Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд Н.Батсуурь улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм.
Монгол эрчүүдийг бөх, морь, сур харваагүйгээр төсөөлшгүй. Эрийн гурван наадмын зүлэг ногоон дэвжээнд монгол бөхийн цол, чимгийг дуудах нь бэлгэдэлт зан үйл юм. Алдар цолынхоо эрэмбээр ам авч, барилддаг уламжлалт ёс зөвхөн үндэсний бөхчүүдэд уламжлагдаж ирсэн. Зүүний магнайд зогсох манлай засуулаар цолоо дуудуулан дэвэх хүчит бөхчүүдийн үзүүр, түрүү булаалдах уран барилдааныг харах гэж наадамчин олон цуглан, хийморио сэргээн цэнгэдэг уламжлалтай. Дэлхий дэлэгнэх цагаар дэнж хотойтол нааддаг наадмын торгон дэвжээнд ийм хүндтэй үүрэг хүлээсэн хүн бол Монголын уртын дууны холбооны тэргүүн, СУИС-ийн багш, үндэсний бөхийн манлай засуул, бөхийн цол дуудаач, Гавьяат жүжигчин, уртын дуучин Баасанхүүгийн Батболд билээ. “Дуртмал сайхан”, “Алтан богдын шил”, “Өвгөн шувуу”, “Дөмөн”, “Эрдэнэ засгийн унага”, “Нарийн сайхан хээр” зэрэг дуугаараа олны танил болсон түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж, ярилцлаа.
-Алтайн сүрлэг уулсын дунд төрж, өссөн эрчүүд хүч бяртай, дууч байх юм. Нутгийнх нь энерги нөлөөлдөг юм болов уу?
-Би хуучнаар Засагт хан аймаг, Дайчин вангийн хошуу, Усан зүйлийн хүрээ одоогийн Говь-Алтайн аймгийн Тонхил сумын Зүйлийн голын хөвөөнд төрсөн. Миний хүүхэд нас өндөр оргилын дунд, тэр дундаа Төрийн тахилгат, мөнхцаст Сутай уулын өвөрт өнгөрсөн. Монголчууд дуучин ард түмэн. Найр наадамд уригдсан үедээ аяны дугараа барьдаггүй хүн ховор. Бид аав, ээжийнхээ аль аль талаас дуучин удамтай, барилддаг авьяасыг нь өвлөсөн. Аав минь жолооч. Нутгийхаа зон олны найр наадмыг ахалж,сайхан дуулна. Хүүхэд байхдаа аавыгаа дагаж айлын найранд очихдоо буурлуудын дуулж байгаа дуунаас гоё мэдрэмж авдаг байлаа. Дуулдаг, барилддаг ах, дүүсийн дунд өссөн минь хожим урлаг, спорттой хувь заяагаа холбоход их нөлөөлсөн.
-Уртын дуу таныг хөтөлсөөр наадмын дэвжээнд бөхчүүдийн цолыг дуудах өндөр хувь заяатай холбосон байх аа?
-Би хүүхэд байхдаа дуучин Б.Батмэнд дүүтэйгээ бөхөөр хичээллэдэг байлаа. Сумынхаа наадмын хүүхдийн барилдаанд хоёр удаа түрүүлж, үзүүрлэсэн. Зуны амралтаараа хонины бэлчээрт дүү нартайгаа дээлийнхээ сугыг ханзартал барилдана. Аав улсын наадмын тавын даваанаас хойших барилдааныг радиогоор сонсдог байв. Үзэг, цаас аваад л шөвгийн дөрөв, үзүүр түрүүнд тунасан бөхчүүдийн нэрийг бичнэ. Тэр үеэс миний сэтгэлд бөхийн цол дуудаачдын цээл хоолой сэтгэлд хоногшиж үлдсэн. Урлагийн хүн болсноосоо хойш барилдаагүй ч засуул болж, цол дуудахдаа бөхийн спортоос салж чадахгүйгээ мэдэрсэн. Наймдугаар ангиа төгсөх жил Соёл гэгээрлийн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид 40 хүүхэд шалгуулахад хоёр охины хамт тэнцсэнээр Улаанбаатар хотод 15 настайдаа анх хөл тавьж байв. Сургуулиа дүүргэх жилээ СУИС-д уртын дуу дуулаачийн анги байдгийг мэдэж, очиж шалгуулаад тэнцлээ.Нэг өдөр хичээлдээ иртэл бөхийн цол дуудаачийн уралдаан болох тухай оюутнууд ярьж байна. Оролцохоор шийдэж, шалгуултал тэнцэв. Тэр үед үндэсний бөхийн цолыг Ж.Халтмаа, Б.Мягмар, Х.Пүрэв, Р.Чойдорж, Б.Шүрхүү, С.Лонцойдорж, Д.Цогзол, С.Гончиг зэрэг ахмад засуул голдуу дууддаг байлаа.
-Үндэсний бөхийн цол дуудаачийн улсын уралдаанд оролцоод хэдэнтээ түрүүлж байсан санагдана.
-Тийм ээ, 1999 онд тэргүүн байр эзэлж, 2003, 2006 онд улсын их баяр наадмын шилдэг бөх цоллооч болсон. Би 2011 онд үндэсний бөхийн зүүн талын тэргүүн магнай, 2012 онд Монгол Улсын манлай засуул цол хүртэв. Тухайн үед бөхийн цол дуудаачдын уралдааны сүүлчийн шалгаруулалтад үлдсэн зургаан хүнийг Спортын төв ордонд болсон бөхийн барилдаанд бөх цоллуулсан юм. Тэр барилдаанд би улсын заан Р.Давааням, улсын гарьд Д.Баяраагийн цолыг дуудсан. Олон жил бөхийн засуул хийсэн цоллоочидтой өрсөлдөж, IV байрт шалгарахад үзэгчид “Бөх цоллооч залуу төрлөө” гэж алга ташин, урам өгч билээ. Намайг анх засуул болоход Ж.Халтмаа гуай дээлээ өмсүүлээд бөхийн цол дуудуулсан. Намхан хүн байсан болохоор надад дээл нь багадчихлаа. Бөхийн дэвжээнд тоодойсон дээлтэй, цол дуудсан хөгжилтэй дурсамж байдаг юм. Ахмад засуулууд “Чи аль нутгийн хүүхэд вэ, бөх сайхан цоллох хоолойтой юм” гэж намайг дэмжсэн. Тэднээс Ш.Лүгдэв гуай “Алтай нутгаас минь бөхийн залуу цол дуудаач төрлөө” гэж их баярлаж билээ. Миний багш үндэсний бөхийн тонж манлай засуул, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол. Багш минь барууны магнайд зогсдог. Эрэмбээрээ зүүний магнайд байх ёстой хүн. Гэвч “Би насаараа барууны магнайд зогссон, тиймээс эндээ байж байгаад тэтгэвэртээ гарна” гэдэг юм. Багш “Б.Батболдыг зүүний магнайд гаргаж болно” гэж хэлснээр жил бүрийн баяр наадмаар зүүний магнайд зогсдог болсон. Би хэдий манлай засуул болсон ч ахмадуудаасаа суралцсаар л яваа.
БАГШААСАА НУУГДАЖ БЭЛТГЭЛ ХИЙДЭГ БАЙЛАА
-Дуучин болсон ч бөхийн спортоос хөндийрөх амаргүй байсан болов уу. Урлаг, спортын аль нэгийг нь сонгох гэж олон ч удаа эргэлзсэн байх.
-СУИС-ийн уртын дууны ангид сурдаг байхад бөхийн спорт руу сэтгэл байнга тэмүүлнэ. Тэр үед дасгалжуулагч Ж.Батбилэг багш Төмөр замын “Варьете” чуулгын хажууханд чөлөөт бөхийн секц хичээлүүлдэг байв. Багшид мэдэгдэхгүйгээр нэг сар гаруй нууцаар бэлтгэл хийлээ. Тэгсэн нэг өдөр Гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшид баригдчихав. Надад “Чи урлаг, спортын аль нэгийг сонго. Бөхөд дуртай бол тэр чигээрээ зайл, урлагийн хүн болъё гэж бодож байгаа бол яг одоо энд үлд” гэлээ. Ингэж би бөхийн спортоос хөндийрч, урлагийн зам сонгосон. Би одоо бөхийн дэвжээнд цол дуудаж, хийморио сэргээж байгаадаа баярладаг. Багш хожим “Бөх гэж гүйгээд байхаар нь загнаад болиулсан. Гэтэл салахааргүй нөхөр байж. Одоо бүр засуул болоод авах шив дээ. Бөх цоллоно гэдэг хүн бүрийн хийх ажил биш. Дуучин болгон ч цол дууддаггүй юм, хүү минь” гэж билээ. Уртын дуучдаас бөх цоллосон олон хүн бий. Цол хэд дуудаад л “За энэ ч миний хийх ажил биш юм байна” гэдэг. Уртын дуучдаас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар бид хоёр бөх цоллодог. Тэрбээр үндэсний бөх барилддаг, сумын заан цолтой.
-Бөхдөө зөвлөж, барилдааны мэх заах, сэтгэл, зоригийг нь хурцлах гээд засуул хүний үүрэг их. Зүүний магнайд цол дууддаг таны мөрөн дээрээс улсын аварга, арслан цолтнууд төрсөн дөө.
-Наадамд хэн түрүүлэхийг таах аргагүй. Засуул хүн бөхийнхөө багш, зөвлөгч, шүүгч нь. Ямар ч засуул цолыг нь дуудсан бөхөө тааруу барилдаасай гэж бодохгүй. Тиймдээ ч занг нь сайн мэддэг байх ёстой. Зарим бөхөд зөвлөгөө өгөхөд ер авдаггүй, өөрийнхөөрөө барилдаж, учраадаа унах тохиолдол байдаг. Манай залуу бөхчүүдэд цаг дуустал барилдах тэсвэр тэвчээр бага. Засуул бол малгай бариад зогсдог мануухай биш шүү. Зассан бөхөө давахад нь баярлаж, унахад нь сэтгэл эмзэглэдэг юм. Өнгөрсөн жил Н.Батсуурь аварга Б.Гончигдамба гарьдтай барилдахдаа тайван, хүлээцтэй байж өвдөг шороодуулсан хэрнээ Э.Оюунболдтой золгохдоо уурлаж бухимдсан. Тэр үед нь “Тайван бай, яарч шатах хэрэггүй шүү” гэж хэлэхэд үг авалгүй барилдсаар унасан. Өмнө нь тэрбээр миний мөрөн дээрээс улсын арслан цол хүртэж байлаа. Миний мөрөн дээрээс С.Мөнхбат, Ч.Санжаадамба улсын аварга, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар арслан цол хүртсэн. Барилдаан болгонд С.Мөнхбат “Ахын мөрөн дээрээс гарах сайхан байдаг” гэдэг юм. Наадамд бөхчүүд тэмцэлдэх биш, ухаан бодлоо уралдуулан, уран мэх гарган барилдаж, олныг цэнгүүлэн баясгах үүрэгтэй. Монгол бөхөд өнөө үед эртний сайхан уламжлал алдагдаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Зарим бөх цолд хүрэхийн төлөө улайрч байгаа нь ч ажиглагддаг. Даваа өгсөж барилдахыг нь буруушаахгүй, хамгийн гол нь бөхийн ёс жудгийг баримтлах ёстой юм.
-2011, 2017 оны наадмын түрүү бөхийн барилдааныг наадамчид дурсах дуртай байдаг. С.Мөнхбатыг улсын аварга, Ц.Содномдоржийг арслан цол хүртэхэд Увс, Хөвсгөл нутгийнхан танд их баярласан гэдэг шүү.
-Тийм зүйл болох нь ч болсон. Засуул хүнд дагаж мөрдөх журам бий. Тэр тусмаа танил тал харахгүй, нутгархах үзэл гаргахгүй байх ёстой. 2011 онд баяр наадмын урлагийн тоглолтоос чөлөөлөгдөж, Хүй долоон худагт болдог уяачдын наадамд дуулах гээд зогсож байтал Увс аймгийн хүмүүс ирж мэндлээд “Манай нутгийн бөх таны мөрөн дээрээс аварга боллоо, адис авъя” гээд зүүн мөрөнд минь мөргөөд байлаа. Сүүлдээ ч би ичиж, зугтах нь холгүй юм болсон. 2017 оны наадмаар Ц.Содномдорж, Ө.Бат-Орших хоёр үзүүр, түрүү булаалдахаар дэвжээнд гарчихаад нэгнээсээ шийрвэгнээд байлаа. Д.Цогзол гуай Ө.Бат-Оршихыг “Чи үзүүр, түрүүнд барилдахаар гарчихаад анхаарлаа төвлөрүүлэхгүй, юугаа бодоод зогсоод байгаа юм” гээд дух руу нь хуруугаар чичсэн. Энэ мэтчилэн засуул хүн зассан бөхийнхөө сэтгэл зүйд үг, үйлдлээрээ нөлөөлдөг. Ц.Содномдоржийг тунаж үлдэхэд нь “Тайван байгаарай, учраа бөхийнхөө барилдааныг мэдэрч хариу мэх хийнэ шүү” гэж хэлээд гаргасан. Түүнд улсын аварга болох боломж бий. Ө.Бат-Оршихтой Ц.Содномдоржоос өөр бөх барилдсан бол мордуулаад өвдөг шороодох байлаа. Түрүүлэх бөхийг тэр өдрийн аз, од ивээдэг гэж ярьдаг. Н.Түвшинбаяр аварга “Хөдөлмөрлөхгүй хүнд аз хэзээ ч ирдэггүй юм” гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл Ц.Содномдоржид хөдөлмөр, зүтгэлийн аз, авьяас, бяр, ур чадвар нь барилдаанаас харагдсан. Тэрбээр учраа бөхдөө мордуулж, биеэрээ бүтэн эргээд хөмөрч хаясан шүү дээ. Гуя, хөл, нурууны өргөн булчин сайтай бөх л ингэж чадна. Боломжгүй зүйлээс боломж гаргаж барилдан, унаж яваад давахад нь сэтгэл догдолж, их баярласан.
-Дархан аварга Х.Баянмөнх гуайг зүүний магнайд анх удаа гарахад цолыг нь дуудаж байсан гэл үү?
-Би зүүний дагавар магнайд байхдаа 2011 оны улсын наадмаар Х.Баянмөнх аваргын цолыг анх дуудаж байлаа. Аварга өмнө нь зүүний магнайд нэг ч гарч байгаагүй. Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Дамдин гуай нар ээлжилж гардаг байсан. Тэр жил Х.Баянмөнх гуай “Дархан аваргагүй төрийн наадам гэж хаана байсан юм” гэж хэлээд зодог, шуудгаа өмсөөд дэвжээнд гарсан. Бөхчүүдээс цол дуудахад олон түрүүлсэн Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга нар хамгийн олон чимэгтэй. Таваас дээш давах болгонд хурдан шаламгай, манлай баясгалан, тод сонин үзэсгэлэнтэй, хотлыг баясуулагч, үлэмж баясгалан, үнэхээрийн гайхамшигт, бат суурьт, чин зоригт гэх зэргээр чимэг нэмэгддэг. Өвөг дээдсийнхээ бидэнд өвлүүлж үлдээсэн гайхамшигтай өв соёлыг сонирхон судлах, үр хойчдоо үлдээх нь хүн бүрийн үүрэг. Уртын дуу, ерөөл магтаал хэлэх, бөхийн цол дуудах зэргээр соёлоо авч үлдэн, залуучуудад заан сургаж байгаа би үүргээ биелүүлж явна гэж боддог шүү.
-Бөхчүүдийн цолыг дуудахаар наадамчид амьсгаа дарж сонсдог. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Бөхийн цол дуудахад дэлхий зогсдог” хэмээн хэлж байсан нь тэр үед өөрийн эрхгүй санаанд зурсхийн орж ирдэг юм.
-Цол дуудах нь монгол бөхийн соёлтой хамт яваа дуун урлаг. Аварга цолтой бөхчүүдээ алдаршуулан магтаж буй магтуу юм. Бөхийн цол дуудаж байхад жигүүр ургаад газраас хөөрч буй мэт сэтгэгдэл төрдөг. Цоллуулж байгаа бөх засуулынхаа хоолойг сонсоод, хэмнэлээр нь дэвдэг. Мөрөн дээр гараараа чанга дарах, үл мэдэг чичирхийлэн хөдөлгөх, хөлөө газарт чангаар дэвсэх зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Наадамд цолоо дуудуулсан бөхийн цог заль бадарч, хийморь нь сэргэж, омогшил нь төрдөг юм шүү дээ. Би 2006 онд МУИС-ийн урлаг судлаачаар “Монгол уртын дууны эгшиг томолт, түүнийг заах арга зүйн асуудал” гэсэн сэдвээр магистр хамгаалсан. Үргэлжлүүлээд докторантурт суралцсан. Уртын дууны эгшиг, авиа, томолт чухал амин сүнс нь байдаг. Уртын дуу нь олон зууны тэртээгээс өвлөгдөж ирэхдээ, найр наадам, шавь сургалт гэх мэтээр өвлөгдөн ирсэн. Уртын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг нь сайхан. Тиймээс дууг ухаарч, ойлгож дуулах ёстой юм. Миний хувьд “Монгол үндэсний баяр наадмын бөхийн цол дуудах уламжлал шинэчлэл” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар зэхэж байна.
БӨХИЙН ЦОЛЫГ ӨНДӨР ӨНГӨӨР УДААН ДУУДДАГ
-Үндэсний бөхийн алдартай засуул “Ган хоолой” хэмээх Б.Мягмар, С.Лонцойдорж, Х.Пүрэв гуай нараас хэр суралцав?
-Бөхийн цолыг өндөр өнгөөр удаан дууддаг. Залуу насанд ингэж дуудаж болох ч нас хэвийх тусам хоолой гэмтэх тал бий. Хэрвээ хоолойн хялгасан судас тасарвал дотор нь жижиг сэв үүсэж сөөнгө дуутай болно. Уртын дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, С.Лонцойдорж, Б.Мягмар гуай нар нарийн цээл, харин Д.Цогзол багш бид хоёр баргил хоолойтой. Бөхийн цол дуудаачдаас Ш.Лүгдэв гуай бүрээ үлээж буй мэт бүдүүн хоолойгоор хүнгэнүүлж цоллодог байсан. Хоолой сайтай ч бөхийн цол дуудахад нугалаа, чимэг, донжийг нь гаргаж чаддаггүй хүн байдаг. Манай дуучин найзууд “Бөхийн засуул болж чадахгүй ч гэсэн хажууд нь зогсоод малгайг нь барьж үзэх юмсан” гэж ярьдаг юм.