Дэлхий дахинд “Ковид-19” тархсантай холбоотойгоор хилийн чанадад байгаа монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргах болсон. Энэ талаар Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
-“Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн чанадад байгаа монголчуудынхаа санал хүсэлтийг авч, шийдвэрлэх шуурхай баг ГХЯ-нд ажиллаж буй юм байна. Хэзээ байгуулав. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-ГХЯ-ны шуурхай баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. БНХАУ-ын Ухань хотоос монгол иргэдээ татан авах шийдвэр Засгийн газраас гаргамагц буюу нэгдүгээр сарын 27-нд шуурхай баг байгуулсан.
-Тус багийнхан гадаадад байгаа монголчуудтай шуурхай холбогдож, тухайн улс, бүс нутаг дахь нөхцөл байдлыг тодруулж буйг зарим иргэн бидэнд мэдээлсэн. Хэчнээн оронд хэр олон монгол хүн хүнд байдалд орсныг тодруулж чадсан болов уу?
-35 оронд буй 9412 иргэн эх орондоо ирэх хүсэлт гарган, Улсын онцгой комисс (УОК)-т хандаад байна. Тухайлбал, БНСУ-аас 1820, Австралиас 1143, АНУ-аас 1518, Туркээс 624, Британиас 365, Казахстанаас 560, Энэтхэгээс 487, Японоос 300 монгол иргэн нутаг буцах хүсэлт гаргасан.
-Хилийн чанад дахь монголчууд ямар санал хүсэлтийг голчлон тавьж байгаа вэ?
-Тусгай үүргийн онгоц хэзээ нисгэхийг л голдуу тодруулж байна. Мөн “Визийн хугацаа дууссан”, “Санхүүгийн бэрхшээлд орлоо” гэсэн хүн цөөнгүй бий. Монголдоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн дотор бага насны хүүхэдтэй 1433, эрүүл мэндийн шалтгаантай 371, өндөр настан 845, хөл хүнд 141 хүн бий. Мөн богино хугацааны визтэй 288, байрлах газаргүй болсон 110, санхүүгийн бэрхшээлд орсон 800 хүн байна. Үүнээс гадна 1834 оюутан, хүүхэд 371 байгаа.
-БНСУ, ХБНГУ руу тусгай нислэг үйлдэнэ гэж УОК мэдэгдсэн. Цаашид хэзээ аль улс руу тусгай үүргийн онгоц нисгэхээ төлөвлөсөн үү?
-БНХАУ-ын Ухань хотоос анх 31 иргэнээ татсанаас хойш манай улс найман удаа тусгай нислэг үйлдсэн. Ингэснээр 1808 иргэн эх орондоо ирлээ. Эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн мэдээлийг бид Элчин сайдын яамдаар дамжуулж аваад, тухай бүрт нь УОК-т танилцуулж ирсэн. Үүний дагуу ойрын хугацаанд гурван удаа нислэг үйлдэх болсон талаарх мэдээллийг иргэд авсан байх. Европт байгаа иргэдээ эх орондоо авчрахын тулд ХБНГУ-ын Франкфурт хотыг МИАТ компанийнхан сонгож, өдгөө нислэгийн бэлтгэл хангаж байна. Урьдчилан хэлэхэд, энэ удаад 250-260 иргэн ирнэ. Цаашид бид иргэдээ татан авах ажлыг боломжоороо л зохион байгуулна. Гэхдээ манайх хоёрхон онгоцтой. Бас нисэх багийнхан ирэнгүүтээ тусгаарлагддаг. Энэ байдлыг иргэд ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.
-Манай улс нислэгийн хэлэлцээртэй орнууд руу л тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ авчрах боломжтой гэж УОК-оос урьд нь мэдээлсэн. Тэгвэл нислэгийн хэлэлцээргүй орнуудад гацсан иргэдээ яах вэ. Энэ асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөсөн ажил бий юү?
-Хэрэв онцгой нөхцөл үүсэж, зайлшгүй шаардлага тулгарвал бид тухайн улстай дипломат шугамаар ярилцана. Иргэдэд зөвлөхөд, манай улс нислэг үйлдэх боломжтой орнуудаар дамжин ирэх хэрэгтэй.
-Гадаадад байгаа монголчуудаас нэг хэсэг нь тусгай нислэгийг хүлээж байна. Нөгөө хэсэг нь Монгол руу буцах зайлшгүй шаардлагагүй. Тухайн улс, бүс нутагтаа хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж чадна гэж байгаа. Гагцхүү Монголын төр, засгаас бидэнд жаахан ч гэсэн тусламж дэмжлэг үзүүлдэггүй юм байх даа гэсэн санал хүсэлт гаргах болсон. ГХЯ-нд ийм хүсэлт ирж байгаа юу. ОХУ-д гэхэд хувийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгагч нэлээд дутагдалтай байгааг иргэд бидэнд мэдээлсэн.
-Гадаадад байгаа иргэддээ туслах санал санаачилга цөөнгүй гарч байгаа. Эх орондоо ирэх боломж хомс, гадаадад хүнд байдалд орсон иргэддээ бага ч гэсэн туслах саналыг манай яамны зүгээс УОК-т танилцуулж буй. Манай дипломат төлөөлөгчийн газар байдаггүй улсуудад Өргөмжит консулаар дамжуулан туслах боломж бий. Нэг сайн жишээ гэвэл, ОХУ-ын Халимаг, Буриадад суралцаж буй монгол оюутнуудад сайн санаат, элэг нэгт ахан дүүс маань тусламжийн гараа сунгаж буй.
-Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь авчирсантай холбоотойгоор зарим хүн “Манай Элчин сайдын яам, Консулын газар нутаг буцах хүсэлт хүлээн авахгүй юм”, “Таньдаг мэддэг хүнээ л онгоцонд суулгалаа” гэсэн гомдол цөөнгүй гаргасан нь ГХЯ-нд ч хүрсэн байх. Иргэдийг ямар журмаар, хэрхэн бүртгэж байгаа вэ?
-Таны дурдсан шиг гомдол, саналууд гарсан. Гэвч бодит байдал огт өөр байсныг онцолъё. Элчин сайдын яаманд бүртгүүлсэн хүүхэд, өндөр настан, эмчилгээ хийлгэсэн, хөл хүнд зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжид татан авч байгаа. Таньдаг, мэддэг хүнээ арын хаалгаар авчирсан бол нэртэй устай, баримттай нь хэлээрэй. Тийм зүйл болоогүйг танай сониноор дамжуулан уламжилъя. Ар гэрийн гачигдлын улмаас эх орондоо яаралтай ирэх болсон, гуравдагч улсаас БНСУ-д ирж, транзит зааланд тав хоносон иргэдээ багтаан авчрахаас өөр аргагүй. Тэднийг авч явахгүй бол нөгөө талаас онгоцыг нисгэхгүй гэсэн шаардлага тавьдгийг тэмдэглэе. Тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг ЭСЯ, Консулын газрынхан бүртгэж, эцсийн шийдвэрийг УОК-ын Шуурхай штаб гаргана. Үүнд АТГ, прокурорын байгууллагын төлөөлөл хяналт тавьж байгаа. УОК-ын шийдвэрийн дагуу ЭСЯ, Консулын газруудад иргэдийг олноор цуглуулахыг хориглосон. Тиймээс үйлчилгээгээ цахимаар явуулж байгаа. ЭСЯ-д өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Бэлтгэсэн: Ч.Мөнх