Багаасаа амьтан тэжээх сонирхолтой болсон ярилцагч маань 200 гаруй эмгэн хумс тэжээдэг. Бид энэ удаа “Миний найз” буландаа олон төрлийн амьтан тэжээдэг Н.Эрхэм-Очирыг урьж ярилцлаа.
-Одоо хэдэн төрлийн амьтан тэжээж байна вэ?
-Би одоогоор хавч, нохой, харх, хоёр гүрвэл, зургаан эмгэн хумсыг 200 зулзагатай нь тэжээж байна.
-Амьтдаа хэзээнээс тэжээв, онцлогыг нь тайлбарлаж өгөөч?
-Fancy rat үүлдрийн харх маань хүнд хурдан дасдаг онцлогтой. Энэ үүлдрийн харх төрөлхийн цагаан зүстэй, улаан нүдтэй байдаг. Одоогоор гурван сартай, 7-8 сарын дараа бие гүйцэхээрээ 50-60 см урттай болно. Би хархаа үртэстэй торонд байлгадаг. Хөхтөн учир гөлчгийгөө өөрөө асарч, бойжуулдаг бөгөөд 3-4 жил амьдардаг. Хоолоо өөрөө тааруулж иддэг. Нэг зүсэм талх, байцайны навч, нохойн хоол үүрэнд нь хийхэд хоёр хоногт хүрэлцдэг. Нохойн хоолонд амин дэм их байдаг учир хархны биеийн өсөлтөд нөлөөлж, үсийг хөвсгөр зөөлөн болгодог юм.
Гүрвэл wonder gecko үүлдрийнх, монголоор нохой гүрвэл гэж нэрлэдэг. Эл амьтан амьд хоол иддэг учир өт үржүүлж өгдөг. Хэвлээр явагчид тийм ч их иддэггүй тул долоо хоногт нэг хооллодог. Ер нь сар хооллохгүй байсан ч болно. Учир нь хөхтөн амьтан дулаанаа хадгалах гэж өдөр бүр хооллодог бол гүрвэл орчны температурт зохицон амьдардаг тул хоол нэг их иддэггүй. Говийн гүрвэл учир элстэй, хуурай орчинд тэжээдэг.
Эмгэн хумс аchatina үүлдрийнх, хоёр жилийн өмнө тэжээж эхэлсэн. Байцайны навч, өргөст хэмх өгдөг. Харахад удаан хөдөлдөг ч өгсөн хоолыг нэг мэдэхэд л дуусгачихсан байдаг. Нас бие гүйцсэн эмгэн хумсыг хоёр хоногт нэг удаа, харин зулзагануудыг нь өдөр бүр хооллоно. Үүрэнд нь хөгцөрч мууддаггүй, чийгээ удаан халагладаг хөрс тавьж, хөвд, хагд нэмэн амьдрахад таатай орчныг нь бүрдүүлсэн. Хавч маань vampire crab гэх төрлийнх, усанд амьдардаг. Тэжээгээд хоёр жил болсон, өтөөр хооллодог. 15 см урттай. Харин нохойг маань Zippo гэдэг. Немц овчарка тэжээгээд гурван жил болж байна. Одоо таван настай.
-Бага байхдаа шоргоолж тэжээдэг байсан гэсэн. Амьтанд их хайртай бололтой. Хамгийн анх ямар амьтан тэжээв?
-Анх аавтайгаа гадуур явж байгаад “Бөмбөгөр” худалдааны төвийн урд байдаг амьтны дэлгүүрээс, муурын зулзага авсан.
-Чиний амьтад баярлахаараа яадаг вэ. Тэдэнтэй хэрхэн ойлголцдог талаараа сонирхуулж ярихгүй юу?
-Харх гараа өг, эрэг гэх команд сурдаг, дуудахаар ирдэг. Надтай тоглох гээд гар, мөрөн дээгүүр гүйнэ. Хархыг халаасандаа хийгээд гадуур явах үед уйдна гэдгийг мэдэхгүй. Амттай хоол өгөхөөр, бас тоглох үед баярлаж идэвхтэй хөдөлж эхэлдэг. Амьтан харахаар хүний хувиа хичээх араншин дарагдаж, энэ дэлхий дээр олон өвөрмөц зүйлс надтай хамт оршин буйг илүү мэдэрдэг юм. Амьтантай байхад төвлөрч, онцгой мэдрэмж авдаг. Тухайлбал, эмгэн хумс шиг тайван амьтныг хараад цаанаасаа тайтгардаг бол гүрвэлийг хараад хурц, хүчтэй сэтгэгдэл төрнө. Харин харх, нохой хоёр бол ярилцаж, бодлоо хуваалцдаг найз минь. Нохой минь намайг гуниглахыг мэдэрч, сэтгэл санаагаар унасан үед хажууд томоотой алхдаг. Харин өөдрөг үед тоглож нааддаг. Шөнө хичээлээ хийж байвал унтахгүй, хажууд сууж л байна. Надад загнуулахаараа өрөвдөлтэй харцаар хараад, нөгөө өрөө рүү орчихдог.
-Амьтан тэжээхэд чиний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хувийн зохион байгуулалт сайжирч, цагийн зөв менежментэд сурдаг. Өдөрт дор хаяж хоёр цагийг амьтдаа хооллоход зарцуулдаг. Хэрвээ үүрнүүдийг нь цэвэрлэх бол их цаг зарцуулна. Мөн хариуцлагыг илүү ойлгодог. Өөрөөсөө өөр олон амьтныг халамжилж, хамгаална гэдэг нь өөрийгөө хөгжүүлэхээс тэс ондоо ойлголт.
-Болъё гэж бодсон үе бий юу. Өөрөөр хэлбэл шантарч байсан уу?
-Ямар нэг амьтнаа үхүүлсний дараа “больдог ч юм уу” гэж боддог. Би тэжээж чадаагүй учир үхүүлсэн мэт санагдаж, нэг сайн найзаа алдсан болохоор их харамсдаг.
-Амьтдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?
-Би 20 орчим төрлийн амьтан тэжээж байсан. Олон жил тэжээсэн амьтнаа өвдсөн, эсэхийг нь хараад л мэддэг. Өнгө нь өөрчлөгдөх, хөдөлгөөн нь багасаж, хоолоо идэхгүй байх гэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Энэ үед эмнэлэгт үзүүлнэ, мэргэжилтнээс зөвлөгөө авна. Ер нь амьтанд их хүрвэл стресстдэг учир ноолдоггүй. Гэрт ирсэн зочныг нохойноос бусад амьтандаа хүргэх дургүй. Уурыг нь хүргэчихнэ бас гаднаас ямар ч бактери тээж ирсэн байж магадгүй гэж эмээдэг.
-Өөр төрлийн амьтан нэмж тэжээх үү?
-Надад эрвээхэй болон шавжны цуглуулга бий. Цуглуулгаа нэмнэ. Би өмнө нь могой тэжээдэг байсан. Хил хаагаагүй байсан бол аварга могой авахаар төлөвлөж байсан юм. Бас хэрээний овгийн аль нэг шувуу тэжээнэ гэж бодож байгаа. Энэ овгийн шувууд тоть шиг хүний заасан үгийг хэлж чаддаг.
Ер нь ирээдүйд хотоос гарч том хашаа, байшинд олон төрлийн амьтан тэжээж амьдарна гэж мөрөөддөг. Ааш нь олдохгүй
хүмүүстэй ярилцаж байснаас амьтадтай харилцах нь хамаагүй дээр санагддаг.
Бэлтгэсэн: О.Алуунгуа