Олон улсын киокүшин каратэгийн Монгол Улс дахь салбар байгууллагыг хар бүс V дантай, Шихан буюу хүндэт багш Д.Чинзориг төлөөлөн удирдаж ажилладаг. Киокүшин каратэг үндэслэгч, дэлхийд хөгжүүлсэн домогт тулаанч Масүтацү Ояма багштайгаа тэрбээр 1990 оны аравдугаар сард авга эгч Д.Наранцэцэгээр дамжуулан холбогдож, 1991 оны тавдугаар сард Японы Токиог зорьж, түүний удирдлагад 14 хоногийн бэлтгэл хийснээр эх орондоо хөгжүүлэх албан ёсны эрх авсан гэдэг.Түүний хичээл зүтгэл, зорилго, тэмүүллээр Монгол Улсад энэ спорт бууриа засаж, хөгжих эхлэл нь амжилттай тавигджээ. Монголын киокүшин каратэгийн холбоо салбар клубээ Улаанбаатар хотоос гадна орон нутагт байгуулснаар шилдэг тамирчид төрөв. Тэд өдгөө тив, дэлхийн тэмцээнд аваргалж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Бие хамгаалах урлагаар 40 жил хичээллэсэн тэрбээр киокүшин каратэгийн төрлөөр Монгол Улсдаа хамгийн өндөр зэрэг дэвтэй нь. Тулааны спортын гайхамшгийг залууст өөрийн биеэр үлгэрлэн харуулж, дэлхийд данстай тамирчид төрүүлсээр байгаа түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Таны боловсрол, мэргэжил, ажлын гараа хүүхэд насны тань амьдралаас улбаатай юм билээ. Хилийн заставын амьдрал өөрийг тань өөр зүйл рүү урвуулж чадаагүй санагдсан.
-Миний хүүхэд нас цэргийн амьдралтай салшгүй холбоотой. Аав минь Хилийн цэргийн дундсургууль дүүргээд баруун хязгаарт заставын даргаар ажиллаж байхдаа ээжтэй минь танилцсан гэдэг. Би цэрэг эрсийн дунд өссөн. Цэргийнхний амьдралыг өдөр бүр харж өссөн минь хожим мэргэжлээ сонгож, ажил үүргээ гүйцэтгэхэд их нөлөөлсөн. Аав, ээжийн хүмүүжүүлсэн төлөвшил, ахуй амьдралаас авсан сургамж, сэтгэл нэгдэн ажилласан хамт олон, гадаад, дотоодын дасгалжуулагч багш нараас суралцаж, арвин туршлага хуримтлуулжээ. Ээж минь намайг хуульч болгохыг хүсдэг байлаа. Дунд сургуулиа дүүргээд НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах дээд сургуульд сурахаар шалгалт өгч тэнцсэн боловч тэр үед Улс төрийн товчооны тогтоол гарч, тус яамны хурандаа, цэргийн боловсон хүчний хүүхдүүд бус, эгэл ардын хүүхдүүдийг сургах болсон юм. Тэр үед олон хүн “Чи аавынхаа ажил, мэргэжлийг өвлөөч” гэж хэлсэн ч би тагнуулчдыг бэлтгэдэг сургуульд, эсвэл хуульч мэргэжлээр суралцах хүсэлтэй байлаа. Биднийг залуу байхад цэргийн алба заавал хаалгана. Дорнод аймагт цэргийн алба нэг жил хааж ирээд, ЗХУ руу явах гэж байтал НАХЯ-ны сайдын тушаал гарч, Цагдан сэргийлэх байгууллагын харьяа Эргүүл ротод ажиллуулахаар долоон залууг үлдээж ажиллуулсны нэг нь би.
-ЗХУ-ын Дотоод явдлын яамны академид сурдаг байхдаа байлдааны самбо, каратэгээр хичээллэсэн үү?
-Тийм ээ, 1983-1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академид суралцаж төгссөн. Бидэнд албаны сургалтаар байлдааны самбо, каратэ заадаг байлаа. Тэр үеэс спорттой илүү ойр болсон. Каратэ нь нэг талаар спортын төрөлд багтдаг ч нөгөө талаар эрүүл амьдрах ухаан болж хөгжиж байна. Цэрэг, цагдаагийн байгууллагын ажилтнууд бусад салбарынхнаас спортоор түлхүү хичээллэх шаардлагатай байдаг. Нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ бүхнийг албаны сургалтаар заадаг. Цагдаагийн алба хаагчийн эзэмшвэл зохих ур чадварын нэг зүйл бол өөрийгөө хамгаалах чадвар юм. Бие хамгаалах урлаг, тулааны спорт нь өөрийгөө болон бусдыг байгалийн үзэгдэл, халдлагаас хамгаалахад чиглэдэг. Онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчлах гэж байгаад сонор сэрэмжгүйгээс халдлагад өртөж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа хэрэглэж чадахгүй бол дэндүү хайран шүү дээ. Тэгэхээр ажлаа хэвийн гүйцэтгэх чадвартай байхын тулд өөрийгөө хамгаалах арга ухааныг эзэмших ёстой. Миний хувьд ажил албандаа тэнцэж, албан үүргээ гүйцэтгэхэд бие бялдрын хөгжилтэй байж, амь нас, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэйг тулааны урлагаас ухаж мэдсэн.
-Орост сурч байхдаа туршлагатай багш нараар заалгасан бүхэн тань хожим олон зүйлд хэрэг болсон биз?
-Бидэнд каратэг Александр Васильевич Карпухин, байлдааны самбог сургуулийн биеийн тамирын кафедрын эрхлэгч, ЗХУ-ын баатар А.И.Попрядухин заасан. А.В.Карпухин багш намайг хичээлээ хааяа тасалчихаар “Чинзориг оо, хичээл яагаад таслав” гээд сураглан ирж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Алдартай, туршлагатай, бас гайхалтай ур чадвартай тэднээс байлдааны самбо, каратэ сурч, эзэмшсэнээ өнөөг хүртэл хэрэгжүүлж явна. Тэнд байхдаа тууштай байж хэцүү бэрхийг даван туулах чадварыг эрдэмтэн багш нараасаа суралцсан. Багш минь надад “Чи цаагуураа их үндсэрхэг үзэлтэй хүн шүү” гэдэг байв. Тэр үед надаас монгол хүний цусанд байдаг омголон, юманд амархан сөхрөх дургүй зан чанар цухалздаг байсан шиг байгаа юм. Оросууд Монголын өв соёл болоод өвөг дээдсийн минь түүхийг сайн мэддэг байсан тул биднийг хүндэлж харилцдаг байлаа.
-Бууж өгөх дургүй занг багш тань цаагуураа үнэлдэг байж.
-Тийм ээ, бидэнд “Ямар ч зүйл тохиолдсон овсгоо самбаатай бай. Аливаа асуудлыг шийдэхдээ цаг бүү алд. Хувийн болоод ажил үүрэгт чинь асуудал гарвал бие, сэтгэл, ухаанаараа зөв шийддэг байх хэрэгтэй” гэж захидаг байв. Би эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх гүйцэтгэх албаны мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Монголдоо ирээд Увс аймаг, Улаанбаатарын Октябрын район буюу одоогийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1990 онд Эрүүгийн цагдаагийн газрын харьяа Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулахад ажилтан, 1990-1993 онд ЦЕГ-ын харьяа гуравдугаар тусгай тасаг, 1993-1995 онд ЦЕГ-ын харьяа боловсон хүчний хэлтэст ахлах байцаагчаар тус тус ажилласан.
ДЭЭРЭМЧИД ХАМГИЙН ТҮРҮҮНД ГАДААДЫН ИРГЭДИЙГ ОНИЛДОГ БАЙЛАА
-Таныг зэвсэгт дээрэмчдийг баривчлах ажиллагааг амжилттай удирдаж, Цэргийн гавьяаны одонгоор шагнуулж байсан тухай сонссон. Монголд ийм хэрэг олон гардаг байсан уу?
-Сургуулиа дүүргээд ирж байхад нийгэм өнөөгийнхтэй харьцуулбал тайван байсан. Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд гэмт хэрэгтнүүд гадаадаас ирж байгаа ачаа бараатай наймаачдыг галт тэрэгнээс буухад нь дагаж явсаар гэрийг нь мэдээд авна. Тэд хөрөнгө, мөнгөтэй гадаадын иргэдийг анхааралдаа авч, дээрэмдэхээр хамгийн түрүүнд онилдог байлаа. Эрүүгийн цагдаагийн хэлтсээс өгсөн мэдээллийн дагуу манай гуравдугаар тусгай тасгийн ажилтнууд гурван байршилд отолт хийх болсон юм. Хамгийн их ирж болох байршлыг өөрөө удирдан, галт зэвсэгтэй дээрэмчдийг отож, шөнө дундын үед баривчилсан. Бидний эсрэг хүч хэрэглэсэн хэрэгтнүүдтэй үхэх, сэхэхээ шийдэх үед багш нарынхаа заасан тулааны эрдмийг гаргасан. 1991 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор 28 насандаа шагнуулж билээ. Тэр шагнал бидэнд урам өгч, ард олны амгалан тайван байдлыг хангахын төлөө зүтгэх сэтгэлийн урам зориг өгсөн. Түүнээс хойш манай тусгайгийнхнаас олон албан хаагч төр, засгийн шагнал хүртсэн дээ.
-Хүмүүс “Цагаан бар” дохиолол, хамгаалалтын компаниар тань таныг илүү мэддэг юм билээ.
-Монголд дохиолол, хамгаалалтын хувийн анхны компани байгуулж, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалсаар өдий хүрсэн гэдгээрээ бахархдаг. 1998 оны зургадугаар сард цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нөхөдтэйгөө хамтран байгуулсан. 1999 оноос тус тусдаа бие дааж, үйл ажиллагаа явуулах болсон юм. Бар дөрвөн хүчтэний нэг гэж бодож компаниа “Цагаан бар” гэж нэрлэсэн. Тухайн үед хүмүүсийн сэтгэлгээнд хувийн дохиолол, хамгаалалтын компаниар өмч хөрөнгөө хамгаалуулах ойлголт байгаагүй тул шинэ содон, сонин зүйл мэтээр хүлээж авч байлаа. Олны хандлага социализмын үеийн сэтгэлгээнээс нэг их холдоогүй, товчхон хэлбэл, В.Маяковскийн “Миний цагдан сэргийлэх намайг хамгаална” гэсэн үгээр ханддаг байв. Зочид буудал, банк, дипломат болон төрийн байгууллагууд цагдаа, сэргийлэхийн болон дотоодын цэргийн гэрээт хамгаалалттай байсан.
-Та иогоор хичээллэдэг байх нь. Ширээн дээр тань дасгал хөдөлгөөнөөр эрүүл амьдарч, урт наслах тухай өгүүлсэн ном харагдсан.
-Хүн эрүүл амьдрахын тулд өөртөө тохирсон дасгал хийж, бие, сэтгэл, оюун ухаанаа зөв удирдах ёстой. Энэтхэгт иог, БНХАУ-д ци-гун, Японд каратэ, сүмо, БНСУ-д таеквондо, Монголд үндэсний бөх, тулааны урлаг хөгжсөн. Надад бие хамгаалах урлаг, тулааны спорт, эрүүл амьдрах тухай өгүүлсэн олон ном бий. Бие хамгаалах урлаг нь орчлон ертөнцийн зүй тогтлыг хүндэтгэх, түүнтэй эвсэн зохицож амьдрахад хүнийг сургадаг ухаан юм. Хүний толгойд өдөрт олон бодол эргэлддэг. Тиймээс бясалгаж, замбараагүй бодлуудаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Бясалгал хийх нь зөвхөн аниргүй орчинд нүдээ аниад чимээгүй суух биш. Сэтгэлээ зөв удирдаж сурах нь бие хамгаалах урлагт чухал. Хүн тайван үедээ хамгийн зөв шийдвэр гаргадаг. Бодож буй зүйлээсээ үнэнийг олж хараад өөрийгөө шинжиж сурах хэрэгтэй.
-Монголд киокүшин каратэ хөгжөөд олон жил боллоо. Үүнийг хөгжүүлэхэд та ч бас хувь нэмэр оруулсан хүний нэг нь гэсэн.
-Масүтацү Ояма багш надад киокүшин каратэгийн баримтлах зарчим, үнэт зүйлс, дасгал хөдөлгөөн хийх арга ухааныг зааж сургасан. Тэрбээр Япон Улсын иргэншилтэй хэдий ч уг гарваль нь солонгос хүн. Киокүшин каратэг Японд анх үүсгэж, дэлхий даяар хөгжүүлсэн. Киокүшин гэдэг нь оюун, бие, сэтгэлээр өөрийгөө танин мэдэж, амьдралын сайн сайханд хүрнэ гэсэн утгатай үг юм. Энэ спортыг сонирхсон минь их учиртай. 1979 онд Монголын кинотеатруудаар “XX зууны далайн дээрэмчид” нэртэй уран сайхны кино гарсан нь тэр үеийн хүүхэд, залуучууд, иргэдэд их таалагдсан. Тэр үеэс залуус каратэгийн урлагийг ихээр сонирхох болж, бие дааж, дуурайн хийх болсон. Би бие хамгаалах урлагаар 40, байлдааны самбогоор 38, киокүшин каратэгээр 37 жил хичээллэж байна
-Масүтацү Ояма багшийн тань үүсгэн байгуулсан киокүшин каратэгээр япончууд төдийгүй дэлхийн олон орны хүмүүс хичээллэдэг болсон байна.
- Масүтацү Ояма багшийг олон сая хүн одоо ч хүндэлдэг. Тэрбээр амьдралын хатуу хөтүүг бие, сэтгэлийн хатаар даван туулсан гэдэг. Дэлхийн II дайны дараа япончуудаас эр зориг, овсгоо самбаа, ур чадвараараа шалгаран гарч ирсэн. Намайг уулзах үед багш минь 68 настай байлаа. Олон улсын киокүшин каратэгийн холбоонд дэлхийн 123 орон гишүүнээр элсэж, 20 сая хүн хичээллэж байна. Каратэ нь хүний бие махбодын хий, шар, бадганыг тэнцвэржүүлдэг. Хөдөлгөөн багасахад бадгана ихсэж, хийн тэнцвэр алдагдан өвчинд өртөмтгий болно. Тэгэхээр каратэгийн үндсэн зорилго нь байгалийн зүй тогтолт хөдөлгөөнийг тасралтгүй хийж, хийн судал, таван цул эрхтэн системийг нэгтгэн биеийн дархлаагаа сайжруулан эрүүл амьдрахад орших юм. Ингэж чадсанаар хүн сэтгэл ханамж аван, өөртөө итгэх итгэлтэй болж зөв амьдрах нөхцөл бүрддэг. “Биеийн хүчээр нэгийг, ухааны хүчээр мянгыг дийлнэ” гэдэг үг бий. Бие хамгаалах урлаг, тулааны спортыг эзэмшсэн хүн зөв амьдрах ухаанд суралцан, аливаа нөхцөл байдалд тааруулан асуудлыг зөв шийдэх чадвартай болдог. Намайг өнөөг хүртэл энэхүү спортод тууштай байхад нөлөөлсөн зүйл бол өдөр бүрийн бэлтгэл сургуулилалт, шавь нарын минь амжилт, дэмжсэн хүмүүсийн сэтгэлийн тус юм. Эрэл хайгуул, тэсвэр тэвчээр, хувьсал өөрчлөлтийн үр дүнд өнөөгийн Чинзориг амьдарч байна. Магадгүй 10 жилийн дараа хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг таах аргагүй.
АВГА ЭГЧЭЭРЭЭ ДАМЖУУЛАН МАСҮТАЦҮ ОЯМА БАГШТАЙ ХОЛБОГДСОН
-Багштайгаа хэрхэн холбогдож, уулзсан юм бэ. Тэр үед Монгол, Японы харилцаа өнөөгийнх шиг нээлттэй байгаагүй шүү дээ.
-Намайг хойд хөршид сурч байхад киокүшин каратэгээр хичээллэхийг хориглодог байлаа. Бие хамгаалах урлаг, тулааны спортыг зөвхөн албаны сургалтаар л заана. Үүнийг тус улсад хоёр удаа хориглосон байдаг юм. 1973-1978 он, 1982-1992 он хүртэл хориглосон. Би хориглож байсан үед нь таван жил сураад Монголдоо ирсэн. Тэр үед каратэгийн спортын цол, зэрэг, дэв олгодоггүй байлаа. Харин байлдааны самбогоор I зэрэгтэй болж, багшлах эрхтэй төгссөн. Монголдоо ирээд авга эгчээрээ дамжуулан Масүтацү Ояма багштай холбогдсон. Тэр үед авга эгч минь япон хэлний багш, орчуулагч байлаа. Эгчээрээ захидал бичүүлж, багшид илгээснээр уулзах завшаан олдсон юм. 1990 оны арваннэгдүгээр сард холбогдож, 1991 оны тавдугаар сард Японд анх хөл тавьж билээ. Ояма багшийн удирдлагад бэлтгэл хийн, шалгалт өгч тэнцэж, хар бүс, II дан хамгаалаад ирсэн. Түүнээс хойш Олон улсын киокүшин каратэгийн байгууллагын Монгол Улс дахь салбар байгууллагын даргаар ажиллаж байна. Олон жил уйгагүй хичээллэсний үр дүнд V дан буюу Шихан цолтой хүндэт багш боллоо.
-“Азийн бар” гэж ярьдаг байсан тус улс олон зүйлээр таныг гайхшируулсан байх?
-Би Японд анх очоод ямар сайхан хөгжилтэй орон бэ гэж гайхсан. Өмнө нь кино, сэтгүүлээс л харж байв. Өөрийн нүдээр харсан Азийн хөгжилтэй, хөрөнгөтөн орны нэг байсан. Японы хөгжлөөс илүү ард түмнийх нь амьдралын хэв маяг, ёс заншил өвөрмөц байсан нь тун сонирхолтой санагдсан. Япончууд хатуу дэг жаяг, зарчимтай. Тэндхийн сургалт яг цэргийн зохион байгуулалтад байгаа мэт санагддаг байв. Биднийг хичээлийн байрнаас нэг ч гаргахгүй. Масүтацү Ояма багш тэр үед “Үчи Дэши” буюу шавилан суух сургалтыг нэгээс гурван жилийн хугацаатай зохион байгуулдаг байлаа. Миний хувьд тэнд байх хугацаандаа нэг жилийн хугацаатай суралцаж байсан хичээллэгчидтэй хамт амьдран, бэлтгэл сургуулилалтаа хийж, шалгалт өгсөн. Надтай хамт Австрали, Дани, Герман, Японы 20 гаруй хүн хичээллэсэн. Тэд надаас өмнө бүтэн жил суралцсан байв. Тэнд олон сар байгаагүй ч их зүйл сурсандаа баярладаг. Багш минь Чингис хааны байлдан дагуулалтын түүхийг уншсан болоод ч тэр үү монголчуудыг хүндэлж, элэгсэг ханддаг байсан. Олон улсын киокүшин каратэгийн байгууллагын ерөнхий шүүгч, тус улсын салбаруудын зөвлөлийн дарга Юзо Года багшийг дуудаж ирүүлээд “Би чамд энэ монгол хүүг даатгалаа. Миний хүү болсон энэ хүнийг чи яаж бэлдэхээ өөрөө мэд” гэж хэлсэн. Тэр хүн өөрийн дожод (дэвжээнд) намайг орой бүр бэлтгэл хийлгэж, эргээд сургууль дээр хүргэж өгдөг байв. Юзо Года шихан одоо ч Монголын баг тамирчдыг дэмжин, тусалдаг. Энэ спортыг эх орондоо хөгжүүлэх албан ёсны эрх аваад ирэх үедээ би ЦЕГ-ын гуравдугаар тусгай тасагт ажилладаг байсан юм.
-ЦЕГ-ын гуравдугаар тусгай тасагт хамгийн шилдэг залуусыг шилж авсан гэдэг.
-Монголын хамгийн шилдэг гэсэн залуусыг бие, сэтгэл зүйгээр нь шалган тусгай тасагт сонгож авсан. ЦЕГ-ын гуравдугаар тусгай тасгийг 1990 оны тавдугаар сард байгуулсан. Тэр үед даргаар нь Б.Пүрэв генерал ажиллаж байлаа. Би сургалт, бэлэн байдал хариуцсан ахлах байцаагчийн албан тушаал хашдаг байсан юм. Долоон офицер энэ албыг босгохын төлөө мэдлэг, ур чадвар, авьяасаа гаргаж, өөрсдийгөө ирлэж, урлаж ажилласан. Түүнээс хойш ЦЕГ-ын удирдлага, баг хамт олны хичээл зүтгэлээр тусгай тасаг нэр хүндтэй, өөрийн гэсэн ялгарах онцлогтой алба болж бэхэжсэн. Монголын киокүшин каратэгийн буурь нь ЦЕГ-ын тусгай тасагт тавигдаж өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Энэ ташрамд тухайн үед ЦЕГ-ын дарга байсан Б.Пүрэв генерал, тусгай тасгийн дарга асан Ц.Уугангэрэл болон хамтран зүтгэсэн хүмүүстээ баярлаж явдгаа уламжилъя.
-Та киокүшин каратэгээр хичээллэсэн шилдэг шавь нартай. Хүүхдүүд тань бие хамгаалах урлаг, тулааны спортоор хичээллэдэг гэл үү?
-Намайг багшаа гээд зорьж ирдэг хүн олон. Миний шавь нар одоо киокүшин каратэ болон бие хамгаалах урлагт суралцаж байгаа залууст зааж байна. Манайх гурван хүүтэй. Бага хүү минь дөрвөн настайгаасаа энэ урлагаар хичээллээд долоон жил болж байна. Хар бүс, I дантай. Би хүүдээ аав нь байхаас гадна багш, найз нь байж ирсэн. Зааланд бэлтгэл хийхэд багш, энгийн амьдралд санаа бодлоо солилцон ярилцахад найз, харин гэртээ аав нь болдог юм. Хүү минь Монголд болсон киокүшин каратэгийн олон тэмцээнд амжилттай оролцсон бол УАШТ-д аваргалж, өнгөрсөн жил БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулсан Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Хоёр ах нь нэг жил хичээллээд гадаадад сурахаар явсан. Том хүү олон улсын бизнесийн чиглэлээр БНХАУ-д удаах хүү минь АНУ-д эдийн засгийн боловсрол эзэмшсэн.
Монголын киокүшин каратэгийн холбооны баг тамирчид тив дэлхий, олон улсын тэмцээнд амжилттай оролцож 34 медаль эх орондоо авчирсан. Тухайлбал, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, “Хар салхи” хочит Шинобү Ц.Амарбаясгалан, Ө.Гантөмөр, Ч.Наранбаатар, Ази тивийн хошой аварга М.Алтангэрэл, мөнгөн медальт М.Баттүшиг, Н.Отгонбаатар, хүрэл медальт Э.Соёлбаатар нар манай клубээс төрөн гарсан.