ОХУ-д коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэх болов. Тодруулбал, тус улсад “Ковид-19”-ийн анхны тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд бүртгэгдсэнээс хойш эдүгээ 299 941 хүн өвчилж, нас барсан нь 2837-д хүрчээ. Шинэ вирусээр өвчлөгсдийн олонх нь буюу 149 607 нь Москва хотод бүртгэгдсэн байна. Манай улсын 4000 орчим иргэн ОХУ-д сурч, ажиллаж, амьдардаг. Монголоос ОХУ-д суугаа Элчин сайдын зөвлөх, Консулын хэлтсийн дарга С.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
-ОХУ-д яг одоо нөхцөл байдал ямархуу байгаа бол. Хэчнээн монгол иргэн нутаг буцсан бэ?
-Өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, байдал амаргүй байгаа. ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 27-ноос агаарын зам, 30-наас авто, төмөр болон усан замын зорчигчийн хөдөлгөөнийг түр зогсоосон. Москвагаас Улаанбаатар хот руу хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 10-нд хуваарийн дагуу нислэг үйлдсэн. Манай улс үүний дараа гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэж, Москва хотоос 93 иргэнээ татсан. ОХУ-д амьдардаг 4000 орчим иргэний 3200 нь оюутан. Их, дээд сургуулиуд гуравдугаар сарын 16-наас сургалтын хөтөлбөрөө цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан манай оюутнууд Эрхүү, Улаан-Үд хотоор дамжин нутаг буцаж эхэлсэн. Одоогоор 1896 иргэн гэртээ харьсан бол 1000 орчим хүн нутаг буцах хүсэлт ирүүлээд байна.
Орост өвчний тархалт буурахгүй байгаа учраас Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас саяхан их, дээд сургуулиудын хичээлийг цахимаар үргэлжлүүлэх, анги дэвших болон төгсөлтийн шалгалтыг ч ийм хэлбэрээр авах шийдвэр гаргасан. Үүний дагуу сургуулиуд хичээлийн жилийг хэрхэн дуусгах, шалгалтуудыг яаж зохион байгуулах талаар тухай бүрт шийдвэр гаргах байх. Тус улсын Батлан хамгаалахын яамнаас бас харьяа сургуулиудынхаа хичээлийг энэ сарын 9-нд дуусгавар болгосон. Тиймээс манай хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар зөвшилцөж, цэргийн сургуулиудын сонсогчдыг гэр бүлийнх нь хамтаар Монгол руу буцаасан.
Дөрөвдүгээр сарын 11, энэ сарын 14, 15-нд Хиагт-Алтанбулаг боомтоор манай 1550 иргэн нутаг буцлаа. Харамсалтай нь, зарим иргэн энд байхдаа коронавирусээр өвчилж, эх орондоо тээвэрлэн очсон байна. Хэдийгээр Улсын онцгой комисс (УОК)-ынхон гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг “Ковид-19”-ийн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа ч ОХУ-д ийм боломж хязгаарлагдмал. Тиймээс олонх нь шинжилгээ өгч чадалгүй нутаг буцсан гэсэн үг. ОХУ-д өдгөө лабораторийн хүчин чадал нэмэгдсэн тул манай ЭСЯ-ныхан зарим хувийн эмнэлэгтэй холбогдож, дараагийн ээлжид нутаг буцах иргэдийг шинжилгээнд хамруулах болсон.
ЭСЯ-наас гуравдугаар сарын 27-ноос эхлэн Москва болон өөр хотод сурч буй оюутнуудад амны хаалт, ариутгагч бодис зэргийг хүргэж өгөх, шуудангаар илгээх зэргээр тусалж, тогтмол зөвлөмж, сануулга өгч байгаа. Мөн оюутнууд болон тэдний ар гэрийнхний санал, хүсэлт, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
Эндхийн их, дээд сургуулиудад коронавирусийн халдвар гарсан ч цаашид тархаахгүй байх бүх л арга хэмжээг авч буй. Өдгөө “Ковид-19”-ийн халдвар илэрсэн болон шинжилгээний хариу нь хараахан гараагүй 15 монгол оюутан эмчийн хяналтад байна. Тэдэнд өвчний шинж тэмдэг балархай буюу хөнгөн хэлбэрээр өвдсөн байх магадлалтай гэсэн.
-“Оюутнуудыг дотуур байраас нь хөөсөн. Орох оронгүй нь метронд хоног төөрүүлж, өвдсөнд нь яаралтай тусламж үзүүлэхгүй байна” гэх мэтээр нийгмийн сүлжээнд мэдээлэх боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч.
-ОХУ-д сурдаг оюутнууд дотуур байраасаа хөөгдсөн, эсвэл гадуур хоносон тохиолдол нэг ч гараагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Эмнэлгүүдийн ачаалал их байгаа. Тиймээс эрх бүхий байгууллагынхан өвчтөнүүдийн биеийн байдлаас хамаарч, ямар тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, хэзээ нь хэвтүүлж эмчлэхийг заасан эмнэл зүйн асуумж, удирдамж боловсруулсан. Тухайлбал, халуурснаас өөрөөр буюу коронавирусийн шинж тэмдэг илрээгүй хүмүүст эхний ээлжид эрүүл мэндийн даатгалаараа харьяалагдах эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна. Энэ зөвлөмжийг гадаад, дотоодын иргэд адилхан дагаж мөрдөж байгаа.
-Тэгвэл “Ковид-19”-ийн халдвар авсан нь батлагдсан байхад эмчилгээ хийгээгүй гэсэн нь ямар учиртай юм бол?
-Энд халдвар авсан оюутнууд бүгд шахам шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвдсөн гэж дээр хэлсэн. Тодруулбал, Орост шинэ вирусийн халдвар авсан нийт тохиолдлын 60 гаруй хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй. Тиймээс өвчний хөнгөн явцтайг нь эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрт нь тусгаарлаж, дархлааг нь дэмжих замаар эмчлэх зарчим баримталж байна. Оюутнууд болон нийтийн байрт амьдардаг хүмүүсээс боломжтойг нь (дотуур) байрт нь, боломжгүйг нь сувиллын газарт тусгаарлан, эмчийн хяналтад авч байгаа. Тэгэхээр оюутнуудыг эмнэлэгт хэвтүүлж, эмчлэхгүй байна гэдэг нь ор үндэслэлгүй. Харин ч биеийн байдал нь тогтвортой, ямар нэгэн зовуурь, шинж тэмдэггүй хүмүүсийг хүнд өвчтөнүүдтэй нэг доор байлгахгүй байгаа нь зөв.
-Дотуур байртаа оюутнууд жорлон, шүршүүр, угаалтуур зэргийг дундаа ашиглаж байгаа нь халдвар авах үндэс болж байна гэж эцэг, эхчүүд шүүмжилсэн. Энэ үнэн үү?
-ОХУ-ын их, дээд, тусгай болон дунд сургуульд 170 гаруй орны 300 мянга орчим оюутан суралцдаг. Манай оюутнууд ч тэдний л адил орчинд сурч, амьдарч байгаа. Харин ч зарим сургуулийн гадаад оюутнуудын дотуур байрыг илүү тохижуулж, ая тухтай байлгадаг. Бүх сургуулийн дотуур байр тусдаа бие засах өрөө, угаалтуургүй нь үнэн. Ихэвчлэн хотын төвд байрлалтай, олон жилийн түүхтэй сургуулиудын дотуур байр нийтийн бие засах өрөө, угаалтууртай. Гэхдээ манай нэг ч оюутан дотуур байрт тавигддаг эрүүл ахуйн шаардлагаас доогуур нөхцөлд амьдардаггүй.
-Сургуулийн удирдлага нь нутаг буцах хүсэлтийг хүлээн аваагүй, хэрэв явбал тэтгэлгийг чинь цуцална, анги дэвшүүлэхгүй гэсэн яриа ч оюутнуудын дунд гарчээ.
-Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков энэ сарын 8-нд тушаал гаргаж, бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг цахимаар, шалгалтыг ч энэ хэлбэрээр авах болсон тул оюутнуудад нутаг буцах боломж бүрдсэн. Гэхдээ үйлдвэрлэлийн дадлагаа биечлэн хийх ёстой гэсэн шаардлагыг зарим сургууль тавьж байгаа. Түүнээс гадна оюутнуудыг цахим сургалтад төдийлөн оролцохгүй, дотуур байрт хичээлээ хийх нь зүйтэй гэж үзэж буй нь ч бий. Эрсдэлтэй газраас эх орон, гэр бүлийнхэн рүүгээ явснаас эндээ үлдсэн нь зөв гэсэн зөвлөмж ч өгч байна. Харин манайх оюутнуудыг сургуультайгаа зөвшилцөж, нутаг буцахыг нь дэмжиж байгаа. Оюутнууд тухайн улирлын сургалтын хөтөлбөрөө бүрэн судалж, амжилттай дүүргэвэл тэтгэлгийг нь цуцална гэж байхгүй.
ЭСЯ-ныхныг оюутнуудад санаа тавьсангүй, нутаг буцаасангүй гэх шүүмжлэл гарсан. Бид тухайн сургуулиас оюутнуудыг Монгол руу явуулаач гэж хүсэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулийн үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хэн нэгний өмнөөс сургалтын хөтөлбөрийг хялбарчлах, дараагийн улиралд шилжүүлэх үүрэг, чиглэл, албан ёсны хүсэлт тавих эрх манай ЭСЯ, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яаманд нь ч байхгүй. Монгол оюутнууд тус улсын нийт оюутны 0.03, гадаадынхны нэг хувийг эзэлдэг. Тэдэнд зориулж сургалтын хөтөлбөрийг өөрчлөх, эсвэл богиносгох боломжгүй гэсэн үг л дээ. Тухайлбал, нэг сургуулийн хоёрдугаар дамжаанд 10 мянган оюутан суралцаж байхад “Гурван монгол оюутан нутаг буцах болсон тул хичээлээ зогсоолоо” гэхгүй нь ойлгомжтой. Хичээлийг цахимаар, танхимаар заах нь хамаагүй, үргэлжлүүлж л байна. Ямар ч тохиолдолд тухайн сургалтын хөтөлбөрийг багш зааж, оюутан сурч дуусгах ёстой. Шалгалтыг нь ч хугацаандаа л авна. Тиймээс уг асуудалд оюутнууд нухацтай хандах хэрэгтэй.
-Манай оюутнуудын олонх нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурдаг юм билээ. Тэгэхэд зарим хүн тэднийг “Сургуулиа хаяад ир” гэж турхирч байгаа дуулдлаа.
-Зорьж, шамдан, шалгалт өгч, тэргүүлж, тэтгэлэг авсан оюутнуудыг муухайгаар турхирч, хатгаж байгаа нь туйлын болчимгүй үйлдэл. Төлбөртэй суралцдагт нь эл асуудал харьцангуй хөнгөн байж болох. Дараа жил нь төлбөрөө төлөөд, үргэлжлүүлээд сурахад асуудалгүй. Харин тэтгэлгээр сурч буй оюутнуудад ийм боломж үгүй. Эндхийн их, дээд сургуулиудын жилийн төлбөр дунджаар 3000-3500 ам.доллар байдаг. Үүнээс ч өндөр төлбөртэйд нь манай хэдэн зуун оюутан тэтгэлгээр сурч байгаа. Дундаж төлбөртэй сургуулийн жишээ дурдахад, Москва хотын Анагаах ухааны их сургуулиудын жилийн төлбөр 400-550 мянган рубль. 400 мянган рублийн төлбөртэй сургуульд зургаан жил сурна гэвэл 2.4 сая, хэлний бэлтгэлд сурсан бол энэ төлбөр дахиад нэмэгдэнэ. Тэтгэлгээр сурч буй оюутнууд 6-7 жил цалин авна. Ингээд тооцвол тухайн оюутан ОХУ-ын Засгийн газраас 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг, тусламж авдаг гэсэн үг.
Орос даяар халдварын нөхцөл, байдал хүнд байгаа нь үнэн ч хот, сургууль, дотуур байр бүрт харилцан адилгүй. Манайхан ч энэ цар тахлыг даваад гарна гэдэгт итгэлтэй байна. Өвчин намдана, дараа нь оюутнууд сургуульдаа ч сурна. Тиймээс худал мэдээлэлд авталгүй, багш нартаа ч эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн төлөө дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Учир нь одоо ч гэсэн зарим сургуулийн удирдлага, багш нар оюутнуудыг хооллож, хүнсний зүйл, хамгаалалтын хэрэгсэл, зөөврийн компьютероор хангасаар байна.
Бэлтгэсэн: О.Оргилох