Бие хамгаалах, тулааны урлагийг Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбооны захирал, ОУХМ Д.Алтанхүүгээр заалгасан шилдэг тулаанч манайд олон. Тэднээс хоёр нь өдгөө эх орныхоо нэрийг гаргаж, дэлхийн аварга тамирчин болжээ. Монгол эрчүүд тулалдах урлагт чадварлаг байдгийг эрдэмтэн судлаачид өвөг дээдсээс нь уламжлагдаж үлдсэн дайчин зан чанартай нь холбож үздэг. Гадаадын судлаачид монголчуудыг цэрэг, зэр зэвсэг, дайны тактикаар бус тулааны эрдмийг гаргууд эзэмшиж, дэлхийн талыг эзлэн, олон орныг өмнөө сөхрүүлэн буулгасныг одоо ч гайхдаг. Энэ талаар олон жил судалж, дэлхийд Монголын үндэсний бие хамгаалах урлагийг таниулан сурталчлахаар зорьж буй судлаачдын нэг нь Д.Алтанхүү. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж, бие хамгаалах, тулааны урлаг Монголд хэрхэн үүсэж хөгжсөн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
-Монгол-Зо бие хамгаалах урлаг Монголд хэрхэн үүсэн хөгжиж, өнөөг хүрсэн тухай түүхээр ярилцлагаа эхэлье.
-Монгол-Зо бие хамгаалах тулааны урлаг хөгжөөд 30 жил болж байна. Үүнийг миний ах Д.Отгонбаяр анх үүсгэн байгуулсан юм. Би монгол судлаач мэргэжилтэй. Эл урлагийг хөгжүүлэхийн тулд үндэсний бие хамгаалах шинжийг олон талаас нь судаллаа. Цаашид ч үндэсний бие хамгаалах урлаг, монгол цэргийн тулааны эрдэмтэй юугаараа холбоотойг үргэлжлүүлэн судлахыг зорьж байгаа. Дэлхийн мастерууд Монголоос бие хамгаалах урлаг үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Монголчууд эрт үеэс дайтах ур чадварт сайтар суралцсан нь зэвсэг, уналгыг биеийн тулалдах эрдэмтэй хослуулж чадсанд байгаа юм. Үүгээрээ дайнд ялалт байгуулж, дэлхийн талыг эзэлсэн түүх бий. Монгол хүний бие, ухаанд дайчин шинж илүү байдаг нь өвгөдөөс өвлөгдөж ирснийг судалгааныхаа явцад мэдсэн. Монголчууд өөрийн харьяалах отог, овгийн хүүхэд, залууст тулалдах эрдмээ зааж өгдөг байв. Халдан довтлогчдоос биеэ хэрхэн хамгаалах аргыг энгийн хэлбэрээр зааж сургасан нь хожим дайн тулаанд тулалдах туршлага болж байжээ. Монгол-Зо нь үндэсний бие хамгаалах тулааны нэр. Зо нь зорилго-зохицол-зодоон гэсэн гурван үгийн утга илэрхийлдэг. Үүгээр монгол цэргүүдийн зэвсгээр тулалдах эрдмийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирснээрээ онцлог юм.
-Хүрээ хийд, дацангууд Банди-Зо тулааны сургалт, сургалтын аргачлалтай байсан гэдэг, үнэн болов уу?
-Бидний судалгаагаар банди нь шарын шашинд гэнэн гэдэг үг юм. Тиймээс Банди-Зо хэмээн нэрлэсэн нь учиртай. Манж чин гүрэн монголчуудыг эрхшээлдээ оруулж, мориноос нь буулган зэвсэг эзэмшихийг хуулиар хориглосон. Монголд шарын шашны урсгалыг нэвтрүүлэн сүм барьж, эрчүүдийг нь хувраг болгон суулгав. Тиймээс монголчууд өөрийн амийг хамгаалахын тулд гардан тулаанд суралцаж, багшаас шавьд заах маягаар хөгжүүлсэн. Энэ нь тулааны урлаг, спорт ч бас биш юм. Банди Зо-д сургалтын систем гэх зүйл байгаагүй. Сайн нударгач хувраг нэг дасгал, хөдөлгөөн, техникийг төгс эзэмшиж бусдаас ялгарч чаддаг байж. Хүрээ хийдэд лам нар Банди-Зо бие хамгаалах урлагаар хичээллэн, тэмцээн зохион байгуулж нэг хийдээс нөгөөд дамжин бүтэн өдөр тулалддаг байсан гэх аман яриа байдаг.
ОУХМ Д.Алmанхүү гараараа мөс цохин хагалж байгаа нь
-Тулаан нь нэг талаар спорт, нөгөө талаар урлагийн шинжийг ч агуулдаг. Тэр дундаа Азийн орнуудыг үүнгүйгээр төсөөлшгүй шүү дээ.
-Тулааны спорт бие хамгаалах урлаг юм. Дайтах чадвар, тулалдах эрдмийг нь урлагтай адилтгадаг тал бий. Үндэсний бие хамгаалах Монгол-Зо урлагийн онцлог нь хөл, гарын цохилт, өшиглөлтийн техникийг эзэмшдэг. Бөхийн спортын арга барил, техниктэй хослуулдаг. Бид ташуураар тулалдах эрдмийг сургалтдаа заадаг. Үүгээрээ үндэсний бие хамгаалах урлагийн өвөрмөц онцлогийг дэлхийд таниулан сурталчилж байна. 2006 онд Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойн баяр наадмын нээлтэд монгол баатрын хувцас, зэвт нум, сум, ташуурын эрдмийг бие хамгаалах урлагтай хослуулсныг 150 хүний үзүүлэх тоглолтоор харуулсан. Тэр жилийн наадамчин олон монгол үндэсний бие хамгаалах урлаг, тулааны спортын бүх шинжийг агуулсан цогц зүйл байдгийг харсан анхны үзэгч болсон. Мөн ЮНЕСКО-гийн фото зургийн уралдаанд монгол ташуур, зэвсгийн эрдэм, үндэсний бие хамгаалах урлагийг цогц байдлаар харуулсан бүтээлүүд минь шалгарсан.
АХ МИНЬ АНХНЫ СУРГАЛТАА ЗААЛАНД НУУЦААР ЯВУУЛДАГ БАЙВ
-Та бие хамгаалах урлагаар олон жил хичээллэж байгаа. Сэтгэл тань татагдахад юу нөлөөлөв?
-Биднийг хүүхэд байхад нийгмийн байдал эвгүй, дээрэмдэн зоддог, хулигаан ихтэй байлаа. Зодуулж, дээрэлхүүлэхгүйн тулд бие хамгаалах аргад суралцахаас өөр зам байсангүй. Тэр үед Д.Отгонбаяр ахыгаа тулааны спортын ном, сонин, кино авчрахаар нь нууцаар үзнэ. Ах, бид хоёрыг анх хичээллэж байхад бие хамгаалах урлаг Монголд хаалттай байсан. Ах минь анхны сургалтаа зааланд нууцаар явуулдаг байв. Тэр үед би ахынхаа анхны шавь болж, тулааны урлагаар хичээллэсэн. Тэр үед Монголд бие хамгаалах урлагийг каратэгээр төсөөлдөг байв. 1990 онд Монголд каратегийн клубийг анх байгуулж, 1994 онд Монгол-Зо хэмээн нэрлэж албан ёсоор үйл ажиллагаа явуулсан.
-Каратэгийн төрлөөс кёкүшэнкэй, шидокан Монголд хөгжиж байна. Гэхдээ төрөл болгон нь өөр техник, дүрэмтэй. Монгол-Зо үүнээс юугаараа ялгарах онцлогтой вэ?
-Монголд тулааны урлагийг янз бүрийн сургалтаар зааж, бие хамгаалах урлагийн төрөл, урсгал нэвтэрснээр ижил төстэй клубүүд нээгдэж, үйл ажиллагаа явуулах болсон. Тиймээс бид үндэснийхээ уламжлалт бие хамгаалах урлагийг хөгжүүлэхийг зорьсон. Бие хамгаалах урлагийг Монголоос үүсэлтэйг харуулсан кино байдаг. Дэлхийн мастерууд тулааны урлаг Монголоос үүсэлтэйг хүлээн зөвшөөрдгийн учир нь улс гүрэн нь эрт үед монголчуудад эзлэгдэн, олзлогдож явсан түүхийг сайн мэддэгт байгаа юм. Азийн орнуудад бие хамгаалах урлаг үүсэж хөгжсөн гэж ярьдаг ч монгол цэргүүдийн дайралтыг зогсоож чадаагүй.
-Одоогоор тулааны төрлөөс таеквондо олимпын төрөлд орж байгаа. Таеквондог харж байхад хөл, гарын хөдөлгөөн, харин күн фу гараар тулалдах, үшүг дотоод хийг бясалгалтай хослуулан зэвсгийн эрдмийг хөгжүүлсэн байх жишээтэй.
-Тийм ээ. Монголчууд дайнд зөвхөн цэргийн тактикаар ялж байгаагүй. Дайтах чадвараас зэвсгийн эрдмийг гаргууд сурсан нь их нөлөөлсөн. Өдгөө бид энэ бүхэн Монголоос үүсэлтэй гэдгийг батлахын тулд судалгаа хийн баяжуулж байгаа. Монголоос өөр газар ташуур хэрэглэдэггүй. Тиймээс үндэсний онцлогтой хувцас, ташуур хэрэглэж байна. Ташуураар тулалдах эрдмээс монгол түмний ахуй соёл, үндэсний уламжлал, өв соёл, сэтгэлгээг олж харна. Бие хамгаалах урлагаар хичээллэсэн хүмүүсийн давуу тал хүнийг ялахаас илүү өөрийгөө ялж сурахад байдаг юм. Дэлхийд хөгжиж буй бие хамгаалах урлагууд тулааныг нэг, нэг төрлөөр нь салгаж, дүрэм зохион, өөрийн улсын онцлогт тохирсон нэр өгөөд хөгжүүлсэн. Таеквондогийн бүх өшиглөлт манайд бий. Боксын шулуун, хажуу, өлгөө гурван цохилтыг салгаж, хөл дээр цохилттой ажиллаж байна. Тэгвэл тэр цохилтууд нь мөн л монголынход байх жишээтэй. Тэгвэл Монгол-Зо бие хамгаалах урлагийн хөл, гарын цохилт, өшиглөлтүүдийг каратэд түлхүү хэрэглэдэг. Бөхийн спортоос жүдо, сүмо нь тулалдах бас нэг хэлбэр. Монгол үндэсний тулааны урлагт бөхийн мэх, шидэлтүүдийг зааж сургадаг.
БИЕ ДЭЭГҮҮРЭЭ СУУДЛЫН АВТОМАШИН ГАРГАЖ ОЛНЫГ АЛМАЙРУУЛЖ БАЙВ
-Сэлэм, нум, сум тулааны спортод багтдаг зэвсэг мөн үү?
-Сэлэмтэй тулалдах урлаг одоогоор манай сургалтад байхгүй. Сэлмийн тулалдах урлаг олон янз. Самуурайн сэлэм нарийн, шулуун, нимгэн, хурц иртэй. Гартаа ямар ч зэвсэггүй тариачдыг эсэргүүцэл үзүүлбэл цавчих зорилготой хийсэн. Гэтэл монгол баатруудын хөө хуяг, илд бамбайтай цавчилдахад самуурайн нарийн, шулуун сэлэм хугардаг байсан гэдэг. Тэгэхээр самуурайн сэлэм тулааны урлагийн зэвсэг биш. Тэгвэл монгол цэргүүдийн дайн тулааны зэр зэвсэг өвөрмөц. Сэлэм нь урт, махир, хагас саран хэлбэртэй. Яагаад ийм байсныг судалж үзэхэд бүснээсээ сэлмээ сугалж авахад маш хурдан байж. Монгол цэргийн сэлэм цавчих, хэрчих үйлдэл зэрэг хийдэг. Ган төмрөөр давтаж хийсэн бүдүүн иртэй тул хөө хуягийг ч тас цавчдаг. Махир тул тулалдахад амархан хугардаггүй. Европын цэргүүдийн сэлэм шулуун байсан нь махир сэлэмтэй монголчуудтай байлдахад хааж, хамгаалахад маш хэцүү байдаг байжээ. Монголчууд сэлмээр тулалдах эрдмээр байлдан дагуулалтад амжилт олдог байсан. Ган төмөр зэр зэвсэг монголчуудаас анх үүсэлтэй гэж ярьдаг. Тиймдээ ч манайд ган төмрийн ур хийц өндөр хөгжсөн шүү дээ.
-Ах тань таныг тулааны урлагаар хичээллэхэд хэрхэн шалган авч, шавиа болгов?
-Сургалтын үед бид багш шавь, гэртээ ах, дүүгийн харилцаатай байдаг байлаа. Дүү нь гээд надад шавь нараас нь ялгарах зүйл огт байх ёсгүй. Бусадтай адилхан багшийн заасныг сурч, шаардлагыг нь биелүүлнэ. Одоо миний хүү тулааны урлагаар хичээллэдэг. Би хүүдээ шавь нараасаа илүү өндөр шаардлага тавьдаг. Нөхөдтэйгөө адил хичээллэж байгаа ч илүү хөдөлмөрлөж байж амжилт гаргана шүү дээ. Багшийн хувьд шавь нартаа “Та нар илүү байхыг хүсвэл миний заасныг сайн сур, зааснаас ч давж суралц. Дэвжээнд өрсөлдөгчөө ялахын тулд багшийн заасан, өөрийн эзэмшсэн ур чадвараар тулалд. Эцсийн мөчид шийдсэн мэх, техникээ гарга” гэж хэлдэг. Тулааны урлаг спортын төрлүүдээс ялгарах онцлогтой. Багшаараа шаардлага тавиулж байж суралцдаг зүйл биш. Хажууд нь зогсоод, цаг харж бэлтгэл сургуулилалт хийлгэдэг арга барилаас огт өөр. Тухайн хүн өөрийгөө дайчилж чадвал амжилт гаргана. Надаас илүү тулааны эрдэмд суралцсан шавь нар бий. Тэд багшаа гэж ямагт хүндэлж харилцдаг. Бие хамгаалах урлаг хүндлэл, ёс зүй, хүмүүжил дээр хөгждөг. Харин итгэлийг өөртөө хэр олж авна түүгээр ур чадвар нь харагддаг.
-Анхны тулаан тань танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ. Ялалт, ялагдлаасаа юуг олж харахыг хичээдэг байв?
-Би бие хамгаалах урлагийг ахаараа заалгахаас гадна өөрийгөө их дайчилсан. Бусдаас илүү суралцсан гэдгээ батлан харуулахаар тэмцээнд оролцож, амжилт гаргах нь гол зорилго минь байлаа. Тухайн үед хүмүүс бие хамгаалах урлагийг зодоон, цохион төдийхнөөр ойлгон хүлээж авдаг байв. Хамгийн анх найман давхар мөсийг ганц цохилтоор цохин хагалж байлаа. Багш минь давхарласан зургаан тоосгыг хага цохиж байхад би тавыг л бардаг байв. Хатуу мөс гараараа буталж цохих, толгой дээрх тоосгыг лантуугаар цохиж хагалуулахад дараа нь гэмтэл бэртэл авахгүй байх ёстой. Хэрвээ алдаа гаргавал амь насаа ч алдах эрсдэлтэй. Бэртэхгүйн тулд биеэ чангалж, дотоод хийн хүч, бясалгалыг цохилттой яв цав тааруулах
хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, амьсгаагаа гаргахдаа биеэ төмөр шиг болгож чангалах юм. Миний хувьд хүний зориглож хийгээгүй дасгалуудыг цогцоор нь хийж, илүү гэдгээ батлан харуулсан. 1992 онд “Зургаа дахь мэдрэхүй” нэвтрүүлэгт оролцохдоо шилний үйрмэг дээр хэвтэн, бие дээгүүрээ суудлын автомашин гаргасан. Дараа нь 1993 онд спортын сэтгүүлч Н.Тамирын хөтөлдөг байсан “Одод” нэвтрүүлэгт зочноор уригдаж, хамгийн анх Монголд каратэгийн онцлогийг харуулж, өмнө нь хийсэн үзүүлбэрүүдээ үзүүлсэн. Түүнээс хойш олон тэмцээнд оролцлоо. Одоо өөрийн хичээл зүтгэлээр сурсан дасгалуудаа шавь нартаа зааж байна.
ЗОХИОЛЧ, ЖҮЖИГЧИД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖ ЭХЭЛСЭН
-Шидокан каратэгийн Монгол дахь холбооны тэргүүнээр та ажилладаг. Монгол хүний бие, сэтгэл зүйн онцлогт энэ тулааны урлаг хэр тохиромжтой бол?
-Шидокан каратэ Монгол-Зотой ойр. ОХУ-ын Улаан-Үдэд Монгол-Зо салбар клубээ нээн сургалт явуулж байгаа. Монгол туургатнаас Тува, Халимагт нээхээр зорьж буй. Дэлхийд хамгийн хүчтэй хөгжиж буй каратэгийн төрөл бол Шидокан. Шидокан каратэгийн анхны мастер нь Дэлхийн гурван удаагийн аварга монгол залуу бий. Тухайн үед Японы клубт хичээллэдэг байсан тул тус улсын нэрийн өмнөөс ДАШТ-д оролцсон. Монголд энэ каратег хөгжүүлэхийг зорьж, надад санал тавьсан юм. Би түүний нагац ах нь. 2014 оноос хойш Монгол-Зогоор хүүхэд, залуусыг хичээллүүлж, Шидокан каратегийн төрлөөр гаднын тэмцээнд баг бүрдүүлж оролцуулдаг. Каратегийн энэ төрлөөр монгол залуучууд өндөр амжилт гаргаж байгаа. Шидокан каратегийн 2015, 2018, 2019 ДАШТ-д оролцсон тамирчдаас хоёр нь дэлхийн аварга болж, зургаа нь мөнгө, найм нь хүрэл медаль хүртлээ. 2018 онд Украинд зохион байгуулсан ДАШТ-д У.Үүрийнцолмон ялалт байгуулж, дэлхийн аварга болж байлаа. 2019 онд Кувейтэд болсон ДАШТ-д Б.Галсандорж түрүүлж, Монголын хоёр дахь дэлхийн аварга болсон. Залуу тамирчдаас Б.Чинзориг Украинд болсон ДАШТ-ээс хүрэл, Японд болсноос мөнгөн медальтай ирсэн.
-Монголд тулааны урлагийн ном тэр бүр байдаггүй. Ах тань өнгөрсөн жил судалгааны ном хэвлүүлж, уншигчдад хүргэлээ.
-Ах минь бие хамгаалах, тулааны урлагийн тухай өгүүлсэн судалгааны найм дахь номоо өнгөрсөн жил хэвлүүлсэн. Үүнээс гадна гурван кино, DVD хичээл олны хүртээл болголоо. Амжилт гаргасан мастеруудынхаа шилдэг цохилтоор 100 шилдэг түүвэр хийж гаргасан. Бидэнтэй тулааны урлагийн тухай харуулсан уран сайхны кино хамтарч хийхээр зохиолч, жүжигчид санал тавьж эхэллээ. Хон Хэрээдийн Б.Энхбат, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар гуай нар бидэнтэй ярилцаж, санал бодлоо хуваалцсан. Бие хамгаалах урлагийн тамирчдаас Б.Чинзориг олон ангит уран сайхны киноны гол дүрд тоглосон. Тэрбээр кино найруулагч мэргэжилтэй.
-Монголчууд бие хамгаалах тулааны урлагийн асар их нууцтай. Япон, солонгос, хятадууд эртний судар, номдоо бичиж үлдээсэн байдаг. Гэтэл Монголд тийм ч түгээмэл бус байх юм аа?
-Монголчууд бие хамгаалах, тулааны урлагийн нарийн аргачлал, техникээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ нууцлан өвлүүлж ирсэн. Хүн болгон өөрийн сурсан ганц дасгал, хөдөлгөөн, техникийг төгс эзэмшин тулалдаг байв. Тиймээс бие хамгаалах болоод тулааны арга барилаа түүх сударт бичиж, баримт үлдээгээгүй, харин энэ нь олноос олонд ам дамжин яригдаж ирсэн. Бид Банди-Зогийн хөдөлгөөн, арга, техникүүдийг спорт болгож нэгтгээд Монгол-Зо нэрээр хөгжүүлэн монгол хүний бие бялдрын хөгжил, зан чанарын онцлог, ахуй соёл, сүсэг бишрэлд нь тулгуурлан хөгжүүлж байна. Монголчууд аав нь хүүдээ, хүү нь хүүдээ дамжуулан өвлүүлэх зарчмаар нууцаар уламжилж ирсэн гэж зарим судлаач үздэг юм билээ. Тэгэхээр өвөг дээдэст минь тулааны урлагийн асар нарийн аргачлалууд нууцлагдаж үлдсэн гэж ойлгож болно.