1887 онд дэлхийд хамгийн анхны номын сангийн сургуулийг Мелвиль Дюви байгуулжээ. Түүнээс хойш 1960-аад оны дундуур Питтсбургийн их сургууль нэрээ номын сан, мэдээллийн сургууль гэж өөрчилсөн нь мэргэжлийн номын санчдыг бэлтгэх гарааг эхлүүлсэн аж. Дэлхийн олон орон даруй 60 жилийн өмнөөс номын сан, мэдээллийн шинжлэх ухааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн боловч манайд ийм сургууль байхгүй. Тэр ч бүү хэл, номын санчийг хүссэн нэг нь хийчихдэг гэж манайхан боддог. Эл мэргэжлийн онцлог, номын сан, мэдээллийн шинжлэх ухааны өнөөгийн байдлын талаар Канадын Ванкувер хотын нийтийн номын сангийн дижитал үйлчилгээ хариуцсан номын санч Ц.Мөнхчимэгтэй ярилцлаа.
-Таныг номын сан, мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гэж сонссон. Мэргэжлээ манай уншигчдад танилцуулна уу?
-Бритиш Колумбийн их сургуулийн номын сан, мэдээлэл, архивын сургуульд номын сан, мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр 2018 онд магистрын зэрэг хамгаалсан юм. Дэлхийд тэргүүлэгч Номын сан, мэдээллийн технологийн сургуулиар сүүлийн гурван жил дараалан шалгарсан амжилттай. Би Монголд Үндэсний номын сангийн гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байв. Одоогоор ажлынхаа хажуугаар төгссөн сургуульдаа дижитал төслийн мэргэжилтний албан үүргийг давхар хашиж байна.
Номын сан, мэдээллийн шинжлэх ухаан бол мэдээлэл хэрхэн бий болгодог, олж авдаг, хадгалдаг, хэрэглэдэг гээд маш өргөн хүрээг судалдаг юм. Номын сан хүн төрөлхтний мэдлэгийг цуглуулах, ангилах, хадгалах, олон нийтэд түгээдэг учир мэдээллийг сайн боловсруулах хэрэгтэй. 1970-аад оны дундаас номын сангууд дан ганц ном хураах бус, уншигч, хэрэглэгчтэй болсон. Энэ үеэс л номын сангууд уншигчдаа сонирхон судалж эхэлсэн байдаг. Тэд судалгаагаа олон чиглэлээр, сонирхолтой хийдэг юм. Жишээлбэл эмч нар хэрхэн мэдээлэл хайдаг, инженерүүд ямар арга барил ашигладаг гэх мэт бүлэг, бүлгээр нь тусгайлан судалсан нь их. Тэгэхээр номын сангууд зөвхөн ном бүтээлийг хадгалах, хав дарах биш, харин үүнийг олон нийтэд түгээх буюу үйлчилгээний хүртээмжээ өсгөх, тэр ч бүү хэл, хэрэглэгчдэдээ хэрхэн хүргэх талаар бодолцдог судалгааны байгууллага гэж ойлгож болно. Номын санч гэдэг ширээний ард суугаад уншигчдын асуусан номыг нь авч өгдөг, эсвэл хаана байгааг нь заадаг хүн биш.
-Өндөр хөгжилтэй оронд номын сан сайн хөгжжээ. Тэдний туршлагаас хуваалцаач.
-Өндөр хөгжилтэй орнуудын орчин үеийн номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний хэв загвараар улсынх нь хөгжлийн түвшнийг тодорхойлох болсон. Хөгжил сайтай орнуудын номын сан манайхаас өөр. Ажил, үйлчилгээний хандлага, зарчим нь ч тэр. Үүнийг жишээгээр тайлбарлая. Канадад номын сан, тэр дундаа нийтийн номын санг олон нийтэд зориулсан, нээлттэй, хүртээмжтэй, аюулгүй, ялгаварлан гадуурхдаггүй орчин гэсэн ойлголт хүн бүрийн толгойд гүн суусан байдаг. Тиймээс миний ажилладаг номын санд хөгжлийн бэрхшээлтэй, аутизм, дауны синдромтой, англиар огт ярьдаггүй, шинээр ирсэн цагаачид гэх мэт хүн олноор үйлчлүүлдэг. Номын сан бол хэн бүхэнд нээлттэй орчин учраас тэр. Зөвхөн ном уншдаг газар биш, харин тухтай, чөлөөтэй зай талбайтай орчин гэдгээр нь номын санг олон хүн ийн ашигладаг. Орж ирээд зөөлөн сандал дээр суугаад унтдаг хүмүүс ч бий. Уншигч унтаж байвал хажуу дахь ширээ, сандал дээр нь зөөлнөөр тогшиж сэрээх, түүний эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, тусламж хэрэгтэй, эсэхийг эелдгээр асуух дүрэмтэй. Тэгэхээр номын санч уншигч, хэрэглэгчээ маш соргогоор мэдэрч, тэдний хэрэгцээг өөрийн дүрэм журам, бодлогоос дээгүүр тавин, хүндэлж, уян хатнаар ханддаг. Канадын нийгэм иргэдээ боддог гэдэг нь үүнээс харагдаж буй байх.
Канад, америк оюутнууд хэлэхдээ эцэг, эх нь 2-3 настай байхад нь номын санд дагуулж очин, ном уншиж, дуу дуулдаг төрөл бүрийн хөтөлбөрт хамруулдаг байсныг бага насныхаа хамгийн сайхан, дурсамж гэж ярьдаг байлаа. Миний ажилладаг номын сангийн хүүхдэд зориулсан хөтөлбөрүүд нь төрсөн цагаас нь эхэлдэг. Иргэн бүртээ багаас нь мэдлэг олгохыг номын санчаар дамжуулдаг гэсэн үг. Канадад нийтийн номын сангууд хүн гэрээсээ гараад ойролцоогоор 15 минут алхах зайд байх ёстой гэсэн стандарттай. 10 минут алхаад нийтийн номын сангийн нэг салбарт, автобусанд суугаад 15 минут яваад өөр нэг рүү нь орох боломжтой. Хаалга, цахилгаан шат, гарц, орц гээд бүх юм нь тэргэн дээр сууж буй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан байдаг. Номын сандаа ийн анхаарал тавьж буй нь учиртай. Мэдлэг, боловсролтой иргэд бэлтгэхийн тулд тэдэнд хамгийн ойр мэдлэг түгээх хэрэгсэл болох номын сангаа сайжруулах хэрэгтэй шүү дээ.
-Бид тэдний жишигт хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл гэвэл нийтийн номын сангийн салбаруудыг нэмж, хотын захын гэр хорооллуудад байгуулах хэрэгтэй. Мөн ном л уншдаг уйтгартай газар гэж ойлгуулахын оронд хүүхэд, өсвөр насныханд зориулсан хөтөлбөрүүд тогтмол хэрэгжүүлж, уншигчдаа татах ёстой.
700 мянга гаруй хүнтэй Ванкувер хотын нийтийн номын сан 21 салбартай. Харин 1.2 сая хүнтэй манай нийслэлд хэдэн номын сан байна вэ. Ванкуверийн номын сангийн салбарууд ижил загвараар ажилладаг. Энэ нь номын санчдад олон салбарт, уян хатан цагаар ажиллах, давтан сургахгүй байх гэх мэт цаг, төсөв хэмнэсэн бодлого юм. Өдөрт 1500 хүртэлх хүнд үйлчилдэг салбарт 7-9 хүн л ажилладаг гээд бод доо. Канадын номын сангийн ажилтнууд дөрвөн гар, хоёр толгойтой юм биш. Тэд энэ системээ үр дүнтэй, бүтээлч болгохын тулд олон удаа туршиж, сайтар хэлэлцэн, судалж, бодож төлөвлөсөн. Тиймээс манай улс номын санд зориулсан тусгай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхдийн болон төв номын сан нь манайд тусдаа учир хэн тийшээ очих билээ. Хүүхдээ номд дуртай болгох гэж номын санд авчирсан эцэг, эхчүүд тэдний уншихыг л хараад сууна гэсэн үг. Харин нэг дор байрлуулснаар бүгд хөгжих, суралцах боломжтой болно шүү дээ.
-Монголын номын сангийн холбоог та үүсгэн байгуулсан гэсэн. Танай холбоо ямар ажлууд хийж байв?
-Монголын номын сангийн холбоог анх санаачилж, үүсгэн байгуулсан хүн нь энэ холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн. Би холбоо байгуулъя гэсэн санаачилга гаргахад нь дэмжсэн хүмүүсийн нэг төдий. М.Даваасүрэн Өмнөд Австралийн их сургуульд номын сан мэдээллийн технологийн магистрын зэрэг хамгаалсан, манай улсын өмнөө барих шилдэг, залуу мэргэжилтнүүдийн нэг. Бид Үндэсний номын санд нэг үе хамт ажиллаж, салбартаа шинэлэг зүйл хийж, бүтээх сэн гэж хүсэж тэмүүлсэн залуусын хувиар олон ажил, төсөлд мөр зэрэгцэн, гар нийлж хамтран ажиллаж байсан.
М.Даваасүрэн Австралийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцахаар явж, би Канадад Бритиш Колумбийн их сургуульд сурах болсон юм. Өндөр хөгжилтэй орнуудад суралцсаны хувиар бид дэлхийн номын сангийн сүүлийн үеийн жишгийг улсдаа нэвтрүүлэх сэн, сурсан мэдсэнээ Монголынхоо хөрсөнд буулгах, дэлхийн номын сангуудын шилдэг туршлагуудыг номын санчидтайгаа хуваалцах юм сан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байлаа. Нөгөөтээгүүр, номын санчдыг нэгтгэн зангидаж, тэднийг сүүлийн үеийн шинэ технологи, жишигт сургах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, хоорондын болон гадаад улсын номын сан, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд онцгойлон анхаардаг холбоо бий болгох хэрэгтэй гэж бодсон. Тиймээс л уг холбоог байгуулсан. Би Канадад байдаг тул холбооны ажилд тэр бүр оролцоод байж чаддаггүй.
-Та ном уншихаас гадна эрдэм шинжилгээний өгүүлэлд онцгой ач холбогдол өгдөг юм билээ. Мэргэжил нэгтнүүддээ өөрсдийгөө хөгжүүлэх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Манай салбарт ажиллаж байгаа хүн уншихгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй бол хоцорно, “зэвэрнэ”. Энэ бол маш хурдтай өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг мэдээллийн салбар шүү дээ. Тиймээс мэргэжлийн чиглэлийн юм байнга уншихаас гадна номын сан, мэдээллийн салбарт болж, тохиолдож буй шинэ үйл явдал, өөрчлөлт шинэчлэлийг ямагт ажиглаж, өдөр тутамдаа ашиглаж байхыг хичээдэг. Би мэргэжлийн материалаас гадна түүх, соёл, антропологи, хэл шинжлэлийн чиглэлийн ном их уншина. Канадад ирж суралцахад орчин нөхцөл, боловсролын систем, оюутнуудын суралцах арга барил өөр, хүлээх үүрэг хариуцлага өндөр, дээр нь ахисан түвшин учраас маш ачаалалтай, унших, судлах, бичих зүйл хоолойгоор татам их байлаа. Өмнө нь англи хэл гайгүй сурсан минь маш их тус болсон гэж боддог. Тиймээс би мэргэжил нэгтнүүддээ хандаж англи хэл сайтар суралцахыг уриалж байна. Англи хэл сурахын чухлыг хэн хүнгүй надаар хэлүүлэлтгүй мэднэ.
Би оюутан байхдаа бие даасан бичил судалгаа хийсэн юм. Судалгааны гол сэдэв маань хөхний хорт хавдартай тэмцэж буй эмэгтэйчүүд энэ өвчнийхөө талаарх мэдээллийг ямар байдлаар авдаг тухай судлах байв. Холбогдох эх сурвалжуудыг нь тогтоон, дата цуглуулж, анализ хийсэн. Судалгаагаа эхлэхдээ энэ чиглэлээр өмнө нь хийсэн төстэй судалгаануудтай танилцахын тулд сургуулийнхаа номын сангийн системд хамгийн энгийн түлхүүр үгээр хайлт хийхэд 900 000 шахам илэрц байв. Зөвхөн хорт хавдартай хүмүүсийн мэдээлэл ингэж гүн гүнзгий, далайцтай судлагдсан. Монгол хэлээр хайж үзвэл маш цөөн илэрц гарах болов уу. Би төрөлх хэлээ муу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ нь англи хэл дээрх судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл манайхаас хэд дахин илүү гэдгийг илтгэж байна. Ядаж л олон талын мэдээлэл олж авна гэсэн үг.
Америкийн номын сангийн холбооны салбар олон байгууллага өөр өөрсдийнхөө чиглэлээр төрөл бүрийн вэбинар, семинар, сургалтууд байнга зохион байгуулдаг. Эдгээрийг дэлхийн шилдэг мэргэжилтнүүд заадаг юм. Цахим хичээлүүд зургаан сарын дараа онлайн архивт шилжиж, үнэгүй болдог. Эдгээр хичээлийг үзсэнээр каталоги зэрэг манайд чухал хэрэгтэй байгаа чиглэлээр дагнан мэргэших боломж бий. Хэрэв манай салбар чадварлаг боловсон хүчинтэй болчихвол орчин үеийн техник, технологи, шилдэг туршлагуудыг нутагшуулж, нэвтрүүлж чадна.