“Universe best songs” уралдааны 2009 оны шилдэг, 2014 оны шилдгийн шилдэг оролцогч Г.Үйлстөгөлдөр өдгөө бие даан уран бүтээл хийж байна. Долоон настайгаасаа дуулж эхэлсэн тэрбээр цомог гаргах хэмжээний бүтээлтэй. 2013 онд Азийн залуучуудын фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцож, таван хэлээр дуулсан. Дэлхийг цар тахал нөмөрсөн энэ үед “Эх дэлхий та бүхнийг хайрладаг” дуугаа олон хувилбараар гаргаад байгаа билээ. Голчлон баллад урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд эх орондоо үүнийг хөгжүүлэхээр зорьж буй түүнтэй ярилцлаа.
-Азид, тэр дундаа Монголдоо хоёр дахиа энх тайван, эрүүл энхийн сэдэвт дуу зохиосон танд баяр хүргэе. “Эх дэлхий та бүхнийг хайрладаг” дуугаа анхлан яагаад хятад хувилбараар гаргах болов?
-Баярлалаа. Дэлхийн улс орнуудад буй эрүүл энхийн тухай дууг сонсоход бусдыг сайн сайханд уриалан дуудсан өнгө аястай байдаг. Би энэ дуугаараа дэлхийг хамраад буй коронавирусийн аюулыг хүн төрөлхтөн эв нэгдлийн хүчээр ялан дийлнэ, энэ бол дэлхий нийтийн аюул юм шүү гэсэн ойлголт өгөхийг зорьсон. Үүнийгээ цэвэр баллад урсгалаар хийлээ. Цар тахлын үед сэтгэлзүйн дархлаа маш сайтай байх ёстой гэж эмч нар зөвлөж байгаа. Дууг хийлийн эгшгээр эхлүүлсэн нь сайхан аялгуугаар зүрх сэтгэлийг эзэмдэн, хайрын давтамжаар тайтгаруулах гэсэн санаатай. Дуугаа хоёрдугаар сарын 6-10-нд зохиож, гуравдугаар сарын 3-нд хятад хэлээр цацсан юм. “Яагаад заавал Ухань хотын тухай дуулсан бэ, хятад дуу юм уу” гэж олон хүн асуусан л даа. Тухайн цаг үед маш хүнд байдалд байсан Ухань хотыг дурдахаас өөр арга байгаагүй.
-Одоо хэдэн хэлээр цацаад байна вэ. Олон нийтийн сүлжээнд хандалт хэр байгаа бол?
-Хонконгийн эрдэмтний “Бид нэг сарын дараа гэхэд л хяналтаа алдана” гэсэн мэдээ уншмагцаа, дуугаа дэлхий нийт рүү чиглүүлэх нь зүйтэй гэж бодсоны үндсэн дээр гуравдугаар сарын 22-нд “Эх дэлхий та бүхнийг хайрладаг” нэртэйгээр монгол хувилбарыг нь түгээсэн. Тэр үед дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр эгч надтай холбогдон “Дууг чинь сонслоо. Сонсголгүй иргэд эх хэлээрээ дохиж дуулах хүсэлтэй байна. Хэлмэрчлэхийг зөвшөөрөх үү” хэмээсэн. Би зөвшөөрч, “JCI Mongolia капитал” салбарынхан “Welcome” төслийнхөө хүрээнд дүрсжүүлсэн юм. Global version буюу дэлхий дахинд хүргэх хувилбарыг “The earth, Loves you all” нэртэйгээр, олон нийтийн сүлжээнд тавилаа. Хятадын олон улсын радио, төв телевиз, Ардын өдрийн сонин, хөгжмийн том сайтууд нь хятад хувилбарыг цацаж, мэдээлэл түгээв. Зарим байгууллагаас надтай холбогдож ярилцлага авсан. Монголд гэвэл намайг мэддэг хүмүүс л сонирхож байгаа юм шиг. Танай сонинд анхныхаа ярилцлагыг өгч байна. UBS, ТВ5 телевиз англи, монгол хувилбарыг цацаж эхэлсэн.
-Та нэгэн туршилт явуулсан гэж сонссон. Энэ тухай дэлгэрэнгүй яриач.
-EQ боловсролын төвийн багш, судлаач Л.Энхтуяа эгч надад нэг сонирхолтой туршилт явуулахыг зөвлөсөн юм. Үүний дагуу хоёр шилэн аяганд ус хийгээд нэгэнд нь энх тайван, эрүүл энхийн сэдэвтэй дуу “сонсгоод” хөлдөөсөн. Тэгэхэд салхи хуйларч буй мэт хэлбэртэй, тунгалаг байдалтай хөлдсөн бөгөөд солонгорсон туяа татсан байв. Харин дуу “сонсоогүй” ус нь эв хавгүй, хад асга шиг дүрс үүсгэж хөлдсөн байлаа. Би хараад үнэхээр гайхсан. Ийм туршилт хийхийг зөвлөсөн Л.Энхтуяа эгчид баярласнаа илэрхийлье.
-Япон эрдэмтний туршилтыг санал болгож дээ.
-Магадгүй, Надад бол шинэ мэдээлэл байлаа.
-Дуу хөгжмийн баллад төрлийн талаар мэддэг хүн Монголд хэр олон бэ?
-Дуундаа хааяа шингээдэг хүмүүс бол бий. Энэ урсгалаар дагнасан нь байхгүй. Хүмүүс ихэвчлэн Солонгосын олон ангитай киноны хөгжим гэж ойлгодог. Гэтэл энэ нь Франц улсаас гаралтай, маш нарийн “хийцтэй” төрөл. Монголд хөгжүүлэх зорилготой судалгаа хийж байна.
Бэлтгэсэн: Д.Энхманлай