ОХУ-ын Эрхүү хотод бөмбөгтэй хоккейн (bandy) ДАШТ-ий В дивизоны В хэсгийн тоглолт энэ сарын 1-6 нд болж өндөрлөсөн. Манай хоккейчид Словак, Латви, Япон, Сомали улсын багтай таарч, хожин хэсгээ тэргүүлсэн билээ. Хасагдах шатанд Чехийн хоккейчдыг 2:1-ээр илүүрхэн, шөвгийн дөрөвт шалгарсан ч хүрэл медалийн төлөө Словакийн шигшээ багтай тоглож медалиас атгаад алдав. Тэмцээн нэгээр дуусдаггүй, ялагдах өдөр байхад ялах өдөр ч бий. Энэ удаагийн тоглолт манай тамирчдад амжилт ойрхон байгааг харуулав. Тоглолтод Унгарын хоккейчид тэргүүлсэн бол украинчууд аман хүзүүдсэн. Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ багийн тамирчдыг ес дэх удаагаа ДАШТ-д сойсон ахлах дасгалжуулагч Б.Жаргалыг “Таван цагариг”-ийн зочноор урив.
-Хоккейн тэмцээн өрсөлдөөнтэй, нанчилдаантай болдог тул спорт сонирхогчдыг их татдаг. Манайхан шөвгийн дөрөвт шалгарахад энэ эрчээрээ тоглосоор медаль хүртчих болов уу гэж найдаж суулаа.
-Бид тэмцээн эхлэхээс өмнө Эрхүүд долоо хоногийн бэлтгэл базаасан. Манайх хэсэгтээ нэг ч хожигдолгүй тэргүүлсэн шүү дээ. Хэсгээсээ гарч, Чехийн багийг хожин, шөвгийн дөрөвт шалгарсан. Өмнө нь манайхан Украиныг хожсон удаатай, тэмцээнд хоёр баг өгөө, аваатай л байдаг. Энэ удаа тэднийх дээд лигт тоглодог, ОХУ-ын туршлагатай гурван тамирчнаар хүчээ сэлбэжээ. Бид бүх зүйлээ шавхан тоглосон. Украины багт хойд хөршийн шилдэг хаалгач байгаагүй бол манайхан амар ялагдахгүй байлаа.
Манай залуу хоккейчид тэдэнтэй тоглохдоо торгуулж, улаан хуудас авсан нь бас нөлөөлсөн. Хүрэл медалийн төлөөх тоглолтод словакчууд дараалан гоол оруулж, манайхыг 2:3-аар ялж, медалийн тавцанд зогслоо. Энэ удаа түрүүлсэн унгарчууд А хэсэгт тоглоно. Спортод аз, азгүйтэл аль аль нь бий. Монголчуудын ярьдгаар манай хоккейчдод цагаан хэл ам хүрсэн байх. Өрсөлдөгч багаа бүгдийг нь ялсан болохоор хүмүүс медаль хүртэнэ гэж найдсан. Тэр бүү хэл Оросын сонин, сэтгүүлд “Энэ ДАШТ-д Монгол, Унгарын аль нэг нь түрүүлэх магадлалтай” гэж бичиж байлаа. Тэмцээнд хожигдох амаргүй, ялагдлаа бодож нэг хэсэг сэтгэл тавгүйтдэг. Би тамирчдадаа “Тэртэй, тэргүй хэсгээсээ шалгарах байсан юм чинь айлын нэг, хоёр гоолыг хаалгандаа хийлгэчихдэг байж” гэж хошигносон.
-Залуу тамирчдаасаа дараагийн ДАШТ-д сойх боломжтойг нь олж харав уу?
-Шинэ тамирчид хурдтай гэдгээ, багийн ахлагч Г.Тамир гэж ямар хүн байдаг, тэмцээнд хэрхэн үүрэг, хариуцлагатай тоглодгийг гайхалтай харуулсан. Энэ жил шигшээ багтаа долоон залуу тамирчин авсан. Тэд том тэмцээнд анх удаа оролцож, олон орны тамирчидтай тоглож үзсэн болохоор туршлага дутсан тал бий. Эсрэг багийн хаалганд ихэнх гоолыг ах нар нь хийж, тоглолтыг нуруун дээрээ үүрсэн болохоор маш их ядарсан. Ирэх жилийн тоглолтод залуу тамирчдаа сэлгээнд гаргана. Хоккейн багт туршлагатай тамирчдыг дагалдуулж хурдтайг нь тоглуулдаг тактик байдаг.
-2016 оны ДАШТ-д манайхан украинчуудтай нударга зөрүүлсэн. Энэ удаа тийм юм дахин болох вий гэж бодож суулаа. Ер нь хоккейн тэмцээн зодоонгүй өндөрлөх нь ховор байх аа?
-ОХУ-ын Ульяновск хотод болсон тэр тэмцээнд би ахлах дасгалжуулагчаар явсан. Манайх хэсэгтээ тэднийг хожчихсон байлаа. Хүрэл медалийн төлөө тоглож, 5:3-аар хожиж явтал гурван тамирчин маань торгуулаад суусан. Талбайд 10 хүний эсрэг долоон тамирчин тоглолоо. Тоглолтын тооны харьцаа 5:5 болж, украинчууд алтан гоолоор хожсон. Манайхан хожигдсон болохоор шар нь хөдөлчихсөн байсныг хэлэх үү тэднийг өдөхөөр нь гар зөрүүлсэн. Хоёр багийн зодолдохыг дэлхийн даяар харсан шүү дээ. Ямар ч зүйлд амархан бууж өгдөггүй монгол хүний дайчин зан тэмцээнд харагддаг. Хоккейн ДАШТ зодоонгүй өндөрлөх нь ховор. 2014 онд манайхан Нидерланд, 2015 онд Эстонийн багийнхантай гар зөрүүлсэн нь тэндхийн сонин хэвлэлд гарч, сүртэй юм болж билээ. Нидерландчуудтай зодолдчихоод хувцас солих өрөөнд сууж байтал Оросын тусгайгийнхан ирээд “Монголчууд та нар сайн зодолдсон шүү. Тэмцээнийг улам сонирхолтой болголоо” гээд инээж байсан. Зодоонд манайхан дийлдэг болохоор надад оролцох шаардлага гардаггүй. Өөрөөсөө өндөр нөхдийг манайхан ганцхан цохиж унагаагаад балбачихна. Хоккейн тэмцээн зодоонтой болох тусмаа илүү сонирхолтой шүү дээ. Үзэгчид ч дуртай байдаг.
ТОГЛОЛТЫН ӨМНӨ “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” -АА ДУУЛДАГ
-Эрхүүд болсон ДАШТ-ий үеэр шилдэг тоглогчийг шалгаруулж, эсгий гутлаар шагнасан. Хасагдах шатны Монгол, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор ОУХМ Ж.Баярсайхан шалгарч эсгий гутал авсан даа.
-Орос үндэстний аз, амжилтын нэг бэлгэдэл нь эсгий гутал юм билээ. Манай хоккейчдоос Г.Тамир, З.Батгэрэл, Д.Мөнгөнхуяг, Ц.Шинэбаяр, Б.Мөнхболд, Г.Мөнхтулга нар авч байсан. Монголын хоккейн тамирчдаас Б.Мөнхболд шилдэг хаалгач болсон. Өнгөрсөн тэмцээнд 11 бөмбөгийг багийнхаа хаалганд оруулалгүй хаасан. Бөмбөгтэй хоккейд түүн шиг үсэрч харайгаад хаадаг хаалгач байхгүй дээ. Тэрбээр хөлбөмбөгийн хаалгач хийдэг. Энэ ДАШТ-д Украины хаалгач хамгийн шилдэг нь байлаа.
-Монголд бөмбөгтэй хоккейг хэрхэн нэвтрүүлж, шигшээ баг бүрдүүлж байсан талаар та сонирхолтой түүх өгүүлэх болов уу?
-Би 2006 оноос бөмбөгтэй хоккейтэй нөхөрлөсөн. “Багануур” компанийн захирал байсан Х.Балсандорж Монголын шайбтай хоккейн холбооны ерөнхийлөгч боллоо. Түүний санаачилгаар 2002 онд ах, дүү Ч.Пүрэвдаваа, Ч.Баасандаваа нар Бөмбөгтэй хоккейн холбоог анх байгуулсан. 2003 онд Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоонд гишүүнээр элсэж, 2006 онд Шведэд болсон ДАШТ-д анх оролцсон. Тэмцээнд манайхан анх удаа тоглохдоо өрсөлдөгчөө 4:3-аар хожиж, урам авч билээ. Тэндээс Яна хэмээх дасгалжуулагч Монголд ирсэн юм. Тэрбээр хоккейн лигийн тэмцээн үзэхдээ манай тамирчдыг судалсан. Тэр үед Төв цэнгэлдэхийн талбайд ус асгаж хөлдөөгөөд тамирчдаа бэлтгэл хийлгэдэг байв. Бөмбөгтэй хоккейн шигшээ багийн анхны ахлагч дасгалжуулагч нь Э.Шинэбаяр, би менежер нь болж билээ.
-Эрхүүгийн бөмбөгтэй хоккейн “Байкал-энергия” багийг олон жил дасгалжуулсан Евгений Выборов Монголын шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажилладаг гэв үү?
-Тийм ээ. 2007, 2008 онд Б.Зундуй-Осор хэмээх хүн биднийг дэмжиж, тусалдаг байв. Тэр үеэс Евгений Выборов Монголд ирсэн. Тэрбээр одоо зөвлөх дасгалжуулагчаар ажилладаг. Хоккейн тоглолтын арга барил, техник, тактикийг маш сайн мэднэ. Энэ хүн Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ багийн тамирчдыг бэлтгэж, суурийг нь тавьсан. Одоо ч манай тамирчид түүний арга барил, тактикаар тоглодог. 2016 онд надад “Монголын шигшээ багийн дасгалжуулагч монгол хүн байх ёстой. Чи надтай олон жил хамт ажилласан. Одоо багаа ахал” гэж зөвлөсөн. Ингэж би багийнхаа ахлах дасгалжуулагч болж байв. Манай шигшээ багийн амжилт түүнтэй салшгүй холбоотой. 2017 онд Шведэд болсон ДАШТ-д манайхан түрүүлэх зорилготой очоод хүрэл медаль авсан. Тэр тэмцээнд манай багт ОХУ-аас гурван легионер тоглосон. Евгений Выборов гуай өдгөө 68 настай. Сая болсон ДАШТ-ийг үзчихээд “Бид энэ байтугай медаль хүртэх байсан, үнэхээр азгүйтлээ” гээд толгой сэгсэрсэн. Тэрбээр багуудын сул, давуу талыг хэдийн судлаад мэдчихсэн байдаг. Түүний зөвлөсний дараа би тамирчдадаа “Ярьсан тактикаараа тоглоорой” гэж хэлдэг. Тоглолтын өмнө бид тойрч зогсоод “Халуун элгэн нутаг”-аа дуулж, Монголын Улсын төлөө зүтгэе” гэж хэлээд талбайд гардаг юм.
ЗАЛУУСААС “СПОРТООР ХИЧЭЭЛЛЭДЭГ ҮҮ” ГЭЖ АСУУДАГ
-Түүнээс хойш манай шигшээ багт легионер тамирчид дахин тоглоогүй. Ямар учиртай юм бол?
-Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоо олон баг, тамирчныг хамруулахын тулд дэмждэг байсан. Тэр гурван легионерын өвөө, эмээ нь Монголд ажиллаж байсныг уламжилснаар манайд тоглохыг зөвшөөрсөн юм. Тэгсэн 2018 оноос зөвхөн иргэншлээр нь оролцуулах болсон. Холбоо ийм шийдвэр гаргасан тул гурван легионер маань өөрийн багтаа тоглох болсон хэрэг. Бөмбөгтэй хоккейд шигшээ багаа бүрдүүлээд бор зүрхээрээ тоглож байгаа улс гэвэл Монгол, Япон, Сомали. Бусад улсын баг хоёроос гурван легионер тамирчинтай. Алтан медаль зүүсэн Унгарын багт Норвег, Швед, Украин, Латви, Эстонид Оросын хоккейчид тоглож байна. Монголын хоккейчид ДАШТ-д өрсөлдөхдөө гурван удаа хүрэл медалийн төлөө тоглолоо.
-Манай хоккейчид “Asian chаllenge cup”-д сайн тоглодог. Бөмбөгтэй хоккей тоглодог тамирчид ч гэсэн шайбтайд өрсөлдөж байгаа харагддаг.
-Шайбтай хоккей, бөмбөгтэйгээс тэмцээний талбай, тоглолтын арга барил, техникээр тэс өөр. Энэ тэмцээнд манай тамирчид сайн тоглодог. “Asian chаllenge cup”-д Япон, БНСУ, БНХАУ-ын топ багууд оролцдоггүй, ДАШТ-д л өрсөлдөнө. Харин хөгжиж байгаа орнуудын тоглолтын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Монголд хоккейн хоёр ч талбай удахгүй ашиглалтад орох гэж байна. Хүүхдүүд хаана мөсөн талбай байна тэнд л хоккей тоглож өнждөг. Манай тамирчдын олонх нь сонирхлоо дагаж хоккейд хөл тавьсан.
-Таныг хоккейн тамирчин гэж боддог байлаа. Энэ спорттой сонин тохиолдлоор холбогдсоныг тань дуулаад их гайхсан шүү.
-Хоккейтэй нөхөрлөөд 30 шахам жил болж байна. Хоёр жилийн дараа дасгалжуулагчийн ажлаасаа зодог тайлж, өөр хүнд шилжүүлнэ. Намайг бөмбөгтэй хоккейн дасгалжуулагч болохоор хүмүүс тамирчин гэж боддог юм шиг байгаа юм. “Та тамирчин байсан уу гэж асуухад нь “Үгүй ээ, хоккейтэй сонирхлоороо холбогдсон” гэхээр их гайхдаг. Би хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байв. Дархан-Уул аймгаас шалгарч, насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож байлаа. 1987 онд Төмөр замын дээд сургуулийг дүүргэж, Шарын голын уурхайн төмөр замын даргаар ажилласан. Тухайн үед байгууллагуудын дунд спортын бүх төрлийн тэмцээн зохион байгуулдаг байв. Би ажилд орохоор ирсэн залуусаас “Чи сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол тоглодог уу” гэж асуудаг. Манай Шарын голын залуус спортоор тэргүүлдэг. Тэгсэн уурхайн хоккейн баг дасгалжуулагчгүй боллоо. Тухайн үед хоккей тоглодог тамирчдаас З.Очирбат, П.Батсайхан, Г.Эрдэнэбаатар нар уулзаад “Та спортыг дэмждэг. Шарын голын уурхайн хоккейн баг дасгалжуулагчгүй боллоо. Та дасгалжуулаад авч яваач” гэхэд нь “Би хоккей мэдэхгүй, тоглож ч үзээгүй” гэхэд “Зүгээр, та чадна” гэж билээ. Хоккейтэй хувь заяагаа холбосон түүх ингэж эхэлсэн. 1991 онд Шайбтай хоккейн холбоо байгуулж, 1992 онд УАШТ-ийг анх зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд би хоккейгоос дөрвөн жил хөндийрсөн байдаг юм. Тэр хугацаанд Шарын гол сумын Засаг даргаар сонгогдож, төрийн алба хашсан. Гэхдээ хоккейн тамирчдаа дэмжиж, хэрэг болох зүйлээр нь тусалдаг байлаа.
ХОККЕЙЧДЫН ХОЙЧ ҮЕД САНАА ЗОВОХГҮЙ БАЙНА
-Хүндхэн үед хоккейг аварч, гал алдуулчихгүй урагшуулсан хүний нэг нь та. Тамирчид багшаа гэж хүндэлдэг биз?
-“Алтан шайб” клубт хүүхэд байхаасаа өнөөг хүртэл надтай хамт яваа тамирчид бий. Тэднээс дөрөв нь ОУХМ цолтой. “Та нар намайг багш гэх юм. Би хоккей заагаагүй шүү дээ” гэхэд “Та биднийг Шарын голын мөсөн талбайд гулгадаг байхад сонирхлыг минь дэмжиж тоглуулсаар тамирчин болгосон. Таныг багшаа гэхгүй юм бол хэнийг ингэж дуудах юм бэ” гэдэг. Хүүхдүүдээ тэмцээнд оруулахын тул эхнэрээсээ мөнгөө нууж, найз нөхдөөсөө санхүүгийн дэмжлэг авч байсан удаа цөөнгүй. Багануураас “Алтан шайб” тэмцээнд хүүхдүүд оролцох гэтэл замын зардал байдаггүй. Улаанбаатарт ирээд бөгжөө ломбардад тавьж, нөгөө хэдийгээ хоолонд оруулчихаад явуулж билээ. Тэр үеийн хүүхдүүдэд өнөөгийнх шиг хоккейн зориулалтын хувцас, хэрэглэл байгаагүй. Тамирчдын хувцсыг гуйж өмсөөд тэмцээнд ордог байв. Тэшүүр, хувцас нь томдчихсон, том цүнх чирээд л түүртсэн нөхөд явдаг байлаа. Манай гэрийн гадна цуглаж, галт тэргэнд суухад гаргаж өгдөг хүн ч ховор. Тэр үед хүмүүс хоккейг одоогийнх шиг ойлгож үздэггүй байсан. Гэтэл өнөөгийн эцэг, эх хүүхдүүдийнхээ сонирхдог спортод анхаарал хандуулдаг болжээ. Нэг удаа би Сэлхэд байрладаг “Замбуулин” хотхоны талбайд очиж бага насны хүүхдүүдийн хоккейн тэмцээний шүүгчээр ажилласан юм. Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн хувцас хэрэглэл, аав, ээж нь дэмжин үзэж байгааг хараад үнэхээр баярласан.
-Залгамж халаагаа бэлдэх зорилгоор “Золбоот тамирчид” клубийг байгуулсан уу?
-Хоккейн спорт тамирчнаас хурд шаарддаг. Залуу тамирчдаар багаа бүрдүүлдгийн учир нь энэ. Би хоккейн спортын буянаар дэлхийн олон оронд хөл тавьж үзлээ. Шведэд байхдаа хоккейгоор хичээллэдэг хүүхдүүд насны ангиллаар бэлтгэл хийхийг харсан. Монголд одоо хоккей хөгжиж байна. Хоккейн шигшээ багийн дасгалжуулагч А.Энхбаттай хамтарч “Золбоот тамирчид” клуб байгуулсан. Энэ клубийнхэн сайн ажиллаж байгаа болохоор Шарын голын хоккейчдын хойч үед би санаа зовох зүйлгүй болсон. Орхон, Багануур, Шарын гол, “Отгон од” клуб залгамж халаагаа бэлдсэн. Орон нутгаас Хэнтий, Баян-Өлгий аймагт хоккей хөгжиж, хүүхдийн багтай болж байна.
-Энэ спорт өртөг өндөртэй. Хоккейчид хувцас, хэрэглэлдээ чамгүй мөнгө зарцуулдаг гэж сонссон. Ивээн тэтгэгч байгууллагатай бол манайд хамгийн сайн хөгжих спорт шиг санагддаг.
-Тийм ээ, чанар, загвараасаа хамаараад тэшүүр 500, цохиурын үнэ хамгийн багадаа 100 доллароос эхэлдэг. Хувцас нь чанартай бол хэдэн жил өмсөнө. Өвлийн хүйтэнд цохиур амархан хугардаг болохоор тамирчид хоёр цохиураар сэлгэж тоглодог. Эдийн засгийн дэмжлэгтэй бол энэ спорт Монголд хөгжинө. Оросуудын ажиллаж, амьдарч байгаа газарт хоккей сайн хөгждөг. Тухайлбал, Дархан-Уул, Орхон, Багануурт. Сүүлийн үед Улаанбаатарт “Отгон од” клуб “Бласт”, “Бласт автомотив” баг залуу тамирчид бэлтгэн дотоодын лигийн тоглолтод оролцуулдаг боллоо. Монголд хоккейн шилдэг дөрвөн баг бий. “Шарын гол”, “Багануур” багийг Шарын гол, Багануурын уурхай, “Эрдэнэт”-ийнхийг “Эрдэнэт үйлдвэр”, “Отгон од”-ыг “Бласт” компани дэмжиж, ивээн тэтгэдэг. Биднийг ДАШТ-д оролцохоор явахад Монголын хоккейн холбоо, Биеийн тамир, спортын газар, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа, УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С.Мишарин, мөн Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, дасгалжуулагчаар хамт явсан М.Отгонбаяр нар дэмжиж, зардал, мөнгөний тусалцаа үзүүллээ. М.Отгонбаяр “Хангарьд” клубийнхээ автобусаар үйлчилсэн. Биднийг ойлгож, дэмжсэн бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье.