Шинэ коронавирусийн тархалтын үед хүн амын зөвхөн биеийн эрүүл мэндэд бус, сэтгэцийнхэд ч анхаарах шаардлагатайг ДЭМБ-аас зөвлөсөн. Дэлхий нийтэд гамшгийн байдал нүүрлэсэн энэ үед иргэд сэтгэл зүйгээ хэрхэн зөв удирдах ёстой талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэтгэл засалч эмч Ч.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Шинэ цар тахал дэлхий нийтийг айдаст автууллаа. Энэ нь олон нийтийн сэтгэл зүйд хэр хохирол учруулах бол?
-SARS, MERS, эбола зэрэг халдварт олон өвчинтэй хүн төрөлхтөн тэмцсэн, ялсан. Харин “Ковид-19” цар тахлыг ялж чадаагүй, гамшгийн хэмжээнд хүрлээ. Яагаад гэвэл энэ нь одоохондоо хүн төрөлхтний хүч чадлаас илүү байна. Олон хүнийг өвчлүүлж, биеийн байдлыг богино хугацаанд хүндрүүлэн, үхэлд хүргэж байгаа. Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн орнууд ч хүчин мөхөстөх боллоо.
Хүн бүрт л айдаг зүйл бий. Шавжнаас, харанхуйгаас, өндрөөс гэх мэтээр янз бүрийн зүйлээс айдаг. Энэ мэтээр хүний айдаг зүйлийг эрэмбэлэхэд хамгийн хүчтэй нь үхэл байдаг. Өөрөөр хэлбэл, айдсын дээд шат нь үхлийнх юм. “Ковид-19”-өөр өвчилсөн хүн богино хугацаанд нас барах магадлалтай учраас хүмүүст үхлийн айдас төрүүлж байгаа. Би өвчлөөд, нас барвал яах вэ. Бас хамгийн хайртай, дотнын хүмүүсээ алдаж магадгүй гэсэн бодол хүмүүсийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байна. Дотнын хүмүүс гэдэг бол бидний хамгийн үнэтэй зүйл. Мөнгөөр худалдаж авч болохгүй, өөр нэгнээр орлуулах боломжгүй. Ийм үнэт зүйлээ алдана гэхээр хүмүүст ямар их дарамт ирэх нь ойлгомжтой. Тиймээс л дэлхий нийтээрээ хүн амын сэтгэл зүйд анхаарах шаардлагатай гэж үзсэн.
-Иргэд үүнийг хэрхэн даван туулах вэ?
-Сэтгэл зүйн онолын талаасаа бол айдастай нүүр тулж л давна. Монголчууд ч тулаад ирвэл туулаад гарахаас өөр аргагүй гэж ярьдаг даа. Гэхдээ манай улсад харьцангуй тайван байна. Нэгдүгээрт, бид өвчин тусаагүй байна. Хоёрдугаарт, цар тахал гудамжаар “явж”, таны хажууд ирээд, харанга дэлдээгүй. Энэ бол бидний хувьд маш том боломж. Мэдээж аюул ойрхон ч нүүр тулаагүй учраас хамгийн түрүүнд өөрийгөө хамгаалах нь чухал. Амны хаалт зүү, гараа сайн угаа. Эдгээр нь энгийн хэрнээ маш чухал. Дараагийн ээлжид бэлтгэлээ хангах учиртай. Халдвар голомтлон тархана гэж тооцоолон, бэлтгэнэ гэсэн үг. Манай эрүүл мэндийн салбарынхан энэ чиглэлээр маш сайн ажиллаж байгаа. Жишээ нь, эмнэлгийн ажилтнууд халдвар авахгүйн тулд давхар хувцас өмсөж, нүд, ам, гар гэх зэргээр бүх биеэ хамгаалж байгаа биз дээ. Ийм байдалд хүн эмчлэх амаргүй. Энгийн үед л хүн эмчлэх ямар хэцүү билээ. Онцгой байдлын үед тайван, бэлтгэлтэй байх ёстой. Тиймээс салбарын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнууд маш сайн бэлтгэж байгаа.
-Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүү, гараа угаа гэж холбогдох байгууллагаас зөвлөөд бараг гурван сар өнгөрлөө. Гэтэл сүүлийн үед зарим хүн үүнээс залхаж, тоохоо больсон. Хугацаа өнгөрөх тусам ийм хандлага илүү олон гарч, хүмүүс эрх чөлөөтэй байхыг хүсэх биз. Тэр үед яах вэ?
-Нэг зүйлийг дахин давтан ярихаар хүмүүс залхдаг л даа. Ямар ч мэдээлэл ийм замаар олны анхаарлаас гардаг. Айгаад, эсвэл назгайраад суух бус, бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй гэж дахин зөвлөе. Би, миний ойр дотнын хүн өвдвөл яах вэ гэдгийг байнга төсөөлөн бод. Түүндээ тулгуурлан бэлтгэлээ хангах хэрэгтэй. Эрсдэлийг тооцоолно гэсэн үг. Энэ бүхний дүнд өвдөхгүй байх нь чухал гэдэг гаргалгаанд хүрч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас аргагүйг ойлгоно. Тэгэхээр асуудлыг ноцтой талаас авч үзэх нь зүйтэй. Энгийнээр хэлбэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байгаад уйдсан үедээ би, миний гэр бүлийнхэн өвдвөл яах вэ гэж төсөөлөөрэй. Сэтгэл зүйн асуудлууд хийсвэр мэт хэрнээ хүнээс маш их хүч шаарддаг.
-Хэн нэг нь зөвлөмжийг биелүүлж, хариуцлагатай байлаа ч бусад нь тоохгүй бол үр дүнгүй. Тэгэхээр хувь хүнд хандахаас илүү өргөн хүрээний арга хэмжээ шаардлагатай биш үү?
-Илүү өргөн хүрээгээр буюу нийгмийн түвшинд харсан ч бүх зүйл хувь хүнээс л шалтгаалдаг. Нийгмийг тэд бүтээдэг. Тэгэхээр хувь хүн хариуцлагатай бол бүгд эрүүл байна. Өөрийгөө зөв удирдаж, үйлдлээ хянаж, алхам бүрээ цэгнэвэл аюул, осол холуур өнгөрнө.
-Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосон нь гэр бүлийн хүчирхийлэл ихсэх нэг шалтгаан болжээ. Зарим улсад иргэд амиа хорлох нь ч нэмэгдсэн гэнэ. Яагаад ийм хэмжээнд хүрчихэв?
-Хөл хорионы улмаас дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл ихсэх нь гарцаагүй гэсэн таамаг бий. Хүн нэг орчинд удаан байх хэцүү. Жирийн үед хүмүүс ажлаа хийж, олон зүйлд сатаардаг. Бодисын солилцооны үр дүнд хүнд энерги хуримтлагддаг. Тэр нь ажил болон бусад үйл ажиллагаанд зарцуулагддаг. Гэтэл нэг газартаа удаан байхаар хуримтлагдсан энергиэ зөв зарцуулах боломж хязгаарлагддаг. Хүүхдүүд дандаа л гүйж харайдаг шүү дээ. Бодисын солилцоо нь эрчимтэй явагддаг учраас түүний үр дүнд гарсан энергиэ зарцуулах гэж л тэд их хөдөлгөөнтэй байдаг. Тэгэхээр хөл хорионд орсон хүн энергиэ зөв гадагшлуулах нь маш чухал. Хөдлөхгүй байвал энерги нь сөрөг буюу уур бухимдал болж гардаг.
Манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийлэл өссөн бол уламжлалт хандлагатай холбоотой байх магадлалтай. Гэр бүлийн ноён нуруу нь эр хүн, эрэгтэйчүүд л айлын чухал асуудлыг шийддэг гэсэн ойлголт монголчуудын сэтгэхүйд шингэсэн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, олонх нь эрэгтэй хүнийг тахин шүтэх хандлагатай. Зарим эрэгтэй хүн би гэр бүлийнхнээ захирах ёстой гэсэн ойлголттой. Намайг хүндэтгэхгүй, надтай санаа нийлэхгүй байна гэх маягаар хүчирхийлэл үйлдсэн жишээ цөөнгүй. Гэхдээ одоогоор энэ талаар нарийвчлан судалсан тохиолдол байхгүй.
-Хуримтлагдсан энергиэ хэрхэн зөв зарцуулах вэ?
-Хувь хүний ухаалаг зохицуулалт хэрэгтэй. Зарим хүн стрессээс ангижрахын тулд салхинд гарч, ном унш гэдэг. Гэхдээ бодоод үз дээ. Маш их уурласан хүн ном унших уу. Салхинд гарах уу. Үгүй л дээ. Тиймээс яг тухайн агшинд стрессийн түвшнийг бууруулдаг энгийн арга ашиглах хэрэгтэй. Жишээ нь, халуун, бүлээн ус ууж болно. Хажуу дахь хүн тань уурлаад, дууны өнгө нь өндөрсөөд ирвэл халуун ус уу гэж хэлээрэй. Бухимдал, стрессийн үед захын судаснууд агшдаг. Халуун ус ууснаар судас тэлж, стрессийн түвшин буурна. Түүнчлэн сунгалтын энгийн дасгалууд үр дүнтэй. Заавал тусгай газар, орчинд очих шаардлагагүй. Нурууныхаа чилээг гаргах энгийн хөдөлгөөн ч хийж болно. Гуя, шилбэ, мөрнийхөө булчинг суллах энгийн дасгалуудыг зурагт үзэж, хүнтэй ярьж байхдаа ч хийх боломжтой.
-Хөл хорионд байгаа хүмүүст зориулсан зөвлөгөө цахим орчинд цөөнгүй байна. Гэртээ дасгал хий, иогоор хичээллэ гэсэн нь түгээмэл байна. Эдгээр нь хэр үр дүнтэй бол?
-Хүмүүс төдийлөн сонирхохгүй. Хэрэгжүүллээ гэхэд хэсэг хугацааны дараа залхана. Ер нь бусдын зөвлөгөө, мэдээллийг дагах бус, гэртээ яг сонирхсон зүйлээ хийх нь зүйтэй.
-Манайхан коронавирусийг байнга “шоглож” байна. Жишээ нь, “Ковид-19”-ийн анхны тохиолдол франц иргэнээс илрэхэд Анх-Отгон гэж нэр өгсөн. Үйл явдал бүрийг яаж ийгээд л наргиан, егөө болгох юм. Энэ нь зарим хүнд инээд бэлэглэдэг. Дургүйцэж, хариуцлагатай байх ёстой атал марзганалаа гэх нь ч бий. Эл үйлдэл зөв үү, буруу юу?
-Инээд илүүдэхгүй. Инээлээ гээд асуудал шийдэгдэхгүй л дээ. Гэхдээ инээсний дараа урьд нь учрыг нь олоогүй асуудлыг хялбар шийдэж чадна. Гарцыг амархан олдог.
-Манай улсад “Ковид-19” голомтлон тархвал яах вэ. Хүмүүс сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ?
-Мэдээж төр, засгийн шийдвэр, арга хэмжээг биелүүлж, гэрээсээ гарахгүй байх нь зүйтэй. Сэтгэл зүйн хувьд өвчин хурдан арилаасай, гэрээсээ гарах сан гэж бодох нь таныг улам бухимдуулна. Харин гэртээ байснаараа өөрийгөө үхлээс аварлаа гэж бодох нь зөв. Түүнчлэн та эрүүл байснаараа эмнэлэгт очих зардлаа хэмнэж, эдийн засгийн эрсдэлээс ч хамгаалж байна. Ажил хийхгүй бол хоолгүй хонох хүн цөөнгүй байх. Гэсэн ч нэн тэргүүнд амь, эрүүл мэндээ аврах ёстойгоо ойлгох хэрэгтэй. Тэгэхээр дээр дурдсанчлан бэлтгэл хангах ёстой. Хэрэв би ажил хийж чадахаа боливол яах вэ. Хамгийн бага зардлаар хэрхэн амьдрахаа тооцоолох ёстой. Хүнээс гуйх шаардлагагүй. Асуудал намжсаны дараа илүү их боломжууд гарч ирнэ гэж бод. Тийм боломжийг бий болгохын төлөө сонирхдог зүйлээ хий. Магадгүй ажилтай үедээ ачаалалд сатаараад, бодож амжаагүй зүйл, олж чадаагүй санаагаа ч илрүүлж болно. Аливааг бодож, тунгааж, оюун ухаандаа цэгцэлж, эрэмбэлэх маш чухал. Тэгэхээр хөл хорионы хугацаанд илүү олон зүйл бодож, үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэж хүсье.
Бэлтгэсэн: М.Оч