Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатартай ярилцлаа. Тэрбээр 1989 оноос Эрчим хүчний засварын төв үйлдвэрт мастераар ажилд орж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Дараа нь 1992-2009 онд “ДЦС-4”-т инженерээс хэлтсийн дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газарт Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн дарга, 2010-2012 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын алба хашжээ. 2012-2014 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал, 2014-2016 онд “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2016 оноос дээрх холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй.
ШӨНИЙН ЦАГААР НАРНЫ ДЭЛГЭЦ АШИГЛАДАГ БОЛСОН
-Дэлхийд эрчим хүчний чиг хандлага хаашаа чиглэж байна вэ. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж байх шиг.
-Аливаа улс орны хөгжил, тусгаар тогтнол, эдийн засгийн чухал суурь бүтцийн нэг нь эрчим хүч. Тухайн орны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ нь хөгжлийн түвшинтэй нь холбоотой. Хүн төрөлхтөн дулаарал гэх аюулт үзэгдэлтэй нүүр туллаа. Олон улсын байгууллагууд, улс орнууд дулаарлыг багасгахаар тэмцэж буйн нэг нь Монгол. 2015 онд Францад COP-21 олон улсын чуулга болоход 195 орны төлөөлөгч оролцсон. Тухайн үед гаргасан хүлэмжийн хийг бууруулах уриалгад Монгол нэгдсэн. Тэднийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцод нэгдсэн орнууд гэж нэрлэх нь ч бий. Манай улс уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг бууруулах гол арга хэмжээний нэг нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх гэж тодорхойлсон. Хөгжилтэй орнуудад ч гэлтгүй дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өссөөр байна. Өнгөрсөн онд улс орнуудад 64 ГВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц (СЦС) ашиглалтад оруулсан. Энэ онд 76 ГВт-ын хүчин чадалтайг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өдгөө дэлхийд 651 ГВт-ын хүчин чадалтай СЦС ажиллаж байгаа. Энэ нь улс орнууд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хэмжээгээ дор бүрнээ нэмэгдүүлж байгааг харуулж буй. 2030, 2050 онд эрчим хүч үйлдвэрлэлийнх нь хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэх, хэдэд хүргэх вэ гэдэг зорилтоо тодорхойлчихсон. Европын зарим оронд 2050 он гэхэд эрчим хүчнийхээ хэрэглээг 100 хувь сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтыг хөгжлийн хөтөлбөртөө тусгасан байх жишээтэй. Манай улс нийт цахилгаан үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2023 онд 20, 2030 онд 30 хувьд хүргэхээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тусгасан.
Энд нэг зүйл хэлэхэд, ихэнх улс орон, банк санхүүгийн байгууллага нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулахаа больсон. Нөгөөтээгүүр, компаниуд ДЦС-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэхээ зогсоож эхэлсэн, жил ирэх тусам цөөрч байна. Урд хөрш сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж буй. Учир нь дэлхийн нүүрсхүчлийн хийн 29.4 хувийг зөвхөн Хятад улс ялгаруулж байна. Тус улс Парисын хэлэлцээрт өгсөн үүрэг амлалтынхаа хүрээнд 1997, 2000 онд ашиглалтад оруулсан харьцангуй “залуу” цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг чадлаас нь хамааруулан зогсоож байна. Зарим хүн нүүрсний станц барих нь илүү хямд гэж ойлгодог. Гэтэл үгүй. ДЦС барихад нар, салхин цахилгаан станцтай харьцуулахад өндөр хөрөнгө оруулалт шаардлагатай болчихоод байна шүү дээ. 300 МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станцыг барихад 924 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж ТЭЗҮ-д нь тусгасан тухай сонссон. Тэгвэл СЦС-ын нэг МВт-ыг нь Монголд хоёр гаруй сая, нарны цахилгаан станцын (НЦС) нэг МВт-ыг нь нэг сая гаруй ам.доллароор барих боломжтой.
-Суурилагдсан хүчин чадлаараа сэргээгдэх эх үүсвэрүүд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн бараг 20 хувьд хүрсэн байх аа?
-2019 оны байдлаар сэргээгдэх эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 17.5 орчим хувьд хүрсэн.
-Гэхдээ нийлүүлж буй эрчим хүчний хувь бага байгаа, тийм үү?
-Зургаа, долоохон хувь байгаа. Манай улсын эрчим хүчний систем бусад орныхтой харьцуулахад “жижиг”, 1300 орчим МВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Усан цахилгаан станцыг (УЦС) оролцуулахгүй тооцвол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 214 МВт-д хүрсэн. Энэ салбарт оруулсан хувийн хөрөнгө оруулалт зөвхөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ногдож ирсэн. Манайд системийн тогтвортой ажиллагааг хангахын тулд шинэ техник, технологи хэрхэн нэвтрүүлэх, тэгэхдээ сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг яаж нэмэх вэ гэсэн сорилт тулгараад байна.
-Сэргээгдэх эх үүсвэрээс тогтвортойэрчим хүч нийлүүлэхгүй байгаа гэж албаны зарим хүн хэлэх нь бий. Салхины хурд бага үед СЦС-аас нийлүүлэх эрчим хүч багасдаг гэдэг ч юм уу. Энэ талаар Та юу гэх вэ?
-Системийн тогтвортой байдлыг хангах эх үүсвэрүүдийг зэрэгцээд ашиглалтад оруулбал сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж бий. Бид өнөөдөр л усан цэнэгт станц, УЦС, цахилгаан цэнэг хураагуурын станцын талаар ярьж байна. Эрчим хүчний системийг тогтвортой байлгахад шаардлагатай үед нь ачаалал хуваалцах, баланс тохируулга хийх эх үүсвэрүүд хэрэгтэй. Техник, технологи хөгжихийн хэрээр өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл, шөнө ч ажилладаг нарны дэлгэцийг АНУ-д бий болголоо. 100 МВт-ын хүчин чадалтай НЦС гэхэд үйлдвэрлэлийнхээ дөрөвний нэгийг шөнийн цагаар үйлдвэрлэх боломжтой нарны дэлгэц ашиглаад эхэлсэн. Японы эрдэмтэд метаныг нүүрстөрөгчийн давхар ислээс гаргаж авах технологийг судалж байгаа. Энэ бүгдээс эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг ойлголт огт өөр болж буйг харж болно. Энэ мэтчилэн технологийн дэвшлийг эрчим хүчний салбарт ашиглах шаардлагатай. Ингэж чадвал бидний яриад байгаа жижиг бэрхшээл яваандаа алга болно.
-Дамжуулах, хуваарилах сүлжээгээ ухаалаг болгох хэрэгтэй байх?
-Төсөл хөгжүүлэгчдийн зүгээс Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв зэрэг төрийн холбогдох байгууллагад анх танилцуулга хийхдээ л нар, салхины нөөцийн судалгаагаа тайлагнадаг. Зарим үед нийлүүлэх эрчим хүч тэг болно, зарим үед өндөр ачаалал авна гэх мэтээр бүгдийг нь тайлбарлаж байгаа. Тухайн газар 50 МВт-ын ч юм уу нар, салхины цахилгаан станц байгуулахыг зөвшөөрсөн бол гарах эрсдэлийг нь хаах бэлтгэлээ хангах ёстой.
-Бэлтгэл хангах гэдгийг тодруулна уу?
-Эрчим хүчний нийлүүлэлт нь хэлбэлзэж болзошгүй станц барихыг дэмжихдээ техникийн хувьд хүндрэл гарвал яаж зохицуулах ёстойг бодолцох учиртай. Дэмжсэнийхээ дараа бүх бурууг хувийн хэвшлийнхэнд тохож болохгүй. Улс орнуудын эрчим хүч үйлдвэрлэлийн бүтцийг харвал олон төрлийн эх үүсвэртэй нь анзаарагдана. Ингэснээр бие биенийгээ нөхөж ажилладаг. Монголд хувийн хэвшил энэ салбарт анх удаа төсөл хэрэгжүүлж, 2013 онд “Салхит” СЦС-ыг ашиглалтад оруулах хүртэл (Дөргөн, Тайширын УЦС-ыг эс тооцвол) ДЦС-тай буюу уламжлалт технологитой явж ирсэн. Ийм шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахад дасан зохицохдоо тааруу, уян хатан биш байна. Манайд хийн станцууд хэрэгтэй. Энэ нь тохируулагчийн үүрэг гүйцэтгэчихнэ. Мөн УЦС-ын төслүүдийг хувийн хэвшлийнхнээр хэрэгжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Эгийн голын УЦС-ыг барьж чадахгүй байсаар л байна. Баривал сайн л байна. Барьж чадахгүй нөхцөлд хувийн хэвшлийнхэнд “Та нар 20, 30, 40 МВт-ын хүчин чадалтайг ч хамаагүй бариач ээ” гэж болно. Салбарын хувьд хөрөнгө оруулагчдыг татах зайлшгүй шаардлагатай. Дотоодын хөрөнгө оруулалтаар томоохон эх үүсвэр барих боломж хязгаарлагдмал. Дээр нь үргүй зардлаа бууруулахын тулд төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Зарим аж ахуйн нэгжийг хувьчлах, үнэт цаас арилжин, түүгээрээ хөрөнгө оруулж, компанийн засаглалыг сайжруулах нь зүйтэй. Ингэснээр цахилгааны үнэ тарифыг тогтвортой байлгах нөхцөл бүрдэнэ.
-Өнгөрсөн жил батарей хуримтлуурын станц барих талаар салбарын яамнаас мэдээлсэн байх аа?
-Эрчим хүчний яаманд уг төслийн судалгааг хийж байгаа. Хуримтлуурын станцад хоёр тал бий. Мэдээж оргил ачааллыг хангахад нэмэр оруулна. Шөнийн цагаар хуримтлуулах байдлаар ажиллана. Гэхдээ тодорхой хугацааны дараа Монголд хог хаягдлын асуудал маш хурцаар тавигдана. Аккумляторыг нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг заавал ч үгүй давхар шийдэх хэрэгтэй.
ШИНЭ ЭХ ҮҮСВЭРИЙГ НИЙСЛЭЛЭЭС ЗАЙДУУ БАРИХ НЬ ЗӨВ
-Манай улс багагүй хэмжээний эрчим хүч импортолдог. Үүнийг бууруулахад сэргээгдэх эрчим хүч ямар хувь нэмэр оруулах боломжтой вэ?
-Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1300 МВт гэж дээр дурдсан. Өнгөрсөн жил долоон тэрбум орчим кВт.ц эрчим хүч үйлдвэрлэсэн дүн бий. Гадаадаас 1.7 тэрбум кВт.ц цахилгаан импортолсны 1.5 тэрбумыг нь төвийн бүсийн эрчим хүчний системд авсан. Баруун бүсийн эрчим хүчний системийг ихэвчлэн импортлон хангаж байгаа. Дээрх дүнгнэн тэргүүнд багасгах шаардлагатай. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бусад шинэ эх үүсвэрийг (ДЦС, хийн зэрэг) ашиглалтад оруулах нь зүйтэй. Бид ОХУ-аас нэг кВт.ц цахилгааныг 240 төгрөгөөр авч буй бол шөнийн цагаар 32 төгрөгөөр нийлүүлж байгаа.
Нийслэл хотод байгаа ДЦС-аа зөвхөн өргөтгөх замаар эрчим хүчний хэрэглээний өсөлтөө шийдвэрлэж байгаа нь ирээдүйг харсан шийдэл гэж харахгүй байна. Өнөөдөр нийслэлчүүдэд агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон. Нэгдүгээрт, агаарын бохирдлыг, хоёрдугаарт, Улаанбаатар луу оруулж ирэх түүхий нүүрс, гуравдугаарт, үнс хаягдлын хэмжээг багасгая, бас эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж байгаа усыг хэмнэе гэвэл цахилгаан станцыг нийслэлээс зайдуу, нүүрсний уурхайг түшиглэсэн байдлаар барих шаардлагатай. Хамгийн наад захын жишээ нь ДЦС-уудад нийлүүлэхээр жилд нийслэл рүү ганц төмөр замаар дөрөв сая гаруй тонн нүүрстээвэрлэн авчирдаг. ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлбэл Улаанбаатарт оруулж ирэх нүүрсний хэмжээ улам өснө. Энэ хэрээр ялгаруулах үнс, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэхийг бодолцох учиртай.
-Монгол Улсын эрчим хүчний системд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Сая дурдсанчлан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэн даруй барих нь зүйтэй. Хоёрдугаарт, Улаанбаатарын дулаан хангамжийг шийдэхийн тулд бие даасан эх үүсвэрүүд байгуулах хэрэгтэй. Тэдгээр нь агаарын бохирдолд нөлөөлөхгүй бусад түлшний хувилбарыг ашиглаж, дулааны эх үүсвэрээ шийдэх шаардлагатай. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрүүд, тухайлбал, хувийн орон сууцтай, гэр хорооллын айл өрхүүд нарны эрчим хүчний шийдлүүдийг ашиглаж эхэлбэл давуу талтай. Өдрийн цагаар хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа тэд сүлжээнд нийлүүлээд орлого олчихно, агаарын бохирдлыг бууруулахад ч нөлөөтэй. Гагцхүү холбогдох журмыг нь батлаагүй байгаа. Айл өрхүүд орлогоо нэмэгдүүлж, цаашдаа цахилгаан хуримтлуулах жижиг төхөөрөмж авбал нийслэлчүүдийн цахилгааны хэрэглээний тодорхой хувийг цэвэр эрчим хүчнээс хангах боломж бүрдэнэ. Улаанбаатарт нэг КВт чадалтай нарны дэлгэцээс жилд 1500-1700 кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Монголд 1999 онд “100 мянган нарны гэр” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, нарны жижиг эх үүсвэрүүдийг малчин өрхүүдэд Дэлхийн банк, олон улсын банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр олгож байв. Хөдөө амьдарч буй 170 гаруй мянган малчин өрхөд ихээхэн өгөөжтэй, үр дүнтэй хэрэгжсэн. Хөдөөний айлууд лаа барьдаг байлаа гэвэл хүмүүст үнэмшил төрөхөөргүй түвшинд бид хүрч чадсан. Тухайн үед 50 Ваттын чадалтай нарны цахилгаан эх үүсвэрүүдийг хөнгөлөлттэй үнээр өгсөн байдаг. Өдгөө малчин өрхүүдийн амьжиргааны түвшин дээшилж, цахилгааны хэрэглээ нь ч өссөн. Цаг үеэ харсан ч дан ганц гэрэлтэй байх, зурагт үзэх нь хангалтгүй боллоо. Иймээс өсөн нэмэгдсэн тэр хэрэглээг нь хангаж чадахуйц нарны эх үүсвэрүүдийг малчин өрхүүдэд төр, засгийн түвшинд бодлогоор, банк санхүүгийн дэмжлэг үзүүлж ч юм уу, аль оновчтой байдлаар хэрэгжүүлж тэдний хэрэглээг хангах шаардлага үүссэн. Малчин айл яагаад угаалгын машин ашиглаж, том зурагт үзэж болохгүй гэж? Иймэрхүү хэрэглээг хангахад 500 Ваттаас багагүй чадалтай эх үүсвэр хэрэгтэй.
-Нарны дэлгэцийн үнэ хямдарч буй байх аа. Монголоос нийлүүлэх боломжтой юу?
-Монголд нарны дэлгэц угсарч үйлдвэрлэдэг, хөрш орнуудаас ч оруулж ирдэг. “100 мянган нарны гэр” төслийг хэрэгжүүлж эхлэхэд ийм дэлгэц үнэтэй байсан. Нэг Ватт нь бараг дөрвөн ам.доллар байсан юм. Тэр үед нарны панельд ордог үндсэн элемент нь байгалийн цахиур байсан л даа. Тэгвэл өдгөө шинжлэх ухаан, техник, технологи хөгжихийн хэрээр үндсэн элементээ үйлдвэрийн аргаар бүтээж буй тул жил ирэх тусам үнэ нь хямдарч байгаа. Өдгөө дээрх тоо 0.3 ам.доллар болсон. Мэдээж бусад цахилгаан тоног төхөөрөмж (цахилгаан үүсгүүр хувиргагч, цэнэг хураагуур, хяналт удирдлагын систем зэрэг) авах шаардлагатай.
-Манайд сэргээгдэх эрчим хүчний үнэ зарим орныхтой харьцуулбал өндөр гэж шүүмжлэх нь бий. Гэтэл гадаадын орнуудад бодлогоор анхаардаг юм билээ.
-Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталсан. Үүнд сэргээгдэх эрчим хүчний тарифыг тогтоож, тусгасан. Тухайн үед тийм тарифаар мөрдөхөөс өөр аргагүй байсан. Дэлхийд сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх эрчим хүчний үнэ одоогийнх шиг хямдраагүй, мөн валютын ханш ч сул байсан. Харин одоо дэлхий даяар ийм эх үүсвэрээс нийлүүлэх эрчим хүчний үнэ буурч байгаа. Монголыг гадаадын орнуудтай харьцуулахаасаа өмнө анзаарах зүйлс бий. Жишээлбэл, Арабын Нэгдсэн Эмират Улсад нэг кВт.ц эрчим хүчийг 0.01-0.02 ам.доллароор нийлүүлж буй төсөл ч байна. Тэнд сэргээгдэх эрчим хүчний станц барихад зориулан газрыг нь үнэгүй олгодог. Өдрийн халуунд хөргөлтийн систем, газрын тосны олблорлолт гээд эрчим хүчний маш өндөр хэрэглээтэй. Үүндээ зориулж НЦС-уудыг ашиглаж байгаа. Хоёрдугаарт, Персийн булангийн орнуудад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд бүх татвараас чөлөөлсөн байдаг. Төр, засгаас нь бодлогоор ийнхүү дэмждэг. Эдгээрээс хамаараад эрчим хүчний үнэ нь харьцангуй хямд. Үүнээс гадна тухайн барьж буй НЦС-ын хүчин чадлаас шалтгаалж нэгжийнх нь үнэ хямдрах нөхцөл бүрддэг. Жишээ нь, манайд 10, тэнд 200 МВт-ын хүчин чадалтай НЦС барихад нэгжийнх нь үнийн хувьд маш өндөр зөрүү гарна. Манай улсад технологи суурилуулахад бусад орныхтой харьцуулахад арай өндөр зардал гардагтай ч энэ нь холбоотой. Гэхдээ Монголд сэргээгдэх эрчим хүчийг чадах хэмжээгээрээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн компаниудын зүгээс ямар бэрхшээл тулгарч байна гэж хэлдэг вэ?
-Манай холбоо үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. Сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулсан, үйлдвэрлэл явуулдаг, мөн энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тухайлбал, ложистикийн, хуулийн фирм, банк санхүүгийн зэрэг 40 гаруй гишүүн байгууллагатай. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд зааснаас үнэ тарифыг буулгахыг шаардаж, өөрчлөлт оруул гэдэг нь хүндрэл учруулдгийг тэд хэлдэг. Хөрөнгө оруулагчид тогтвортой орчныг чухалчлах нь мэдээж. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа 15, 20 жилийн дараа нөхдөг. Гэтэл дээрх гэрээнд өөрчлөлт оруул гэх нь тэдэнд хүндрэл учруулах нь мэдээж.
-Танай гишүүн компаниудаас нийтийн тээврийг цахилгаанжуулах талаар санал, санаачилга гаргадаг уу. Ингэж чадвал зорчих тариф, агаарын бохирдол буурах зэрэг олон нөлөөтэй гэж харж байгаа?
-АBB группийн Монгол дахь төлөөлөгчийн газар машин цэнэглэх станц нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Улаанбаатарын нийтийн тээврийг цахилгаан болгочихвол нийслэлийн эрчим хүчний хэрэглээ 200 МВт-аар нэмэгдэх тооцоо гарсан. Эрчим хүчний зах зээлийг тэлнэ гэдэг утгаараа энэ нь сайн талтай. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх боломж нэмэгдэх, шөнө цахилгаан экспортлох хэмжээ буурах гэх мэт давуу талтай. Нийтийн тээвэрт дизель автобуснууд ашиглаж байгааг өөрчилбөл импортлох нефть бүтээгдэхүүн багасаж, тэр хэрээр гадагш урсах валютын хэмжээ, бас агаарын бохирдол буурна. Манай гишүүн байгууллагуудаас гарсан санаачилга хүрсэн байж магадгүй. Ямартай ч энэ жилээс туршилтаар цахилгаан автобуснууд явж эхэллээ.