Гэртээ байгаа сурагчид зурагтаар явуулж буй теле хичээлд хамрагдахын зэрэгцээ цахим орчноос өөрт хэрэгтэй мэдээлэл авч, цагийг үр ашигтай өнгөрөөхийг хичээж буй. Оюутнууд мөн зайнаас суралцаж байна. Ийм нөхцөл байдалд мэдээллийн теле болон цахим хэрэгслээр үзэгч багачууд, залууст хүргэх мэдээлэл, нэвтрүүлгийн төрөл ончтой, чанар сайн байх шаардлага тулгарч буй юм. Энэ талд тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын зүгээс ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай тодруулж, мэргэжилтэн У.Одонтуяатай холбогдсон юм.
-Энэ цаг үед танай газар хэрхэн ажиллаж байна вэ. Урьдаас төлөвлөөд, хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ түр зогсоосон уу?
-Бид нөхцөл байдалд зохицуулан ажилласаар байна. Соёл, урлагийн байгууллагуудад урын сан, архивт байгаа бүтээлүүдээсээ боломжтой хэлбэрээр түгээхэд санаачилгатай ажиллах чиглэл өгсөн. Энэ нь телевиз, радио болон цахим орчинд ажиллана гэсэн үг юм. Энэ хүрээнд төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагууд, тодруулбал театр, чуулга, номын сан, музей, галерей цахим хэлбэрээр олон талт ажлыг зохион байгуулсаар байна. Гол төлөв урын сангийнхаа бүтээлүүдээс түүвэрлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж үзэгч олондоо хүргэж байна. Жил болгон уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн номын өдөр, Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг угтан Үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн номын сан уншигч,хэрэглэгчдэдээ хандсан 115 арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
-“Үндэсний бахархалт уртын дуу” хөтөлбөрөөр ямар, ямар дууны талаар мэдлэг олгов?
-Манай агентлагийн зүгээс оюутан залуусын өв соёлын дархлааг дэмжих зорилгоор хэд хэдэн ажил зохион байгуулсны нэг нь энэ юм. “Үндэсний бахархалт уртын дуу” цахим хөтөлбөрөөр “Хөөрхөн халиун”, “Зээргэнтийн шил”, “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага” зэрэг дууг хүүхэд залууст хүргэсэн. Мөн хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн “Монголуран бүтээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн радио нэвтрүүлэг, жүжгийг сонсогчдод хүртээл болгов. Бас хүүхдэд зориулсан бүтээлийн XI уралдаанд шилдгээр шалгарсан зохиолуудыг цахим хэлбэрээр унших, үзэх боломжийг олголоо.
-“Кибер сүлжээ” уран сайхны киног танайх санхүүжүүлэв үү?
-Энэ бол 2018 оны ажил. Сурагчдыг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг анхааруулах зорилгоор уг киног “TV-6” телевизтэй хамтран бүтээсэн юм. Цар тахлын аюулын үед бидний санаачлан хэрэгжүүлж байгаа бас нэгэн ажил бол хүүхдүүдийн дунд явуулж буй “Хамтдаа сэргийлье” гар зургийн цахим уралдаан. Үүнд 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн 5-17 насны хүүхдүүд хамрагдлаа. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт дууссан. Хоёрдугаар шатанд хүүхдүүд шүүгчдийн өгсөн сэдвээр зурж байгаа дүрс бичлэгээ илгээх ёстой. Одоо ийм материалуудыг хүлээн авч байгаа. Тэдгээрээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж урамшуулах юм. Бас цахим танилцуулга хэн сайн хийхийг сорих уралдаан, комтемпорари чиглэлийн “Параллель” хэмээх видео бүтээх, “Монгол зураг” цахим үзэсгэлэн гээд эхлүүлээд буй хэд хэдэн ажил бий. Дүгнэж хэлэхэд манай агентлаг болон соёл, урлагийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч ажлаа зогсоолгүй, урагшлуулсаар байна.
Бэлтгэсэн: Р.Оюунаа