Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Хэрлэнгийн барилдааныг бөх сонирхогчид шимтэн үздэг. Тэрбээр 66 кг-д зодоглож эхэлсэн цагаасаа медалийн хур буулгаж, шагналын тавцанд олонтоо зогссон. Түүний жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Афины олимпоос хүрэл медаль хүртсэн бол ОУХМ С.Мияарагчаа чансаа өндөр, дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог “World masters” тэмцээнд хүч сорьж, 2010, 2012 онд түрүүлэн аварга болсон. Авхаалж самбаа, эр зориг, ур чадвар, туршлагаараа дэлхийн дэвжээнд танил болсон ах нараасаа тэрбээр суралцаж, амжилтыг нь үргэлжлүүлж явна. Тухайлбал, 2017 онд ОХУ-ын Санкт-Петербургт болсон дээрх тэмцээнээс алт, 2019 онд БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулахад эх орондоо мөнгөн медальтай ирсэн юм. Жүдогоос гадна самбо, кураш, үндэсний бөхөөр барилддаг тэрбээр өдгөө олимп, дэлхийн чансааны эрэмбээр тус бүр дөрөвт жагсдаг. “Гран при” наадмын таван алт, хоёр мөнгө, арван хүрэл медальтай түүнийг “Залуус” буланд зочноор урив.
-2020 оныг та амжилт арвинтай угтсан. Шинэ оны өмнөхөн дэлхийн шилдэг жүдочдын хүч сорьдог “World masters” тэмцээнээс мөнгөн медальтай ирээд, энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүллээ.
-Олимпын жил байсан болоод ч тэр үү бэлтгэл жигдэрсэн, амжилт ч арвин байлаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Францад болсон Парисын, мөн Германд зохион байгуулсан Дюссельдорфын “Их дуулга”-аас манай тамирчид медальтай ирсэн. Би шинэ оны өмнөхөн БНХАУ-ын Чиндао хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбооны ес дэх удаагийн “World masters” тэмцээнд дэлхийн шилдэг 32 бөх өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглож, мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь 2017 онд энэ тэмцээн ОХУ-ын Санкт-Петербургт болоход шилдэг 16 жүдоч урилгаар оролцсон. Аваргын төлөө Казахстаны Елдос Зумакановтай барилдаж, түрүүлж байв. 2018 онд бэлтгэлээ сайн базаасан ч бэртэлтэй байсан тул VII байрт орсон. Би одоо олимп, дэлхийн чансаанд тус бүр дөрөвдүгээрт жагсаж байгаа.
-Хүлгийн дэл дээр салхи татуулан явж байсан хүүг их спорт руу авга ах тань урвуулчихсан гэдэг, үнэн үү?
-Тийм ээ, би Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат. Аав минь бөх, хурдан морь сонирхдог, хоёр хүүгээ тамирчин болгохыг хүсдэг байлаа. Намайг жүдогоор хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол авга ах Л.Занданхүү. Залуудаа самбо, байлдааны самбогоор хичээллэдэг байсан юм. Миний төрсөн ах Г.Ганзориг үндэсний бөхөөр барилддаг, аймгийн заан цолтой. Хүүхэд нас минь морины дэлэн дээр өнгөрсөн. Аав уяач, морьдоо сойж, аймаг, сумын наадамд уралдуулдаг. Би аавынхаа уясан морьдыг 13 нас хүртлээ унаж, хурдлуулсан. Нэг удаа өвлийн бооцоотой уралдаанд оролцсон хүүхдүүдээс хамгийн бага настай унаачаар шалгарч, хурганы арьсаар шагнуулж билээ. Хамгийн сүүлд Баруунбүрэн сумд болсон даншиг наадамд хурд сорьсноос хойш дахиж уралдаагүй. Намайг бие жижиг, хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан болохоор аав жүдо бөхөөр хичээллүүлэхээр ахдаа даатгасан.
-Ахыгаа дагаж, үндэсний бөхөөр барилдаж байв уу?
-Хурдан морь унадаг хүүхдүүд нэгэнтэйгээ барилдаж, ноцолдоно. Нэгийг нь давж, нөгөөд нь өвдөг шороодсоор үндэсний бөхөд дуртай болж билээ. Монгол эрчүүд багаасаа морин дэлэн дээр хэрсүүжиж, хатуужил тэвчээртэй болдог шүү дээ. Унаач хүүхдүүд наадамд уралдах морьдынхоо хөлсийг хатахыг хүлээж, дор хаяж гурван цаг зогсдог. Тэр бүхэн бэрхшээлийг даван туулах тэсвэр тэвчээр суулгасан. Багаасаа үеийнхэнтэйгээ, ахтайгаа ноцолдож өссөн болохоор наадам дөхөхөөр сэтгэл догдолж, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан үзэх гэж хоног тоолон хүлээдэг сэн.
-2011 оны улсын их баяр наадмын барилдаанд өөрийг тань хоёр давсныг хүмүүс төдийлөн мэддэггүй. Жүдогийн тамирчдаас л таныг кураш, самбо бөхөөр барилддагийг мэдлээ.
-Би айлын бага хүү. Ах, хоёр эгчтэй. Ахтайгаа барилдсаар байгаад үндэсний бөхөд дөртэй болсон. 1024 бөх барилдсан 2011 оны улсын баяр наадамд зодоглоод хоёр давлаа. Нэгийн даваанд аймгийн цолтой бөхийг, хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Д.Бадрахыг өвдөг шороодуулсан. Үүнээс өмнө нь үндэсний бөхийн барилдааны УАШТ-д зодоглож, V байрт шалгарч байв. Хүмүүс намайг хурдан морь унаж өссөн, үндэсний бөхөөр барилддаг байсныг нэг их мэддэггүй. Жүдогоос гадна самбо, кураш бөхөөр бас барилдана. Хүн өөрийн хичээл зүтгэлээс гадна урам, дэмээр урагшилдаг шүү дээ. 2008 онд Туркийн Истанбулд зохион байгуулсан кураш бөхийн залуучуудын ДАШТ-ий аварга болж, ОУХМ цол хүртсэн. Тэр жилээ самбо бөхийн Азийн АШТ-д тэргүүлж, 2009 онд залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртчихээд их урамшсан.
МАНАЙ ЖҮДОЧИД 66 КГ-ЫН ЖИНГ АМЖИЛТ ДАЛЛАДАГ ГЭЖ ЯРЬДАГ
-Бөхийн олон төрлөөр хичээллэж, амжилт гаргажээ. Тэгвэл жүдогийн ертөнцөд хөл тавьж байсан үеэ сонирхуулж ярихгүй юу?
-Өөрийгөө азтай гэж боддог. Өдий зэрэгтэй яваа нь авга ах, гэр бүлийнхний минь сэтгэлийн дэм, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Хэрвээ намайг дэмждэггүй байсан бол амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Жүдогийн спортод 2006 онд хөл тавьсан цагаасаа тууштай хичээллэсээр 14 жил болжээ. Сант сумынхаа В.Ганболд багшийн удирдлагад жүдогоор анх хичээллэж, дараа нь Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч Г.Батбилэг багшийн шавь болж, спортын замналаа эхлүүлсэн. Жүдогоор хичээллэсэн болгон улсын шигшээ багт багтдаггүй. Олон шалгуур давж, тэмцээнд тодорхой амжилт гаргаж байж босгоор нь алхдаг. 2012 онд шигшээ багт орж, ах тамирчидтайгаа бэлтгэл хийснээр амжилтаа ахиулсан.
-Та жин өгсөж 66 кг-д зодоглож байгаа. Энэ жинд барилдаж эхэлсэн үеэсээ амжилтынхаа буухиаг ахиулсан санагдана.
-Гадаадын жүдочид олимпын циклд жингээ өөрчилж, амжилт гаргах боломжтой жинг сонгож барилддаг. Би ч гэсэн тэдний жишгийг дагасан. Миний хувьд 60 кг-ын жинд 2012-2016 он хүртэл барилдахдаа чамлахааргүй амжилт гаргасан. 2016 онд “Чингис хаан” гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэж, “Рио 2016” олимпод оролцох эрх авч байлаа. 2017 оноос 66 кг-ын жинд зодоглох болж, хүчний бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Энэ жинд Японы Токиод болсон тэмцээнд анх барилдаж, олимпод V байрт шалгарсан Словенийн бөхөд хожигдсон. Барилдааны цагийг сунгасан ч түүнтэй ана мана үзэж байгаад ялагдсан юм. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Жүдо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа миний барилдааныг үзээд “Чи хойшдоо 66 кг-д барилд. Чамаас боломж харагдаж байна” гэж зөвлөсөн. Монголын тамирчдаас энэ жинд барилддаг самбо бөхийн дэлхийн аварга Д.Алтансүх, мөн ОУХМ Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Н.Мөнхбаяр гээд хүчтэй өрсөлдөгч бий. Жүдогийн 66 кг-д барилддаг байсан бөхчүүдээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар гаргасан амжилтаараа дэлхийд танигдсан жүдоч болсон. Тиймээс энэ жинг манай жүдочид амжилт далладаг гэж ярьдаг юм.
-2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Эрхэмбаяртай барилдаж түрүүлээд, Азийн АШТ-д оролцох эрхтэй болж байсан. Тэгвэл энэ жилийнхэд мөн л түүнтэй аваргын төлөө хүч үзэж илүүрхлээ.
-Тэр жилийн УАШТ-д аваргын төлөө түүнтэй барилдаж хожоод, Азийн АШТ-ээс хүрэл медаль өвөртөлж, Европын ДАШТ-д өрсөлдөх эрхтэй ирсэн. Тэр үед манай шигшээ багийнхан “Чи жиндээ хурдан дасаж байна” гэж урам хайрлалаа. Миний хувьд энэ жинд өрсөлдөх анхны ДАШТ байсан болохоор том зорилго тээж оролцсон. Тухайн үед туршлага дутаж, өрсөлдөгчдөө ялагдаад их харамссан, багшдаа ч зэмлүүлсэн. Олны итгэлийг тээж явсан надад хожигдох хэцүү байлаа. Тэмцээний дараа сэтгэлээр унаж, хямарсан. Тамирчин хүн амжилт гаргахгүй бол спортын талбарт хэн ч биш болдог. Монголдоо ирээд бөх сонирхогчдоос шүүмжлэл багагүй сонслоо. Хэд хоног амарч, бэлтгэлээ сайтар базааж, Узбекистаны Ташкентэд болсон “Гран при” тэмцээнд зодоглохдоо “Одоо л хариугаа авна даа” гэдэг бодол төрж байлаа. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, нэг хэсэгтээ л тавгүйтсэн сэтгэлээ тайвшруулсан.
-ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон чансаа өндөр 16 жүдоч урилгаар оролцдог “World masters” тэмцээний аваргын төлөө барилдахаар дэвжээнд гарч ирэхэд тань цэнхэр дэлгэцээр харсан монголчууд амьсгаа дарж суусан гэдэг. Тэр үнэхээр бахархам, сайхан барилдаан болсон л доо.
-Ташкентээс ирээд ОХУ-ын Санкт-Петербург хотод болох чансаа өндөр, дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог “World masters” тэмцээнд оролцох боллоо. Тэмцээнд оролцох тамирчдын нэрийг хартал би 16-д бичигдэж. Багшдаа “Миний нэрийг 16-д бичжээ, тиймээс хойшоо ч ухарч магадгүй” гэж хэлэхэд намайг оролцуулахаар болж, Токиод хамтарсан бэлтгэл хийх шигшээ багийнхантай явуулалгүй үлдээсэн. Монголдоо бэлтгэлээ хийж байгаад тэмцээнд оролцохоор ОХУ-ыг зорилоо. Тэнд очоод “Би шилдэг 16-д багтаж чадах болов уу” гэж өөртөө эргэлзэж байтал урилга ч ирэв. Тэр тэмцээнд жиндээ тэргүүлж, аварга болчихоод их баярласан. Хагас шигшээд Израилын бөх Баруч Шмайлов, Тал Фукерыг тус тус ялж, аваргын төлөөх барилдаанд Казахстаны Елдос Зумакановыг буулган авч, алтан медаль хүртэж байлаа.
МАНУЭЛЬ ЛОМБАРДО МИНИЙ САНААНД БАГТААД БАЙГАА
-Бага байхаасаа л Д.Төмөрхүлэгтэй нэг жинд барилдсан. Одоо ч өрсөлдөгч хэвээрээ. Л.Занданхүү гуай “Түүнээс хоёр дахин илүү хөдөлмөрлөж байж чи амжилт гаргана” гэж хэлдэг байсан гэл үү.
-ОУХМ Д.Төмөрхүлэг миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Бид хүүхэд байхаасаа нэг жинд барилдсан. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д байнга өрсөлдөнө. Тэрбээр өсвөрийн УАШТ-д түрүүлсэн бол би залуучуудынхад түүнийг ялж аварга болдог байв. Бид дэвжээнд өгөө аваатай л урагшилсан. Тиймээс нэгнийхээ барилдааны онцлогийг сайн мэднэ. Бид тэмцээний дэвжээнд ана мана өрсөлддөг ч энгийн үед сайхан нөхөрлөдөг.
-Гадаадын жүдочдоос Италийн Мануэль Ломбардотай нэг бус удаа учраа таарсан. Түүнээс даагаа нэхэх бодол байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Түүнтэй өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон дэлхийн шилдэг 32 жүдоч оролцсон “Word masters” тэмцээнд аваргын төлөө барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Дараа жилийн тэмцээнд даагаа нэхэж, ялагдлаа ялалт болгоно. Тийм ч бодол тээж ирсэн. Ирэх жилийн тэмцээнд амжилт гаргахын тулд бэлтгэл, сургуулилалтаа сайн базаана. Би “Гран при” тэмцээнээс таван алт, хоёр мөнгө, арван хүрэл медаль хүртжээ. Манай жүдогийн тамирчдаас олимп, дэлхийн аварга төрсөн. Гадаадын тамирчдаас илүү ах нараас суралцаж, зааж зөвлөснийг нэгбүрчлэн сонсдог. Тухайлбал, олимпын аварга Н.Түвшинбаяр, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар ахаас үлгэр дуурайл авдаг. Тийм сайн жүдочид дэргэд минь байгаа болохоор Мануэль Ломбардо миний санаанд багтаад байгаа. Би нэг жинд барилддаг бөхчүүдийн барилдааны арга барил, техник, тактикийг байнга судалдаг. Тэр дундаа дэлхийн шилдэг жүдочдын хамгийн их сонирхол татсан барилдааныг үздэг юм. Намайг ч гэсэн тэд судалж байгаа. Тиймээс барилдааны шинэ арга барил, мэх, техникээс өдөр бүр суралцаж байна. Япончууд дэвжээнд ноёлдог гэх ойлголтыг дэлхийн олон орны жүдочид халж, тэдэн шиг болохын төлөө өөрийгөө тал бүрээр хөгжүүлж байна.
-Тамирчин болчихоод ааваасаа урмын үг сонсов уу?
-Намайг спортоор хичээллэж, зөв хүн болж төлөвшихөд аав, ээж минь баярлаж, бахархсан. Би энэ жил Австрид хамтарсан бэлтгэл хийж байгаад хөлийнхөө шагайг гэмтээсэн. Тэндээс ирээд долоо хоногийн дараа насанд хүрэгчдийн УАШТ-д оролцлоо. Тэр үед “Хөл гэмтсэн, хэрхэн барилдах бол. Өмнөх жилийнхээс мөнгөн медаль хүртсэн. Энэ жил олимпын наадамтай тул заавал түрүүлэх хэрэгтэй” гээд бодож байлаа. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт болоход аавтайгаа хамт явсан юм. Барилдаж байхад тэмцээн үзэж суусан аавын минь халуун дулаан энерги, нөмөр нөөлөг нь мэдрэгдээд байлаа. Түрүүлж аварга болоход аав их баярласан. Намайг бөхийн төрлүүдээр барилдсан цагаас манайхан миний үнэнч фэн болсон. Дэвжээнд надтай хамт сэтгэлээрээ барилдаж, ялахад нь баярлаж, ялагдахад гунигийг минь хуваалцдаг. Манай ээж тэмцээнд амжилт тааруухан оролцвол “Чи олигтойхон барилдахгүй” гэж зэмлэнэ шүү дээ.
ЖҮДОД ЭРГЭН ИРЭХЭД ДАЙЧИН ЗАН МИНЬ ТҮЛХЭЦ БОЛСОН
-Ах тань одоо барилддаг уу. Таны хамгийн ойрын зөвлөгч байх.
-Ах минь барилдахаа больж, нутагтаа ИТХ-ын даргаар ажиллаж байгаа. Барилдаанаас алдаа, дутагдлыг минь олж хараад зөвлөнө, бас шүүмжилнэ. Манай жүдочид тэмцээнд үндэсний бөхийн мэх хийж, өрсөлдөгчөө ялж, амжилт гаргасан тохиолдол олон бий. Би ч бас ахыгаа дагаж үндэсний бөх барилддаг байсны хувьд мэхний хувилбаруудаас хэрэглэж тэмцээнд хожсон удаа цөөнгүй.
-Таныг хүүхэд байхдаа жүдогоор хичээллэхээс халширч, жилийн дараа эргэн ирсэн тухай сонсож байлаа.
-Намайг дөрөвдүгээр ангийн сурагч байхад манайхан жүдогоор хичээллүүлэхээр секцэнд бэлтгэл хийлгэлээ. Үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдож, өөрийнхөө дураар эрх чөлөөтэй явсан надад спортын орчинд дасах хэцүү байв. Тэр үед аав, ээж, найз нөхдөө санаж ганцаардсандаа уйлдаг байлаа. Нэг жил бэлтгэл хийсэн ч нэг л идээшсэнгүй. Тэгээд буцмаар санагдаж гэртээ харьсан. Гэртээ өнжсөн нэг жил надад цаг хугацаа урагшлахгүй байгаа шиг санагдаж билээ. Өдөр өнгөрөхгүй болохоор уйдаж, бэлтгэл хийдэг байсан үеэ их үгүйлсэн. Тэр үед надтай хамт бэлтгэл хийсэн хүүхдүүд тэмцээнээс медаль авахаар өөрийн эрхгүй шар хөдөлж “Би ч гэсэн бэлтгэл хийсэн бол тэдэн шиг медаль хүртэх байлаа” гэж бодогддог байв. Халширч шантарсан хэцүү бүхнээ тэр үед давж чадсан гэж боддог. Гэр, найзуудаа санаж уйлсан тэр хөгжилтэй үеэ бодохоор одоо инээд хүрдэг юм. Намайг жүдод эргэн ирэхэд шартай, дайчин зан минь түлхэц болсон. Тэр үеэс авга ах дэмжиж, урам өгснөөр өнөөг хүртэл тууштай хичээллэж, амжилтаас атгалаа.
-Жүдогоор хичээллэдэг залуу тамирчдад урам хайрласан өөдрөг үгээр тань ярилцлагаа өндөрлөе.
-Саад бэрхшээл алхам тутамд тулгарна, өөрийг тань олон зүйлээр шалгаж сорино. Амархан олддог алдар нэр гэж байхгүй. Спортод дардан замаар замнаж амжилтад хүрдэггүй юм. Хэр их хэцүү, хатууг даван туулна, тэр хэрээр зорилгодоо ойртоно. Тамирчин хүнийг хүсэл тэмүүлэл нь урагшлуулдаг. Хэцүү гэж санагдсан бүхнээ боломж болгон харж, өөрийгөө дайчлаад зүтгэвэл амжилтаас атгадаг. Би гэсэн тамирчин болохын тулд амархан зам туулаагүй. Ялагдал, харамслаасаа болоод шантарсан үе ч бий. Тиймээс дэвжээн дэх харамслаа тайлж, дэлхийн аварга болно гэж боддог.