Хэнтий аймгийн Батноров сум дахь “Андлалын өргөө” аялал жуулчлалын байгууламжийн талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, дизайнер Д.Эрдэмбилэгтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр “Цонжин болдог”, “Морин хуур”, “Их Майдар”, “Төв цэнгэлдэх хүрээлэн” зэрэг төслийн багийн дизайнераар ажилласан нэгэн юм.
-“Андлалын өргөө” цогцолборын санхүүжилт, байгууламжийн хийцийн талаар иргэд нэлээд шүүмжилж байна. Та энэ байгууламжийг барих төсөлд яагаад оролцох болсон юм бэ?
-Одоогийн Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Өмнө нь уул уурхайгаас хамааралтай, эдийн засгийн ганц тулгуурт бодлого хэрэгжүүлж байсан. Харин өдгөө эдийн засгаа олон тулгуурт бодлогоор хөгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газар ийм ажил санаачилсан нь уран бүтээлчдэд олон жил бодож, санаачилж явсан зүйлээ хэрэгжүүлэх боломж олгосон. Тиймээс миний бие төр, засгийн байгууллагуудаас зарласан уралдаан, тендерт оролцож буйн нэг нь “Андлалын өргөө” цогцолбор юм.
- Тус цогцолбор ямар утга агуулгатай юм бэ. Ажил нь өдгөө ямар түвшинд яваа бол?
-Эхлээд харахад юуг илэрхийлж байгаа юм бэ. Энэ асуулт хүн болгонд тулгарч, шүүмжлэх үндэс болж байна. Иргэд аливаа зүйлийг өнгөцхөн харж, гадаад хэлбэрээр нь л дүгнэдэг болчихож. Үнэндээ агуулгад нь анхаардаггүй. Агуулгыг тодорхойлоход багагүй хугацаа шаардагддаг. Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумд 1960-аад оны үед Л.Махбал хэмээх барималч Чингис хааны хөшөөг босгосон юм. Түүнээс хойш тус аймагт аялал жуулчлалын цогцолбор огт бариагүй. Энэ бол том асуудал. Үүнийг шийдэж буй цогц төслүүдийн хамгийн эхнийх нь “Андлалын өргөө” цогцолбор. Үүнээс гадна 4-5 цогц төслийг Хэнтий аймагт хэрэгжүүлнэ. Тухайлбал, Норовлин сумд “Шихихутаг, Их засаг”, Биндэрт “Их хуралдай”, Дадалд “Чингис хааны тахилын сүм” цогцолбор барина. Хоёр тэрбум төгрөгөөр хөшөө барина гэхээр мэдээж үнэтэй сонсогдох байх. Гэтэл энэ нь зөвхөн хөшөө төдий биш, байшин, хүн орж, гарч, явж, суух зан үйлийн байгууламж. Сургууль, цэцэрлэгийн барилга барихад төдөн төгрөг зарцууллаа гэж ярьдаг шүү дээ. “Андлалын өргөө” бол хөшөө биш, аялал жуулчлалын байгууламж. Барилгын хамгийн их өртөг зарцуулдаг хэсэг нь дотоод бүтэц, инженерийн шийдлүүд, интерьер дизайн. Тэгээд ч одоогоор барьж дуусаагүй, гадна талбайг нь бүрэн тохижуулаагүй байгаа. Тиймээс агуулгыг нь эхэлж ойлгоод, дараа нь томоор харж шүүмжлэхэд оройтохгүй болов уу. Манайханд учрыг нь олоогүй байж шүүмжлэх гэж яардаг тал ажиглагддаг.
-“Андлалын өргөө” аялал жуулчлалын байгууламжийг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Ирэх зургадугаар ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Одоо засах, чимэглэх, гадна талбайг нь тохижуулах ажлыг гүйцэтгэж байгаа. 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Хэнтий аймгийг эзэн Чингис хааны төрсөн нутаг гэдэг утгаар нь гадаадынхан сонирхдог учир манайхан аялал жуулчлалаа тус нутагт түшиглэн хөгжүүлэх хэрэгтэй. Хэнтийд аялал жуулчлалын алтан цагариг үүсчихвэл бусад бүс нутагт жишиг болно. Ард түмэн төсвийг нь бага гэх байтал их гэж шүүмжилж буй нь харамсалтай. Би зөвхөн баримлын хэсгийг нь хариуцсан. Барилга угсралт, цахилгаан, сантехник, гадна тохижилт, интерьер дизайн, инженерийн шугам сүлжээг өөр байгууллага хариуцаж байгаа.
-Уг байгууламж ямар бэлгэдэл, агуулгатай юм бол?
-Өөд өөдөөсөө хараад ульж буй хоёр чоно, баатрын дүртэй хосолсон хэсгийг би хийсэн. Түүнийг баримал барьдаг компанитай гэрээ байгуулж хийлгэж буй. Одоогийн эрчүүд, тэр дундаа улстөрчид хэлсэн үгэндээ хүрдэггүй болж. Тэр зан нь бизнес, гэр бүлд нь нөлөөлөөд зогсохгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад халтай байгаа. Чингис хаан, Боорчитой анд бололцсон түүхийг мэдэхгүй хүн ховор байх. Тиймээс уг төслөөр далимдуулан монгол эрчүүддээ хэлсэн үгэндээ хүрдэг байхыг сануулж, анд бололцох андгай тангараг тавьдаг сайхан уламжлалыг сэргээх гэсэн юм. Хөгжмийн зохиолч, хамтлаг бүр өөрийн онцлог урсгал чиглэлийг “шингээсэн” дуу зохиож түмэнд хүргэдэг. Үүн шиг би өөрийнхөө арга барилыг уг бүтээлд шингээж урласан. Гэхдээ орон нутгийн иргэдийн хүсэл, зорилгыг тусгахгүй байх нь учир дутагдалтай. Тиймээс иргэдийн саналд үндэслэн, өөрийн арга барил туршлагатай хослуулсан. Эхлээд модерн загвар гаргасан ч нийгмийн ахуй байдал, уламжлалыг тусгах шаардлагатай болсон.
-Та зураач, барималч, дизайнер гээд олон чиглэлээр ажилладаг. Яг үндсэн мэргэжил тань юу вэ?
-Би үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй. Монголд энэ мэргэжлээр анхлан төгсөж ирэгсдийн нэг. Үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээс хамаарч уран зураач, барималч, дизайнер гээд олон салбарт ажиллах болсон. Уг нь ийм мэргэжилтэй хүн даавууны хээ зурах, ноолууран хувцасны, унадаг дугуйны дизайн гаргах гэх зэргийг хийх ёстой. Гэтэл манайд үйлдвэрлэл хөгжихгүй 30 жил болчихлоо. Тиймээс үйлдвэрлэлийн дизайнер хүнд “амьдрах” орон зай байхгүй. Манайд энэ чиглэлээр барилгын дизайн, хувцас загварын гээд хоёр салбар л бага зэрэг хөгжиж байна. Тэгэхээр барилгын салбар луу орохоос өөр аргагүй болсон. Ингэхээр архитект дизайн мэргэжилтэй болчихож байгаа юм. Энэ нь архитектор биш, түүний өмнөх санааг гаргадаг эхний шатны ажил л даа. Тухайлбал, байшин цэцэг хэлбэртэй байх уу, эсвэл огт өөр загвар гаргах уу гэх анхны санааг бий болгодог гэсэн үг. Энэ чиглэлээр сүүлийн 20-иод жил ажиллалаа. Жишээ нь, “Цонжин болдог” байгууламжийг архитект дизайн болон инженерийн шийдлийг уран барималтай хослуулж хийсэн. Урлагийн хүмүүсийн оюун санаанд ямар нэг зүйл бүтээн туурвих өгөгдөл байдаг. Үүний адил Монгол Улсын барилга, бүтээн байгуулалт, архитекторын урлагт ямар нэг байгууламж барих эрмэлзлэл бидний дотор байнга оршдог. Европын хаадууд архитекторуудаа дэмжиж, өрсөлдүүлж сайхан уран барилгууд босгосон. Эдийн засаг нь өндөр хөгжсөн, засаглал нь тодорхой улсад урчуудынхаа хүчийг дайчилж сүм дуган, архитектурын гайхамшигт барилгуудаа захиалгаар бүтээж ирсэн. Тэр ч байтугай В.А.Моцартаар хааны ордноос нь захиалгаар хөгжим бичүүлдэг байж. Энэ нь уран бүтээлчдээ хөгжүүлж, онгодыг нь дэмжиж буй хэлбэр. Харамсалтай нь, манайд ийм дэмжлэг алга. Ихэнх нь уул уурхайн хөрөнгө оруулалтад илүү анхаарч байна.
-Та “Морин хуур” төслийг санаачилсан. “Их Майдар” төсөлд бас оролцсон. Үүнийг улсаас дэмжсэн юм уу?
-Аливаа улсын нийслэл дэх тэнгэр баганадсан байгууламж нь бэлгэ тэмдэг, сүр сүлд, аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь болдог. Үүний адил Улаанбаатарт “Морин хуур” цогцолбор босгоё гэж 10 гаруй жилийн өмнө зорьсон юм. Уг төслийг дэмжих, эсэх нь одоо хүртэл тодорхойгүй. Уг нь өвөрмонголчууд үүнийг урд хөршид бариулах санал тавьсан. Гэхдээ би “Зөвхөн Монголдоо л барина” гэсэн. Энэ талаар зурагтаар Чибулаг гуай хүртэл ярьж байна лээ. “Их Майдар” төслийг төрийн бус байгууллагын санаачилгаар эхлүүлсэн. Өнгөрсөн жил бурхныг нь босгоод байгаа. Би суварга хөшөөний зураг төслийг гаргаж бурхныг нь цутгаж, хүлээлгэж өгсөн.
-Түүхийн дурсгалт барилгуудаа манайхан тоохгүй, бүр нураах боллоо. Та үүнд шүүмжлэлтэй ханддаг уу?
-Та Байгалийн түүхийн музейг хэлсэн байх. 10 гаруй жилийн өмнө Байгалийн түүхийн музейн зураг төсөл зарлахад шалгарсан бүтээлийн санааг бага зэрэг өөрчилж, Чингис хааныг нэмж дүрслээд л Чингис хааны музей гэчихсэн байх жишээтэй. Ингэж болохгүй гэдэг саналыг би холбогдох байгууллагад нь хүргүүлсэн. Орчин үед аливаа барилгын зураг төслийг реконструкт хийж, нэг хэсгийг нь авч үлдэн, чулуугаар сайжруулж, шилэн фасадтай хослуулдаг болсон. Гэвч ийм арга ашигласангүй, ард түмний сэтгэл шингэсэн түүхэн байгууламжийг 100 хувь нураасан нь харамсалтай. Ядаж 10 хувийг нь үлдээгээд сайжруулж загварчилсан бол иргэд шүүмжлэхгүй шүү дээ.
-Гадаадад архитекторын зураг, төсөл, дизайнерийн хэлбэр хийцийг өндөр үнэлдэг. Манайд хэр үнэлдэг юм бол?
-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд л явж байна. Зураг төсөл тодорхой тарифтай учир авах ёстойгоо л авна. Оюуны өмчөө үнэлээд бага зэрэг ашиг олдог. Гадаадад энэ салбар үнэлэмж сайтай учир манайхтай харьцуулшгүй өндөр. Гэтэл бидэнд заримдаа үнэгүй хийж өгөхөөс аргагүй үе ч бий. Уран бүтээлчийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Хэнтий аймгийн Дадал сумын Тахилын сүмийн зураг, концепцыг үнэгүй хийж өгсөн.
-Та байгаль, экологийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Бас л дизайнер хүний хувьд хийж буй ажил уу?
-Монгол Улсад сансраас харагдах ногоон байгууламж бүтээх зорилго олон жилийн өмнө төрсөн. Олон улсын архитекторуудын хурлаар хятадууд дэлхий дээр сансраас харагдах ганц байгууламж манай улсад бий гэж хэлдэг. Энэ бол Цагаан хэрэм. Мэдээж сансраас харагдах хэмжээний томоохон байгууламж бүтээх нь хөрөнгө мөнгөний хувьд бэрхшээлтэй. Говийн цөлжилттэй бүсэд мод тарьж, ногоон морины дүрс үүсгэх төсөл санаачилсан юм. Түүнээс хойш хүлээгдсээр одоо л дэмжих сураг гарч байна. Гэхдээ өөрсдөө санхүүжилт олох болсон. Үүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоё гэж үзээд уг салбарын байгууллагуудыг “Ногоон морь” төсөлд нэгдэхийг уриалсан. Энэ нь аялал жуулчлал хөгжих, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох төдийгүй тухайн бүсэд ажлын байр бий болгож, хотын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой.
Мөн өрхийн орлогыг нэмэгдүүлэх фермийн аж ахуй, газар тариалан, жимс жимсгэнэ тарих зэргээр хөгжүүлэх юм. Манайх хүнсний хэрэгцээнийхээ 70 гаруй хувийг гадаадаас “авдаг”. Жишээлбэл, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хаахад манай эдийн засагт нэлээд хүндрэл үүсэж байна. Тиймээс “Ногоон морь” төслийн хүрээнд тодорхой хэмжээгээр хүнсээ тариалж, бэлддэг болчихвол сайн хэрэг. Энэ нь архитекторын санаа гэхээс илүүтэй нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй хэрэг. Манайд 2006 оноос уул уурхай хөгжиж, бараг улстөрч бүр уг салбар луу дайрч орсон. Одоо төрийн удирдлагад нөлөөлчихсөн байна. Банк санхүү, уул уурхай манай улсын төрийн бодлого, эдийн засгийг “барьчихлаа”. Уул уурхай руу орж амтыг нь авчихсан хүмүүс салдаггүй юм байна. Ингэхээр бусад салбарыг хөгжүүлэхгүй юм. Үүнд манай салбар ч хамаарна. Гэхдээ одоогийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хүрээнд биднийг дэмжиж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсэн. Улс л юм чинь үйлдвэрлэл хөгжих ёстой.
-Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зураг, төслийг хэрхэн гаргаж, яаж дүрслэхээр болов?
-Хотын хөгжилд дутуу зүйлүүд их бий. Тухайлбал, 1950-иад онд байгуулсан ганц задгай цэнгэлдэх хүрээлэнтэй. Тэр нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг учир хүйтний улиралд ашиг олох боломжгүй. Тиймээс төрөөс шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл боловсруулах уралдаан зарласан. Үүнд түрүүлсэндээ их баяртай байгаа. Дээвэртэй байх тухай бодож, морины эмээлийн хэлбэр гаргаж дүрсэлсэн. Миний бага нас хөдөө өнгөрсөн. Тэр үед их мөндөр орвол морины эмээл доор толгойгоо хийгээд суучихдаг байлаа. Монгол эрчүүд эзгүй хээр эмээлээ түшиг болгон дэрлээд унтчихдаг. Ингээд бодохоор эмээл нь ямар нэг аюулгүй байх, хамгаалах хэрэгсэл юм шиг. Эрийн гурван наадмыг ч бодсон морины эдлэл хэрэглэл шүү дээ. Эмээл бол морьтон монголчуудын бэлгэдэл, соёлын гайхамшиг. Нөгөөтээгүүр, одоо цагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нь чухал. Тиймээс гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийх, гүйх, гадаад, дотоодын томоохон хамтлагуудыг тоглуулах зэрэгт улирал харгалзахгүй, тогтмол ажиллах шинэ цэнгэлдэх хүрээлэнг ашиглах боломжтой.
-Сүүлийн үед автомашин бүтээхээр ажиллаж байгаа гэж дуулсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Бид ирээдүйд хэрэгжүүлэх концепцуудаа мөрөөдөл гэж үздэг. Эдгээр мөрөөдлийн нэг нь тансаг ангиллын “Чингис хаан” нэртэй машин бүтээх. Дэлхий даяар эко, цахилгаан машины төслүүдийг дэмжиж байна. Миний хувьд хоёр хүний суудалтай цахилгаан машин бүтээх төлөвлөгөөтэй. Машины өргөнөөс болж түгжрэл үүсдэг. Энэ бол үйлдвэрлэлийн дизайнер хүний хийх ёстой ажил. Мөн нийгмийн асуудал болох хүнд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлнэ. Бид төмрийн агууламжтай хөрс шороон дээр амьдардаг. Үүнийг түшиж ган хайлуулах үйлдвэр байгуулан, автомашины үйлдвэрлэлд хүч үзэх боломж бий. Энэ салбарыг дагаж тоног хэрэгслийн жижиг үйлдвэрүүд хөгжинө. Төр, засаг үйлдвэрлэлийн салбарын “гэрлээ асаах”, эсэх нь чухал ч бид хөгжинө гэдэг итгэлтэй байхад буруудахгүй.