Хүн бүр хуулиа судалж хуульч биш хуульч байхыг нийгэм шаардах болсон билээ. Монгол Улсад гарч буй хэрэг, зөрчлийн дийлэнх нь иргэдийн эрх зүйн боловсрол муутай холбоотойг хуульчид хэлдэг. Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр батлан, хэрэгжүүлээд хоёр жил өнгөрчээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ)-гийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулгатай ярилцлаа.
-Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсад иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг үе үеийн Засгийн газар бодлого шийдвэртээ тусгасаар ирсэн. Жишээ нь, Эрх зүйн дунд хугацааны, Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлсэн байдаг. Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулах Засгийн газрын тогтоол ч гарч байлаа. 2018 оны хоёрдугаар сарын 14-нд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр баталсан. Аливаа бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийг тодорхой хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Эл хөтөлбөрийг 2023 он хүртэл таван жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.
-Энэ хөтөлбөрийн гол зорилго юу юм бэ?
-Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, эрх зүйн боловсролыг аль болохоор энгийн ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар иргэдэд хүргэх үндсэн зорилготой. Өөрт тулгарсан асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэдэг чадвартай болгоно гэсэн үг. Тэдэнд эрх зүйн туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг аль болохоор олон сувгаар хүргэхийг хичээж байна. Засгийн газрын 2018 оны 109 тогтоолоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулсан. Зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж, 18 байгууллагаас 23 хүн бүрэлдэхүүнд нь багтдаг юм. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ХЗҮХ-гийн захирал. Манай хүрээлэн хууль тогтоомжийн үнэлгээ, хэрэгжилт, судалгаа хийдэг, түүнийг хэрэгжүүлэх, сурталчлах таниулах чиг үүрэг хэрэгжүүлдэг эрдэм шинжилгээний байгууллага. Тиймээс Үндэсний зөвлөлийн ажлын алба манай байгууллагад төвлөрдөг юм.
-Ажлын алба хамгийн түрүүнд ямар ажил хийв?
-Хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хамгийн түрүүнд барьж авсан. Энэ дагуу эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгохоор ажиллаж байна. Эрх зүйн хөтөч нь заавал хуульч, өмгөөлөгч байх албагүй. Ямар ч мэргэжил боловсролтой хүн байж болно. Гэхдээ иргэдэд хууль зүйн холбогдолтой зөвлөгөө өгч, мэдээлэл сурталчилгааны ажил хийдэг хүн байх юм. Ийм чиг үүрэгтэй хүмүүсийг үндэсний хэмжээнд бий болгохыг зорьж, эхнээсээ үр дүнд хүрсэн. Энэ тогтолцоо гадаадын улс оронд ихээхэн дэлгэрсэн байдаг. Үүнийг паралегал буюу хууль биш хуульчдын тогтолцоо гэж нэрлэх болсон. 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн ЗДТГ-ыг эрх зүйн хөтөчтэй болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Увс, Хэнтий, Дорноговь, Өвөрхангай, Дундговь, Төв, Өмнөговь аймагт сургалт зохион байгуулж, 821 хүнийг эрх зүйн хөтчөөр бэлтгэлээ. Нэг сумын 2-3 хүнийг сургалтад хамруулсан. Төрд ажиллаж буй багш, нийгмийн ажилтан, ЗДТГ-ын эрх зүйн сурталчилгаа хариуцсан түшмэл, насан туршийн боловсролын үндэсний төвийн сургагч багш нарыг эрх зүйн хөтчөөр бэлтгээд байна. Эдгээр мэргэжилтний ажлын чиг үүрэгт иргэдэд эрх зүйн боловсрол олгох асуудал багтдаг. Сургалтад хамруулахаас гадна ном, гарын авлагаар хангаж, үйл ажиллагааг нь журамлалаа Эрх зүйн хөтчийн ажиллах журмыг Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хөтөч хуульчаас юугаараа өөр вэ, ямар цар хүрээтэй ажиллахыг нарийн зааж өгсөн. Заавал эрхзүйч биш, ямар ч мэргэжилтэй байж болно, гэхдээ дээд боловсролтой хүнийг эрх зүйн хөтчөөр сургана гэж журамласан. 21 аймгийн 11-т нь эрх зүйн хөтөч сургаж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодотгож өгсөн.
-Танай байгууллага орон нутагт хүрч ажиллаж чадаж байна уу?
-Бүх бололцоогоо дайчлан ажилладаг. Мөн төрийн бус байгууллагынхныг энэ ажилд татан оролцуулж байна. Энэ тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар зөвлөгөө өгөх эрх зүйн хөтөч, орон байртай байх эрхийн талаар зөвлөгөө өгөх эрх зүйн хөтөч зэргээр төрөлжүүлнэ гэж дээрх журамд тусгасан. Нээлттэй нийгэм хүрээлэн, “Монголын Эмнести интернэшнл”, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хүүхдийн номын сан гээд 5-6 төрийн бус байгууллага иргэдэд эрх зүйн боловсрол олгох хөтөч бэлтгэж буй. Дугаар хорооны иргэн Дорж гуай өмгөөлөгчид өгөх мөнгөгүй, хаана хандахаа ч мэдэхгүй байж болно. Энэ мэт асуудал тулгарсан, түүнийгээ шийдэх арга замаа мэдэхгүй хүмүүст эрх зүйн хөтөч нар зөвлөгөө мэдээлэл өгч, хаана хандахыг нь зааж чиглүүлэх үүрэгтэй юм. Жишээ нь, сумд нотариатч байдаггүй. Ийм тохиолдолд Засаг дарга нотариатчийн үүргийг гүйцэтгэдэг гэдгийг хэлж өгөх юм уу, шинэ хууль тогтоомж баталсан, нэмэлт, өөрчлөлт оруулсан бол хэлж тайлбарладаг, сурталчлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэн аймаг руугаа явах шаардлагагүйгээр сумдаа асуудлаа шийдэж болно. Бид эрх зүйн хөтөч нарыг арга зүйгээр байнга хангадаг.
-Үндэсний хэмжээний хөтөлбөр атлаа мэдээлэл, зөвлөгөө түгээж буй цар хүрээ хязгаарлагдмал юм биш үү?
-Хууль зүйн үйлчилгээний хүртээмж хангалтгүй нь үнэн. Монголд 5000 гаруй хуульч бий. Тэд шүүгч, прокурор, өмгөөлөгч бусад хуульч гэсэн ангилалд багтана. Энэ тоог Монгол Улсын нийт иргэнд хуваавал нэг хуульчид 600 хүн ногддог гэсэн үг. Гэхдээ шүүгч, прокурорууд тэр бүр иргэдэд хүрч ажиллах боломжгүй, өмнөө байгаа хэргүүдийн доороос өндийхгүй шахам ачаалалтай ажилладаг. Харин 2000 өмгөөлөгчийг хүн амд хуваавал аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг дүн гарна. Тэгээд ч өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн туслалцааг ихэвчлэн төлбөртэй үзүүлдэг. Тиймээс цахим технологид суурилсан, эрх зүйн мэдлэг түгээх ажлыг эхлүүлсэн. Хууль зүйн зөвлөгөө мэдээллийн www.e-khutuch.mn цахим хуудас ажиллуулж байгаа. Иргэд энэ цахим санд хандаж хуулийн зөвлөгөө, мэдээлэл авч болно. Мөн маш олон контент хийж сайтдаа байршуулсан. Жишээ нь, “Хуулийн цаг” богино хэмжээний 96 ангит кино хийлээ. Хуулийн мэдлэг түгээх шторкуудыг уг хуудаснаас үзэж болно. Газар ашиглах, эзэмшихтэй холбоотой мэдээлэл, нийгмийн халамжийн үйлчилгээ авах бол хэнд хандах, хөдөлмөрийн харилцаа, гэр бүлийн асуудлаарх зөвлөгөө бас бий. 21 аймаг, 330 сумын Засаг дарга иргэнд ямар үйлчилгээ үзүүлэх үүрэгтэйг асуулт хариулт хэлбэрээр оруулаад байна. Иргэд хууль зүйн мэдээллийн энэ баазад хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Асуулт үлдээх хэсэг рүү ороод тулгамдсан зүйлээ бичвэл манай хуульчид 24 цагийн дотор хариу өгөх болно. Хувийн хаягаа үлдээсэн бол асуултын хариуг цахим шуудангаар ч илгээдэг.
-Монгол Улс цахим хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг болохоор энэ арга зөв юм байна.
-Нийслэлд 15-60 насныхны 80, орон нутгийн энэ насныхны 70 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг. Тиймээс фэйсбүүк орчинд “Хууль зүйн луужин-1” пэйж хуудас хөтлөн явуулж байна. Энд хуудсанд нэгдэн, коммент хэсэгт асуултаа үлдээж болно. Чатаар ч хандах боломжтой. Бид цахим орчинд байгаа иргэд рүү чиглэсэн хууль зүйн үйлчилгээг хэдийн нэвтрүүлсэн гэсэн үг. Ард нь мэргэжлийн шаардлага хангасан эрхзүйч, хуульчид зөвлөгөө өгч ажилладаг. Мөн иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан мэдээллийг уг пэйж хуудсандаа байршуулдаг. Энгийн ойлгомжтой, зурагтай, дүрстэй, яриатай, асуулт хариулттай гээд бүх хэлбэрээр мэдээлэл оруулж байна. Хууль уншаад бүхэлд нь ойлгодог хүн цөөн. Тиймээс иргэнд хамааралтай зохицуулалтыг мэдээлэхийг зорьдог юм. Гомдол, маргааныг хэн шийдвэрлэдэг, Зөрчлийн тухай хуулийн онцлог ийм гэх мэт бүх мэдээллийг оруулахыг хичээдэг. Бас хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаарын утсаар иргэдэд анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Уг дугаар луу залгахад энгийн утасны тарифаар төлбөр бодогдоно. Өдөрт 10-20 хүн эл дугаарт ханддаг юм. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын нэг хэсэг нь энэ.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Хууль зүйн боловсрол олгох ажлыг аппликэйшн хэлбэрээр хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, иргэд гар утаснаасаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авахад дөхөм болгоно. Мөн чат пот систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь иргэн асуулт тавихад тэр дор нь хариулах автомат систем юм. Энэ жил 10 аймагт сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн ч “Ковид-19” цар тахлаас үүдэн хойшилсон. Гэхдээ цахимаар хууль зүйн мэдээлэл түгээхэд анхаарч, цөөнгүй зүйл хийснээ дээр дурдлаа.
-Энгийн иргэнд зориулсан хууль зүйн гарын авлага, товхимол ховор байдаг шүү дээ.
-40 орчим сэдвээр хууль эрх зүйн мэдлэг олгох тараах материал бэлдсэн. Жишээ нь, малчин нийгмийн даатгалаа хэрхэн нөхөн төлөх, ноос, ноолуурын урамшууллаа яаж авах, ямар тохиолдолд аварга малчны болзол хангасан гэж үзэх вэ зэргийг тусгасан гарын авлага бэлдэж тараагаад байна. Мал хулгайлах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, тариалангийн бүсэд мал маллах бол яах вэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан аудио цомог ч гаргасан. “Чимээгүй хөрш” кино бэлтгэлээ. Мөн “Өрхийн эрх зүйн хөтөч” гарын авлага тарааж хэвлүүлсэн. Эхний ээлжид 821 хөтчид эдгээр тараах материал гарын авлага, ном өгөөд байна.
-Төрийн албан хаагч бус, энгийн хүмүүс рүү чиглэсэн эрх зүйн сургалт явуулж болдоггүй юм уу. 821 албан хаагчийг сургасан юм байна. Гэтэл төрийн албан хаагч завгүй байх нь бий.
-Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт хууль сурталчлах ажил байдаг. Тиймээс эхний ээлжид энэ үүргийг нь сануулж, журамласан. Илүү хариуцлагатай болгох үүднээс сургалтад хамруулж, гарын авлагаар хангалаа. Тэд иргэдэд эрх зүйн мэдлэг түгээнэ. Иргэдийн эрх зүйн боловсрол нэмэгдэж байж авлига, хээл хахууль, аливаа гэмт хэрэг буурах юм. Цаашлаад эрхээ мэддэг, хамгаалдаг, урьдчилан сэргийлдэг болно. Хөтөлбөрийг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд цаашид нягт уялдаа холбоотой, санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд идэвхтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Бид тэтгэвэрт гарсан хуульчдыг эрх зүйн хөтчөөр ажиллуулахаар төлөвлөсөн. Цаашлаад жирийн малчин хүртэл хуульч биш хуульч буюу эрх зүйн хөтөч байж, бусдадаа энэ талын мэдлэг түгээдэг болгохын тулд ажиллаж байна.