“Хөгжлийн шийдэл” ТББ-ын зөвлөх Э.Бат-Орших, Орон нутгийн хөгжлийг дэмжих төвийн менежер, Ханбогд салбарын захирал П.Амармэнд нартай уул уурхайгаас орон нутагт хүртэх өгөөжийн талаар ярилцлаа. Уул уурхайн нөлөөлөлд автсан орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нь дээрх ТББ-ын үйл ажиллагааны нэг чиглэл юм.
-Нэг үеэ бодвол компаниуд тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих хэрэгтэй гэдгийг ойлгодог болсон. Бараа, бүтээгдэхүүнийх нь үнэ арай илүү байсан ч аль болох орон нутгаас худалдан авахыг зорьж буй. 10 гаруй жилийн өмнө ширээ арчих стандарт, ус нэвтэрдэггүй материал ашиглах талаар орон нутгийнхан төдийлөн мэддэггүй байсан нь ч өөрчлөгджээ. Гэхдээ орон нутгийн ханган нийлүүлэгчид, малчид юунд анхаарах ёстой гэж анзаарсан бэ?
П.А: -Уул уурхайн компаниудын худалдан авах гэж буй бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжид тавьсан шалгуур, шаардлагыг орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдийн бараа хангахгүй байх нь бий. Тэдгээр шаардлагад нь нийцүүлэхийн төлөө ажиллах нь өнөөдөр орон нутгийнханд жаахан зовлонтой санагдаж магадгүй. Уул уурхайн компаниуд дэлхийн стандартын шаардлага тавьдаг. Тэр босгыг давчихвал тэд өөрсдөө л хожно, хил давуулан борлуулж ч чадна. Малчид тэрхүү босгыг боломж, уул уурхайн компанийг хүмүүсээ хөгжүүлж, тогтолцоо, дүрэм, журам, стандартаа сайжруулахад туслах хамтрагч хэмээн харах хэрэгтэй.
-Бизнесээ төрөлжүүлж, зах зээлээ судлах хэрэгтэй байх, тийм үү?
-Орон нутгийн бизнес эрхлэгчид хоорондоо өрсөлдөх бус, хамтрах ёстой. Нэг нь мах сайн бэлтгэдэг бол өөр нэг нь махны үйлдвэрээс гарч буй дайвар бүтээгдэхүүнийг нь боловсруулах, нөгөө нь сүү савлаад зарж байгаа бол зарим нь бяслаг хийх, эсвэл сүүг нь бэлтгэн нийлүүлж болно шүү дээ. Бие биетэйгээ уялдаатай, нэгнийгээ дэмжсэн бизнес эрхлэх нь чухал.
-Олборлолт хийж, уул уурхай хөгжүүлж буй орон нутагт тал талын төлөөллийн оролцоог хангах нь ямар ач холбогдолтой вэ?
Э.Б: -Австралид нэг сар байхдаа орон нутгийн удирдлагын нэгж бүр зөвлөлтэй байдгийг анзаарсан. Энэ зөвлөлд орон нутгийн иргэд, удирдлага, иргэний нийгмийн, банк санхүүгийн байгууллага, уул уурхай, дэд бүтцийн компаниуд, ханган нийлүүлэгчид гээд оролцогч бүх талын төлөөллийг багтаадаг. Зөвлөл нь өөрийн гэсэн дүрэм, журамтай, заасан хугацаандаа тогтмол хуралддаг, тэр үеэрээ орон нутгийн хөгжилд тустай, стратегийн гол чиглэлүүдээ тодорхойлж, ажлаа төлөвлөдөг. Гэтэл Монголд аль нэг аймагт оролцогч бүх талыг нэгтгэсэн зөвлөл байхгүй. Нутгийн удирдлага нь иргэд, хувийн хэвшлээс санал бодлыг нь хүлээж авдаг ч өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өмнөөс нь шийдвэр гаргачихдаг тул оролцогч талуудыг бүрэн төлөөлж чаддаггүй.
Папуа Шинэ Гвинейд 2017 онд болсон “Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” форумд оролцсон юм. Тусгаар тогтнолыг нь 1975 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, эмэгтэйчүүдийн эрх, хөдөлмөрийн оролцоо нь манайхаас хэдэн зуу дахин доогуур. Дээрх форумд их сургууль төгссөн анхны эмэгтэй нь оролцож байх жишээтэй. Гэтэл өдгөө тэд орон нутагтаа хэдийн зөвлөл байгуулаад эхэлчихсэн. Тэр зөвлөлдөө эмэгтэйчүүд, эрчүүд, настнууд гэх зэрэг нийгмийн бүлгүүдийн хүртээмжтэй, тэгш оролцоог хангахаар ажиллаж байна. Харин манай улсад, ялангуяа орон нутагт залуу хүн юм хэлбэл “Чи юугаа мэддэг юм бэ. Ахмад хүний үгийг сонссонгүй” гэдэг, бараг 50-иас дээш настнуудын “хаант улс”-тай байх нь бий. Папуа Шинэ Гвиней омгийн тогтолцоотой ч жендер хийгээд нас насны хүмүүсийн оролцоо, нийгмийн бүх бүлгийнхнийг оролцуулж чадаж байна.
Зөвлөл байгуулъя гэвэл бүхий л нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах ёстой. Ингэснээр бүх тал саналаа өгч, нутгийн удирдлага, компани юу хийх хэрэгтэйгээ мэдэж эхэлнэ. Харин тодорхой бүлэг, орон нутгийн удирдлага, засаг захиргааны төлөөллийн саналд үндэслэж шийдвэр гаргавал уул уурхайн компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар нэг ажил хийлээ гэхэд үр дүн нь хангалтгүй байна. Манайд залуусын, эмэгтэйчүүдийн, эсвэл алслагдмал суугаа малчдын дуу хоолойг сонсолгүй, өмнөөс нь Засаг дарга нь шийддэг. Малчид бага, дунд боловсролтой юм чинь гээд хойш сууж болохгүй. Оролцоод л байвал аяндаа мэдлэг, мэдээлэлтэй болно шүү дээ.
П.А: -Малчид өөрсдийнхөө ашиг сонирхлыг маш сайн мэддэг. Тэднийг, залуусыг оролцоогүй байлгаж, өөрсдөө “тоглолт” хийх ашиг сонирхолтой орон нутгийн түвшний нийгмийн бүлгүүд бас бий. Зарим аймагт гурван талт зөвлөл байдаг. Төр болон компаниас ирж буй хүмүүс тэднийг төлөөлж чаддаг бол малчдын оронд сумын төвд амьдардаг хүмүүс нь ирчихдэг. Учрыг нь лавлахад “Малчид завгүй тул ирж чадахгүй” гэдэг. Ийм шалтгаар далимдуулж тэдний оролцоог хязгаарладаг. Үүнийг уул уурхайн компаниуд маш сайн анхаарах ёстой. Ер нь уул уурхайн компани, орон нутгийн удирдлага нь иргэдийнхээ эрхийн төлөө юм хийе гэвэл хамгийн түрүүнд мэдээллээр хангах ёстой.
Э.Б: -Зөвлөл байгуулж, засаглалыг нь тодорхой болгохдоо жилд хэдэн удаа, хэдэн цагт хуралдахаа орон нутгийн иргэд, малчдаас асуух ёстой. Заавал ганцхан өдөр хуралдаж, 20-хон хувь нь оролцож, улмаар шийдвэр гаргадаг байж болохгүй.
-Зөвлөлтэй болохын давуу талаас дурдана уу.
-Уул уурхайн компаниуд ийм зөвлөл байгуулахаас зайлсхийдэг. Орон нутгийнхан уур бухимдалтай байгаа, босоод ирнэ гэж айдаг. Гэтэл асуудлыг нуугаад яваад байхаар улам л газар авч, нэг өдөр хүний санаанд оромгүй үйл явдал үүсэхийг үгүйсгэхгүй. Нэг малчин ирээд манайд худаг гаргаж өгөөч, эсвэл нэг хэл амтай нөхөр манай дээврийг засаж өг гэвэл “За” гээд, гал унтраах төдий аргацаах хэрэггүй. Үүний цаана маш олон асуудал “буцалж” л байдаг.
Сумд 1000-3000 хүн амтай. Тиймээс аливаа хурал болоход өмнөх хуралд оролцоогүй, төлөвлөгөөт ажлыг нь ойлгоогүй хүн ороод л ирнэ. Тэр бүрт нь дөлөөд, зугтаад байх шаардлагагүй. Ер нь зөвлөл байгуулаад, эхлэл, суурийг нь тавиад өгчих хэрэгтэй.
-Эрдэс баялгийн салбараас орон нутагт өгч буй өгөөжийг юугаар хэмжих вэ. Зөвхөн компанийн төлсөн татвараар хэмжихгүй байх?
-Күинслэндийн их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтийн хөтөлбөрийн ахлагч Робин Эванс үржвэрийн аргын талаар тайлбарладаг. Манайд одоо бол уул уурхайн компанийн төлж буй татвар, ажилчдын цалин, бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгөн дүнг л ярьж байгаа. Тухайн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны орлого буюу нэг доллар бүрийн ард хэдэн “ногоон”-ы үр өгөөжийг нийгэмд, орон нутгийн эдийн засагт бий болгож буйг үржвэрийн аргаар тооцох нь зүйтэй гэж Робин багш хэлсэнтэй санал нэг байдаг. Түүнчлэн нүдэнд үл үзэгдэх, мөнгөөр хэмжигдэхгүй үр өгөөжийг судалж, ахиц дэвшлээ сайн тодорхойлж байх нь чухал.
-Уул уурхайгаас орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаарх тооцоо бий болов уу?
П.А: -Нийгэм, эдийн засгийн нөлөөний судалгаа хийдэг юм билээ. Гэхдээ учир дутагдалтай санагддаг. Нийгэм, эдийн засгийн өгөөжийг тухайн үед үзүүлж буй нөлөөгөөр хэмжиж болно. Жишээлбэл, эдийн засаг, хүмүүст нь яаж нөлөөлөв, ажлын байр хэрхэн бий болгож байна гэдэг ч юм уу. Байгаль орчны нөлөөг нь ч үржвэрийн аргаар тооцож болох юм. Гэхдээ бид уурхайг хаасны дараа иргэд юутай, хэн болж үлдэх вэ гэдгийг бодох ёстойг мартдаг юм билээ. Уурхай ажиллаж байхад бүгд мал маллахаа больж, зэрлэгшүүлээд, эсвэл малгүй болоод, хариулах аргаа мартчихвал яах вэ. Уурхай хаагдахад ажилчид нь дагаад л яваад өгнө. Нутгийн хүмүүс нь үлдэх юм уу, бас л явчих уу гэх мэт асуудал гарч ирнэ.
Одоо эдийн засагт нь эргэлдэж байгаа мөнгө гараад л явчихна. Түүнээс хэд нь яг тухайн нутагт үлдэж байна вэ, тэгэхдээ уурхайг хаасны дараа иргэдэд тус болохоор “юм” болж үлдэх үү гэдгийг орон нутгийн удирдлага бодох ёстой. Өнөөдөр хүмүүсийн авч байгаа цалинд сэтгэл ханаад, хүмүүс нь машин авч унаж, байшин барьж хэрэглээ нь өсөөд байдаг. Уурхайг хаасны дараа өндөр хэрэглээтэй, цамаан, ажил хийж чаддаггүй хэдэн хүн үлдчихвэл яах вэ.
-Орон нутгийн удирдлага юун дээр хамгийн их алдаж байгааг анзаарав уу?
Э.Б: -Орон нутгийнхан хөгжлийн төлөвлөгөөгөө урт хугацаанд хэрэгжихүйц, бодит, алсын хараатай гаргадаггүй.
П.А: -Магадгүй уурхайгаас 30, 40 жил бүтээгдэхүүн олборлоно. Энэ хугацаанд орон нутгийн удирдлага олон удаа солигддог. Орон нутгийн бодлого тэр уурхай хаагдсаны дараахыг харсан, урт хугацааных байх ёстой. Тухай тухайн удирдлага өөрийнхөө карьерыг бодох уу, эсвэл 30 жилийн дараах орон нутгийнхаа ашиг сонирхлыг бодох уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Иргэддээ анхнаас нь зөв ойлгуулж, “Өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн барьж өгөхөөс илүү 30 жилийн дараа уурхайг хаасны дараа бүгд малынхаа ашиг шимийг хүртэж, бүтээгдэхүүнээ борлуулдаг байхын төлөө явъя” гэх учиртай. Энэ нь өнөөдөр ашиггүй харагдаж магадгүй ч урт хугацааны ашиг сонирхлоо тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй.
Э.Б: -Аймаг, сумаар явахад Засаг дарга нь өөрийн бизнестэй, тансаг байшинд амьдардаг, хашаандаа худагтай байдаг. Гэтэл сумын төвийн бусад айлын амьдрал хэцүү харагддаг. Бараг л социализмын үед үлдсэн байшинд амьдарч байгаа нь ч бий. Засаг дарга нутгийнхаа иргэдтэй хамтарч ажилладаггүй нь үүнээс илт анзаарагддаг. Тэгэхээр урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, стратегитэй болж, бас уул уурхай бол байнгын “угждаг” салбар биш шүү гэдгийг бүх хүнд маш сайн ойлгуулах хэрэгтэй. Хотод байр, машинтай, тансаг амьдарч байгаа орон нутгийнхан бий. Эндээс харахад яваандаа тэд болон тэдний хүүхдүүд нутгаа орхиод явах уу гэдэг асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Эсвэл тэдний хүүхдүүд уул уурхайн инженер болоод, уурхайд ажиллахад мал аж ахуйгаа орхиж байна. Тэгэхээр тэр айл уурхай хаана нээгдэнэ, тэнд очдог нүүдлийнх болж хувирах юм уу.
П.А: -Уурхай руу ажиллах хүч, залуучууд татагдах тал дээр бодолтой байхгүй бол уламжлалт мал аж ахуй, бусад бизнест ажиллах хүнгүй болж байна. Үүнийг орон нутгийн удирдлага анхаарах шаардлагатай. Мал аж ахуй эрхлээд уурхайд ажилласнаас дутахгүй орлого олдог болоход анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү үнэтэй болгох, технологи “шингээх”-д зориуд анхаарч, залуучуудаа бэлтгэх учиртай.
Э.Б: -Жишээ нь, манай ТББ-ын зүгээс “Оюутолгой” компанитай хамтраад хоёр жилийн өмнөөс Өмнөговь аймгийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх 10 жилийн стратегийг тодорхойлон ажиллаж байна.
П.А: -Уг нь сумаас хөдөө аж ахуйн асар их бүтээгдэхүүн гардаг. Гэхдээ малчдадаа өгөөжгүй байгаа юм. Мах гэхэд хэд хэдэн ченжийн гар дамждаг. Тиймээс бид орон нутгийн малчид өөрсдөө махны үйлдвэртэй байвал яах вэ гэж бодсон. Сумын бүх малчин нийлээд махны үйлдвэртэй болбол түүнийгээ боловсруулж, зараад орлого олно. Үндсэндээ малчид хувь эзэмшинэ, үйлдвэрийнхээ эзэн нь байна гэсэн үг. Манайд махны үйлдвэр маш олон бий ч хүчин чадлынхаа 10, 20 хувийг л ашигладаг. Малчдаас хямд авч боловсруулаад, цаашаа үнэтэй заръя гэж боддог учраас тэр. Үйлдвэрийн эзэн, малчид гээд тусдаа, ашиг сонирхол нь өөр байдаг. Тэгвэл бид тэднийг нэг завинд суулгая гэж байгаа юм. Тухайн малчнаас хятад ченж махыг нь хямд авъя гэх боломжгүй болчихно. Сумд 500 малчин байлаа гэхэд тэд бүгд дундаа мах, эсвэл сүүний үйлдвэртэй болж, бүтээгдэхүүн нь олон улсын шаардлага хангадаг, зарсныхаа дараа өөрсдөд нь орлого нь ногддог болно. Малчид өмчийн эзэн байх бол менежментийг нь чаддаг хүнээр хийлгэнэ. Тэр хүн үйлдвэрийг сайн авч явах үүрэг хүлээж, малчид өмчийн эзэн учраас хянана. Товчхондоо, зөвхөн хэл ам хийж ирсэн хүнтэй нь харилцсанаас олон төлөөлөл багтаасан зөвлөл байгуулах нь өгөөжтэй. Иргэд, орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгчидтэй нь өөрсдөө очиж уулзаад, тал талын оролцоог ханган, урт хугацаанд хэрэгтэй, бүгдэд нь хүртээмжтэй зүйл дээр ажиллавал компанийн нийгмийн хариуцлагын зардал нь хөрөнгө оруулалт болж хувирах боломжтой.
-Нийгмийн хариуцлагын зардлаа хэрхэн хөрөнгө оруулалт болгох талаар тодруулна уу.
П.А: -Компани нийгмийн хариуцлагад зарцуулах хөрөнгийг зардал гэж харвал хэмжээг нь бууруулахын төлөө явна. Харин хөрөнгө оруулалт гэж харвал хэмжээг нь бууруулах ёсгүй.
Э.Б: -Компаниуд зөвхөн зардал талаас нь харж буй нь орон нутгийнхны өнөө маргаашийн жижиг асуудлаа шийдүүлэх сонирхолтой холбоотой.
П.А: -Нийгмийн хариуцлагын зардлыг нийгэмд ашигтай хөрөнгө оруулалт болгож хувиргадаг нэг зүйл байна. Энэ нь нийгэмд ээлтэй бизнес (social enterprise) гэдэг ойлголт. Нэг компани нийгмийн хариуцлагад зориулаад 100 сая төгрөг зарцууллаа гэж бодъё. Өмнө нь үүнийг үр ашиггүй зарцуулдаг байсан тул зардал байсан. Тэгвэл тухайн сумд нийгэмд ээлтэй бизнес хөгжүүлэх санаатай нэг хүн байя гэж бодъё. Түүнд 100 сая төгрөг өгвөл хөрөнгө оруулалт болж хувирах юм. Нийгэмд ээлтэй бизнес гэдэг нь тухайн сумынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлыг хийдэг, тэгэх зуураа орлого олохыг хэлнэ гэж ойлгож болно. Дээр дурдсанчлан малчид дундын үйлдвэртэй болчихвол бүтээгдэхүүнээ аль болох үнэтэй зарахыг зорино. Аль нэгэн ченж дундаас нь ашиг хүртэхгүй. Энэ мэт төсөлд уг зардлаа зарцуулбал малчдад тусалж, нийгмийн асуудлыг нь шийдэхэд хувь нэмрээ оруулж чадна.
Хуучны нэгдлүүд сумынхаа эмнэлгийн машин, сургуулийг торддог, малчдынхаа нийгмийн асуудлыг шийддэг байсан. Үүний хөрөнгийн эх үүсвэрийг нэгдэл хөдөө аж ахуйн түүхий эдийн борлуулалтаас олдог байсан. Гэтэл өнөө үед малын мах, арьс, шир ченжүүдийн “гараар ордог”. Сумд нь гурван хүн жийп унаад л явж байдаг. Сумын нийгмийн асуудал нь хаягдчихсан. Эмнэлэг нь эвдэрхий “УАЗ-469”-тэй. Тиймээс дээрх загварыг ашиглаад орон нутгийн малчид өөрсдөө нийлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэд хүргэж зардаг, дундын компани, үйлдвэр байгуулаад, орлогоос нь нийгмийн асуудлаа шийддэг байвал үр дүнтэй.
Компаниуд малчдад өгөөжтэй, тогтвортой үйл ажиллагаатай бизнес эрхлэхэд нь туслахын тулд бараг нэг удаа хангалттай хөрөнгө оруулчихвал цаашдаа нийгмийн хариуцлагын зардалд санаа зовохгүй байхыг ч үгүйсгэхгүй. Өмнөговьд ийм концепц гаргахад малчид уухайлан дэмжсэн. Ханбогд сумын бүх айлаар тойрч яваад энэ загвараа танилцуулсан юм. Махны үйлдвэрийн зураг төслийг энэ онд бэлэн болгож, ирэх жил барьж эхлэхээр төлөвлөсөн. Гагцхүү малчид “Үйлдвэрийг хэн удирдах вэ. Хоршооны дарга нар өөрсдийнхөө эрх ашгийг л боддог. Яах вэ” гэсэн. Тиймээс үйлдвэрийн засаглал, ил тод байдлыг хангахын тулд аппликэйшн хөгжүүлж эхэлж байна. Өдгөө орон нутагт хурал хийхээр зарлахад 200 малчин оролцох ёстойгоос 50 нь л ирдэг. Магадгүй сумын төвд амьдардаг, жаахан завтай нь ирдэг. Бусад нь оролцох дургүйдээ биш үнэхээр завгүй. Тэгвэл хурал нь нэг сар үргэлжилж яагаад болохгүй гэж. Үүнийг онлайнаар сарын турш үргэлжлүүлье гэж байгаа. Энэ хугацаанд малчид аппликэйшнээр дамжуулж хурлын үеэр юу танилцуулж байгааг мэдэж, саналаа хэлээд, бусад хүний өгснийг ч харж, хоорондоо хэлэлцэж чадна гэсэн үг. Заавал ганц өдөр болох хурлын үеэр биш, урт хугацаанд бодож, саналаа өгч чадах юм. Хурлын дараа санал хураахад малчид увж цувсаар ямар ч байсан бүгд оролцоно. Аппликэйшнээрээ дамжуулаад үйлдвэрийн дансны хуулгыг харчихна, ажилтнуудыг ч үнэлчихнэ.
-Аж ахуйн нэгжүүд ч орон нутгийн хөгжилд зориулан өгсөн хөрөнгийнхөө зарцуулалтыг хянах ёстой байх, тийм үү?
Э.Б: -Уул уурхайн компаниудаас орон нутгийн хөгжилд зориулан өгч буй мөнгө хэсэг бүлэг хүнийх л болчихож байгаа нь харамсалтай.
П.А: -Компаниуд өөрсдөө үүнд анхаарах ёстой. Компаниуд өгөх ёстой юм чинь өгье гэж байгаа. Гэтэл тэр нь хэсэг бүлэг хүнд, эсвэл холбоо хамааралтай, ашиг сонирхолтой хүмүүст олз болж, олонход хүрэхгүй байвал тэр мөнгө жинхэнэ утгаараа зардал болчихно. Хөрөнгийн зарцуулалт, үр дүнг нь олон нийтэд түгээх ажилд өөрсдөө оролцох хэрэгтэй. Компани санаачилгыг гартаа авч, зөвлөл байгуулбал илүү амар ч байж мэднэ.
-Уул уурхайгаас хангалттай өгөөж хүртэж чадаж байгаа аймаг бий болов уу. Жишээ нь, Өмнөговь аймаг чадаж байгаа юу?
П.А: -Чадахгүй байгаа. Компаниуд авъя гэхэд бараа, бүтээгдэхүүн байхгүй нь зовлон болчихоод буй юм билээ. Сүүг нь авъя гэхэд орон нутгийнхан зарахаа больчихсон, мах авъя гэхэд аймгийнхаа хэрэгцээнээс давдаггүй байх жишээтэй. Эсвэл үхрийн мах авмаар байхад өмнөговьчууд тэмээний махтай байдаг ч юм уу. Говьд үхэр үржүүлье гэхэд хэцүү. Энэ мэт зөрүү бий. Гэхдээ Өмнөговийн эдийн засагт их мөнгө эргэлдэж байгаа. Үүнээс ямар үнэ цэн авч үлдэх вэ гэдэг нь чухал.
Уул уурхайд бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй нь зарим бизнест бараг алдаа болж эхэлж байна. Бизнесээ уул уурхайн гэрээндээ зориулж тэлээд, ажилчдын тоогоо нэмж, хөрөнгө оруулаад явж байя гэж бодъё. Хэсэг хугацааны дараа уул уурхайн компани тендер зарлахад өөр аж ахуйн нэгж шалгарвал “Баахан хөрөнгө оруулчихсан яах вэ” гэх нь бий. Бас уурхайд үүрд бүтээгдэхүүн нийлүүлэх юм шиг санаж тансаглах, эсвэл бизнесийнхээ бусад чиглэлийг хөгжүүлэхгүй явсаар уурхайн хөгжлийг дагаад ханган нийлүүлэлт нь багасахад “шарталт” мэдэрдэг. Ажилтнууд нь өндөр цалин, хэрэглээнд дасчихдаг. Үйл ажиллагаа нь хэтэрхий “томорчихоод” эргээд огцом агшихад маш хүнд тусах нь мэдээж.
Э.Б: -Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын хүн ам хурдацтай өссөөр байна. Мөнгө олдог, ашиг сонирхолд нь нийцсэн зүйл байхгүй бол хүн хэзээ ч тийшээ татагдахгүй. Уурхай хаагдсаны дараа хүн амынх нь хэчнээн нь үлдэх вэ. Иймээс бизнес эрхлэх гэж буй бол орон нутаг болон эдийн засгийн ирээдүйн төлөв, бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ зэргийн талаар сайн судлах хэрэгтэй. Таваарын үнэ буурсан үед хэрхэн ажиллахаа ч тооцох шаардлагатай. Уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх хоёр, гуравхан жилд олон хүн ажилд авдаг. Үүний дараа үйлдвэрлэлийн мөчлөгтэй гэдгийг мартах учиргүй. Ханган нийлүүлэгчид бизнестээ нэг удаа хөрөнгө оруулаад насан туршдаа нийлүүлэгч болчих юм шиг санаж болохгүй. Уул уурхай Монголын эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байгаатай хэн ч маргахгүй. Гэхдээ уул уурхайгаас үл хамаарах, урт хугацааны, илүү өндөр үр өгөөж хүртэх боломжийг эрэлхийлэн, орон нутгийн онцлогтой, нэмүү өртөг бүтээх хөрөнгө оруулалтын боломжуудыг олж авах хэрэгтэй.