“1995 оны долдугаар сарын 28. Манайх Барабу хотод нүүж ирээд ердөө хоёрхон долоо хонож байлаа. Тэр өдөр баасан гариг байсан болохоор би ээж ааваасаа орой болтол зурагт үзэх зөвшөөрөл аваад буйдан дээрээ хэвтэж байсан юм. Бага байхад хүүхдүүд зурагтаа үзэж байгаад унтаад өгдөг шүү дээ. Би ч гэсэн нам унтчихсан байв. Нойрон дунд хэн нэгэн намайг өргөөд явах шиг болсон. Өмнө нь аав маань намайг олон удаа ингэж оронд оруулдаг байсан болохоор би аюулын мэдрээгүй. Чихэнд өөр хүний дуу сонсогдоход л би нүдээ нээн харвал огт танихгүй эр намайг тэврээд харанхуй гудамжаар алхаж байв. Намайг сандран тийчгэнэж эхлэхэд тэр эр намайг газар буулгаад “Чи ингээд зугтаж чадах уу” гэж асуусан. Хөл нүцгэн бас нойрноосоо гүйцэд сэрээгүй би тэр дороо гүйгээд явчхаж чадаагүй юм. Тэр эрийг аавын найз юм болов уу, аавд тусламж хэрэг болсон юм болов уу гэж бодлоо. Түүнтэй ярьж эхлэхэд тэрбээр “Энүүхэнд миний машин эвдэрчихсэн зогсож байгаа. Чиний тусламж хэрэгтэй байна” гэхэд нь би түүнийг дагаад л явсан. Гэвч ямар ч машин байгаагүй, харин мэдэхгүй байшинд ирлээ. Танихгүй эр “Энэ манай гэр. Ор л доо” гээд намайг урдаа оруулав. Юу болоод байгааг би ойлгохгүй, дэмий л гайхан тэр байшингийн босгыг давсан даа. Өөрөөр хэлбэл тамыг босгоор алхсан.
Гэрэл асахад миний өмнө том эр биш харин бараг миний үеийн банди зогсож байх нь тэр. Тэр өөрийгөө Жо Кларк гэж танилцуулав. Том биерхүү ч насаар надаас гурав ах хүү байлаа. Магадгүй үе тэнгийн шахуу болохоор би тайвширсан байх. Бас энэ хотод ирээд миний танилцсан хөвгүүдийн нэрсийг хэлээд “Удахгүй эд нар ч гэсэн энд ирнэ” гэв. Жо царайлаг бас их эелдэг хүү санагдсан. Бид хөл бөмбөгийн тухай, бейсболын тухай ярьж адилхан зүйл сонирхдог нь ойлгогдсон л доо. Миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөж, анхаарал, сэрэмжийг минь сулруулсан зүйл бол Жогийн бейсболын зурагтай ил захидлын цуглуулга байв. Тэр цуглуулгыг сонирхон үзэж байхдаа би Жог гэнэт дуугаа хураачхыг ч анзаараагүй. Тэгээд дараа нь миний мэдэх хамгийн аймшгийн киноноос ч харж байгаагүй тийм зүйл болсон доо. Бид дээд давхарт Жогийн өрөөний орон дээр сууцгааж байсан юм. Жо гэнэт босоод миний хөлөөс барьж аваад тавхайгаар минь хүчтэй эргүүлж орхилоо. Би өвдсөндөө орь дуу тавих нь мэдээж. Юу болоод байгааг би эхэндээ ойлгохгүй байлаа. Гэтэл Жо юу хийхээ мэддэг хүн шиг миний тавхайг үргэлжлүүлэн эргүүлсээр ясыг нь хугалчхав. Тэгэхэд л би энэ банди тоглоогүй юм байна, эндээс бушуухан зугтах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Жо санаандгүй зүйл хийчихсэн мэт амаа гараараа таглан хэсэг зогсох тэр мөчийг далимдуулан би үүд руу ухасхийлээ. Нэг хөл шагайгаараа хугарчихсан тул яаж хурдан гүйх вэ дээ. Тэр дороо л Жо намайг гүйцээд бариад авав. Тэрбээр намайг чирэн зочны өрөөндөө оруулж байгаад баруун хөлийг минь хар чадлаараа дээш нь болгоод толгойны ард гаргахад гуяын яс хугарч байгаа нь тод сонсогдов. Би маш их айж сандарсан болохоор эхэндээ өвдөлтийг мэдрээгүй. Гэхдээ эсэргүүцвэл юу болохыг сайн ойлгож авав. Тэр мөчид миний хувьд ертөнц орвонгоороо эргэх шиг болсон юм. Ийм цаг мөч ирнэ гэж хэн ч бодохгүй шүү дээ. Чиний ухамсар, сэтгэлгээ ганцхан мөчид өөрчлөгдөн амьдрал чинь тэр чигтээ амьд гарах гэсэн хувилбар руу шилждэг. Жо хэсэг хугацааны дараа болно гэсэн үү, ядарсан уу мэдэхгүй. Үүр цайхаас өмнөхөн намайг нэг буйдан дээр шидээд “Унтаж ав” гээд өөрөө хажуугийн буйдан дээр хэвтээд өглөө. Тайван орчин болонгуут би аймшигтай өвдөлтийг мэдэрч эхэлсэн дээ. Өглөө Жо намайг тавиад явуулчих болов уу гэж найдсан минь үнэхээр гэнэт хэрэг байв. Маргааш нь Жо аймшигт яргаллаа үргэлжлүүлж гарав. Би өмнөх шигээ зүгээр байсангүй түүнийг самардан цохиж, байдгаараа хашхиран эсэргүүцэл үзүүлэхэд Жо миний нүүр руу дэр шидээд “Битгий эсэргүүц. Дэрэнд хашхир. Үгүй бол би чиний хүзүүг хугалчихна шүү” гэв. “Чи яагаад ингээд байгаа юм” гэсэн миний асуултад тэрбээр “Яс хугарах чимээнд дуртай, нэг ёсны таашаал авдаг” гэж хариулсан юм. Жо миний тавхайг нэг хугалаад орхиогүй. Тэрбээр байн байн эргэж ирээд л нэмж хугалах нь хамгийн аймшигтай. Миний хөл өөр хүний хөл шиг танигдахын аргагүй болсон байлаа. Би түүний анхаарлыг өөр тийш нь хандуулах гэж хичээн яриа өдөж эхлэв. Их юм ярьсан ч юуны тухай ярьсныг би санадаггүй. Гэвч нэг яриа миний оюун санаанд гүн мөр үлдээсэн юм. “Чи өмнө нь ийм зүйл хийж байсан уу” гэсэн миний асуултанд Жо “Тийм. Крис Стайнерыг мэдэх үү” гэж хариулсан. Би хотод ирээд удаагүй болохоор түүний хэлсэн хүнийг танихгүй байв. Жилийн өмнө 14 настай Крис Стайнерын цогцос Барабу хотын дундуур урсдаг голыг эргээс олдсоныг би хожим мэдсэн. Тэгэхэд хохирогчийн цогцсыг рентген гэрэлд хараагүй болохоор нас барсан үнэн шалтгааныг бүрэн тогтоож чадаагүй аж. Тэр хэрэгт Жо Кларкийн нэр гарч байсан ч түүний ээж хүүгээ Крис Стайнерыг алга болдог өдөр хүүгээ гэртээ байсан гэж мэдүүлсэн байдаг. Жо Крис Стайнераас өөр нэг хүний нэрийг хэлсэн ч би одоо болтол санадаггүй. Түүний өчөл миний айдсыг улам хүргэсэн. Тэр яагаад үнэнээ хэлэв. Намайг алаад, би цаашаа хүнд хэлж чадахгүй гэж бодсон учраас гэдгийг би ойлгосон. Бас Жо эцэг эхийгээ өөр хот руу охиных руугаа явсан гэж байсан. Тэд хэзээ л бол хэзээ ирж магадгүй тул Жо намайг удаан амьд байлгахгүй гэдгийг ч би ойлгож байв.
Крис Тайнер
Жо намайг хулгайлж гэртээ авчраад, тамлан зовоогоод 14 цаг болж байлаа. Би ханан дээрх цагаар хугацааг баримжаалж байв. Жо яргаллаа түр зогсоогоод утсаар ярихад нь би түүнийг болзоонд явах болсныг мэдэв. Амьд гарах боломж надад гарах нь гэсэн бодол миний тархинд цахилгаан мэт орж ирлээ. Тэрхүү болзоонд явахаасаа өмнө Жо намайг зугтаж чадахгүйг баттай болгохын тулд хоёр хөлийн тавхайг минь хэд хэдэн удаа мушгин хугалж байгаад гарлаа. Би орноос аажуухан гулгаж буугаад шат руу элгээрээ мөлхөв. Бүсэлхийнээс доош миний бие ямар ч хөдөлгөөгүй болсон байлаа. Гэсэн ч аймшигт өвдөлт мэдрэгдэх аж. Энэ янзаар нэг давхар хүрэх үгүйг би мэдэхгүй ч өөр сонголт надад байсангүй. Би шатны дээд гишгүүр дээр сууж байгаад л доошоо өнхөрчихсөн. Хэр удаан ухаангүй байснаа мэдэхгүй, нэг сэртэл би доод давхрын шатны ёроолд хэвтэж байсан. Одоо гал тогооны өрөө хүрэх хэрэгтэй. Тэнд утас байгаа. Тэнд миний аврал байгаа гээд шүд зуун мөлхлөө. Жог ирэхээс өмнө амжуулахгүй бол цаашид юу болохыг төсөөлшгүй. Би байн байн ухаан алдаж байсан ч мөлхсөөр л байв. Харамсалтай нь зорьсон газраа хүрч чадсангүй. Жо эргэж ирээд намайг доод давхарт байхыг хараад ёстой л галзууртлаа уурлав. Түүний яргалал өмнөхөөсөө ч илүү зэрлэг болох нь тэр. Тэрбээр миний хөл дээр үсэрч, өвдөглөж, ийш тийш мушгиж гарав. Нэг цаг амраад эргээд л яргалал үргэлжлэнэ. Түүний дотор зэрлэг араатан оршиж байгааг би харцнаас нь мэдэрч байлаа.\
Жо Кларк баривчлагдаад байгаа нь
Энэ тамын босгыг алхаад 37 цаг боллоо. Барабу хотод нүүдлийн цирк ирсэн бөгөөд Жо найз охинтойгоо үзэхээр утсаар болзохыг би сонсоод бас нэг боломж байна гэж бодов. 13 настай бандид үхэж байж л энэ тамаас салах байх гэсэн ойлголт байдаггүй юм байна лээ. Жо явахаасаа өмнө энэ бүх хугацаанд учруулсан гэмтлээсээ хэд дахин илүүг үзүүлэв. Тэр яргалал энэ бүх үйл явдлыг оргил үе байсан гэж боддог. Би хэдэн секунд ч болтугай амсхийх боломж хайн “Нэг юм сонслоо. Хүн ирж байна уу даа” гэж худлаа ярьж түүний анхаарлыг өөр тийш нь хандуулж байв. Хэн ч байхгүй юм чинь Жо эргэж ирээд улам ширүүн үргэлжлүүлэх аж. Гэхдээ тэр арван секунд надад амралт болж байсан юм шүү. Тэгэхэд би хором секундийн үнэ цэнийг мэдэрсэн. Яргалал дуусахад миний зүүн өвдөг ардаа гарчихсан байж билээ. Бас хөлийн минь өнгө харлачихсан байв. Надад их бага хугацаа үлдэж гэдгийг би мэдэрсэн. Энэ удаа Жо намайг дээд давхрын агуулахын өрөөнд цоожилж орхилоо. Өрөө нь цонхгүй салхивчгүй тул аймшигтай халуун бас заваан байв. Би одоохон л эндээс гарахгүй бол маргааш өглөө гэхэд амьд байхгүй гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон учир хаалгыг эвдэж болох юм тэр хавиас хайлаа. Агуулахад хуучин хиртэй хувцас овоолготой байв. Тэр дундаас би модон гитар хөгжим олов. Аз болоход агуулахын өрөөний хаалга нимгэн фанераар хийсэн байж. Гэхдээ л надаас их хүч чадал шаардсан шүү. Хэдий ухаан алдаж цаг алдаж болохгүй ч гэсэн шатаар урьдын адил буухаас өөр боломж байсангүй. Түрүүчийн удаа шиг зовлонт замыг би туулав. Гэхдээ амьд явах хүсэл минь маш их байсан тул би ердөө ганцхан удаа ухаан алдсан. Ингээд гал тогооны өрөө хүрэхэд утас хана дээр өлгөөсэй байв. Намайг бурхан харж үзсэн бололтой харилцуурын утас бараг шал хүрсэн урт байлаа. Сүүлийн хүчээ шавхан байж тэр утаснаас таттал харилцуур доошоогоо унав. Бурхан бас л миний талд байна. Дугаарууд харилцуур дээрээ аж. Намайг цагдаагийн дуудлага руу залгаад нэрээ хэлэхэд тэд Филлипс гэдэг хүү алга болсныг хэдийнээ мэдсэн байлаа.”
Тэд Филлипс эмнэлэгт
Энэ бол Тэд Филлипс хүүгийн хэрэг явдлаас хойш 15 жилийн дараа өгсөн ярилцлага. Дуудлагаар очсон цагдаагийн ажилтан хожим ярихдаа “Би урьд өмнө нь Тэд шиг тэвчээртэй, эр зоригтой хүнийг хараагүй. Тийм аймшигтай гэмтлүүд авсан хирнээ бусад хүмүүс шиг орилж чарлахгүй байсанд би одоо ч гайхдаг ” гэсэн байдаг. Тэдийг эмнэлэгт аваачихад эмч нар хоёр цаг болсон бол дотуур цус алдалтаас болж нас барах байж гэж. 13 настай зоригт хүү мөрдөгчид мэдүүлэхдээ хэрэгтэн өмнө нь хоёр ч хүнийг хохироож байсан тухайгаа ярьсан талаар хэлжээ. Хоёр дахь хохирогчийн нэрийг санахгүй байгаадаа сэтгэл нь их эмзэглэж байсан гэдэг. Мөрдөлтийн явцад Крис Стайнерын цогцосыг гаргаж ирэн дахин шинжилгээ хийхэд хохирогчийн хөл Тэд Филлипсын хөл шиг олонтаа хугарсныг тогтоожээ. Жо Кларкыг найз охинтойгоо цирк үзэж байхад нь баривчилсан байна. Гэрт нь хийсэн нэгжлэгээр хэрэгтний тэмдэглэлийн дэвтэр олдож. Тэнд гурван хуудас дүүрэн хөвгүүдийн нэрсийн жагсаалт байв. Эхний жагсаалтын дээд талд “олж мэдэх”, хоёр дахь жагсаалтын дээд талд “хүлээлгэд”, гурав дахь дээр нь “хугалах” гэж бичсэн байлаа. Хэрэв Тэд тэр тамын байшинд үлдсэн бол Крис Стайнерын араас явж, харин Жо цааш хөвгүүдийн яргалж, тамлаж, алсаар байх байсан нь ойлгомжтой. Жо Кларкын шүүх хурал жилийн дараа болж түүнийг Тэд Филлипсыг алахыг завдсан хэрэгт буруутган 20 жилийн хорих ял оноосон бол хэсэг хугацааны дараа Крис Стайнерыг алсан хэргийг нь нотлон бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Тэд Филлипс одоо ч гэсэн Барабу хотдоо амьдардаг бөгөөд өнгөрсөн явдлын талаар ярих ч дургүй, санах ч дургүй аж. Гагцхүү өөрийг нь 42 цаг тамласан тэр яргачин шоронд өдөр шөнөгүй зодуулдаг байх гэж найддаг. “Бас түүнтэй хоёулхнаа нүүр тулан уулзахыг хүсдэг. Би арван таван жилийн өмнө байсан жижигхэн хөвгүүн биш болсон” гэж ярианыхаа төгсгөлд хэлсэн байдаг.