МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.
-Өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд өрсөлдсөн нийт бие даан нэр дэвшигчтэй дөхөж очихуйц тооны горилогч энэ удаагийн сонгуульд өөрсдийгөө сойх бололтой. Ийм байдалд хүрч байгааг ухралт гэж тайлбарлах хүмүүс байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ухралт гэхээс илүү гацаа гэж тайлбарлаж болно. Бие даагчид олшрох хэмжээнд хүртэл улс төрийн нам чадамжгүй болсон уу, эсвэл улстөрч, УИХ-ын гишүүн байх гэдэг нь бүх зүйлийн баталгаа болж байгаа мэтээр нийгэм хүлээж авдаг болсон уу гэдгийг ялгаж, салгаж харах хэрэгтэй. Манай улсын хувьд дээрх хоёр байдал зэрэгцэн оршиж байна.
-Хэрэв тэднээс олон нэр дэвшигч УИХ-д сонгогдвол эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүсэх үү?
-Монгол бол парламентын засаглалтай улс. Энэ нь бодлого тодорхойлогч буюу эрх баригч байхын тулд олонхын саналаар асуудлыг шийддэг байх ёстой гэсэн үг. Парламентад 39-өөс дээш суудал авсан нам олонх байна гэж хуульд заасан. Гэвч олонх нь бие даагчаас бүрдэх боломжгүй. Тэдний эрх зүйн орчныг хуулиар баталгаажуулаагүй, зохицуулалт дутмаг зэрэг асуудал бий юү гэвэл тийм. Гэхдээ бие дааж сонгогдох эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхээ иргэн бүр эдэлж болно гэсэн үг. Харин бие даагч яагаад бодлого тодорхойлох боломжгүй байна вэ, тэд нам бус гэдгээрээ яагаад ялгаварлагдах ёстой вэ гэх асуулт гарч ирнэ. Бие даан нэр дэвшигчид заавал намын гишүүн байх шаардлага үүсээд байна вэ гэвэл ямар нэг асуудлыг олонхын саналаар шийднэ гээд хуульд тусгачихсан учраас тэр. Лобби бүлэг үүсгэх боломж улс төрийн намд илүү бий. Төрийн бодлого нь шинжлэх ухаанч, залгамж холбоотой байх ёстой. Олон улсын жишгээс харахад ч хууль тогтоох байгууллагад бие даагч нар нь бодлого тодорхойлох боломжгүй байдаг. Үүнийг манай улсад ч УИХ-ын тухай хуулиар зохицуулсан. Тодруулбал, 39-өөс дээш бол олонх, цөөнх нь сөрөг хүчин байна, бие даагч нь энэ “тоглолт”-д оролцож болохгүй байхаар хуульчилсан.
-Тухайлбал, бие даагч найман хүн сонгогдлоо гэж бодъё. Хэрэв намаас сонгогдсон бол бүлэг байгуулж болно. Дангаараа бол юу ч хийх боломжгүй. Тиймээс аль нэг намд элсэх сонголт бие даагчдад тулгардаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Ийм олон хүн нэр дэвшиж байгаа ч сонгогдох нь хэд бол гэдгийг тааж хэлэх аргагүй. Энэ бол иргэдийн сонголтоос хамааралтай асуудал. Мэдээж математик аргачлалаар бодсон ч 39 хүн сонгогдохгүй байх. Ийм тооны гишүүн сонгогдсон ч бүлэг байгуулах боломжгүй. Бүлгийг зөвхөн намын гишүүд байгуулахаар зохицуулсан. Тиймээс бие даагч гэдэг нь өнөөгийн Монгол Улсын хувьд сөрөг хүчин байхаас илүү эрх эдлэхгүй. Мэдээж хууль санаачилж, байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ парламентад ямар нэг “улс төр хийхгүй”. 76 бие даагч УИХ-д суудалтай болсон тохиолдолд л уг заалтыг өөрчлөх тухай ярьж болох юм. Энэ асуудлыг сөхөх өөр ямар ч бололцоо алга. Улс төр бол эрх мэдлийн төлөө тэмцэл учраас бүгд тэмүүлж байдаг.
-Орон нутагт 20, нийслэлд есөн тойрог байхаар зохицуулсан. Тэгвэл 208 бие даагч, 15 нам, дөрвөн эвслүүд 29 тойрогт өрсөлдөх нь. Өөрөөр хэлбэл, долоон бие даагчаас гадна нам, эвслээс нэр дэвших хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй иргэд 22 хоногийн дотор танилцана гэдэг нь боломжтой юу?
-Тэдний мөрийн хөтөлбөрийг 22 хоногийн хугацаанд бүгдийг нь уншиж амжихгүй. Тиймээс улс төрд хүч үзэх гэж байгаа бол эртнээс өөрийгөө таниулж, сонгогчидтой холбоотой сайн дурын ажил хийх хэрэгтэй. Хөгжингүй орны улстөрчид яаж ажиллаж байгааг хар. Нэр дэвшигчид нь сонгогдохын төлөө өөрийнхөө нэр, уриа лоозонгоо бариад гудамжинд зогсож, өнгөрсөн хугацаанд юу хийснээ танилцуулдаг. Түүнээс биш миний мөрийн хөтөлбөртэй танилцахгүй байна, унших боломж олгохгүй нь гэх үзлээсээ бид салах цаг болсон. Санал авах өдрөөс өмнө 22 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө таниулах хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ түүнээс өмнө юу хийсэн юм бэ гэдэг нь чухал. Тэгэхээр үүнийг хоёр талаас нь харах хэрэгтэй.