Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тус улсын Элчин сайд Ли Ё Хунтай ярилцлаа.
-Монгол, Солонгос улс олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамтын ажиллагаа ямар түвшинд хүрч хөгжсөн гэж та дүгнэх вэ?
-Монгол, БНСУ-ын харилцаа 1990 оноос хойш өндөр дээд түвшинд, эдийн засаг, худалдаа, соёл, иргэд харилцан зорчих, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг олон талаар тасралтгүй хөгжиж ирсэн. Тэр дундаа 1999 оноос XXI зууны харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн түншлэл, 2006 онд сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэл, 2011 онд иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжсөн. Өдгөө БНСУ-ын Умардын шинэ бодлоготой уялдуулан хоёр орны харилцааг нэг шат ахиулах түвшинд хүрлээ. Хоёр улсын нэгнээ нөхсөн бүтэц бүхий эдийн засаг, худалдааны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, 1990 онд дипломат харилцаа тогтоох үед хоёр сая 710 мянган ам.доллар байсан худалдааны хэмжээ 2018 онд 335 сая ам.долларт хүрч 123 дахин нэмэгдсэн. Ингэснээр Монголын дөрөв дэх том худалдааны түнш улс нь Солонгос боллоо.
2019 оны есдүгээр сарын байдлаар БНСУ Монголд 488 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Солонгос улс 1987-2018 онд хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд 468 сая орчим ам.долларын санхүүжилт олгосон зэргээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн анхаарал тавьж, тууштай дэмжиж иржээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий орон сууцын “Солонго хороолол”, байгаль орчинд ээлтэй “Эрчим хүчний хотхон”, “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг төслийг өдгөө хэрэгжүүлж буй. Эдгээр нь Монголын нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг тэлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Хоёр улсын найрамдалт харилцааг юу юунаас илүү илэрхийлдэг хүчин зүйл нь иргэд харилцан зорчих явдал. 2014 онд 100 000 иргэн харилцан зорчсон бол 2019 онд уг үзүүлэлт 220 000-д хүрч, тавхан жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдлээ. Өнгөрсөн онд 100 000 гаруй солонгос иргэн Монголд ирсэн. Солонгосчууд хамгийн олноор зорчсон гадаад орны тоонд Монгол Улс ОХУ, БНХАУ-ын дараа гуравдугаарт бичигддэг. Өргөн уудам тал нутгийн байгалийн сайхныг үзэхээр солонгосчууд олноор Монголыг зорьдог. Түүнчлэн Солонгост 48 000 орчим монгол иргэн оршин сууж байна. Монголчууд хамгийн олноор оршин сууж буй гадаад улс нь БНСУ болжээ. Энэ мэтээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгос улсын харилцаа урьд өмнө байгаагүйгээр эрчимтэй хөгжсөн. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг хэмээх монгол зүйр үг байдаг. Үүний адилаар Солонгос улс хэдийн Монголын амь, санаа нэгтэй хөрш болсон.
-“Ковид-19” өвчин тархсантай холбоотойгоор ойн үйл ажиллагаа төдийлөн өрнүүлсэнгүй. Уг нь нэлээд олон ажил, үйл ажиллагаа төлөвлөсөн байсан болов уу. Бас нэг чухал үйл явдал нь Улаанбаатар, Сөүл хот ах, дүүгийн харилцаатай болсны 25 жилийн ой ч энэ онд тохиож байна.
-Манай Элчин сайдын яам хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 оныг “Монгол, Солонгосын нөхөрлөлийн жил” болгон зарлаж, Улаанбаатар хотод нэг жилийн турш олон арга хэмжээ зохион байгуулахаар бэлдэж байгаа. Дипломат харилцаа тогтоосон өдөр болох гуравдугаар сарын 26-нд баярын нээлтийн арга хэмжээ зохион байгуулахаар Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байсан ч “Ковид-19”-өөс шалтгаалан хойшлууллаа. Уг өвчний тархалт хумигдаж, намжвал ойд зориулсан урлагийн тоглолт, Солонгосын соёлын долоо хоног, аялал жуулчлалын өдөрлөг, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн, БНСУ-д суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан боловсролын яармаг, таеквондогийн тэмцээн, солонгос хэлний мэдлэг шалгах уралдаан зэрэг төлөвлөсөн олон арга хэмжээгээ зохион байгуулна. Манай Элчин сайдын яамнаас гадна Монгол Улстай харилцаж, хамтарч ажилладаг орон нутгийнхан, бизнесийн болон бусад байгууллага ч ойн хүрээнд олон ажил төлөвлөсөн. Тэдгээр арга хэмжээгээ Улаанбаатар болон Сөүл хотод зохион байгуулж, хоёр улсын иргэд өргөнөөр оролцон, нөхөрлөлөө бататгаж, ойн баяраа тэмдэглэх өдөр удахгүй ирнэ гэж итгэж байна.
-БНСУ-д 48 000 орчим монгол иргэн оршин сууж байгааг та дурдлаа. Солонгосын виз хүссэн монгол иргэний тоо цөөнгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яам нэлээд ачаалалтай ажилладаг тухай бид урьд нь олон удаа мэдээлсэн. Ачаалал буурсан уу?
-2019 оны эцсийн байдлаар Монголын 48 000 орчим иргэн Солонгост ажиллах, сурах, гэр бүлийнхний хамт амьдрах зэрэг зорилгоор оршин сууж байна гэсэн тоо гарсан. Виз мэдүүлсэн иргэдийн тоо эрс өсөж, 2019 оны долдугаар сард маш их ачаалал үүссэн. Солонгост зорчих хүсэлтэй монгол иргэн олон байсан, түүнчлэн визийн нөхцөлийг хөнгөвчилсөн нь үүнд нөлөөлсөн. Манай Элчин сайдын яамнаас Виз мэдүүлгийн шинэ төв байгуулж, виз олгосон талаарх тодорхойлолт паспорт дээр наадаг тогтолцоог халж, Визийн хэлтсийн ажилтны тоог нэмэгдүүлэх зэргээр материал шалгаж, шийдвэрлэх хугацааг богиносголоо. Ингэснээр нэг удаагийн, олон удаагийн зэрэг бүх ангиллын визийн хариуг өдгөө долоо хоногийн дотор өгч байна. Виз мэдүүлсэн иргэдийн материалыг шалгаж дууссан ч “Ковид-19”-ийн тархалт болон Монгол Улс олон улсын шууд нислэгүүдээ түр зогсоосонтой холбоотойгоор бид паспорт буцаан олгохоо түр хойшлуулаад байсан юм. Иргэд виз авсан ч хугацаанд нь ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсэж магадгүй учир ийм зохицуулалт хийсэн л дээ. Гэвч нислэг зогсоосон хугацааг дахин сунгасан учир аль болох хурдан буюу энэ долоо хоногт багтаан паспортуудыг буцаан олгохоор ажиллаж байна. Виз мэдүүлэхдээ хуурамч материал өгөх, хууль бус зуучлагч хүмүүсийг оролцуулах явдал зогсвол шалгаж, шийдвэрлэх хугацаа богино хэвээр байж чадна. Тиймээс монгол иргэд үүнийг онцгойлон анхаараасай гэж хүсье. Бид Виз мэдүүлгийн шинэ төв байгуулсан, паспорт дээр виз олгосныг баталгаажуулсан тодорхойлолт наадаг хуучны тогтолцоог халсан зэрэг сүүлийн үеийн өөрчлөлтийн талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Элчин сайдын яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэж, хүндрэл үүсгэхгүй байхад анхаарч буй.
-Хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаашлаад визгүй болгох, эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ чиглэлээр төлөвлөж, хэрэгжүүлж байгаа ажил бий болов уу?
-Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн зэрэгцээ визгүй зорчдог болгох шаардлагатай гэсэн санал цөөнгүй гардаг. Харилцан визгүй зорчдог болох нь хоёр улсын харилцааны хөгжилд ч хувь нэмэр оруулах юм. Үүний тулд хоёр улсын иргэдийн оршин суух байдал, харилцан зорчих эрэлт хэрэгцээ, виз мэдүүлсэн иргэдийн тоо, нийгэм болон эдийн засгийн зэрэг харилцааг судалж үздэг. Монгол, Солонгос улсын хувьд газар зүйн байрлал, байгаль орчны нөхцөл зэрэг нь анхааралгүй өнгөрч болохгүй хүчин зүйл. Тиймээс эдгээр хүчин зүйлийг харгалзан үзэж хоёр улс харилцан ашигтай, нэгдсэн судалгаа хийж, зөвшилцөх ёстой. Цаашид зорчих нөхцөлөө хөнгөвчлөх, визгүй болох чиглэлээр хоёр орны Засгийн газар илэн далангүй, нягт хамтран ажиллах хэрэгтэй.
-Монгол Улс, БНСУ-ын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, шат ахиулан хөгжүүлэх талаар сүүлийн үед нэлээд ярьж байгаа. Энэ чиглэлийн ажлууд хэр урагштай яваа бол?
-БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнгөрсөн оны гуравдугаар сард Монгол Улсад айлчилж, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор хоёр улсын Засгийн газар иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, хөгжүүлэх талаар харилцан зөвшилцөж, цаашид тодорхой арга замыг хэлэлцэхээр тохирсон. Түүнээс хойш хоёр улсын Гадаад харилцааны яамнаас стратегийн түншлэлийн түвшний харилцааг бий болгохын тулд аль салбарт ямар ажил хийх шаардлагатай, үүнийг хэрэгжүүлэх арга замын талаар судалж байна. Цаашид холбогдох бусад яамтай зөвшилцөнө.
-Хоёр улсын харилцааг цаашид эрчимжүүлэх түлхүүр нь аль салбар, чиглэл гэж та үзэж байна вэ?
-Монгол, Солонгос улсын харилцааны талаар ярихад хэзээ ч орхигдуулалгүй дурддаг зүйл бол иргэд хоорондын нарийн нягт харилцаа, нөхөрлөл юм. Бид хэл, соёлын олон нийтлэг чанартаа суурилан иргэдийн холбоо харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн. Хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг эргэн харж, ирэх 30 жилийн харилцааны хөгжлийг удирдан залах гол эзэд нь иргэд юм. Хоёр улсын харилцааны хөгжлийн хамгийн чухал тулгуур нь иргэдийн нөхөрлөл. Иргэдийн нөхөрлөлд суурилсан улс хоорондын харилцаа улам бэхэжнэ гэж итгэж байна.