Монголын шатрын холбооны тав дахь эрэгтэй олон улсын их мастер бол Сумьяагийн Билгүүн. Шатрын спортоор 16 жил хичээллэсэн түүнийг тууштай зан, уйгагүй хичээл зүтгэл нь амжилтад ийн хөтөлсөн юм. Арабын Нэгдсэн Эмират Улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон Дэлхийн шатрын холбооны 90 дэх конгрессын үеэр түүнийг их мастер цолны болзол биелүүлснийг албан ёсоор зарласан билээ. Ховд нутгаас оюуны спортын анхны их мастер цолтон төрсөн нь энэ. 2018 оны наймдугаар сард зохион байгуулсан “Biel master tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараа түүний гадаад чансаа 2503-т хүрсэн байлаа. Болзол хангасан 30 их мастерын дунд Монголын 22 настай шатарчин С.Билгүүн багтсан. Тэрбээр их мастерын гурван баллыг Швейцар, Португал, БНХАУ-ын нэр хүндтэй томоохон тэмцээнээс 2018-2019 онд авчээ. Түүнийг “Залуус” буландаа урьж ярилцлаа.
-Дэлхийд “Ковид-19” дэгдэж, спортын олон тэмцээнийг цуцлав. Хорио цээрийн дэглэмтэй үед Монголын шатрын холбоо www.lichess. org цахим сайтад багийн болоод ганцаарчилсан, их мастеруудын хандивын зэрэг тоглолтыг зохион байгуулж буй. Шатарчид мэргэн ухаанаар хандаж, санаачилгатай гэдгээ харууллаа. Аливаа зүйлд анхдагч байна гэдэг бас нэг амжилт биз дээ?
-Тийм ээ, цар тахал дэлхий нийтийг хамарсан үед оюуны спортын тамирчид цахимд тэмцээн өрнүүлэх болсныг Монголын шатрын холбоо анзаарч, ганцаарчилсан болон онлайн багийн лигийн II тэмцээнийг сонирхогчдын дунд зохион байгуулсан. Онлайн багийн лигийн тэмцээнд 34 баг, ганцаарчилсан нээлттэйд 200 гаруй тамирчин оюун ухаанаараа өрсөлдсөөр байна. Олны танил, олон улсын их мастер цолтой шатарчид баг бүрдүүлэн оролцож, тулалдаж буй. Финалын шатанд шилдэг багууд тунаж үлдсэн болохоор ана мана өрсөлдөж, тэмцээнийг улам сонирхолтой болголоо. Унгарт суралцдаг их мастер Д.Номин-Эрдэнэ баг бүрдүүлж оролцсон. Цахимаар тэмцээн зохион байгуулж болдгийг бид ийн харуулав. Хойшид цахим тэмцээн хэвшил болох байх.
-Аливаа тэмцээнийг хүмүүс тайлбартай үзэх дуртай. Шатрын онлайн багийн, ганцаарчилсан нээлттэй тэмцээнийг та тайлбарласан нь олны сонирхлыг татаж байгаа бололтой.
-Шатрын спорт үзэгч цөөнтэй. Тиймээс тэмцээнийг тайлбартай хүргэвэл хүмүүст илүү хүрдэг болохыг ажигласан. Тэмцээнийг тайлбартай хүргэж, өөрөө бас тоглож байгаа минь спорт сонирхогчдын сонирхлыг татаж эхэлсэн. Үүгээр тайлбарлах боломжтой спортын нэг нь шатар юм гэдгийг харууллаа. Монголын шатарчид оюуны спортын давуу талыг цахимд харуулж байна. Биднээс спортын бусад төрлийн тамирчид санаа авч цахимд тэмцээн биш юм гэхэд нэгнээ дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийг уриалж давлагаа эхлүүллээ.
-Та Перу улсын их мастер Кристиан Крузтай халз тулалдсан. Түүний тоглолтын арга барил, тактик, техникийн тухай сонирхуулж яриач?
-Би өөрөөсөө чансаа өндөр тамирчинтай тоглолоо. Өмнө нь томоохон тэмцээнд оролцохдоо түүнийг нэг бус удаа харсан. Бид эхэндээ эн тэнцүү өрсөлдсөн. Миний хувьд тоглонгоо тэмцээн тайлбарлаж хүргэсэн тул анхаарал сарнин, өргөөс бус, цагаас болж ялагдлаа. Өрсөлдөгч минь цагийг маш зөв барьж тоглож сурсан туршлагатай тамирчин. Цахим тэмцээнд оролцохын өмнө өөрийгөө бэлдэж, дөрвөөс таван өрөг тоглох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Перугийн тамирчин надаас таван насаар ах. Шатрын спортод надаас түрүүлж хөл тавьсан болохоор туршлага чамгүй хуримтлуулсан нь тоглолтын явцаас анзаарагдлаа.
-Таныг олон улсын их мастер цол хүртлээ гэх мэдээг сонсоод шатар сонирхогчид их баярласан. Монголын шатарчдаас энэ цолыг хүртсэн тав дахь тамирчин нь байх аа?
-Тийм ээ, 2019 оны хоёрдугаар сард олон улсын их мастер цолны болзол хангасан. Дэлхийн шатрын холбооны 90 дэх конгрессын үеэр их мастер цолны болзол биелүүлснийг албан ёсоор зарласнаар 2020 онд Монгол Улсын шатрын спортын тав дахь эрэгтэй их мастер болсон. Миний өмнө дөрвөн тамирчин энэ цолыг хүртсэн. Хамгийн сүүлд 2013 онд Б.Гүндаваа хүртэж байв. Түүнээс хойш долоон жил их мастер цолтон төрөөгүй тул шатар сонирхогчдын дунд дараагийнх нь хэн байх бол гэсэн хүлээлт үүссэн. Миний гадаад чансаа одоогоор 2500. Өдгөө дэлхийд шатраар Энэтхэг, БНХАУ, АНУ, Англи, ОХУ тэргүүлж байна. Сүүлийн үед манай шатарчдын ур чадвар жилээс жилд сайжирч, гадаад чансаа өндөрсөж, Азидаа хүчтэй өрсөлдөж байгаа.
ТАМИРЧНЫ ГАРААГАА ТОМ ЗОРИЛГОТОЙ ЭХЛҮҮЛСЭН
-Шатрын спортод анх хөл тавихдаа л том зорилго тээсэн гэдэг. 16 жилийн дараа мөрөөдөлдөө хүрнэ гэдэг бага хугацаа биш. Тууштай зүтгэсэн тань таныг амжилтаас атгууллаа.
-Би тамирчны гараагаа том зорилготой эхлүүлсэн. Тэр үед нэгэнт энэ спортоор хичээллэсэн юм чинь хамгийн том цолыг нь хүртэнэ гэж боддог байлаа. Аавтайгаа хамт уйгагүй хичээсэн. Шатрын спортоор 16 жил хичээллэхдээ дундаас нь орхих бодол нэг ч удаа төрөөгүй. Шатрын спортод насны хязгаар, зодог тайлах ойлголт байдаггүй. Тамирчид нь ч олон жилийн карьертэй байдгаараа спортын бусад төрлөөс ялгардаг. 2014 оноос зорилго руугаа алхам алхмаар ойртож, тэмцээний норм, баллуудыг биелүүлж эхэлсэн. Мэргэжлийн тоглогч болж, гадаадын тэмцээнүүдэд оролцох боллоо. Аав, дүү хоёртойгоо Европын орнуудаар таван жил гурав, гурван сараар цуврал тэмцээнд өрсөлдсөн. Энэ цолыг хүртчихээд өөртөө бус, аавдаа хамгийн их баярласан. Аав шигээ хичээсэн бол энэ цолыг аль эрт хүртэх байлаа. Үзүүлсэн амжилтуудаа ч гэсэн өнөөгийнхөөсөө өмнө гаргах боломж надад байсан. Аавынхаа зүтгэл гаргасан хэмжээнд тоглож чадаагүй ч тодорхой амжилтад хүрлээ. Энэ спортод цолноос гадна гадаад чансаа чухал. Хойшдоо чансаагаа ахиулж, 2700-д хүргэхээр зорьж байна.
-Гэр бүлээрээ мэргэжлийн тамирчны хэмжээнд шатар тоглодог айл ховор. Хоймортоо залсан цомнуудыг хараад ямар их хичээл, зүтгэл гаргаж байснаар тань бахархлаа.
-Манайх гэр бүлээрээ шатар тоглодог. Гэрийн хойморт залсан цомнууд дүү, бид хоёрынх. 2011 онд Сонирхогчдын дэлхийн аварга болж, тэр жилээ АНЭУ-д болсон 14 хүртэлх насныхны цомын төлөөх олон улсын шилдэг тамирчдын тэмцээнд түрүүлэн тус тус цом хүртсэн. Миний хувьд Монголд хүртээгүй шагнал ховор. УАШТ, түргэн бодолт, бодлого бодолтын төрлөөр аварга болсон. Тамирчин хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж бол амжилт. Спортод хэр сэтгэл гаргаж зүтгэснийг батлах зүйл бол цом хүртэх. Цом медалиас ч илүү үнэ цэнтэй. Олон цомтой байна гэдэг тэр хэрээрээ амжилт гаргасан гэсэн үг.
-Би тамирчин болохын тулд олон багшийн гар дамжсан гэж байсныг тань саналаа.
-Би долоон багшийн гар дамжсан. Шатрын спортод тамирчин ур чадвараа шат шатаар ахиулдаг. Чадвараа хэр хөгжүүлж байгаагаас амжилт шалтгаалдаг болохоор сайн багш сонгох хэрэгтэй. Анх П.Мягмардорж багшийн клубээс гараагаа эхэлж, дараа нь Д.Дамдин, С.Болдбаатар, Ц.Лхагвасүрэн, Д.Шаравдорж ахын удирдлагад хичээллэж, хамгийн сүүлд “Чингис” клубт харьяалагдаж тоглосон. Намайг олон улсын их мастер цол хүртэхэд багш нар минь баяр хүргэж, урам хайрласан, би ч талархсанаа уламжилсан. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед мэргэжлийн шатарчид багштай хичээллэхээс илүү өөрөө бие дааж бэлтгэл хийн, гадаадын алдартай тамирчдын өргийг судалж байна. Миний хувьд Чех улсын багш дасгалжуулагч Михал Конопкагийн гэрт сар амьдарч, бэлтгэл хийсэн. Дараа нь түүнийг Монголд ирэхэд нь үргэлжлүүлж хичээллэсэн. Гадаад, дотоод багш нараас мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж, туршлага чамлахааргүй хуримтлууллаа.
-Их мастер Д.Шаравдорж, Михал Конопка нар хэн хэн нь шатрын өндөр мэдлэгтэй. Тэдний давуу тал юу вэ?
-Намайг бэлтгэл хийлгэсэн Михал Конопка багш манай дасгалжуулагчдаас арга барилаар өөр. Түүний үзэж судалдаг, ашигладаг техник технологи илт давуу. Европын дасгалжуулагчид хоорондоо маш сайн холбоотой байдаг. Тиймээс өөрт хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авдаг. Зан чанарын хувьд шударга, нээлттэй, өөриймсөг, санаа бодлоо илэн далангүй хуваалцдаг, найз нөхдийн найрсаг харилцаатай байдаг. Бид одоо ч байнга харилцаатай. Миний тоглолтын өргийг хараад “Чи энэ өрөг дээр ийм алдаа гаргалаа. Тэр өрөгт тэгэх байсан юм” гээд зөвлөнө. Бид багш шавь гэхээс илүү найз нөхөд шиг байдаг юм. Европын орнууд цар тахалд нэрвэгдээд хүнд байгаа тул багш минь “Монголчууд цар тахлаас ард түмнээ маш сайн хамгаалж байна. Тиймээс чи тайван байж, цахимд тэмцээнээ амжилттай үргэлжлүүлээрэй” гэж захисан. Би багаа маш сайн бүрдүүлсэн, одоогоор тэмцээнийг тэргүүлж яваа. Тэрбээр Монголд ирэхдээ өсвөрийн шатарчдыг клубийн журмаар хичээллүүлсэн. Тэр үед “Монгол хүүхэд, залуус аливаа зүйлийг хүлээн авч сурахдаа их авьяастай юм. Хүүхдүүдийг мэргэжлийн тамирчин болоход бэлтгэл хийлгэж буй дасгалжуулагч нарынх нь мэдлэг дутдагийг анзаарлаа. Тэд гадаадын тэмцээнд оролцох зардлынхаа асуудлыг шийдэж чадвал амжилт үзүүлэх боломж байна” гэж хэлсэн. Багш минь Монголд ирээд өндөр сэтгэгдэлтэй буцсан шүү.
-Ах, дүү хоёр шатрын хөлөг дээр ана мана тулалддаг биз?
-Дүү минь 15 настай, Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Мэргэжлийн тамирчин болоход тун ойрхон байгаа. Дүүтэйгээ хөлөг дээр тулалдахад өөр тамирчинтай тоглохоос илүү сонирхолтой. Хожих юм чинь гэсэн ахын бодлоор хандаж, алдаа гаргаж ялагддаг. Бид энгийн үеийнхээс өөр тоглолт өрнүүлж, яг л дайснууд шиг өрсөлддөг. Дүү минь “Гэгээ арвай” клубт бэлтгэл хийдэг юм. Ямар багшийн удирдлагад дүүгээ хичээллүүлэхээ нэлээд бодож байж Б.Гүндаваа ахыг сонгосон. Айлын хүүхдүүд спортын нэг төрлөөр тууштай хичээллэж, амжилтад хүрэх нь ховор. Шатарчдын дунд их мастер цолтой ах, дүү цөөн. Миний хүрсэн амжилтыг дүү минь надаас эрт гаргах болов уу. Бидний амжилт гэр бүлийн минь дэмжлэгтэй салшгүй холбоотой. Амьдралаа авч явахын хажуугаар бидний олон зүйлийг зохицуулсаар ирсэн аав, ээжийнхээ тэсвэр тэвчээрээр их бахархдаг. Сүүлийн 16 жил миний төлөө манайхан бүх амьдралаа зориуллаа. Тиймдээ ч манайд шатрын тухай яриа өрнүүлээгүй нэг ч өдөр байхгүй.
ТЭМЦЭЭНИЙ ДАРАА ЮУ Ч БОДОХГҮЙ ЗҮГЭЭР Л АМАРМААР САНАГДДАГ
-Аав, ээж нь гэрийнхээ санхүүгээс илүүчлэх, ойр дотнын найз нөхдөөсөө мөнгө зээлээд өөрийг тань тэмцээнд явуулсан удаа олон болов уу?
-Аав минь шатрын спортын мөнгөтэй гэсэн тамирчдаас зардал олоод тэмцээнд явуулж байлаа. Шатрын спортын У.Насанжаргал ахтай уулзахад “Зээлдэг системд орохгүй ээ. Ах нь дүүгээ дэмжинэ” гээд ивээн тэтгэсэн удаа ч бий. Энэ мэтчилэн олон хүний сэтгэлийн дэм, тус намайг амжилт гаргахад нөлөөлсөн. Бид тэмцээнд явахдаа гадаадын тамирчид шиг буудалд тухлахгүй. Аль болох хямд өртөгтэй байр түрээсэлж, өөрсдөө хоолоо зэхнэ. Франц, Польшид аав, ээжийн минь ах, дүүс амьдардаг. Хэрвээ тэнд тэмцээнтэй бол гэрт нь байрладаг. Өндөр хөгжилтэй орны тамирчид шиг тэмцээнд оролцдог бол манай шатарчид одоогийнхоосоо илүү амжилт гаргана. Тэд тэмцээнд нүсэр том багтай оролцдог. Багт нь дасгалжуулагч багшаас гадна сэтгэлзүйч, спортын эмч, тогооч, бариач нь хүртэл багтдаг. Бид олон бэрхшээл туулж тэмцээнд оролцдог ч гэлээ бие даах чадвараараа тэднээс ялгардаг. Хэнд ч найдахгүй өөртөө дасгалжуулагч, сэтгэлзүйч болдог.
-Тамирчдыг гэр бүл нь том тэмцээний өмнө бүх зүйлээс чөлөөлж, юунд ч хүргэдэггүй юм билээ.
-Тийм шүү, манайхан намайг зөвхөн тэмцээндээ анхаарал хандуулахыг зөвлөдөг. Гэрт ирэхэд ээж хоол, цай хийчихсэн угтана. Дүү, бид хоёр тэмцээнээр түрээ бариад аав, ээждээ дэндүү эрхэлчих гээд байдаг юм. Аав шатарт дуртай болохоор тэмцээнтэй үеэр хаашаа ч гарахгүй. Бидний тоглолтод ач холбогдол өгч сэтгэл зүй нь хүртэл тогтворгүй болчихно. Хожигдвол аав илүү хямардаг бол, ээж эсрэгээрээ. Тэмцээний дараа ээж биднийг шатраас аль болох хол байлгаж, амраахыг хичээдэг. Надад “Миний хүү дахиад тоглоно, энэ удаа хожигдсон ч дараа хожно шүү дээ. Одоо тайван байж, амар” гэж зөвлөдөг. Бид тэмцээнд түрүүлбэл баярт мэдээгээ хамгийн түрүүнд аав, ээждээ дуулгадаг.
-Эмэгтэйчүүдээс А.Энхтуул, Б.Мөнгөнтуул нар дэлхийд танигдсан тамирчин. Тэдэнтэй тоглож, өрсөлдөгчөө буулгаж авдаг тактикаас нь суралцдаг уу?
-Б.Мөнгөнтуул эгч шатрын хүрээлэлдээ их нэр хүндтэй. Гадаадын алдартай тамирчидтай манай эмэгтэйчүүд эн тэнцүү өрсөлддөг. Шатрын спортын шилдэг тамирчдын тухай өгүүлэх бол хамгийн түрүүнд тэдний нэр дурдагддаг. Манай эмэгтэй их мастерууд гадаадын тамирчдаас илүү зоригтой, дайчин тоглодог. Эмэгтэй шатарчид эрэгтэйчүүдтэй тоглохдоо бага зэрэг айдас мэдрэгддэг бол манайхан огт эмээдэггүй, харин ч ана мана тулалддаг. Миний хувьд ч гэсэн ялгаагүй, хожсон, хожигдсон ч өөрт байгаа бүхнээ гаргаж, тоглолтыг өндөрлүүлнэ гэж боддог. Монголчууд оюуны өндөр чадавхтай. Үүгээрээ дэлхийд үнэлэгдэж байна. Тэмцээний шүүгчид “Аль улсын тамирчин бэ” гээд асуухаар “Монгол” гэж хэлэхэд эергээр хүлээж авдаг нь анзаарагддаг. Гадаадын тамирчидтай тоглохдоо би сэтгэлийн хөдлөл их гаргадаг. Хөлөг дээр өрөг өрнөж байгаа ч сэтгэл зүйгээрээ өрсөлдөгчөө ялах хэрэгтэй. Тиймээс өөртөө итгэлтэй байгаагаа харуулж тоглохыг зорьдог юм.
-Ялагдлаа их бодохоор сэтгэлийн дарамт болдог тал байдаг уу?
-Бий бий. Шатрын спорт оюун ухаан их зарцуулдаг тул амжилтгүй оролцсон тэмцээнүүдийнхээ алдаа, дутагдлыг бодохоор хямарч, амархан стресстэх гээд байдаг. Шатрын тамирчдыг “Дотуур тамиртай” гэж ярьдаг. Ярихаасаа илүү бодож, тунгаан төлөвлөдөг тул энерги их зарцуулдаг. Сэтгэл доторх зүйлээ тэр бүр гаргаж чаддаггүй болохоор заримдаа стресстдэг. Сүүлийн үед манай шатарчид бооцоот тэмцээн рүү хошуурах болсон. Зардлаараа дэнчин тавиад тэмцээнд оролцоно, шагнал хүртвэл төлнө, чадахгүй бол өөрийгөө сориод азаа үзээд ирнэ. Тэгвэл гадаадын орнууд өөрийн улсдаа өндөр шагналтай тэмцээн зохион байгуулдаг. Тухайлбал, Узбекистан шатарчдаа их дэмждэг. Шатрын тэмцээнд түрүүлсэн аварга тамирчнаа хамгийн сүүлийн үеийн загварын автомашинаар шагнадаг бол манай УАШТ-ий шагнал гурван сая төгрөг байх жишээтэй. Ямар ч спортын тамирчин тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж байж амжилтад хүрдэг. Улс нь тамирчнаа хэр дэмжинэ тэр хэрээр амжилт гаргадаг.
-Хэдэн өдөр тасралтгүй тоглосон томоохон тэмцээний дараа алжаалаа хэрхэн тайлж, амардаг вэ?
-Найзууд минь надад “Чи тэмцээний дараа өөр шинэ газар үзээд ирж байгаач” гэж зөвлөдөг. Тэмцээнд оролцсоныхоо дараа тамирчдад гадуур хэсэх тэнхэл үнэндээ байдаггүй. Есөн өргийн тэмцээнд есөн өдөр дараалж, таваас зургаан цаг босохгүй тоглоно. Тоглолтын дараа хамгийн түрүүнд амармаар санагддаг. Тийм үед хэнтэй ч ярихгүй, юу ч бодохгүй зүгээр л хэвтмээр байдаг. Зарим хүнд энэ байдал минь уйтгартай санагддаг болов уу. Эмэгтэй шатарчид эрчүүдээс арай өөр. Нэг сайн амарч аваад л дэлгүүр хэсэхээр гадуур гардаг. Тэгвэл эрчүүд байрласан өрөөндөө хөгжилтэй зүйл ярих, эсвэл хөзөр тоглож өнжих жишээтэй. Хоёр, гурван тэмцээнд дараалж оролцсон үед Монгол руугаа бушуухан буцах бодол өөрийн эрхгүй төрдөг. Зүүн Азийн орнуудын тэмцээнд оролцож байхдаа тахианы мах, будаа идэхээс залхаж, ээжийнхээ гарын хоолыг үгүйлж эхэлнэ. Халуун агаарт нь бүгчимдэж, нутгийнхаа сэрүүн салхийг санана шүү дээ. Би чөлөөт цагаараа АНУ-ын цуврал кино үздэг. Шатрын спортын тамирчны тухай өгүүлсэн “Pawn Sacrifice”, ”Queen of Katwe”,”Magnus” нэртэй гурван кино байдаг. Дэлхийн аварга шатарчдын амьдралаас сэдэвлэж хийсэн бүтээл. Эдгээр кино тухайн үедээ олны сонирхлыг татаж, хамгийн их ашиг орлого олсон гэдэг. Энэ ташрамд, шатар сурч байгаа хүүхдүүд энэ спортын суурь юунд оршиж байна вэ гэдгийг түрүүлж мэдээд, өөрийгөө зөв хөгжүүлэх хэрэгтэй. Тамирчин болж байгаа бол нэг зүйлд бус, бусдад нь ч гэсэн анхаарал хандуулан, олон талын мэдлэгтэй болж урагшлах нь зөв. Нэг талыг барьж өөрийгөө хөгжүүлбэл хүлэгдмэл болно. Тиймээс тал бүрийн мэдлэг эзэмшиж, сайн тамирчин болоорой гэж хэлье.