“Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Үер”, “Хүргэн хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Өнөр бүл”, “Жаргал даахгүйн зовлон” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон дэлгэцийн уран бүтээл Төрийн шагналт, Ардын жүжигчин, гарамгай найруулагч Дэжидийн Жигжидийн ухаанаас ургаж, авьяасаас үндэслэсэн юм. Монголын кино урлагийн “генерал” хэмээгддэг түүний хүүхдүүд ч энэ салбарт авьяасаа уралдуулж яваа. “Удам залгамж” буландаа нэрт найруулагч Д.Жигжидийн отгон хүү, зураглаач, найруулагч Ж.Отгонбиндэрийг урилаа.
-“Тайгын савдаг” уран сайхны кино бүтээснээ саяхан олны хүртээл болгожээ. Шинэ уран бүтээлийн тань тухай асуултаар ярилцлагаа эхэлье. Уг бүтээлээрээ юу өгүүлэхийг хүссэн бэ?
-Би цэргийн алба гурван жил хаагаад, дараа нь гэрэл зурагчнаар хэсэг ажиллачихаад “Бэрс” кино урлагийн дээд сургуульд элссэн юм. Манай ангид надаас гадна өөр нэг хөгшин оюутан байлаа. Хоёрдугаар дамжаанд, арваннэгдүгээр сар гарчихаад байхад өнөөх маань хичээлдээ ирдэггүй. Гэтэл наадмын дараа хөдөө зугаалж яваад айлд хоригдчихож. Завхан, Хөвсгөлийн дунд Хөтөлийн даваа гэж бий. Сүүлд сонсох нь ээ, тэнд нэг өвгөн, сэтгэцийн “юм”-тай охинтойгоо амьдардаг айл байж. Тэднийд хэдэн сар хоригдсон байгаа юм. Анх сонсоход л кино зохиол болчихоор санагдаж, санаанд яваад л байв.
-Кино зохиолоо та өөрөө бичдэг үү?
-Оролддог л юм. Миний олигтой бичнэ гэж юу байх вэ. “Тайгын савдаг”-ийн зохиолыг Т.Эрдэнэцогт гэж залуутай хамтарч бичсэн.
-Р.Доржпалам найруулагч “Тунгалаг Тамир”-ын цахиур Төмөр, Эрдэнэд, Г.Жигжидсүрэн найруулагч “Эх бүрдийн домог”-ийн Нарангарвуугийн дүрд мэргэжлийн бус хүн тоглуулсан. Энэ мэтчилэн алтан үеийн найруулагчид тухайн дүрд тохирсон хүнийг эрж, олж, кинондоо тоглуулдаг байж. Таны “Тайгын савдаг”-т тоглосон хүмүүсийн олонх нь мэргэжлийн бус юм билээ. Яагаад ингэж сонгов?
-Уг нь мэргэжлийн жүжигчидтэй ажиллах нь илүү амар. Гэхдээ би байдаг л, байнга л дэлгэцээр гардаг жүжигчдээс “зугтах”-ыг хүссэн юм. Аавынхаа, Ж.Биндэр ахынхаа кинонд ажиллах арга барилыг ажигладаг байлаа. Тэд минь энгийн зүйлийг яг байгаагаар нь үзэгчдэд хүргэхийг зорьдог байв. Энгийн зүйл хүргэхийн тулд эгэл хүн тоглуулах нь илүү дөхөм. “Тайгын савдаг”-т тэр нь илүү чухал байсан юм. Би ер нь дүрийн сонгон шалгаруулалт явуулах дуртай. Ялангуяа хөдөө. Шөрмөс нь зангирсан эрчүүд, хүн чулуу шиг сайхан өвгөд, хацар гоо охид байдаг гээч. Киноноос киноны хооронд гүйдэг хэрнээ мэргэжлийнхээ учрыг олоогүй жүжигчидтэй хэл амаа ололцох гэж зүдэрснээс дүрдээ тохирсон төрхтэй, энгийн хүмүүстэй ажиллах нь илүү үр дүнтэй.
-Харин сүүлийн үед киночид үзэгчдийг татах маркетингийн арга болгож алдартай дуучин, загвар өмсөгч гэхчлэн мэргэжлийн бус хүмүүсийг тоглуулдаг болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Их харамсалтай санагддаг. “Тайгын савдаг”-аа бүтээчихээд IPTV-үүдэд өгөх гэтэл өөдөөс “Ямар ямар жүжигчин тоглосон бэ” гэж түрүүлж асуусан. Ямар төрөл, сэдэвтэй, юун тухай өгүүлэх нь гол биш юм уу. Бас нэг бодож явдаг зүйлээ хэлчих үү. Монголын уран бүтээлчид Холливудыг хуулж, дэлхийд гарна гэж байхгүй. Бид Монгол “үнэртсэн” бүтээлийг л дэлхийд гайхуулах ёстой юм. Манай кино урлаг техникийн хувьд хөгжиж байгаа боловч уран бүтээлчид, ялангуяа жүжигчид ахихгүй байгаа нь харагддаг.
-Та хэсэгтээ уран бүтээл хийгээгүй. Яагаад завсарлав?
-Ж.Биндэр ах минь өөд болж, бие даан уран бүтээл хийх төсөв ч байсангүй. Монгол ахуй харуулсан хүүхдийн олон ангит киноны зохиол биччихээд түүнийгээ бариад хэчнээн ч олон байгууллагын хаалга татав. Нэг нь ч хөрөнгө оруулаагүй. Хүүхдийн сэдэвтэй киногоор орлого олохгүй болохоор дэмждэггүй юм байна. Харин сая “Тайгын савдаг”-аа хийх боломж гарлаа.
-Хөрөнгө санхүүгээс гадна бүх зүйлийнх нь тохироо бүрдэж байж уран бүтээл бүтдэг мэт санагддаг. Та юу гэж боддог вэ?
-Уг нь Л.Ганболд гэж найз минь хөрөнгө оруулж, “Тайгын савдаг” киноны зургийг Хөвсгөлд авч эхэлсэн юм. Гэтэл нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь шууд л кино багаа тараагаад, зургийн ажлаа зогсоочихсон. Муу зүйл хийж нүд хуурснаас хийгээгүй нь дээр гэж бодсон юм. Харин өнгөрсөн өвөл дунд сургуулийн, цэргийн, өмнө нь хамт ажиллаж байсан найзууд минь намайг дэмжсэнээр дахин үргэлжлүүлэх боломж гарч, дуусгасан. Тэгэхээр тохироо бүрдэж байж л уран бүтээл “төрнө”.
-Одоо ямар киноны зохиол дээр ажиллаж байгаа вэ?
-“Жаран дамжсан судар” гэж зохиол бий. Ахын надад ярьж өгсөн нэг зохиол бас бий. Тархиндаа л боловсруулж явна. Олон улсын кино наадамд зориулж хийх юм.
-Уран бүтээлч хүний гэрт өсөх ямар бол?
-Багадаа айхтар мэдэрч байсангүй. Жаахан томроод бусад хүүхдээс илүү хариуцлагатай байх ёстойг ухаарсан. Муу зүйл хийж болохгүй шүү дээ, аавын нэр гарна. Одоо ч тэгж л боддог. Би муу уран бүтээлч байж болохгүй. Миний нэрийн урд заавал аавын маань нэр дуудагдах учраас.
-Ж.Биндэр ахынхаа олон киноны арын албанд ажилласан юм билээ. Ах, дүү хоёр хамт ажиллахад гар хэр нийлдэг байв?
-Ямар юмных нь гар нийлэх байх вэ дээ. Би ахаасаа их зүйл сурсан. Анхандаа ахын кино багийн тогоочийнх нь туслахаар ажиллаж, төмс арилгадаг байлаа. Намайг ажил хийлгэж сургах гэж байгаа нь тэр. Цалин ч байхгүй. Аав ч тийм зантай байсан юм билээ. Ахыг ажлын дөртэй болгох гэж үндэсний телевизийн уурын зуухны галч хийлгэж байсан.
-Өндөр цалинтай ажлаа хаяад киноны туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн гэсэн, та. Кинонд тийм дуртай байсан юм уу?
-Үнэхээр дуртай. Төмс арилгаад ч болов кино багт нь багтаж, юм сурахыг хүсдэг байлаа.
-Таны аав, ах, Б.Балжинням, Х.Дамдин тэргүүтэй уран бүтээлийн гараагаа зураглаачаас эхэлж, улмаар найруулагч болсон хүн олон. Тэгэхээр зураглаач хүнд найруулагч болоход дөхөмтэй ур чадвар, мэдрэмж байдаг байх нь ээ?
-Гол нь мэдрэмж. Зураглаач хүн их хурц нүдтэй. Хурц гэдэг нь аливааг бусдаас өөрөөр, сонирхолтойгоор харж чадахыг хэлж байгаа юм. Аав нэг их зузаан ном барьчихаад л надад зураг авах тухай хичээл заадаг байлаа. “Монгол хүний арьсны өнгө ийм учраас зураг авахдаа тийм гэрэл тавибал илүү зохимжтой. Гадаа бол тэгж, дотор бол ингэж ажиллавал зүгээр” гээд л заана. Харин ах ВГИК (Бүх холбооны кино урлагийн дээд сургууль)-т сурснаасаа хуваалцана. “Эвлүүлэг ийм, тийм байх ёстой. Нар шингэсний дараа зураг авах болбол энд, тэнд аргал уугиулаад орхичих. Сааралтаад ирэхээрээ хачин гоё харагдана” гэхчлэн заль заана.
-Аав, ахынхаа ажиллах арга барилаас ямар онцлогийг нь өөртөө шингээхийг хүсдэг бол?
-Хүсдэг гэхээсээ илүү өөрийн мэдэлгүй шингээсэн байдаг. Аргагүй шүү дээ. Би Кино үйлдвэрийн зусланд төрж, тэнд ухаан орсон шүү дээ. Уран бүтээлчдийн дунд өсөж, аавынхаа уран бүтээлдээ хэрхэн хандахыг харсан, ахынхаа дэргэд ажилласан учраас шингэхээс аргагүй. Би зураг авахад тохирох газар зүйн байрлал олох, сонгохдоо маш сайн. Олон жил зурагчин, зураглаачаар ажилласан болохоор тэр байх.
-Уран бүтээлийн гараагаа ямар киногоор эхэлсэн юм бэ?
-Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан “Тэнгэрийн амьтан”, дараа нь ахын найруулсан “Час өдөр” кинонд ажилласан санагдана. Туслахын туслах хийж байлаа. Зураг авах үеэр маш их өлсөөд, нууцаар юм идэж байгаад ахад загнуулж билээ. Ах “Чи олонтойгоо байх ёстой. Уран бүтээлч болъё гэвэл хамт олныхоо дунд нь яв. Энгийн бай” гэдэг байлаа.
-Аавынхаа ямар бүтээлд хамгийн дуртай вэ. Юу гэж захисан нь таны сэтгэлд тод үлдэв?
-“Өглөө” кинонд нь хамгийн дуртай. Зураг авсан өнцөг, дүрүүд нь ямар гоё билээ. Аав минь 1989 онд намайг цэргээс халагдаж ирсний дараахан бурхан болсон. Аав гэм хийвэл нясалж, гавьяа байгуулбал үнсэж шагнадаг байлаа. Хүүгээ ажлын дөртэй, урлагт дуртай болгохын тулд хэлсэн үгс нь одоо ч тод санагддаг даа.
-Аавыгаа бодоход хамгийн түрүүнд ямар төрх нь санаанд тань буудаг вэ?
-Аав минь их өр зөөлөн хүн. Дулаахан царай нь аавыг бодох бүрт хамгийн түрүүнд тодроод ирдэг.
Би хоёр юм уу, гурван настай байж л дээ. Давсны жижиг савыг арын битүү талаас нь үмхэж тоглож байтал хоолойд тээглэж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихож. Эхлээд уйлж байснаа таг болж, царай хөхрөөд ирж. Аав, ээж хоёр учиргүй сандарч, хоолойд тагларсан зүйлийг авах гэж оролдоод чадаагүй аж. Эмч дуудах ямар ч боломжгүй, хоромхон хугацаанд болсон явдал. Эгчийг “Хүн дуудаад ир” гээд явуулж. Эгч тэр үед 12 дугаар хорооллыг барьж байсан орос цэргүүдийн нэгийг чирсээр авчирсан гэсэн. Тэр орос цэрэг том бохир гараараа миний амнаас хоолойг минь таглаад хөхчихсөн тагийг татаж гаргасан гэсэн. Аав, ээж хоёр ч нөгөө орос цэрэгт учиргүй баярласан байх. Орос цэрэг дараа нь зав боломжоороо манайхаар ирэхэд ээж хоол, цайгаар дайлдаг байсан. Миний аав, ээж тийм л сайхан хүмүүс.
-Таныг Ардын жүжигчин Б.Дамчаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураглаач Г.Цэрэн зэрэг хүмүүсийн шавь гэж сонссон.
-Өмнө хэлсэнчлэн би кино уран бүтээлчдийн дунд төрж, хүүхдүүдтэй нь тоглож өссөн. Б.Дамчаа гуай “Чи тэр зохиолыг унш” гээд л даалгавар өгнө. Б.Ренчин гуайн “Заан залуудай” романыг заавал унш гээд надад уншуулж байлаа. Г.Цэрэн багш надад их сайн. Сахилгагүйтэх бүрт намайг өмөөрнө. Би ч хөдөлгөөнтэй хүү байж.