Коронавирусийн халдвараар үүсгэгдэж буй цар тахал дэлхий нийтийг цочроосон хэвээр. Манай улс хүн амаа энэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хууль сахиулах байгууллагын ажилтнуудаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж, өвчин илэрсэн, гадаад орноос ирсэн хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагынхан өдөр, шөнөгүй эмчилж, онцгой байдлын алба хаагчид ч хуулийн дагуу үүргээ биелүүлсээр буй билээ. Энэ цаг үед “галын шугам” дээр ажиллаж буй цагдаагийн байгууллагын төлөөллийг “Өнөөдөр” сонины сурвалжлагчаар ажиллуулсан юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү бидний хүсэлтийг хүлээн авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, клиникийн профессор М.Тунсагийг зочноороо урьж ярилцлаа. Дэд хурандаа Б.Баатархүүгийн хувьд АНУ-д албан ажлаар явж ирээд тусгаарлагдан, эмнэлгийн болон гэрийн хорионд сар шахам байж, өнгөрсөн долоо хоногт ажилдаа орсон нэгэн.
Харин М.Тунсаг эмчийн тухайд халуун цэг дээр үүрэг гүйцэтгэж, “Ковид-19” өвчинтэй тэмцэхэд голлон анхаарч ажиллаж буй юм.
-Дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүрээнд ХӨСҮТ-ийнхөн ямар бүрэлдэхүүнээр, хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай баг хамт олны хувьд маш өндөр зохион байгуулалттай өнөөг хүртэл гурван сарын хугацаанд ажилласаар ирлээ. ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд цаг наргүй, өндөржүүлсэн бэлэн байдалд, гэртээ ч хэд хоногоор харихгүйгээр, ар гэрээ умартах шахам ажиллаж байгаа. Мөн тусгаарлан ажиглах байранд резидент эмч нар ч тусгаарлагдан ажиглалтад буй хүмүүст эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
-Аливаа зүйлд сайн, муу тал байдаг. Энэ цар тахлын үед иргэд амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сайтар сахин, энэ нь өдөр тутмын хэвшил болж байна даа, тийм үү?
-Манай төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт салхинцэцэг, гахайн хавдар өвчин өдөрт 50-60 бүртгэгддэг байв. Одоо эдгээр өвчний халдвар авсан 18-19 хүн ирэх болсон. Энэ нь иргэд маань гарын ариун цэврээ сайн сахиж, амны хаалт тогтмол зүүж хэвшиж байгаатай холбоотой. Ингэснээр гэдэсний савханцар, томуугийн халдварч ч багасаж байгаа хэрэг. Улирлын томуугийн үед иргэд амны хаалт ер хэрэглэдэггүй. Мөн гадаа ил, задгай бие засаж, шүлс, нус, цэрээ хамаагүй хаяж байгаа хүмүүст цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог болсон нь маш үр дүнтэй, элдэв халдварт өвчнөөс сэргийлж байна.
Уншигч-сурвалжлагч Б.БААТАРХҮҮ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа
Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 гаруй төрлийн нян, бактери бий гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон. Мөн шүлс болон хоносон хоолноос үүдсэн үе мөч, зүрх судасны өвчлөлтэй болох эрсдэлтэй.
-АНУ-д сая ажлаар явж байхад уулзаж буй зарим хүн нь “Танай монголчууд яагаад амны хаалт зүүгээд байгаа юм бэ” хэмээн шоолох аястай байсан. Амны хаалт зүүснээр элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа нь гарцаагүй. Зарим төрлийн маск л коронавирусийн халдвараас сэргийлнэ, өдөр тутам зүүж буй нэг удаагийн амны хаалт хамгаалахгүй гээд байгаад тайлбар өгөөч.
-Шүлсээр халдвар элдэв өвчин тарж буй талаар сая хэллээ. Үүнээс гадна монголчууд амны ариун цэвэр маш муу сахидаг. Автобусанд суугаад явж байхад зарим хүнээс эвгүй, муухай үнэр гардаг шүү дээ. Амны хаалт зүүснээр хүний шүлс, амаар дамжих элдэв халдвар, өвчлөлөөс сэргийлж байгаа. Эмч нар ч ялгаагүй амны ариун цэврээ сайтар сахихгүй бол хүн үзэх гээд л ойртоход эвгүй үнэр амнаас нь гарч байвал ямар байх вэ.
ДЭМБ-аас гуравдугаар сард коронавирусийн халдварыг цар тахал хэмээн зарласан. Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Энэ үед янз бүрийн амны хаалт хэрэглэх ёстой гэсэн яриа иргэдийн дунд бий. Ард түмний дунд халдвар тархаагүй нөхцөлд иргэд заавал N95 загварын амны хаалт зүүх шаардлагагүй. Энгийн амны хаалтыг зөв зүүж л хэвших хэрэгтэй. Хоёр цаг тутамд түүнийгээ сольж байх нь чухал.
Харин батлагдсан тохиолдолтой харилцаж буй, тусгаарлалтад байгаа эмч нар N95 загварын амны хаалтыг нүүрний хамгаалалтын хамт хэрэглэх нь зөв. Яагаад гэвэл хүний биологийн шингэн болох шүлс, нус, хөлс зэргээс халдвар авах эрсдэл өндөртэй.
-Гадаад орноос ирж тусгаарлагдаад байхад эмч нар маань сэтгэл санаагаар маш их дэмжиж байсан. Тухайлбал, н.Энхжаргал эмч маань хоёр удаагийн шинжилгээний дараа гүйхээрээ шахам орж ирээд “Баяртай мэдээ дуулгая. Хариу сөрөг гарсан шүү” гээд бидний өмнөөс баярлаж байв.
-Ер нь эмч хүн тухайн өвчтөнөө эмчилнэ, илааршуулна гэж л ханддаг. Аливаа хүн ядарсандаа л эмч нарт хандаж байгаа шүү дээ. Тиймээс тухайн хүмүүсээ хүндэлж хандаж байх нь чухал. Эрүүл мэндийн байгууллагад сахилга, хариуцлага, дэг журам дээд зэрэгтэй байх ёстой. Аливаа хүний эрүүл мэндийг үзэхдээ сайтар нягтлах нь зүйтэй. Чагнуураа зүүхгүй нэг талынх нь даралтыг үзэх юм уу, зүрхний цохилтыг дутуу чагначихаад гарвал тухайн хүн сэтгэл дундуур л үлдэнэ. Тиймээс үнэн голоосоо л тухайн хүнээ үзэж оношилж, сэтгэлээрээ хандаж байвал тэр өвчтөний сэтгэл санаа ч өөдрөг байна шүү дээ. Мөн тухайн хүний ар гэрийнхэнтэй ч сайхан харилцаж байх ёстой.
Өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) Турк улсын иргэн эмнэлгээс гарлаа. Коронавирусийн халдвартай гэж батлагдан эмчлүүлсэн юм. Тухайн иргэнийг манай залуу эмч нарын нэг Г.Дүвчинбаяр эмчилсэн. Англи хэлтэй залуу эмчийгээ аливаад сургахын тулд түүнийг томилсон юм. Манай эмч нар үнэхээр мундаг байгааг харуулсан үйл явдал боллоо.
Эмч нарын минь сэтгэл санаа ч өөдрөг, эмчилнэ гээд л зүтгэж байна. Залуу эмч нар маань “Коронавирус гэж юу байдаг юм бэ гэдгийг үзэж мэдье. Би эмчилье, залуу хүмүүс шүү дээ, суръя” хэмээн ямар ч эрсдэл үүрэхэд бэлэн байгаа. Ард түмнээ халдвараас сэргийлэхийн тулд бид сайн ажиллах ёстой. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагынхан, үндэсний үйлдвэрлэгчид бидэнд маш их хандив, мөнгөн тусламж өргөж, итгэл хүлээлгэж байна. Илүүдээ гарсан мөнгө гэж байхгүй шүү дээ. Үүнийх нь хариуд бид илүү сайн ажиллаж, ард түмнээ энэ халдвараас сэргийлж, эмчлэх нь чухал. Эмч нар ухрах, зугтаах эрхгүй учраас ард түмэнтэйгээ хамтарч энэ халдвараас сэргийлж чадна. Ганц эрүүл мэндийн байгууллага энэ халдварыг дарж дийлэхгүй. Хариуцлагагүй нэг хүний үйлдлээс болж тархвал ямар аймшигтай явдал болж байгааг хэд хэдэн улсын жишээнээс харсан шүү дээ. Хайртай бүхнээ хамгаалъя гэвэл хувь хүн хариуцлагаа дээшлүүлэх ёстой. Тиймээс ард түмэн, төр, засаг, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага хамтран эв нэгдэлтэй байж энэ аюулт өвчний тархалтаас сэргийлж чадна. Засгийн газар маш сайн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Ингээгүй бол бид цөөхөн хүн амынхаа хэчнээнийг нь алдах байв. ДЭМБ манай орныг маш сайн урьдчилан сэргийлсэн учраас халдвараас сэргийлж чадаж байна хэмээн үнэллээ шүү дээ. Хувь хүн гадаад орноор явчихаад, халдвар тархсан оронд байж байгаад ирэхдээ асуумжаа худлаа бөглөсөн тохиолдол бий. Түүнийг манай тагнуулын байгууллага маш сайн ажиллаж тогтоон тусгаарласан юм шүү дээ. Хүн өвчнийг хуурч чадахгүй учраас хаана хаанаа хариуцлагатай байх нь чухал гэдгийг дахин хэлье.
Зочин М.ТУНСАГ ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, клиникийн профессор
-Энэ халдварын дэгдэлт хэдийд буурах бол гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа. Үүнд хариулт өгөхгүй юү?
-“Ковид-19” дулааны улиралд намжмал байдалд орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ улирлын томуугийн үед хавсарч, улам хүнд байдалд орж болзошгүй. Тиймээс бид аливааг муугаар бодож, сэргийлэх ёстой болов уу. Тэгэхээр ард иргэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг зун ч, өвөл ч, намар ч, хавар ч ялгаагүй дагаж мөрдөж байх л хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдсөнөөрөө бид муудаагүй. Халдварт өвчин 15.2 хувиар буурлаа. Бид хүүхдүүдийнхээ гарыг сайтар угаалгадаг болоод байна. Мөн амны хаалтаа зөв зүүх нь ч өөрсдийгөө, ар гэрээ, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалж байгаа хэлбэр шүү дээ.
-Хорио цээрийн үед цагдаа, эрүүл мэндийн байгууллага нягт хамтран ажиллаж байна. Ингэснээр үр дүн нь илүү бодитой харагдаж буй нь ажиглагдлаа. Цагдаагийн ажилтнууд болон эрүүл мэндийн салбарынхан маань халдварт өвчин туссан, эсвэл сэжигтэй тохиолдол бүхий иргэдтэй шууд харилцана. Тэгэхээр цагдаагийн алба хаагчид болон эмнэлгийнхэн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэсэн үг. Тэднийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа вэ?
-Цагдаагийн алба хаагчид маш их стресс дунд ажиллаж, амьдардаг. Монголчууд хуулиа сахидаггүй. Хуулийн дагуу шаардлага тавихаар иргэд өөдөөс нь хэрэлддэг. Явангуут нь цагдааг муулдаг. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэсэн үг бий. Тухайн хүн хэрэг, зөрчил гаргаагүй бол цагдаа тухайн хүнтэй зууралдахгүй шүү дээ.
Өнөөгийн энэ цаг үед иргэдийг амны хаалт тогтмол зүүн, гараа угааж ариутгах, шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар цагдаагийн байгууллагаас шторк, мэдээ мэдээллийг түгээж буй нь үр дүнгээ өгч байна. Манай цагдаагийн алба хаагчид ямар нэг халдварт өвчтэй хүнийг мэдэхгүй шууд л харилцаж байгаа. Тиймээс томуугийн тархалтын үеэр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ өвчний эсрэг вакцинаа хийлгэх нь нэн түрүүнд тавигдах асуудал. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхийн тулд маскаа сайн зүүж хэвшин, урьдчилан сэргийлэх үзлэгт зургаан сар тутамд орох ёстой.
Миний төрсөн дүү цагдаагийн алба хаагч байсан юм. Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Ид хийж бүтээх 40 настайдаа өвчний улмаас нас барсан. Тэгэхээр цагдаагийн алба хаагчид амь, биеэ үл хайхран ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг хангах манаанд зогсож байдаг. Дүүгээ хүнд өвчтэй, цус алдаж байхад би энд эмнэлэгтээ элэгний өвчтэй 60 хүний эрүүл мэндийн төлөө ажлаасаа гарч чадахгүй, ар гэр, төрсөн дүүгээ ч бодолгүй төрийн төлөө зүтгэсэн байна гэж одоо боддог юм.
Нийслэлийн хэмжээнд хамгийн их халдварт өвчин гардаг дүүрэг бол Сонгинохайрхан, Баянзүрх. Цагаандаваа, Улаанчулуут орчимд амьдардаг иргэдийн дунд гэдэсний элдэв халдварт өвчин их гарна. Манай эмч тухайн хэсэг рүү дуудлагаар очоод ирэхдээ үнэхээр өрөвдмөөр, нулимс асгармаар зүйл ярьдаг юм. Яагаад гэвэл өвөл гэрт нь ороход идэх хоолгүй, эцэг, эх нь архи уугаад уначихсан, хүүхдүүд нь хучих хөнжилгүй, хөлдөж, осгох шахаад чичрээд сууж байгаа тохиолдол нэг бус. Ийм л хүнд нөхцөл байдал руу эмч, цагдаагийн ажилтнууд хамгийн түрүүнд очдог шүү дээ.
Цагдаагийн алба хаагчид манай эмнэлгийг хамгаалалтад авснаас хойш “Нарантуул” захын архичид хашааг маань тойрч архиддаг, энд тэндгүй бие засаж, нус, цэрээ хаядаг байсан нь одоо байхгүй болсон. Энэ онцгой нөхцөлд цагдаагийн алба хаагчид хууль, дүрэм, журам сахиулахаар ирж, хамгаалалтад зогссон л бол манай эмнэлгийн эмч, ажилтнууд ч, жирийн иргэд ч түүнийг нь үг дуугүй л биелүүлэх ёстой.
-Та түрүүнд эмч, цагдаа нар хамгийн түрүүнд хүнд нөхцөл байдалтай тулдаг гэлээ. Гэтэл “Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч” гэсэн үр иргэдийн дунд байдаг шүү дээ. Уг нь энэ үг бол халдварт өвчин эсэргүүцэж яваа эмч, цагдаагийн ажилтныг муулсан, тэмбүүтэй хүний хэлсэн үг л өдий болтол олны дунд байсаар. Түүхийг нь сөхвөл, 1940-өөд оны үед БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс Өнгөний өвчинтэй тэмцэх тухай тогтоол гаргаж, эмчилгээнээс зугтсан хүмүүсийг албадан эмчлэхээр болсон гэдэг. Монголын хүн амын багагүй хэсгийг өвчлүүлээд байсан халдварт тэмбүү өвчтэй хүмүүсийг эмч, цагдаа нар л хамтарч илрүүлэн хүч хэрэглэн эмчилж байсан. Энэ үед баян хятад иргэдтэй дотно харилцаатай байдаг нэг эмэгтэйг олж, хүчээр тариа тарихад дээрх үгийг хэлж хараасан гэдэг юм билээ. Уг нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж явсан эмч, цагдаагийнхан ийм доромжлол хүлээх ёсгүй баймаар.
-Хамгийн хэцүү зүйлийг цагдаа, эмнэлгийнхэн л хардаг шүү дээ. Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч гэдэг үгэнд би үнэхээр дургүй. Маш их уур хүрдэг. Эмч миний туслагч бол сувилагч. Би өвчтөнөө үзэж, чагнаад яаралтай ийм эмчилгээ, сувилгаа хий гэхэд бүгдийг нь хийж байгаа тэр сувилагч хүн яахаараа муу байна гэж. Цагдаа нар ч гэсэн жирийн иргэд бидний эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж байхад яахаараа муу хүн гэж. Төрийн албыг үнэнч шударгаар хийж байгаа гол салбарынхан бол эрүүл мэндийн болон цагдаа, онцгой байдлын байгууллагынхан шүү дээ.
Энэ ташрамд, цагдаагийнхандаа баярлаж буйгаа илэрхийлье. Учир юу гэвэл, өнгөрсөн өвөл Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй хүүхдийг ХӨСҮТ-д яаралтай авчрахад цагдаагийнхан маань тусалж, тухайн хүүхдийн амийг аварсныг олон нийтийн сүлжээгээр цацсан шүү дээ. Сонгинохайрхан дүүргийн нутгаас тухайн хүүхдийг авчрахад зам маш их түгжрэлтэй, яаралтай тусламжийн автомашины хүчилтөрөгч дуусах гээд байгаа талаар жолооч, эмч нар маань утсаар надад хэлсэн юм. Тухайн хүүхдийн амин үзүүлэлт нь ч унаж байгааг тэд хэллээ. Тэр даруйд нь ТЦА-ныхантай холбогдож учир байдлыг хэлэхэд дор нь арга хэмжээ авч, 10-хан минутын дотор Сонгинохайрхан дүүргээс тухайн хүүхдийг авчирч Яаралтай тусламжийн тасагт шилжүүлсэн. Тэр хүүхэд өнөөдөр эрүүл саруул болчихсон явж байгаа. Энэ бол цагдаагийнхандаа баярлаад баршгүй үйл явдал болсон.
-Элэгний эмч М.Тунсаг гэдгээр тань зарим хүн андахгүй. Эмч мэргэжлийг хэзээ эзэмшив?
-Анагаах ухааны дээд сургуулийг 1985 онд төгсөж, эмч мэргэжил эзэмшиж байлаа. Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн эмнэлгийн эмчээс ажлын гараагаа эхэлсэн. Ингээд хоёр жилийн дараа тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр шилжин 10-аад жил ажилласан. 1995 оны дөрөвдүгээр сард ХӨСҮТ-д элэгний эмчилгээний тасгийн эмчээр шилжин ирснээс хойш 25 жил энэ төвдөө ажиллаж байна. 2013 оноос өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байна.
-Манай улсад элэгний өвчлөл өргөн хүрээтэй тархсан шалтгаан нь юу юм бол. Элгийг юу хамгийн их гэмтээдэг вэ?
-1970-аад үед тариур буюу шприц буцалган дамжуулж тарьдаг байлаа. Тэр үед элэгний вирус нэлээд тархсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн шивээс, аборт, цус, цусан бүтээгдэхүүн нь вирус дамжуулагч болж байсан. 2015 оноос Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд гепатитийн вирусийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай 929 129 иргэнийг хамруулсанбайгаа. Энэ нь хамрагдвал зохих 15-аас дээш насны хүн амын 60.6 хувийг эзэлсэн бөгөөд мөн эрүүл мэндийн даатгалгүй олон хүн элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, эмчилгээнд хамрагдаад байна. 2020 онд Монгол Улсын иргэн бүрийг элэгний С вирусгүй болгох зорилт тавин ажилласнаар одоо манай хүн амын 95 хувь нь энэ төрлийн вирусийн шинжилгээнд хамрагдсан, эмчлүүлсэн эерэг үзүүлэлттэй байна. Тэгэхээр монгол хүн элэгний цирроз, хатуурал, хавдар багасаж байгаа.
Элгийг хамгийн их гэмтээдэг зүйл бол архи. Түүний хэрэглээнээс шалтгаалан бүхэлдээ өөхөлж, улмаар 5-10 жилийн дараа хатуурч чулууждаг. Энэ нь элэгний хорт хавдрын эхний шат. Ингэж хатуурсан элэгний ар талд хавдар үүсэж байдаг. Архийг хэтрүүлж, шартатлаа ууна гэдэг бол элэгнийхээ 80-90 хувийг гэмтээж байна гэсэн үг. Удаах нь мах. Монголчууд өдөрт гурван удаа махан хоол хэрэглэж буй нь төмрийн илүүдэл үүсгэж байгаа юм. Махан хоолонд агуулагдах төмөр нь элгэнд маш хүчтэй нөлөөлдөг. Уураг мөн элгэнд сөрөг нөлөөтэй. Сүүлийн үед залуус фитнесээр хичээллэхдээ уургийг буруу хэрэглэх болжээ. Уураг бол аминхүчил. Энэ аминхүчил хүний биеийн булчинд тодорхой хэмжээний тэжээл өгөх үүрэгтэй. Гэтэл хүмүүс өөрийн биеийн булчингийн массыг хэтрүүлж уураг уудаг. Хэт их хэмжээний уургийг элэг нарийвчлан задалж, булчинд хүргэхдээ цуцаж, аминхүчлийн илүүдэл үүсэн гэмтээдэг юм.
-Нарийн мэргэжлийн эмчилгээ хийж, цөөнгүй хүний амийг аварсан гэдэг. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би 1998 онд Алматад хэвлийн усыг авч буцааж хийдэг нарийн мэргэшлийн эмчилгээний арга барилд дөрвөн сар суралцсан юм. Элэгний өвчин вирусийн гаралтай ч бай, архины гаралтай ч ялгаагүй хүндрэхээрээ гэдэс буюу хэвлий шингэнээр дүүрдэг. Уг шингэнийг авч судсаар уургийг нь хийдэг. Гадуур байгаа уургийн эмчилгээний бэлдмэл авч өгснөөс илүүтэй реинфуз хийх шиг сайн үр дүнтэй арга одоогоор байхгүй. Би тэр үедээ сувилагч нартайгаа хамтран олон хүнийг энэ аргаар эмчилсэн. Цөөнгүй хүн баярласнаа илэрхийлж байлаа. Хэвлий нь шингэнээр дүүрч, дээшээ харж хэвтэж ч чадахгүй, хавирга нь мултарчих гээд орж ирж байсан тийм олон хүний гэдсийг суллан зовлонгоос ангижруулсан. Энэ эмчилгээнийхээ арга барилд би их дуртай. Сүүлийн хэдэн жил удирдах ажил хийгээд эмчилгээнээс холдоод байна.
-Элгээ хамгаалъя, баярлуулъя гэвэл яах ёстой талаар хамгийн энгийн аргыг хэлж өгөөч. Ер нь элэг өвдөж байгаа нь ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол?
-Элэгний С вирусийн халдвартай хүн ядраад, унтаад л байдаг юм. Хамгийн эхний зовуурь бол шалтгаангүй ядарч, сульддаг. Мөн царай нь харлаж, нүдний хэсгээр шарладаг. Аюулхай орчимд өвдөх зовуурь бол сүүлд илэрнэ.
Хамгийн гол нь архи хэрэглэхгүй байх, өөх тостой зүйл бага хэрэглэх, хорт зуршлаас хол байх хэрэгтэй. Мөн шивээс, шүд авхуулах зэрэгт халдвар хамгааллыг сайтар хийлгэж, сэргийлэх нь чухал. Түүнчлэн манай бүсгүйчүүд хумсаа будуулах, засуулах гээд маникюр, педикюр хийлгэж байгаа. Тэнд ашиглах багаж хэрэгслийг сайтар ариутгах хэрэгтэй. Тухайн багаж, хэрэгслээр элэгний вирусийн халдвар тархах магадлал маш өндөр байдаг.
Элгээ баярлуулъя гэвэл зөв хооллож, эерэг энергитэй байж, өөдрөг зүйл бодох хэрэгтэй. Ер нь хүн бүр сайн сайхан зүйлийг бодож байх нь чухал. Хүмүүс бие биеэ урамшуулж, баярлуулах ёстой. Монгол хөрсөндөө ургасан ногоо, буудайгаар хийсэн гурилаа идэж, олон төрлийн эмийн ургамал идэж буй малынхаа махаар бид зөв зохистой хооллох нь эрүүл байх нэг үндэс гэж боддог доо.