр ирсэн багш нар минь спорт сонирхдог байсан тул дөрөвдүгээр ангийнхны дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм. Манай ээжийг Д.Буянхүү гэдэг, бага ангийн багш мэргэжилтэй. Дөрөвдүгээр анги хоёр бүлэгтэй. 4а бүлгийн анги удирдсан багш нь манай ээж байлаа. Манай анги ээжийн шавь нарыг 4:2 харьцаатай хожчихов. Тухайн үед шавь нар нь намайг шоглох гээд, би сургууль тойрон зугтааж байснаа ер мартдаггүй юм.
-Оюутны лигт гурван жил дараалан түрүүлсэн. Таныг сагсан бөмбөг сонирхогчид Данди нэрээр тань анддаггүй юм билээ.
-Биеийн тамирын дээд сургуульд урилгаар суралцаж, төгссөн. Оюутан болчихоод Төв аймгийн Бор нуурын сангийн аж ахуй руу намрын ургац хураалтад явахдаа “Матар хочит Данди” киноны гол баатрын шиг бүрх малгай өмссөн болохоор намайг ангийн нөхөд тэгж хочилсон хэрэг. Тэр үед дээд курсийн ах нар намайг хайж, намрын ажил дээр ирсэн нь сургуулийнхаа шигшээ багт тоглуулах бодолтой байж. Ах нартай нэг баг болж залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс алт, хүрэл хүртэж байлаа. 1995 онд Оюутны лигийг анх удаа зохион байгуулахад Цагдаагийн сургууль, ТИС нэг, хоёрдугаар байрт шалгарч, манайх гуравдугаар байр эзэлсэн. Дараа жилээс нь манайх гурван жил дараалан түрүүлж билээ. 1999 онд төгсөхдөө “Спортын мастер” цол хүртсэн.
-Дээд лигийн гараагаа “Аянга” багаас эхэлж байсан. Өөр ямар ямар багт тоглож байв?
-“Генералууд” багийн дараагийн үеийг бэлдэх зорилгоор 1997 онд “Аянга” багийг бүрдүүлсэн. Туршлага хуримтлуулах зорилготой, цалингүй тоглодог байлаа. Дараа жил нь “Генералууд” багтаа буцаж ирсэн. 1999 оны лигт “Азарганууд” багт тоглож аварга, бүх оддын тоглолтын шилдэг тоглогч болсон. Тухайн үед 55 мянган төгрөгийн цалинтай тоглож байлаа. 2000 онд лигийг драфталхад “Баганат өргөө” багт нэгдэж зургаан жил, 2007 онд “Уурхайчин” багт тоглосон. Дасгалжуулагч О.Баярцогт багш “Ингэж явсаар карьер чинь дууслаа. Чи манай багт орж тоглооч” гэж хэлснээр “Хасын хүлгүүд”-д орж, 2008-2010 оны лигийн аварга болохдоо, 2008 онд Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн тэргүүн тоглогч болсон.
-Тамирчдыг бэртэл гэмтэл байнга дагадаг гэдэг дээ. Та ч бас энэ зүйлийг тойроогүй л байх.
-Энэ спортоос өөр зүйл байдаггүй юм шиг явсан үе бий. Миний хувьд талбай дээр бүх байрлалд тоглохын тулд өөрийгөө маш их дайчилсан. Манайхны хэлдгээр сагсан бөмбөгийн “хар ажилд” сайн гэх үү дээ. Ингэж тоглож байхдаа толгойдоо цохиулах, түлхүүлэх, татуулах зэргээр гэмтэл бэртэл авчихдаг байлаа. Эхнэр минь “Одоо болиод үр хүүхдээ бод” гэж хэлдэг боллоо. Залуучуудад захиж хэлэхэд нэг зүйлд хэтэрхий их дурлах нь заримдаа өөрийгөө эрсдэлд оруулдаг юм билээ шүү.
-Сэтгэлд үлдсэн тэмцээн хэр олон байдаг вэ?
-Тамирчин хүнд баяр баясал, харуусалтай олон тэмцээн байдаг. Миний хувьд 2002, 2006 оны тоглолтод тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй. Харин 2009 оны Зүүн Азийн тоглолт, 2010 оны Азийн наадамд оролцож, өөрийгөө дайчлан, сайн ч тоглосон гэж боддог. Тоглолтын өмнөх бэлтгэл дээр шөрмөс татах, ядарч цуцах зэргээр багагүй бэрхшээл тулгарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар хасагдахгүйн тулд тэр бүхнийг тэвчээд өнгөрөөдөг байлаа. Асар их өвдөлтийг тэвчин, талбайд тоглож байхдаа өөрөөрөө их бахархсан. Тухайн үед болохгүй бол Хятадын өндөр тоглогчийн өвдгөн дээр тулж үсрээд бөмбөг авах талаар хүртэл бодож байж билээ.
-Таныг олон улсын тэмцээнд цөөхөн явсан гэлцдэг. Учир юунд байв?
-Спорт бол залуу насны л зүйл байдаг. 2006 онд Японд болсон Азийн тоглолтод оролцохоор шигшээ багтай нэг сар гаруй хугацаанд бэлтгэл хийлээ. Тэмцээнд явахаас гурван хоногийн өмнө миний гадаад паспортыг минь өгөхдөө албаныхан “Намхан байна” гэсэн тайлбар хамт зүүсэн. Ид үедээ байсан би нулимстай хоцорч байлаа. Учир шалтгааныг олохоор хөөцөлдөж байгаагүй ээ. Хүний хувь тавилан өөр өөр, өөрийн төрсөн цаг хугацаандаа орон зайгаа эзлээд явдаг. Шилжилтийн үеэс дараагийн үе рүү сагсан бөмбөгийн хөгжлийг аваачихын тулд өөрийгөө зориулсан. Аливаа зүйлийн мөн чанарыг нь таних хэрэгтэй. Тэр мөн чанар луу тэмүүлэхийн тулд биеийн хөдөлгөөн, оюун санаагаа нэгтгэх шаардлагатай. Эцэст нь сагсан бөмбөгт зүрх сэтгэлээ зориулж явсан үеэ дурсахад сайхан байлаа. Би одоо Иргэний нисэхийн ерөнхий газарт мэргэжилтнээр ажилладаг. Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Энэ ташрамд, байгууллагынхаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Бэлтгэсэн: Д.Энхманлай