Монголын үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилалтаа эхэлснийг дуулаад Спортын төв ордныг зорив. Нэг хэсэгтээ л нам гүм байсан ордон дасгалжуулагчдын шүгэл тас хийх, тамирчдын дуу чимээнд амь орж, өнгө засжээ. Чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл хийдэг заал руу орлоо. Дэвжээнд шигшээ багийн эмэгтэй бөхчүүд дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлагад техникийн бэлтгэл хийж байв. Тамирчид нэгнээ үгүйлж, дэвжээгээ их санасан гэнэ. Энэ ордонд амрах завгүй хөдөлмөрлөж, багшаасаа магтаал, зэмлэлийн үг сонсон амжилтаас атгасан тэднийг хараад бахархав. Олимпыг хүртэл хойшлуулсан цар тахлын хорио дэглэмийн хүнд үеийг манай тамирчид боломж болгон харж, цаг хугацааг ашиглан өөрийгөө хөгжүүлж, алдаа дутагдлаа засах, дутуу зүйлдээ анхаарал хандуулахаар хичээж байгаа нь анзаарагдсан. Даваа гаргийн өглөөний бэлтгэл өндөрлөж, дасгалжуулагч Ө.Ууганбаяртай ярилцав.
-Цар тахлын улмаас багагүй хугацаанд завсарласан чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан бэлтгэлээ базааж эхэллээ. Та дэвжээ, шавь нараа их үгүйлэв үү?
-Тийм ээ, их саналаа, тамирчид минь ч гэсэн дэвжээгээ үгүйлсэн байна. Манай эмэгтэй тамирчид цар тахал дэгдэхээс өмнө төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж байгаад ОХУ-ын Красноярскт болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнд амжилттай оролцож, 13 медаль хүртсэн. Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард олимпын эрх олгох тэмцээнтэй байсан ч хойшилсон тул бид АНУ-ын Колорадо Спрингс хот дахь олимпын бэлтгэлийн баазад Мехсик, Канад, Колумб, Эквадор, Бразил зэрэг 10 гаруй улсын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэндээс Монголдоо ирж, 21 хоног тусгаарлагдсанаас хойш тавдугаар сар хүртэл амралтын байдалтай байлаа. Биеийн тамир, спортын газрын Шигшээ багийн албанаас тамирчдын бэлтгэл хийх хуваарь гаргасан. Нийслэлийн Засаг даргын захирамж, Улсын онцгой байдлын комиссын дүрэм журмын дагуу олон хүн хамруулахгүйгээр зөвхөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид текникийн бэлтгэл хийж байна.
-Хамтарсан бэлтгэл хийсэн орнуудын тамирчдаас манайхан хэр суралцаж, туршлага хуримтлуулав?
-Бэлтгэл үр дүнтэй болсон. Харамсалтай нь, цар тахлын улмаас зорьж байсан тэмцээнүүддээ оролцсонгүй. Улс, улсын тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх онцлог өөр. Тухайлбал, америк дасгалжуулагчид бөхчүүдээ 20 минутаар гурван үе барилдуулдаг. Энэ бол бөхчүүдийн хувьд өндөр ачаалалтай бэлтгэл.Тэд техник, мэхний хувилбаруудыг боловсруулж, 20 минутад барилдахдаа хүчээ хэрхэн хуваарилах тактикийн бэлтгэл базааж байсан. Бид өөрт хэрэгтэй гэсэн бүхнээ орон орны тамирчдаас олж харлаа, бас суралцаж, туршлага чамгүй хуримтлууллаа.
-Цар тахлаас үүдэж олимп хойшилсон. Спортынхон үүнийг боломж хэмээн харж, давуу тал болгон ашиглаж байна. Олимпын эрхгүй үлдсэн тамирчдад хойтонтэмцээнд оролцож, Токиог зорих бодол бий байх.
-Аливаа зүйл хоёр талтай. Спортынхон хүнд үеийг аль болох зөв талаас нь харж байгаа. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон УАШТ-д амжилтгүй оролцсон тамирчдад боломж дахин гарсан тул бэлтгэлээ шаргуу базааж байна. Токиогийн олимп хойшилсон нь тамирчдад харин ч давуу тал боллоо. Тэдэнд өөрийгөө хөгжүүлж, алдаа дутагдлаа засах, дутуу зүйлдээ анхаарал хандуулах цаг гарч байна. Тиймээс бид техник, тактикийн бэлтгэлээ ачаалалгүйгээр хийж эхэлсэн. Чөлөөт бөхийн тамирчдаас өнгөрсөн жил Казахстаны Нур-Султан хотод болсон олимпын эрх олгох ДАШТ-ээс эрэгтэйчүүдээс ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг нар тус бүр нэг эрхтэй ирлээ.
БИДЭНД АМРАХ, АЯЛАХ ГЭДЭГ ҮГ БАЙДАГГҮЙ
-Хүмүүс зуныг амарч, аялж өнгөрүүлдэг. Намар болтол тэмцээнгүй тул тамирчид энэ сарыг дуустал бэлтгэл хийгээд амрах уу?
-Тамирчдад аялж, амрах зав гардаггүй. Бидний үгийн санд эдгээр үг байдаггүй юм. Тэр дундаа чөлөөт бөхийнхөн зун хамгийн ачаалалтай бэлтгэл хийдэг. Учир нь есдүгээр сард ДАШТ хүлээж байдаг. Олимпын наадам долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр болдог. Тэгэхээр энэ саруудад шигшээ багийнхан өмнөхөөсөө илүү анхаарал хандуулдаг. Надад сүүлийн гурван жилд амрах зав гарсангүй. Тамирчидтайгаа АНУ-д хамтарсан бэлтгэл хийж ирээд тусгаарлагдахдаа анх удаа олон хоног амарч үзлээ. Тамирчдын хувьд тусгаарлалт бэлтгэл сургуулилалтын алжаал тайлсан сайхан амралт болсон. Гэхдээ гэртээ зүгээр суухаар өдөр өнгөрөхгүй уйддаг юм байна. Хорио дэглэмтэй байгаа тул чөлөөт бөхийн тамирчид энэ оныг дуустал тэмцээнд оролцохгүй. 2021 онд болох олимпын эрх олгох тэмцээнийг төлөвлөсөн хугацаа, зохион байгуулах улсыг нь хэвээр нь үлдээсэн. Ирэх жилийн гуравдугаар сард Азийн эрх олгох тэмцээн БНХАУ-ын Шианьд, олимпын эрх олгох нь Болгарт дөрөвдүгээр сард болно. Ирэх жилийн эхээр Монголд болох насанд хүрэгчдийн УАШТ-д шигшээ багийнхан оролцчихоод эрх олгох хоёр тэмцээнд өрсөлдөнө.
-2017 онд БСШУСЯ-наас зарласан чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад та тэнцэж, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсон. Миний мэдэхээр тэр шалгаруулалтад 11 дасгалжуулагч оролцсон санагдах юм.
-Дэвжээнд 15 жил барилдаад чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад тэнцсэнээр эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч болсон. Шалтгалт өгөхийн өмнө “Чадах болов уу, яах бол” гэж эмээж байлаа. Би сонгон шалгаруулалтад оролцохын өмнө эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах тухайгаа уламжилж байсан юм. Дасгалжуулагчаар ажиллах нь тамирчин байхаас асар ялгаатай. Тамирчин зөвхөн өөрийн барилдаан, бэлтгэлдээ анхаарч, амжилт гаргах тухай боддог. Харин дасгалжуулагч болсноос хойш тамирчин болгонтой тулж ажиллаж байна. Хүн бүрийн зан чанар, сэтгэл зүй, биеийн онцлог өөр тул нэг хүн шиг бэлтгэл хийлгэж болохгүй. Тэгэхээр тамирчдынхаа бэлтгэл хийхийг нэг бүрчлэн хянаж, өмнөхтэй нь харьцуулан үр дүн гарч байгаа, эсэхийг барилдаанаас нь харна. Одоо миний хамгийн ойрын зорьж буй зүйл бол Токиогийн олимпын наадамд шигшээ багийнхнаа амжилттай оролцуулах. Миний хувьд тамирчдаа хэрхэн бэлтгэсний анхны үр дүн минь харагдах болохоор өөрт байгаа бүх зүйлээ дайчлан ажиллана. Энэ мэтчилэн өөрийгөө гэхээсээ илүү тамирчдынхаа амжилтын төлөө хичээл зүтгэл гаргах үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Манай шигшээ баг нэг ахлах, эмэгтэй, эрэгтэй тус бүр хоёр дасгалжуулагчтай. Таван багшийн гар, сэтгэл нийлэхээс гадна Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газрын удирдлагын зөв бодлого, дэмжлэгийн ачаар тамирчид амжилт гаргаж байгаа. Бид ахмад дасгалжуулагч, тамирчидтайгаа холбоотой байж, санал бодлоо солилцон, алдаа онооноос нь суралцан, бас сонсож мэдсэн зүйлээ хуваалцдаг.
-Та дасгалжуулагчийн ажлыг дөнгөж хүлээж аваад л Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ-д оролцсон байх аа?
-Тэгсэн. Шигшээ багийн тамирчидтайгаа Энэтхэгт зохион байгуулсан Азийн АШТ-д анх оролцож билээ. Тэмцээнд С.Батцэцэг түрүүлж, багийнхныгаа их баярлуулсан. Би өмнө нь “Хангарьд” клубийнхээ залуу тамирчдад багшилсан тул дасгалжуулагчийн ажлын амаргүйг зах зухаас багагүй мэдэрсэн байлаа. Дасгалжуулагч болчихоод Ц.Нацагдорж багшийндаа зочлоход шигшээ багийн тамирчидтай хэрхэн ажиллах арга барилын талаар зөвлөгөө өгсөн.
ТУРШЛАГАТАЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ШАВЬ БАЙСАНДАА БАЯРЛАДАГ
-Гавьяат тамирчин, дасгалжуулагч агсан Ц.Нацагдорж багшийг “Хангарьд” клубт дасгалжуулагчаар анх очиход нь та чөлөөт бөхөөр хичээллэсэн гэл үү?
-Би Эрдэнэтийн унаган хүүхэд. Миний хувьд багш минь хамгийн эрхэм хүний нэг. “Хангарьд” клубийн тамирчдыг дасгалжуулахаар анх ирэхэд шавь нь болж, чөлөөт бөхөөр хичээллэсэн. Шавийн эрдэм багшаас гэдэг. Багшаасаа сурсан болгоноо шавь нартаа зааж байна. Би чадвартай, туршлагатай дасгалжуулагчийн шавь байсандаа баярладаг. Өөрт байгаа бүхнээ харамгүй зааж, бидэнд уламжлан үлдээсэн багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нэрийг нь өндөрт өргөхийг хичээдэг юм.
-Багшийн тань шавь нар хэвтээ, босоогоос барилдах, барьц сонгох, хөл авахдаа гаргууд байдаг. Та ч гэсэн ийм техниктэй барилддаг байсан уу?
-Багш минь өвөрмөц барилдаантай бөх байсан. Хэвтээ, босоогоос сайн барилдана, барьц сонгож, хөл авахдаа гаргууд. Үндэсний болон чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан хүн. Тиймдээ ч шавь нараа сайн тамирчнаас гадна зөв хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө өөрийн биеэр үлгэрлэн зааж сургадаг байв. Миний хувьд мөн л хөл авч барилддаг. Шавийн хувьд багшийнхаа заасан арга барил, хэлж зөвлөсөн, бас захисан бүхнийг марталгүй санаж, тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтад хэрэгжүүлж байна. Тамирчид тэмцээнд ялна гэж оролцдог шиг дасгалжуулагч ч гэсэн тамирчдаа аварга болгох юм сан гэж хүсдэг. Манай эмэгтэй бөхчүүд хүчтэй, голдуу золгож барилддаг, зогсолт сайтай, өрсөлдөгчдөө барьцаа лав бариулдаггүй. Тэгэхээр нэг арга барилаар бус өөрийн орны бөхийн барилдааны онцлог, өвөрмөц мэх, техникийг бусад орны тамирчдын арга барилтай хослуулж сурах хэрэгтэй.
-“Хангарьд” клубтээ хааяа очихоор хүүхэд нас, тамирчны гараа, спортын замнал гээд олон дурсамж тань сэргэдэг биз?
-Миний амьдралын олон зүйл энэ клубтэй холбоотой. Чөлөөт бөх анх сонирхож хичээллэсэн, тамирчин болж нэрээр нь овоглон, тэмцээнд оролцдог байснаа яривал урт түүх өгүүлнэ. “Хангарьд” клубийн тамирчин болсноо их бэлгэшээдэг. Тамирчин байх үеийн ялалт, ялагдал, амжилт энэ клубийн дэвжээнд өрнөсөн. Манай клубээс олон тамирчин спортын замналаа үргэлжлүүлсэн байдаг юм. “Хангарьд”-ын тамирчдыг гадаад, дотоодын тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилалт хийхэд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ивээн тэтгэдэг. Эрдэнэтэд тамирчидтайгаа тэмцээнд оролцохоор очсон үедээ клубээрээ заавал орно шүү дээ. Босгоор нь ороход хүүхэд үеийн дурсамжууд нүдэнд харагдах шиг болдог.
ТАМИРЧИН ХҮН АМЖИЛТ ГАРГАХ ТУСМАА ДАРУУ БОЛДОГ
-Чөлөөтөөс өөр бөх рүү урваагүйг бодоход та энэ спортод үнэхээр дурласан байжээ.
-Би самбо бөхөөр хичээллэх гэж нэг хэсэг сонирхсон. Аав минь бөхөд дуртай, залуудаа чөлөөтөөр барилддаг байсан тул намайг багаас минь бэлтгэл хийлгэсэн. Нэг өдөр “Хангарьд” клубийн тамирчдыг Ц.Нацагдорж багш дасгалжуулахаар болсныг аав сонсчихоод намайг дагуулж очоод шавь болгосон. Тэр үеэс багшийхаа удирдлагад хичээллэж тэмцээнд оролцох болсон. Намайг барилддаг байхад Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар ах спорт сонирхогчдыг гайхшируулдаг байлаа. Түүний барилдахыг харах гэж хүмүүс тэмцээн үздэг байсан гэдэг. Харин чөлөөт бөхөд дурлуулсан хүн бол ОУХМ Л.Сэргэлэнбаатар ах. 1993 онд Монголд болсон Азийн АШТ-д БНСУ-ын олимпын аварга тамирчныг аваргын төлөөх барилдаанд цэвэр ялахыг зурагтаар хараад хичээллэхээр шийдсэн. Спорттой нөхөрлөсөн тэр цагаас өнөөг хүртэл аав, ээж минь намайг бүх талаар дэмжсээр ирлээ. Хүүгээ тамирчин болоосой гэж боддог байсан хүслээ аав минь биелүүлсэн. Би айлын ууган хүү, гурван эмэгтэй дүүтэй. Охидын дунд өссөн болохоор зан чанарын хувьд зөөлөн гэх үү дээ.
-Спорт зөвхөн тамирчин гэлтгүй сонирхож хичээллэсэн хүнд олон зүйлийг ойлгуулдаг юм билээ.
-Спорт хүнийг муу зуршлаас нь салгаж, зөв хүмүүжил олгон, аливаад тууштай, хийж буй ажилдаа үүрэг, хариуцлагатай ханддаг болгодог. Хүний хэлээр ярихгүй ч зөв хандлагатай болгож чадсанаа төлөвшил, хүмүүжлээр нь харуулдаг. Тамирчин хүн амжилт гаргах тусмаа даруу болж, өөрийгөө бус эх орноо боддог болдог юм. Хилийн дээс алхаад л нэрээрээ бус улсаараа дуудуулдаг болохоор хаана ч явсан нэр төрийг нь өндөрт өргөж явах үүрэг давхар ирдэг. Бид бэрхшээлтэй алхам тутам тулгардаг учраас сэтгэл зүйн хувьд хатуужил тэвчээртэй болсон. Тусгаарлалтад байх хугацаандаа манай тамирчид дүрэм журмыг нь ягштал баримтлахын зэрэгцээ байрлаж буй байрныхаа орон зайд тохируулан дасгал сургуулилалтаа таслахгүй хийсэн. Энгийн хүмүүсээс дэг журам, сахилга бат, тэвчээр хатуужлаараа ялгарсан болов уу. Тамирчин хүн хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Итгэлтэй, хүчирхэг байхын тулд зөв дадал, хандлага, хичээл зүтгэлээр өөрийгөө тордох ёстой юм.
-Дасгалжуулагч болсны дараахан танд найз нөхөд тань хүүхдээ шавь болгох санал их тавьсан гэл үү?
-Чөлөөт бөхөөр хичээллэж байсан найз нөхөд, танил хүмүүс “Хүүхдээ чиний шавь болгоё” гэж ярьдаг байлаа. Миний хувьд шигшээ багийн дасгалжуулагч тул хүүхдүүдтэй ажиллах зав гарахгүй. Хүүхэд өөрийн хүсэл сонирхолд тулгуурлаж спортоор хичээллэх нь зөв. Спортод чин сэтгэлээсээ дурлаж, зорилгынхоо төлөө тууштай зүтгэсэн хүн л амжилтаас атгадаг. Ямар ч хүн дургүй зүйлдээ сэтгэл гаргахгүй. Би тамирчдадаа “Чи спортод үнэнчээр дурла, өөрийгөө харамгүй зориул.Чамаас алдаа оноо, амжилт, уналт шалтгаалах болохоор зорилгоо том тавь. Амжилтын хаалга амархан онгойхгүй. Гэхдээ хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл тань чамд нэг л өдөр амжилт болж ирнэ” гэж хэлдэг юм.
-Бөхийн спортод сонирхолтой залуус байдаг ч замын дундаас буцах нь их. Спортод тэвчээр зааж үлдэхээс гадна сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүйг хичээллэх явцдаа мэдрээд шантардаг байх л даа.
-Хүүхдийг эхлээд спортод сонирхолтой болгож, дараа нь дуртай төрлийг нь сонгуулах хэрэгтэй. Чөлөөт бөхийг сонирхож, хичээллэхээр ирсэн хүүхдүүдийг хэдэн жил барилдчихсан тамирчинтай хамт бэлтгэл хийлгэж, халширтал нь шидүүлж болохгүй. Хүнд хэцүүгийн зах зухаас мэдэрч эхлэнгүүтээ өөртөө эргэлзэж, эргэж буцдаг. Тиймээс тухайн спортын мөн чанарыг хөгжилтэй байдал, тоглоомын аргаар мэдрүүлж болно. Хүүхэд спортын гайхамшгийг нэгэнт мэдэрсэн бол ямар ч саадтай тулгарсан явахааргүй болсон байдаг. Спорт босго өндөртэй, хатуу шалгууртай, хөл тавьсан болгон тамирчин боддоггүй. Манай багш хүүхдүүдийг чөлөөт бөхөд ингэж татан оруулдаг арга барилтай хүн байсан. Дасгалжуулагчид тамирчин гэхээсээ илүү спортоор дамжуулж эх орондоо зөв хүн бэлддэг юм.