Манай улс ариутган, халдваргүйжүүлэх бодисоо 100 хувь импортолдог. Улс даяар ариутгал хийж буй энэ үед тэр хэрээр мөнгө гадагш урсаж буй гэсэн үг. Хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 8-наас хойш нийтийн эзэмшлийн гудамж, талбай, зах, худалдааны төвүүдийг оролцуулаад 190 сая ам мерт талбайг халдваргүйжүүлжээ. Үүнд гурван төрлийн ариутгалын бодис ашигласныг нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан хэлсэн. Тодруулбал, гипохлорид кальци хоёр тонн, клорсепт 1000, жавелион 500 сав (нэг нь-200-300 шахмал) хэрэглэжээ. Өнөөдрөөс гэр хорооллын айлуудын хашаа, нүхэн жорлонг ариутган, халдваргүйжүүлнэ. Уг ажлыг коронавирусийн дэгдэлт намжтал орон даяар үргэлжлүүлэх бөгөөд цаашид ч нийтийг хамарсан ариутгал, халдваргүйжүүлэлтийг жилд гурван удаа тогтмол хийхээр шийдвэрлэсэн юм.
Ариутган, халдваргүйжүүлэх импортын бодисын ихэнх нь таван градусаас дээш хүйтэн, халуунд тэсвэргүй. Өөрөөр хэлбэл, эл температурт халдваргүйжүүлэх үүргээ биелүүлдэггүйг судлаачид хэлдэг. Тэгвэл 40 градусын хүйтэн, халууныг ч үл ажрах, олон салбарт ашиглах боломжтой ариутган, халдваргүйжүүлэх бодисыг манай эрдэмтэд гарган авсан юм байна. БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр, Шинжлэх ухаан технологийн сан (ШУТС)-гийн санхүүжилтээр “Армоно нэгдэл” ТӨҮГ-ын эрдэмтэн, судлаачид кальцийн ислийн гидрат буюу бөсгөсөн шохой үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлээд хоёр жил орчим болжээ. Гидратын шохойг өдгөө арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлж, цэвэрлэх байгууламжийн бохир усыг саармагжуулах, үнэрийг дарах, газар тариалан, жимс, хүнсний ногоо, хүн, малын халдварт өвчний үед ариутган, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахад үр дүнтэйг туршжээ. Уг бодисыг гарган авсан “Армоно нэгдэл”-ийн эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөх инженер С.Бүрэнтэй ярилцсанаа хүргэе.
...Бөсгөсөн шохойг бүх төрлийн ариутгалд хэрэглэж болно. Мал, амьтны олон төрлийн халдварт өвчин, хээл хаяхаас сэргийлэх, бүүрэг, авгалдай зэрэг мэрэгчийг устгана. Хашаа, саравч, тэжээвэр амьтдын байр, нарийн ногооны хүлэмж зэргийг ариутгаснаар нянгийн үржлийг урт хугацаагаар зогсоох боломжтой. Түүнчлэн хашаа, байшин, модон жорлон, бохирын цооног, гуу жалга, гудамж, талбай, багаж, хэрэгсэл, хүнсний агуулах, ногоо, жимсийг хүртэл халдваргүйжүүлнэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон шүдний эмчилгээнд бөсгөсөн шохой ашигладаг учраас хүнд ямар ч хоргүй гэсэн үг...
-Бөсгөсөн шохойг хэрхэн гаргаж авснаас ярилцлагаа эхлэх үү?
-Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн “Армоно нэгдэл”-ийг хүмүүс хуучнаар Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилтын төв гэдгээр нь андахгүй биз ээ. ШУТС-гийн инновацын төслийн уралдаанд манайх “Бөсгөсөн шохой инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл”-ээрээ 79 сая төгрөгийн санхүүжилт босгож, үүнийгээ 2016-2018 онд ажил хэрэг болгосон юм. Уг санхүүжилтийг туршилт, судалгаа, бүтээгдэхүүнээ гарган авахад зарцуулсан. Харин “Баргил тех” компанийнхан бидэнд хөрөнгө оруулан, Дархан-Уул аймагт өндөр хүчин чадалтай үйлдвэр барьж, бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх бүхий л үйл ажиллагааг гардан хийж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын шинжлэх ухааны салбарт барьдаг гол бодлого нь эрдэмтдийнхээ бүтээгдэхүүнийг төр, засаг нь дэмжиж, гарааны компаниар үйлдвэрлүүлэх. Бид яг л энэ замаар явсан.
Бөсгөсөн шохойг арьс ширний үйлдвэрлэлд ашиглах зорилгоор анх гарган авсан. Учир нь уг салбарт өмнө нь импортын буюу дутуу шатсан шохой хэрэглэдэг байсан нь бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй “Харгиа” цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулах болсон. Дутуу шатсан шохой элс, шороо, чулуу ихтэй тул үйлдвэрлэлд их хэмжээгээр ашиглана. Арьсны нүүрийг урах, цэвэрлэх байгууламжийн суваг, шуудууг бөглөх зэрэг асуудлыг шийдэхийн тулд бид дээрх бодисыг үйлдвэрлэсэн юм. Тодруулбал, байгалийн чулуун шохойг өндөр температурт шатааж, гарсан бүхэл шохойг унтраах арга буюу гидратацийн урвалаар кальцийн ислийг ялгадаг. Үүний олон улсын нэршил нь кальцийн гидроксид, өөрөөр унтраасан, бөсгөсөн шохой, кальцийн ислийн гидрат гэж ч нэрлэдэг. Манай бүтээгдэхүүн импортын шохойноос ялгаатай нь дутуу шатсан шороо, чулуу агуулаагүй, 90-95 хувийн цэвэр гидроксид кальци. Тиймээс арьс шир боловсруулах үйлдвэрт нэвтрүүлснээс хойш бүтээгдэхүүний чанар эрс сайжирч, “Харгиа” цэвэрлэх байгууламжид үүсдэг хүндрэлүүд үгүй болсон.
-Дэлхийн улс орнуудад бөсгөсөн шохойг хүн, малын халдварт өвчний үед болон бүхий л салбарт ариутган, халваргүйжүүлэх зорилгоор өргөн ашигладаг. Ариутгалын бодисоо бусад салбарт нэвтрүүлээгүй шалтгаан нь юу вэ?
-Монголд ариутган, халдваргүйжүүлэх бодис импортолдог 30 гаруй компани байдаг гэсэн. Манай бөсгөсөн шохойг бүх төрлийн ариутгалд хэрэглэж болно. Халдваргүйжүүлэх шүлт өндөртэй тул дэлхийн практикт хэдийн нэвтэрсэн. Мал, амьтны олон төрлийн халдварт өвчин, хээл хаяхаас сэргийлэх, бүүрэг, авгалдай зэрэг мэрэгчийг устгана. Хашаа, саравч, тэжээвэр амьтдын байр, нарийн ногооны хүлэмж зэргийг бөсгөсөн шохойгоор ариутгаснаар нянгийн үржлийг урт хугацаагаар зогсоох боломжтой. Түүнчлэн хашаа, байшин, модон жорлон, бохирын цооног, гуу жалга, гудамж, талбай, багаж, хэрэгсэл, хүнсний агуулах, ногоо, жимсийг хүртэл халдваргүйжүүлнэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон шүдний эмчилгээнд бөсгөсөн шохой ашигладаг учраас хүнд ямар ч хоргүй гэсэн үг. Цаашлаад газар тариалангийн хортон шавж устгах, цэвэрлэх байгууламжуудын үнэр дарах, хор саармагжуулах, барилгын материалын болон химийн үйлдвэрлэлд, авто зам барихад, шахмал түлшний нүүрсхүчлийн хийг бууруулах зэрэгт ашиглахад үр дүнтэй. Үүнийг бид туршиж, судалсан. Тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр дарахад, 2018 оны 7-8 дугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран, Баянзүрх дүүргийн II хорооны 2000 өрхийн нүхэн жорлон, үерийн далан, суваг, шуудуу, гудамж, талбай, хогийн цэгийг ариутган, халдваргүйжүүлэхэд шохойгоо ашигласан. Тэгэхэд нян, бактери байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин буурсан. Ариутгалын бодисоо арьс ширнийхээс бусад салбарт ашиглаж, импортын бүтээгдэхүүнийг хязгаарлахыг зорьсон ч биднийг дэмжиж, хамтрах нь тун цөөн юм.
-Яагаад?
-Монголд ариутгал, халваргүйжүүлэлтэд ашигладаг химийн бодисын жагсаалт гэж бий. Дэлхийд өргөн хэрэглэдэг, байгалийн гаралтай бөсгөсөн шохойг уг жагсаалтад бүртгэхдээ олон улсын нэршлийг нь гүйцэд бичээгүйгээс асуудал үүссэн. Гидратын шохой, кальцийн гидроксид, кальцийн исэл зэргийн алинаар нь ч тэмдэглээгүй, кальци л гэсэн байв. Үүнээс болж бодисоо хэрэглээнд нэвтрүүлэх ажил удааширсан. Дээрх жагсаалтад бодисынхоо нэршлийг оруулахын тулд өчнөөн газраар явж, бичиг цаас бүрдүүлэх шаардлагатай. Уг нь бол дэлхий нийтийн практикт нэвтэрсэн, үр дүн нь нэгэнт тодорхой болсон бүтээгдэхүүнийг өндөр шаардлагагүйгээр хэрэглээнд нэвтрүүлэх журам бий. Өнөөдрийн үүсээд буй нөхцөлд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, хямд өртгөөр бодис нийлүүлэх боломж байсаар. Даанч хэрэгжүүлэхгүй юм.
Манай бөсгөсөн шохойн үйлдвэр бүрэн автомат, цагт 10 тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Хоёр ээлжээр, 24 цаг ажиллах хүний нөөцтэй. Бөсгөсөн шохойг ариутгалд ашиглавал импортыг орлох бүрэн боломжтой. Нөгөөтээгүүр, импортын ариутгалын бодисууд голдуу химийн бактеритай. Энэ нь таван градусаас дээш хүйтэнд амьдрах чадваргүй. Тэгэхэд гидратын шохой халуун, хүйтэнд шинж чанар, үйлчилгээгээ алдахгүй. Үнэргүй тул хэрэглэхэд хялбар, ердийн нөхцөлд ч хадгалж болдог.
-“Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохирыг саармагжуулахад бөсгөсөн шохой ашигласан гэж сонссон. Үр дүн нь ямар гарсан бэ?
-“Харгиа” цэвэрлэх байгууламжид арьс шир, ноос, ноолуур машин угаалгын болон бусад аж ахуйн нэгжийн бохир ус нийлүүлэгддэг. Эдгээрээс арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал ус хамгийн бохир нь. Учир нь энэ чиглэлийн үйлдвэрүүд хүхрийн хүчил, сода, сульфид, хром зэрэг 300 гаруй химийн бодис хэрэглэдэг. Тус цэвэрлэх байгууламжид жилд 213 724 шоо метр бохир нийлүүлж байна. Үүн дотор хром, сульфидийн агууламж хамгийн өндөр байдаг. Уг хоёр эльмент нь Төв цэвэрлэх байгууламжийн ашигтай бактерийг үхүүлдэг. Тиймээс манай судлаач, эрдэмтэд уг хортой бодисыг цэвэрлэх байгууламжид нэвтрэхээс өмнө буюу эхний ээлжид хромыг ялгаж авах технологи боловсруулсан. Ингэхдээ ус дамжуулдаг сувгийг салгаж, бөсгөсөн шохой ашиглан, хромыг “барьж авах” юм. Үр дүнд нь Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал үлэмж хэмжээгээр буурна.