Монгол Улсын зөвлөх инженер, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Мэндбаярын Бат-Очирыг “Хоймор”-тоо урьж ярилцлаа.
-Та арьс, ширний үйлдвэрийн хашаанд хэдэн жил “амьдарч” байна вэ?
-Хойно сургууль төгссөнөөс хойш буюу 1976 оноос энэ хашаанд ажиллаж, амьдарч байна. Нийтдээ 40 гаруй жил арьс, ширний үйлдвэрийн хашаанд ажилласан байна. Одоо энэ хашаанд том, жижиг 30 орчим үйлдвэр ажиллаж байгаа. Манай улсад арьс, ширээ боловсруулж эхэлсэн түүх 1934 оноос эхтэй. Энэ салбар Монголд үүсэж, хөгжсөн цагийн талаас илүүг гадарлана. Хуучин цагт Арьс, ширний үйлдвэрийн нэгдлийн харьяанд том ширний үйлдвэр гэж байсан юм. Тэндээс ажлын гараагаа эхэлсэн. Тэр нь одоогийн “Булигаар” хувьцаат компани. Том ширний үйлдвэрт 11 жил ерөнхий инженер, “Булигаар” компанид 22 жил дарга, гүйцэтгэх болон ерөнхий захирал хийлээ. Завсар нь 1986-1989 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн хэлтэст ахлах инженерээр ажилласан. Одоогийнхоор бол ахлах мэргэжилтэн юм. Би 1989 онд том ширний үйлдвэртээ буцаад ерөнхий инженерээр ажилласан. Тэгээд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос хойш дарга, захирлаар нь 22 жил ажилласан хүн. Тухайн үед салбарын яам хүчтэй байжээ. Нэхий эдлэл, гутал, ноос, ноолуурын үйлдвэр хариуцсан инженер гэх мэт тус тусын үүрэгтэй 10 гаруй инженер манай хэлтэст ажилладаг байлаа. Тэр хэрээр үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан. Гэтэл одоо салбарын яам хөнгөн үйлдвэр хариуцсан ганц мэргэжилтэнтэй. Арьс, ширний үйлдвэрлэлийн салбар 1980-аад онд хөгжлийнхөө оргилд хүрсэн гэж боддог. Монгол Улс тухайн үед жилд таван сая ширхэг арьс, шир бэлтгэж байв. Үүнийгээ 100 хувь гүн боловсруулж байлаа. Жилд 3.5 сая хос гутал, 250-350 мянган савхин, энэ хэмжээний нэхий хувцас үйлдвэрлэж байсан. Тухайн үед улсын экпортын 10 гаруй хувийг манай салбар бүрдүүлдэг болсон. Арьс, ширний үйлдвэрүүдийг 1990-ээд оноос хувьчилсан. Хувьчлал манай салбарт хүссэн үр дүн авчраагүй. Цогц байдлаар хөгжүүлж байсан зүйлийг хэсэгчлээд хувьчилчихаар уялдаа холбоогүй, зуун задгай болж, нэг нь нөгөөгөө татаж унагасан. Салбарын үйлдвэрлэл 2000 онд бүрэн зогссон. Үүнээс хэдэн жилийн дараа салбарын мэргэжилтэн, инженерүүд, зарим компанийн захирал хамтраад төсөл боловсруулсан. Бид салбараа сэргээн босгох төслөө салбарын яамаараа дамжуулаад, Засгийн газарт танилцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргасан. УИХ-аас 2012 онд гурван заалт бүхий 74 дүгээр тогтоол баталсан. Малчин үйлдвэрлэгч хоёр холдчихож, компаниуд түүхий эдээ бэлтгэж чадахаа больжээ гээд үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаавал урамшуулал олгох шийдвэр гаргасан. Мөн үйлдвэрүүдийг 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжье гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс гадна арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахыг даалгасан. Энэ тогтоол манай салбарын үйлдвэрлэлийг сэргээхэд ихээхэн түлхэц болсон юм. Арьс, ширний үйлдвэрлэл одоо эрчимтэй сэргэж байна.
-Одоогийн “Булигаар” компани социализмын үед хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бэ?
-“Булигаар” компанийн технологийг 1976 онд Чехословак улсын дэмжлэгээр шинэчилсэн. Тухайн үед жилд 380 мянган ширхэг үхэр, адууны шир боловсруулж, гутлын үйлдвэрийг бүрэн хангах зорилт тавьсан. Манай үйлдвэрт 350 хүн ажиллаж байсан. Үүний 40 орчим нь инженер. Үйлдвэр хүчин чадлаа 100 хувь ашигладаг байв. Хүчин чадлаасаа давуулж үйлдвэрлэж байсан тохиолдол ч бий. Би шинэ тоног, төхөөрөмж суурилуулж, технологийн туршилт хийж байх үеэс нь ажиллаж эхэлсэн. Ерөнхий инженерийн гол үүрэг технологийн дэвшил гаргах, хүмүүсээ чадавхжуулах шүү дээ. Хүүхдээрээ шахуу байхдаа хүмүүст технологио заагаад ажлын гараагаа эхэлсэн. Манай үйлдвэр үхрийн шир голдуу боловсруулна. Ургамлын идээлгээр ширийг зузааруулдгаараа булигаарын боловсруулалт онцлогтой. Үхэр, адууны ширийг боловсруулахдаа ханан хээ тавихгүйгээр өнгө, өнгөөр будан гаргаж ч байлаа. Түүгээр гоёлын цүнх, гутал үйлдвэрлэж байсан. Булигаар хүрэн цүнхэнд нь чихэр шаргиад байна хө гэж дуулдаг даа. Хятадад эртнээс булигаар үйлдвэрлэж ирсэн түүхтэй. Монголчууд ханан хээтэй, өнгө өнгийн булигаараар монгол гутал, эмээлийн гөлөм, аяны богц хийж ирсэн түүхтэй. Зузаан, эдэлгээ даадаг учраас хөдөөгийнхөн булигаараар эдлэл, хэрэглэл хийх нь элбэг. Ус нэвтрүүлдэггүй гээд хөдөө аж ахуйн салбарт ашиглахад их тохиромжтой материал л даа.
-“Булигаар” компанийн үйл ажиллагаа 1990-ээд онд хэрхсэн бэ. Зах зээлийн шуурганд нэрвэгдсэн үү?
-Бид 1990-ээд оны дундуур үйлдвэрийг хувьчлах санаачилга гарган, Засгийн газарт санал оруулсан. Энэ үед компанийн тоног төхөөрөмж хуучраад шинэчлэх шаардлага тулгарсан байлаа. Бид үйлдвэрийн хувьцааны 50 хувийг төрийн мэдэлд орхиж, үлдсэнийг нь хувьчилж, техникийн шинэчлэл хийх төсөл боловсруулсан. Төсөл боловсруулах үедээ компанид “Булигаар” гэж нэр өгсөн юм. Гэтэл Засгийн газар арьс, ширний үйлдвэрийг 100 хувь хувьчлах хэрэгтэй гэж үзсэн. Ингээд “цэнхэр тасалбар”-аар 100 хувь хувьчилсан юм. Дараа нь бид тоног төхөөрөмжөө шинэчлэх төсөл боловсруулсан. Италийн банкнаас Монголбанк болон тус улсын Засгийн газрын даатгалын байгууллагын баталгаатайгаар 14.5 сая ам.долларын арилжааны зээл авсан. Компани 2.5 саяыг нь гаргаад, нийт 17 сая ам.доллароор шинэчлэл хийсэн. Би төслийг удирдаж, 1995 оноос хөөцөлдөж эхлээд, 1998 онд үйлдвэрээ шинэчилж чадсан. Арьс, ширний бусад үйлдвэр уналтад орж байхад манайх л ганцаараа шинэчлэл хийж байв. Компанийн хувьцааны ханш 100 төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл шинэчлэл хийсний дараа 3000 төгрөгт хүрч өслөө.
Бизнесменүүд ч манай үйлдвэрийг сонирхох болсон. Тухайн үед манай компани 5000 гаруй хөрөнгө оруулагчтай, хувьцаа нь төвлөрөөгүй байсан. Гэтэл шинэчлэл хийсний дараа “Бат Монгол” гэж компани манай хувьцааны 30 хувийг цуглуулсан байлаа. Тэднийх Сэргээн босголт банкнаас зээл авчихсан байж. Монголбанкнаас зээлийн хөрөнгөөр үнэт цаас худалдаж авах нь хориотой гээд тэднийхээс хувьцааг нь татаад авчихсан. Үндсэндээ Монголбанк “Булигаар”-ын хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг. Зээлийнхээ тодорхой хэсгийг бид төлсөн. Үлдсэнийг нь төлөх шаардлага тулгарсан. Энэ үед Монголбанк Италийн нэг компанид манайхаас эзэмшиж байсан хувьцааг зарж, зээлийг төлсөн юм. Ингэж манай компанид санхүүгийн хүндрэл үүсгэхгүйгээр зохицуулсан. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон, гутлын үйлдвэр дампуурчихсан 2000-аад оны үед компани нэг хэсэг үйл ажиллагаагаа зогсоосон. Удалгүй шинэ хувьцаа эзэмшигчидтэйгээ ярилцаад “Мон Ит булигаар” нэрээр үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. Италичууд үйлдвэрт оруулсан хөрөнгөө нөхөх зорилгоор өөрийн эрх ашигт л нийцүүлж ажиллуулсан даа. Ер нь өөдтэй ч ажиллуулаагүй. Өчнөөн арьс, боловсруулж, экспортолсон ч төлбөр нь манайх руу биш, Италийн компанийн данс руу ордог байлаа. Ийм нөхцөлд үйлдвэрт том хэмжээний эргэлт хийх боломж олдоогүй. Би 2012 онд ажлаа өгсөн. Дараа нь “Ажнай корпорац” хувьцааных нь хяналтын багцыг худалдаж авсан ч ажиллуулж чадахгүй, хэдэн жил сул зогсоосон. Харин “Булигаар”-ын хувьцааны хяналтын багцыг “Дархан минж” компани өнгөрсөн жил худалдаж аваад, нэлээд хөрөнгө оруулалт хийлээ. Барилгаа засаж, зарим техникээ шинэчилсэн. Тэд хуучин хүчин чадлаар нь ажиллуулах эрмэлзэлтэй байна. “Булигаар” компанийн үйл ажиллагаа дахин сэргэж байгаад энэ үйлдвэрийн төлөө ажиллаж ирсэн хүний хувьд сэтгэл өндөр сууна.
-“Булигаар” компаниас хувьцаа эзэмшдэг үү?
-Бий, бий. Гэхдээ хувь хэмжээ нь бага. Би сая компанийнхаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон. Шинэ хөрөнгө оруулагч нь хуучин ямар бүтэцтэй, технологитой ажиллаж байсан талаар зөвлөгөө өгөөч гэсэн санал тавьсан. Одоо зөвлөгөө өгөөд ажиллаж байна.
-“Булигаар” компанийн үйл ажиллагаа зах зээлд шилжих хүнд үед зогсоогүй, бага хэмжээгээр ч болов үйлдвэрлэл эрхэлж байсан гэж ойлголоо. Бүтээгдэхүүн экспортолж байжээ. Дотоодын зах зээлд нийлүүлж байсан уу?
-Бага хэмжээгээр нийлүүлж байсан. Одоо зарим үйлдвэр булигаар хийж, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ манай компанийн хэмжээнд хүртэл чанартай хийж чадахгүй байна гэж дүгнэдэг. Арьс, шир боловсруулах нь нарийн мэргэжил, мэдлэг, мэдрэмж шаардсан ажил. Арьс бол уураг, иддэг хоол шүү дээ. Бид шийр толгой хуйхлаад л иддэг. Бараг л мах гэсэн үг. Үүнийг боловсруулж материал болгох нь хими, биохимийн нарийн процесс. Тухайн үйлдвэрийн материалын чанараас технологичийнх нь чадварыг харж болно. Арьс, шир боловсруулахад 70-80 химийн бодис хэрэглэдэг. Орц найрлагыг нь сайтар тохируулахгүй бол чанаргүй арьс, шир үйлдвэрлэнэ.
-Арьс, ширний хашаанд 10 гаруй үйлдвэр ажиллаж байснаас “Булигаар”, “Монгол шевро” компани хоёр л үндсэн үйл ажиллагаа эрхэлж үлдсэн гэдэг. Үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан хүний үзэл бодлоос цаашдын үйл ажиллагаа нь хамаараад байна уу, эсвэл өөр ямар нэг онцлог бий юү?
-Үйлдвэрүүдийг дагнаж ажиллуулж байх үед их чанартай бүтээгдэхүүн гаргадаг байсан. Тухайлбал, “Монгол шевро” ямааны, шевретийн үйлдвэр хонины арьс, манайх үхрийн шир дагнан боловсруулдаг байлаа. Дагнаж ажиллахаар хүмүүс илүү нарийн мэргэшдэг онцлогтой. Одоогоор “Монгол шевро”, “Булигаар” хоёр л үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний бусад үйлдвэрийн байр савыг ашиглаад шинэ үйлдвэр байгуулагдаж байгаа нь олзуурхууштай. Өнгөрсөн жил судалгаагаар манай салбарынхны 40 хувь нь техникээ шинэчилсэн байна лээ. Үйлдвэрийн хувьцааны хяналтын багцыг эзэмшиж буй хүний үзэл бодлоос их зүйл хамаардаг гэж боддог. Хувьцааны хяналтын багцыг нь эзэмшсэн хүн зориулалтаар нь ажиллуулахыг зорьсон бол үйлдвэрүүд “Монгол шевро” шиг үндсэн үйл ажиллагаагаа эрхэлж байх байсан биз. Уг нь манай улс өмнө нь хийж байсан ажлыг нь цаашид үргэлжлүүлнэ гэсэн нөхцөл тавьж, өмчөө хувьчилдаг. Хуульд ч ийм заалт бий. Гэтэл гутал, савхин эдлэлийн гэх мэт олон үйлдвэрийн үйл ажиллагааг зосгоож, техник хэрэгслийг нь үгүй хийсэн. “Сор” компани гэхэд жилд нэг сая ширхэг булга, хурга, ишигний арьс боловсруулж байлаа. Одоо “Сор” компани нэг ширхэг ч үслэг эдлэл боловсруулж чадахгүй. Шевретийн үйлдвэр нэг ширхэг ч хонины арьс боловсруулж чадахгүй. Үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан хүн хэн байхаас цаашдын ирээдүй нь шалтгаалсан нь харагддаг.
-Таныг “Булигаар” компанийн үндсэн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хичээж ажилласан гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Би энэ үйлдвэрийг шинэчилье, үндсэн үйл ажиллагааг нь таслахгүй үргэлжлүүлье гэсэн бодолтой ажилласан. Түүнээс биш, хувьцааг нь цуглуулаад эзэн нь болчихъё гэсэн сонирхол байгаагүй. Үйлдвэрийг зориулалтаар нь ажиллуулбал Монголд хэрэгтэй гэж бодож ирсэн. Хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн ч намайг захирлаар нь ажиллуулдаг байлаа. Тэд “Та үйлдвэрийн шинэчлэлийг хийсэн учраас удирдаад ажилла” гэдэг байсан. Тэгээд тэтгэвэртээ гартал удирдсан.
-Нэг насаараа ажиллаж яваа салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголд арьс, ширний үйлдвэрлэл хөгжих ёстой. Манай улс 70 сая малтай боллоо. Жил бүр 10 сая ширхэг арьс, шир гарч байна. Үүнийг боловсруулах ёстой. Манай салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлын нэг нь нүүлгэх санаачилга. Арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн Шар хэцийн хоолойд төвлөрүүлнэ гээд шийдвэр гаргачихсан. Шийдвэрийн дагуу инженерийн дэд бүтцийг нь улсын төсвийн хөрөнгөөр барих, үйлдвэрүүд нүүх зардлаа хариуцах ёстой. Гэтэл дэд бүтцийг нь одоо хүртэл бариагүй байна. Үйлдвэрүүд техникийн шинэчлэл хиймээр байдаг. Нүүх юм чинь нэг мөр хийе гээд ацан шалаанд орчихсон сууж байна. Бас Дархан-Уул руу нүүлгэнэ гэж ярих боллоо. Дархан-Уул руу нүүлгэх гээд байгаа юм уу, үгүй юү. Салбарын яамнаас тодорхой бодлого гаргахгүй юм. Ийм тодорхойгүй байдал нь нэг талаар салбарын хөгжлийг гацааж байна. Өөр нэг хүндрэлтэй асуудал бол түүхий эдийн чанар. Малын арьс, шир маш их өвчлөлтэй боллоо. Малчид угаалга, тарилга хийлгэхгүй байгаагаас малын арьс их өвчилж байна. Малчид арьс, ширээ зөв хадгалж чадахгүй юм. Махаа маш сайн хадгалдаг хэрнээ арьсыг нь шороотой хутгаад орхиж байна. Нэг хонины арьсаар дөрвөн цүнх хийвэл 200 мянган төгрөг болно. Улсынх нь эдийн засгийг махнаас дутахааргүй дээшлүүлэх зүйлийг шороотой хутгаж хаяж болохгүй шүү дээ. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо алдагдсан нь ийм нөхцөлийг бий болголоо.
-Ямар хувь төөргөөр арьс, шир боловсруулах үйлдвэрийн технологич мэргэжил эзэмшсэн бэ. Социализмын үед хүүхдүүдийг шууд цохоод сургуульд явуулчих тохиолдол элбэг байсан юм билээ?
-Би Завханаас МУИС-ийн бэлтгэлд 1970 онд ирсэн. ОХУ-аас цааш баруун Европын орнуудад сургах хүүхдүүдийг МУИС-д нэг жил бэлтгэдэг байлаа. Хавар нь гадаадын дээд сургуульд хуваарилав гэж бичиг өгөөд, намар аль сургуульд явуулахыг шийднэ гэлээ. Би Завхан руу гэртээ харьж амарчихаад, унаа тэрэг олдохгүй, есдүгээр сар нэлээд гаргаад хоцорч ирсэн юм. Бэлтгэл хамт төгссөн хүүхдүүд маань аль хэдийн сургуульдаа явчихаж. Тэд Чех, Болгар, Польш руу сургуульд явжээ. Гэтэл сургалт хариуцсан хүн “Чи гайгүй оноотой хүүхэд байна. Эрхүүгийн Улс ардын аж ахуйн сургуульд яв. Ю.Цэдэнбал дарга энд сурсан” гэж байна. Газрын зураг хартал Эрхүү их ойрхон юм. Тэгээд “Би тийшээ явна” гээд Европын улсууд руу заасан. Тэгтэл “Чи Киевийн хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд яв” гэсэн. Газрын зураг харсан чинь нөгөөдүүлтэй маань ойрхон юм. Шууд л зөвшөөрсөн. Хол явж байвал ямар сургуульд сурах нь ер хамаа байгаагүй. Арьс, шир боловсруулах технологи хэцүү юм байна гэж эхлээд бодож байлаа. Гуравдугаар дамжаанд ороод, тухайн үеийн Ленинградын арьс, ширний том үйлдвэрүүдэд дадлага хийсэн. Тэнд мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү ойлгоод, сайн технологич болохын тулд химийн мэдлэгээ сайжруулах ёстой юм байна гэж бодсон.
-Онц сурдаг оюутан байв уу?
-Би МУИС-ийн бэлтгэлд англи хэл үзсэн. Хөдөөний хүүхэд учраас орос хэл бараг сураагүй л хойно очсон. Оросоор хичээл заахад нь ер ойлгохгүй. Багш хааяа нэг мэддэг үг хэлэхээр таньдаг хүн шиг санагдаад сууж байна. Гадаадын оюутанд орос хэлний багш хуваарилж өгнө. Надад эх орны дайнд оролцсон хижээл эмэгтэйгээр орос хэл заалгасан. Дотуур байранд ирж хичээл заагаад, гадуур дагуулж яваад, надаас салахгүй. Зургаан сар болоод хэлээ сураад, хичээлээ ойлгоод эхэлдэг юм байна лээ. Оюутнуудад сар бүр 60-90 рублийн стипенд өгнө. Онц сурах тусам стипенд нэмэгдэнэ. Нэгдүгээр дамжаандаа 60, 2-3-таа 75, 4-5-даа 90 рублийн стипенд авч байлаа. Тухайн үеийн 90 рубль хоол, хувцас авахад элбэг хүрнэ. Их мөнгө байсан. Намайг анх Киевт очиход талх үнэгүй байлаа. Оюутнууд дэлгүүрт ороод талх руу сарвайна. Хоёр, гурвыг л авдаг сан. Киев, Ленинград, Москва гурвыг дайны нэгдүгээр зэрэглэлийн хот гээд талх үнэгүй байсан юм. Гэхдээ нэг жилийн дараа үнэтэй болгочихсон.
-Сурлага сайтай, дунд сургуулиа онц төгссөн хүүхдүүд л гадаадад сургуульд явдаг байсан гэдэг. Завханы онц сурлагатан байсан хэрэг үү?
-Улиастайн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуульд сурлагаараа эхний байруудад жагсдаг байлаа. Гайгүй сурлагатай хүүхэд байсан. Тухай үед гадаадын сургуульд сурах хуваарь тийм ч амар олдохгүй. Аймгийнхаа математикийн олимпиадын аварга болж байсан юм. Тиймэрхүү амжилт их нөлөөлдөг юм байна лээ. Би тухайн үеийн Завхан аймгийн Жавхлант сумд төрсөн хүн. Хожим манай сумыг Алдархаантай нийлүүлсэн. Отгонтэнгэр хайрхны араас эх авдаг Богдын голд хонь хариулж өссөн хүүхэд. Хонь хариулах заримдаа залхмаар уйтгартай шүү. Байсхийгээд газар мод хатгаж нараар цаг баримжаалаад харих гэж яардаг байж билээ. Аймгийнхаа наадмаар хурдан морь унана. Шатар ахынхаа хурдан бор морийг унаж, олон удаа айрагдаж, түрүүлсэн.
-Таныг хэзээ аж үйлдвэрийн гавьяат цолоор шагнасан бэ?
-Намайг “Булигаар” компанийн шинэчлэлийг сайн удирдлаа гэж үнэлээд 2000 оны үед “Алтангадас” одонгоор шагнаж байлаа. Дараа нь 2005 онд бил үү, компаниа сайн удирдаж байна гээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Тэгээд 2012 онд салбарын яам, холбоо, үйлдвэрийнхэн маань “Таныг гавьяатад тодорхойлно” гэсэн. Тэр жилдээ багтаж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулсан. “Булигаар” компанийг сайн удирдсан гэж төр үнэлж, олон шагналаа өгсөн.