Монголын волейболын холбооны менежер, Шүүгчдийн зөвлөлийн дарга, улсын шүүгч Х.Золдэлгэр удам дамжсан тамирчин. Өдгөө 85 насыг зооглоод буй Ж.Хаянхярваа гуай түүний аав, Монголын алдартай волейболчдын нэг. Аавынхаа амжилт гаргасан спортод тэрбээр хөл тавьсан цагаасаа волейболыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд харамгүй зүтгэж яваа юм. Волейбол түүний хобби, ярьдаг ганц сэдэв нь. Тэдний гэр бүлийг энэ спортгүйгээр төсөөлшгүй. Волейболын бөмбөг тэднийг хөглөж, хийморийг нь сэргээсээр иржээ. Тамирчнаас дасгалжуулагч, улсын шүүгч болтлоо дэвшсэн волейболчийн хүү нь мөн л энэ спортоор замнаж, тоглолтын талбарт үйл хэргийг нь үргэлжлүүлж явна. Аавынхаа оролцсон тэмцээний зураг, волейболын бөмбөгний цуглуулгаа гэр, албан тасалгааныхаа хойморт шүтээн мэт залдаг Х.Золдэлгэрийг “Таван цагариг”-ийн зочноор урив.
-Монголын волейболын спортын ертөнцөд та хөл тавиад 35 жил болжээ. Тамирчнаас шүүгч болтлоо дэвшсэн хүнд сонирхуулж ярих дурсамж зөндөө бий байх.
-Би 1984 онд волейболын секцэнд орсон юм. Намайг намхан гэж голж, хэдэнтээ буцаасны дараа Д.Даваасамбуу багштай аав уулзлаа. Багш надад волейболын бөмбөг бариулаад заалны буланд зогсоочихно. Хана руу өдөржин бөмбөг савж өнждөг би 52 дугаар сургуулийнхаа шигшээ багт багтах гэж хэрэндээ хичээдэг байлаа. 1989 онд шигшээ багт хөл тавьж, Дорноговь аймагт зохион байгуулсан УАШТ-д Хэнтий аймгийн багт хожигдон хүрэл медалиас атгаад алдав. Тэр үед тус аймгийн шигшээ багийнхан УАШТ-д байнга тэргүүлдэг байсан юм. 1990 онд сурагчдын дунд зохион байгуулсан хотын аварга шалгаруулах спартакиадын волейболын тэмцээнд багаараа түрүүлж, алтан медаль зүүж билээ. Дараа нь Орхон аймагт болсон УАШТ-д аавынхаа бэлэглэсэн кет, өвдгөвчийг өмсөөд оролцсон. Тэр үед өвдгөвч нүдний гэм. Гадагшаа явсан хүнд аав захиж авчруулсан санагдана. Хагас шигшээд Хэнтий аймгийн “босоо” багийг хожсон бол хэсгийн тоглолтод хотын аваргын төлөө ана мана үзэлцсэн Ц.Дагва-Очир багшийн багт ялагдан мөнгөн медальтай ирэв. Аравдугаар ангиа төгсөх жил “Хүч” спорт хороо шигшээ багтаа тамирчнаар урьснаар Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангид цагдаагийн ажил, албыг 25 жил хашиж, 1999 онд Төмөр замын Цагдаагийн хэлтэст орж, 2015 он хүртэл ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан.
-Та тамирчны карьераа өндөрлүүлээд л шүүгчээр ажиллав уу?
-1995 онд шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, залуучуудаар тэмцээн шүүлгэх боллоо. Тухайн үед Монголын волейболын холбооноос лигийн анхны тэмцээн зохион байгуулсан юм. Манай холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар шийдвэр гаргаснаар Ц.Шагдар, Н.Содномдорж багш шүүгчдийн сургалт хийсэн. Ц.Шагдар багш шүүгч болох миний суурийг тавьсан. Тэр цагаас өнөөг хүртэл Монголын волейболын холбоонд улсын шүүгчээр ажиллаж байна. Шүүгчийн ажил хэцүү. Баг, тамирчдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлж, шүүнэ гэдэг амаргүй. Волейболын үндэсний дээд лигийн анхны тэмцээнийг зохион байгуулахад шүүгчээр ажиллахдаа алдаа гаргаж туршлагагүйтсэн тал бий. Би дараагийн тэмцээнд алдаагаа аль болох давтахгүйг хичээдэг байлаа. Тэр үед сонин хэвлэлүүд волейболын тэмцээнийг хэдэн залуу шүүгч тааруухан шүүж, будилууллаа хэмээн шүүмжилж бичсэн. Өмнө нь шүүгчээр ажиллаж байсан ахмад багш нар тэмцээний үеэр намайг дуудаж, өмнөө зогсоож байгаад хацар луу халуу дүүгтэл алгадаж билээ. Сонинд шүүмжлүүлж, ахмад багш нартаа алгадуулахдаа шүүгч байхын хэцүүг мэдэрсэн.
ААВ ТАМИРЧИН БАЙХДАА ГЭРТЭЭ ТОГТДОГГҮЙ БАЙВ
-Волейболын шүүгчдээс Д.Халзан багш таны “тоосыг” хэд гөвсөн гэдэг, үнэн үү?
-Д.Халзан багшид олон удаа зэмлүүлж, алгадуулсан. Багш дараа нь тааралдахаараа гар бариад “Миний дүү тэмцээнийг буруу шүүж болохгүй, хойшдоо анхаараарай. Ингэх, тэгэх хэрэгтэй” гээд заадаг. Тэмцээний үеэр шүүлтээс болоод тамирчидтай маргалдах үе бишгүй. Алдаа гаргасан тамирчинд сануулах шар, тоглолтоос гаргах улаан карт өгчихнө. Тэмцээний дараа тамирчид “Чи очиж очиж надад улаан карт өгөхдөө яах вэ дээ” гээд гомдоно шүү дээ. Лиг, лигийн тэмцээн гэдэг үг Монголд анх нэвтэрч байсан тэр үед тамирчид, шүүгч нар аль аль нь туршлагагүй байлаа. 2000 онд шүүгчийн овоо дөртэй болж, шүүмжлүүлэх минь ч багаслаа. Миний хувьд Ц.Шагдар багшийн зөвлөснөөр богино хугацаанд шат ахисан.
-Ж.Хаянхярваа гуай Монголын волейболын спортод домог болсон цөөн тамирчны нэг. Таныг энэ спортод дуртай болоход аав тань нөлөөлсөн биз?
-Аав минь өдгөө 85 настай. Хүүхэд байхаасаа аавынхаа волейбол тоглохыг харж өслөө. Тэмцээндээ намайг дагуулаад явдаг байв. Манайх спортод дуртай гэр бүл. 18 дугаар сургуулийн спорт зааланд бүгдээрээ өдөржин волейбол тоглож, орой шалыг нь гялалзтал угаагаад харина. Ээж минь волейболоос гадна теннис тоглодог юм. Намайг залуу байхад жил бүр багш нарын баяраар волейболын тэмцээн болно. 52 дугаар сургуулийн шигшээ багт байхдаа аавынхаа багийн өрсөлдөгч болж тоглоод хожигдоход Д.Даваасамбуу багш “Иш чааваас, 60 настай аавыгаа хожихгүй чамайг ямар волейболчин гэх вэ дээ” гээд ёжилдог сон. Би хэдий хурдтай ч шигшээ багт 15 жил тоглосон аавынхаа туршлагыг яаж гүйцэх вэ. 1962, 1966, 1970 оны волейболын ДАШТ-д гурван удаа өрсөлдсөн тамирчин Монголд ааваас өөр байхгүй. Монголын волейболын спортыг хөгжүүлж, урагшлуулсан тэр үеийн тамирчдаас аав минь ганцаараа амьд сэрүүн байна. Тухайн үед Монгол Улс ч волейболын тамирчдаа сайн дэмждэг байж. Социалист орнуудад волейболын олон улсын тэмцээн зохион байгуулахад Монголын тамирчид дэлхийд үзүүлж буй амжилтаараа давуу байсан гэдэг. Волейболын “алтан хараацайнууд” Азийн орнуудын тэмцээнд өнгөлж байсан түүхийг нь ааваасаа сонсдог байлаа. Аав тамирчин байхдаа гэртээ бараг тогтохгүй. Төлөвлөгөөний дагуу жилд 15 тэмцээнд оролцдог байсан тамирчдад амрах зав ч гардаггүй биз. Аавыг тоглодог байхад Орос, Унгар, Солонгос, БНХАУ-аас дасгалжуулагч урьж, тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг удирдуулдаг байсан гэдэг.
ВОЛЕЙБОЛЫН ГОЁ БӨМБӨГ ТАМИРЧДЫН ХИЙМОРИЙГ СЭРГЭЭЖ, ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ
-Волейболын бөмбөгний цуглуулгыг ааваасаа өвлөж авсан уу?
-Волейболын бөмбөгнийхөө тоог алдах нь холгүй болж байна. Биднийг хүүхэд байхад волейболын бөмбөг шиг ховор зүйл байсангүй. Сургуульд хоёр, гурван бөмбөг ирнэ, зөвхөн УАШТ-ий үеэр л барааг нь харна. Сургуулийн шигшээ багийн тамирчид хуучин бөмбөгөө оёж, хийлээд тоглодог байв. Өнгөрсөн жил Токиогийн олимпод тоглох волейболын бөмбөгний шинэ загвар гарсан. Волейболын гоё бөмбөг тамирчдын сэтгэлийг хөглөж, тоглолтод эрч хүч өгч, хийморь сэргээдэг юм шүү дээ.
-Аавдаа тамирчин байхдаа бишгүй л магтуулж, шүүмжлүүлсэн байлгүй.
-Миний тамирчин болсон замнал ааваас эхлэлтэй. Аав их зарчимч, магтаалын үгэнд харам. Одоо ч шүүмжилнэ. Намайг тамирчин байхад аав “Хөдөлмөр” нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг байлаа. Бэлтгэл хийж байхад аав сургууль дээр хааяа ирнэ. Харчихаад “Холболт дээр чиний хөлийн зогсолт, байрлал буруу байна, даруй зас. УАШТ-д оролцохоос хоёр хоногийн өмнө хүчний бэлтгэлээ зогсоо, найман цаг амарч байх ёстой. Тэмцээн өндөрлөсний маргааш бэлтгэл хийж эхэлдэг юм шүү” гэж зөвлөнө. Зун болохоор аавтай хамт нэг баг болж зуслангийн багийнхантай тоглоно. Сайн тогловол 24-ийн чихрээр шагнуулна. Надад ааваас сурсан зүйл их бий. Өдөрт гурван удаа бэлтгэл хийх цагийг сайн барьж, дунд нь хэрхэн амарч, тоглолтын өмнө яаж хооллох ёстойг сургасан. Өдөржин бэлтгэл хийчихээд ядарсан амьтан гэртээ ирж хэвтэхэд аав “Хөөе, чи бэлтгэлийн хувцсаа угаа” гээд босгоно. Угаалгын машин байсан ч гараар минь угаалгана. Яагаад ингэж байгааг асуухаар “Хөлс шингэсэн хувцсыг гараар угаах нь зөв” гэж хариулна. Тоглолтын үед ваннтай усанд бус, шүршүүрт заавал оруулна. Шүршүүрт орохоос өмнө “Булчингаа амрааж, удаан орж болохгүй шүү, таван минут ороод гар. Тэмцээнд хоёр алчууртай яв. Тоглолтын хувцаснаас пүүз тусдаа байх ёстой” гэж зөвлөнө. Аавын зааснаар тамирчин хүний хувийн соёл, баримтлах зарчмуудаас сурсан. Амралтын өдрөөр аавынд очиход бүх зүйл нь эмх цэгцтэй. Ширээнийх нь шургуулганы нэг талд эм нь, нөгөө талд ойр зуур хэрэглэдэг зүйл нь өрөөстэй. Манай аав хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Гарын ур дүйтэй мужаан. Би аавыгаа дагаж ойр зуурын зүйл хийж сурсан. Аавын урласан бүтээлүүд 18 дугаар сургуулийн архивт байдаг юм.
-Хүү тань бас волейбол тоглодог. Өвөөгийнхөө нэрэмжит тэмцээнд оролцоод медаль хүртсэн байх аа?
-Тийм ээ, хүү минь удам залгасан волейболчин. Энэ жил 15 нас хүрнэ. Баянгол дүүргийн 38 дугаар сургуульд сурахын хажуугаар “Double ball” клубт хичээллэдэг. Өвөөгийнхөө нэрэмжит 22 дахь удаагийн тэмцээнд багийнхантайгаа тоглож, медаль хүртсэндээ сэтгэл өндөр байгаа. Би хүүгийнхээ тоглохыг хараад голдог, харин өвөө нь урамшуулдаг юм. Тэр хоёр санал сүрхий нийлнэ, амь нэгтэй. Манайхан гэр бүл, ах дүүсээрээ цуглаад амралтад явахдаа хоёр, гурван баг болж тоглодог. Аавын ач, гуч, зээ нар одоо 40 гаруй болжээ.
МАНАЙХАН ЛЕГИОНЕР ТАМИРЧДЫН АЧААЛАЛ ДААХ ЧАДВАРААС СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ
-Нэг багт тоглодог байсан тамирчидтайгаа та ахмадын УАШТ-д тоглож байгаа харагддаг.
-Манай багийнхан эзэмшсэн мэргэжлээрээ салбар салбартаа ажилладаг. Тамирчин болоогүй ч волейболын спортоос хөндийрч чаддаггүй юм. Ахмадын УАШТ болоход багаараа нэгдэж тоглодог. Нэгнийхээ зан, тоглолтын арга барилыг мэддэг болохоор тэмцээн дээр эвээ олж, ойлголцоход амар байдаг юм. 2016 онд АНУ-д болсон монголчуудын волейболын тэмцээнд бид багаараа оролцсон.
-18 дахь удаагийн лигийн тэмцээнд багууд легионер тамирчид урьж тоглууллаа. Тэдний хэмжээнд хүрэхэд манайханд юу дутагдаж байгааг шүүгчийн нүдээр олж харав уу?
-1995 онд анхны лигийн тэмцээн шүүж байхад тамирчид арын бүсээс үсэрч довтлох нь ховор байсан. 2013 оноос лигийн тэмцээний тамирчид ямар байх ёстой тухай асуудал яригдсанаар хавар, намрын, клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнтэй болгосон. Волейболын лигийн тэмцээнийг үзэгчгүйгээр төсөөлшгүй. Өнөөгийн тамирчдын ур чадвар хэр хэмжээнд хөгжсөнийг өнгөрсөн лигийн тэмцээнээс харлаа. Арын бүсээс довтлох, мөн өндрийн довтолгоог маш сайн гүйцэтгэж байна. Бидний үеийнхний тоглолтод чөлөөт хамгаалагч байгаагүй. Тэгвэл өнөөгийн багуудын тоглолтын тактик нь хүртэл өвөрмөц. Миний ажигласнаар залуу тамирчдад тоглолтын тэсвэр хатуужил дутагдаж байна. Шүүгчийн хувьд тухайн багийн тамирчдыг дасгалжуулагч нь ямар арга барилаар бэлтгэснийг тоглолтоос олж хардаг. Тавдугаар парт эхлэхээр манай тамирчдын гар, хөлийнх нь шөрмөс татчихна, эсвэл эцэж цуцаад эхэлдэг. Тэгвэл гадаадын тамирчид өөр. Тоглох тусам сайжирч, багтаа ашигтай, гал гарсан тоглолт үзүүлдэг. Тэднээс тоглолтын ачаалал даах тэвчээр, чадварыг сурах хэрэгтэй. Манай тамирчдаас Оросын тоглолтын хэв маяг, арга барил харагддаг. Японы легионерууд хүчтэй довтлохгүй, тэгсэн хэрнээ багтаа оноо авч чадах тоглолтын орон зайг маш сайн мэдэрч байхад Европын легионер арын бүсээс довтлох, хаалт, хамгаалалт хийхдээ илүү нь ажиглагдсан. Тоглолтын үед сэтгэл хөдлөлөө чөлөөтэй гаргаж тэмцээний уур амьсгалыг сонирхолтой болгож байх жишээтэй.
-Аваргын төлөө ширүүн өрсөлдсөн тамирчдын сэтгэл хөдлөл, тэсрэлтээс үзэгчид хамгийн гоё агшнуудыг олж харсан болов уу?
-Аваргын төлөөх тоглолтыг олон хүн үзэхээр ирсэн. Спортын төв ордонд хөл тавих зайгүй байлаа. Лигийн тэмцээнийг үзэгчид тэгтлээ их хүлээснийг тэр үед анзаарсан. “Алтайн барс” багийнхан гайхалтай тоглож, үзэгчдийг суудлаас нь хэдэнтээ өндөлзүүллээ. Тэд багтаа Японоос чөлөөт хамгаалагч урьж тоглуулснаар амжилт гаргасан. Японы чөлөөт хамгаалагч Монголд тоглочихоод Унгар, Польшид болсон тэмцээнд үргэлжлүүлээд оролцсон байна билээ. Спортод хэр хөрөнгө зарцуулна тэр хэмжээгээр хөгждөг. Үүнийг ч гадаадын тамирчид тоглолтоороо харууллаа. Эдийн засгийн дэмжлэгээс гадна багийн спортыг өөр аргаар хэрхэн хөгжүүлж болохыг бид сайн судлах хэрэгтэй. Тэр дундаа менежмент, маркетингийг цогцоор шийдэж хөгжүүлэх нь зүйтэй. Гадаадын тамирчид судалгааны том багтай ирж тэмцээнд оролцдог, манайхан ч ийм болох хэрэгтэй.