Дэлхийн хаа нэгтээ аяллаар, эсвэл ажлаар явахдаа “хөөх” гэж дуу алдам сүрлэг байгууламж, гайхалтай дизайнтай уран барилгатай бишгүй л таарч байсан биз ээ. Тэгвэл хүн төрөлхтний нүд, сэтгэлийг баясгасан барилгуудын техник, эдийн засаг, зориулалт болон уран сайхны төлөвлөлтийг архитектор гүйцэтгэдэг. Тэд барилгаас илүүтэй архитектур (уран барилга)-ыг бүтээдэг, мэдрэмж, сэтгэхүй, чадвараа дээд цэгт нь хөгжүүлдэг, “тусдаа” хүмүүс. Тухайлбал, дэлхийн олон хотын уран барилгын загварыг гаргасан, энэ цагийн суут авьяастан, төсөөллийн өвөрмөц сэтгэхүйтэн гэгддэг шилдэг эмэгтэй архитектор Заха Хадидын талаар уншигчид дуулсан нь гарцаагүй. Ирак гаралтай, Британийн иргэншилтэй тэрбээр дэлхийн хэмжээний урлаг, спортын цогцолбор, эмнэлэг, зочид буудал, музей, “Лондон-2012”, “Токио-2020” олимпын, “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэн зэрэг 50 орчим байгууламжид ур ухаанаа шингээсэн байдаг. Заха Хадидыг эшлэл болгосон нь монгол архитекторын уран барилгууд дэлхийг чимж, гайхшируулах цаг мөдхөн ирэх нь гэх итгэл төрснийх. “Токио-2020” олимпын наадмын гурван ч цэнгэлдэх хүрээлэнг босголцсон Лхагваагийн Дарийг бид “Дэлхийн монголчууд” буландаа онцолж байна. Тэрбээр Япон Улсын барилгын зураг төслийн тэргүүлэгч компани болох “Tsuru”-д ажилладаг. Эх орондоо ирээд удаагүй байхад нь түүнтэй ийнхүү ярилцсан юм.
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хүсэл, сонирхлоороо архитектор болсон уу, эсвэл хэн нэгний дэмжлэг байв уу?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Одоогоос 15 жилийн өмнө Японд хөл тавьжээ. Ерөнхий боловсролын сургуулиа Монголдоо дүүргээд, Токиогийн Йомиурийн их сургуулийг архитектурын мэргэжлээр 2013 онд төгссөн. Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Мөнхийн ач охин гэж ч өөрийгөө танилцуулж болно. Ээжийн минь аав ч гэсэн химийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Даандай гэж хүн байдаг. Аав минь багш, ээж Японд маркетингийн чиглэлээр ажилладаг. Ер нь манай гэр бүлийнхний боловсрол, хүмүүжил надад их нөлөөлсөн. Нагац эгч Д.Оюунчимэг архитектор. Түүний хань болох С.Сэргэлэн Монгол Улсын зөвлөх уран барилгач. Хүүхэд байхдаа тэднийхээр орох их дуртай. Хаалга нээх төдийд л архитектурын үнэр ханхална. С.Сэргэлэн ахын минь ажилч хичээнгүй, нямбай, тууштай зан чанар дүү Л.Ханд, Л.Бадам бид гурвыг архитектурын мэргэжил эзэмшихэд үлгэр дуурайл болсон. Бид багаасаа л ном унших, зураг зурах дуртай байлаа. Түүнийгээ аажмаар хөгжүүлж, алсдаа хүсэл, зорилгоо болгосон гэх үү дээ.
-Монголд архитектурын мэргэжил эзэмшсэн хүн төгсөөд дахин сурч, наад зах нь таван жил ажиллаад мэргэшсэн
архитектор болдог. Харин Японд энэ мэргэжлээр төгсөгчдийг ажлын байранд гарахад хэрхэн хүлээж авдаг бол. Тухайлбал, та ажлын гараагаа хаанаас эхлүүлэв?
-Сургуулиа төгсөөд, эх орондоо ирээд “Эгэл” ХХК-д буюу Монгол Улсын зөвлөх С.Сэргэлэн, түүний хүү архитектор С.Цолмон нарын удирдлагад хоёр орчим жил ажиллахдаа их зүйл сурсан. Харин дараа нь Японы барилгын зураг төслийн “Tsuru” компанид ажиллах хувь тохиосон нь олон зүйлийн эхлэл, цааш дэвжих суурь болсон. Тус компани нь 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Үүсгэн байгуулагч нь алдарт уран барилгач Цуру, миний багш. Тэрбээр Японы Канагава мужийн төв Ёкохама хотын хамгийн өндөр барилгын архитектурын зургийг зурснаас гадна спорт цогцолбор, соёл, урлагийн зэрэг олон алдартай барилга, байгууламжийн загварыг зохион бүтээсэн.
Японд дөнгөж төгссөн архитекторуудад ч ажлын байр нээлттэй байдаг. Тухайн хүн хүсэл сонирхолтой, хичээл зүтгэлтэй байвал зураг төслийн компаниуд сургаад, далгагажуулаад л авдаг. Би ч гэсэн “Tsuru” компанид бусдын адил танилцуулгаа өгч, ярилцлагад тэнцээд, тэндээ үлдсэн.
-“Токио-2020” олимпын наадмын гурван ч цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн багт ажиллажээ. Ямар ямар цогцолбор дээр нь голлож ажилласан бэ?
-Тийм ээ, манай “Tsuru” компанийнхан Токиогийн олимпын гурван цэнгэлдэх хүрээлэнгийнх нь зураг төслийн багт орж, 2017-2019 онд ажилласан юм. Үүнд “The Ariake аrena” буюу волейбол, паралимпийн сагсан бөмбөгийн, “Ariake gymnastic centre” буюу гимнастикийн, “Tokyo аquatics сentre” буюу усан спортын цогцолборыг барьж, ашиглалтад оруулсан. Мэдээж энэ ажлын ард гарахад маш олон хүний хүч, хөдөлмөр бий.
Одоогоор манай компани “Такинака” корпорацтай хамтран, Ёкохамагийн метроны буудлын үйлчилгээний төвийн архитектурын загварыг гаргаж байна.
-Монголд барилгын салбар эдүгээ эрчимтэй хөгжиж байна. Загвар хийц нь ч нэг үеэ бодвол сайжирсан. Мэргэжлийн хүний хувьд хотынхоо барилгуудыг хараад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Улс маань өдөр ирэх тусам хөгжиж, өнгө үзэмж нь ч сайжирч байгааг харах таатай. Гэхдээ дутагдалтай тал ч бий. Миний бодлоор Улаанбаатар хотод наад зах нь хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газар, орон зай дутмаг санагддаг. Өдгөө барилгын загвар, хийцэд анхаарч байгаа нь сайн хэрэг ч үүнээс чухал зүйлсийг орхигдуулаад байх шиг. Барилгын зураг төслийг боловсруулахдаа орон зайн хувьд байгаль орчин, нийгэм, техник болон гоо зүйн хувьд тэдгээрийн хэвийн нөхцөлийг хангах талыг тусгах учиртай. Үүнд мэдээж өндөр ур чадвар, нарийн мэдрэмж шаардана. Манай архитекторууд сүүлийн үед нэгэн хэвийн загвартай, өндөр, шилэн барилга олноор “үйлдвэрлэх” болсон нь өнөөгийн бүтээн байгуулалтуудаас харагдана. Буруу биш ч төлөвлөлт талаас харахад учир дутагдалтай. Жишээ нь, япончууд барилгын зураг төслийг боловсруулахдаа тухайн объект ойр орчинтой нь хэрхэн уялдах, сайн, муу нөлөө үзүүлэх, эсэхийг тооцож, тодорхойлдог. Харин Монголд иймэрхүү ажил нь орхигдсон шиг байгаа юм. Түүнчлэн төр, засгаас хотын ногоон байгууламжийг дэмжих бодлого явуулах хэрэгтэй болов уу. Зураг төслийн компаниуд барилгын төлөвлөлтдөө ногоон байгууламжийг хэрхэн тусгаснаар нь архитектор, хөрөнгө оруулагч нарт мөнгөн урамшуулал олгодог жишиг Токиод бий. Манайх иймэрхүү энгийн жишгийг нь нэвтрүүлбэл сайн сан.
-Японы барилгууд маш чанартай, ялангуяа газар хөдлөлтөд тэсвэртэй байдгийн гол нууц нь юунд оршдог юм бол?
-Японы архитектурын гол онцлог нь байгальтайгаа маш ойрхон бүтээгдсэн. Энэ хоёрыг холбосон орон зайн шийдлүүд нь их сайн. Учир нь тус улс байгаль, цаг уурын өвөрмөц бүсэд байрладаг. Газар хөдлөлт, далайн шуурга гэхчлэн эрсдэлт хүчин зүйлд өртөмхий. Тиймээс барилга, байгууламжуудаа зөвхөн газар хөдлөлтөд тэсвэртэй байлгахын тулд техник, технологийн маш олон шийдэл ашигладаг. Тухайлбал, газар хөдлөлтийн хүчийг сааруулдаг тусгай хана, барилгын сууринд газрын чичирхийллийг шингээх технологи хүртэл суурилуулдаг. Өөрөөр хэлбэл, япончууд барилгын салбараа олон чиглэлээр хөгжүүлдэг. Тэдний чанартай барилгын нууц нь ердөө сургалт. Эрдэмтэн, судлаачдынхаа шинэ технологи, бүтээлүүдийг улс нь дэмждэг. Их сургуульд түшиглэсэн, барилгын инженерүүдэд зориулсан судалгаа, шинжилгээний бүхэл бүтэн лабортори институт байна. Тэндээ гадаадаас архитекторууд авчирч, олон төрлийн туршилт, судалгаа явуулна. Суралцагч нараа ч уг институтдээ дадлагажуулдаг. Эдгээр үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилдэг.
-Манай улс соёлын хуучин барилгуудаа нурааж, сэргээн барихаар болсныг та дуулсан байх. Хуучны архитектурыг үгүй хийж, орчин үеийн хийц, загвартай болгохыг та юу гэж боддог вэ?
-Мэдээж түүхэн, дурсгалт барилга, байгууламжуудаа хамгаалж, сэргээн тордох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хэт нэг талыг барьж, туйлширч болохгүй байх. Жишээ нь, хуучин барилгыг засаж, сайжруулах нэрээр бүгдийг нураах нь оновчтой алхам биш. Одооны функцыг нь буюу түүхэн дурсгалаар нь хадгалж, түүнийг алдагдуулахгүй засаж, сайжруулах олон арга, шийдэл байдаг тул мэргэжлийнхэн судлахад илүүдэхгүй байх.
-Архитектор болохоор төлөвлөж буй болон төгсөгчдөд туршлагаасаа хуваалцаач. Ер нь их, дээд сургуулиуд ирээдүйд хотын өнгө үзэмж, архитектурын шийдлийг тодорхойлох боловсон хүчнээ хэрхэн бэлдэх ёстой юм бол?
-Би Японд суралцах хугацаандаа “Open desk” компанид өөрийн хүсэлтээр дадлага хийдэг байсан. Тухайн компанид цалингүй ажиллангаа, үнэгүй дадлагажих боломж нээлттэй тул манай оюутнууд ч гэсэн үүнийг ашиглаасай гэж боддог. Миний анзаарснаар аль ч улсад ялгаагүй, сургуульд заасан онолын мэдлэг, ажлын талбарт хийх дадлага хоёр асар зөрүүтэй. Тиймээс юм суръя гэвэл өөрийгөө дайчилж, аль болох дадлагаар олон талын мэдлэг, ур чадвар олж авах хэрэгтэй. Архитектурын мэргэжил өргөн цар хүрээтэй. Нийгмийн бүхий л салбарт гар хүрч, олон мэргэжлийн хүнтэй харилцдаг учраас арвин мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаарддаг. Тэр хэрээр өөрөө бас суралцсаар байдаг нь сайхан.
-Монгол, Япон хоёр улс хүн ам, эдийн засгаараа ч харьцуулшгүй. Гэхдээ хүн хаана байгаагаас үл хамаарч соёл, боловсролын түвшин нь тэнгэр, газар шиг зөрүүтэй байж болохгүй юм шиг санагддаг. Япончуудаас авах хамгийн том сургамж нь юу вэ?
-Япончууд аливаа ажилд маш хариуцлагатай ханддаг. Хийсэн ажилдаа чамбай, цаг сайн барина. Тэнд ажиллаж, амьдарч байгаа учраас ёс заншил, ажлын арга барил гэх мэт зүйлийг нь дагаж мөрдөн, сурч байна. Тэр ч утгаараа өөртөө, ажил, мэргэжилдээ өндөр шаардлага тавьдаг болжээ. Ажлаа чанартай хийж, улам ихийг сураад, эх орондоо хэрэгтэй хүн болох сон гэж л хичээж явна.
Япон хүмүүжлийн үндсэн зарчим нь асуудлаа өөрөө зохицуулах, хэн нэгний дэмжлэгээр бус, өөрийн хүчинд тулгуурлах, хэрвээ тусламж авсан бол ачийг нь үл мартах, бусдад саад, төвөг удахгүй, хариуцлагатай байх, хэлсэндээ хүрэх, аливаа юманд ул суурьтай хандах, баримт, мэдээлэлд тулгуурлах, ажлын байранд багаар ажиллан, хамтран шийдвэр гаргах зэрэг авууштай чанар бий.