Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Кил Кан Мүгтэй ярилцлаа. Солонгосын визтэй холбоотойгоор олон нийтийн сонирхсон асуултууд болон тус улс шинэ төрлийн коронавирустэй хэрхэн тэмцэж байгаа зэрэгт тэрбээр хариулт өгсөн юм.
-БНСУ-ын виз олгохдоо тухайн иргэний гадаад паспорт дээр цаасан наалт наадаг байсан. Үүнийг хүчингүй болгоно гэж сонссон. Хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Ингэснээр ямар өөрчлөлт гарах бол?
-Цаасан наалтыг энэ сарын 23-наас хүчингүй болгоно. Тухайн иргэн Солонгосын визийн www.visa.go.kr цахим хуудсанд нэвтэрч, паспортын дугаар, овог, нэр, төрсөн он, сар, өдрөө бичиж, виз олгосон, эсэхийг шалгах боломжтой. Хэрэв виз олгосон бол тодорхойлолт хэвлэж авах юм. Виз олгосон талаарх уг тодорхойлолт Солонгос улсын хилээр нэвтрэх үед зайлшгүй шаардлагатай биш. Гэхдээ ямар нэг хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж тодорхойлолтыг биедээ заавал авч явж, хил нэвтрэх үедээ шалган нэвтрүүлэх албаны ажилтанд гадаад паспортын хамт үзүүлнэ. Зарим иргэн интернэтэд нэвтэрч, тодорхойлолтыг хэвлэж авах боломжгүй байж мэднэ. Тиймээс иргэд виз мэдүүлгийн төвөөс паспортоо буцаан авахад тодорхойлолтыг нь хэвлэж өгөхөөр төлөвлөж байгаа. Үүнээс гадна манай ЭСЯ виз олгохгүй тохиолдолд паспортын арын хуудсанд татгалзсан тамга дардаг байсныг халах төлөвлөгөөтэй ажиллаж буй.
-Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэн өөрийн хүсэлтээр нутаг буцвал дараа нь виз хүсэх боломж олгох шинэ журмыг БНСУ-ын Засгийн газраас гаргасан. Үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
-Солонгост хууль бусаар оршин сууж буй гадаад иргэн энэ оны зургадугаар сарыг дуустал өөрийн хүсэлтээр нутаг буцвал дараа нь дахин виз хүсэхэд “Хууль бусаар оршин сууж байсан” гэж хүндрэл үүсгэхгүй, хохирол учруулахгүй байх шинэ журмыг Засгийн газраас боловсруулсан. Хууль бусаар оршин суусан хугацаанаас үл хамааран уг журам үйлчилж байна. Энэ сарын сүүлч хүртэлх хугацаанд Монгол Улсад ирсэн тохиолдолд гурван сарын дараа виз мэдүүлэх боломжтой. Тухайлбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 2020 оны гуравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд БНСУ-ын хилээр гарсан бол гурван сарын дараа виз мэдүүлж болно. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-30-нд БНСУ-ын хилээр гарсан бол дөрвөн сарын дараа виз мэдүүлэх эрхтэй. Хэрэв энэ оны тавдугаар сард нутаг буцсан бол таван сарын дараа виз мэдүүлэх боломж нээгдэнэ. Зургадугаар сард хилээр гарсан бол зургаан сарын дараа виз мэдүүлж болно. Урт хугацааны буюу сургалтын, хөрөнгө оруулалтын визийн нөхцөл хангасан тохиолдолд дээр дурдсан хугацааг харгалзахгүйгээр шууд виз мэдүүлэх боломжтой.
-Хууль бус оршин суугч өөрийн хүсэлтээр нутаг буцсан тохиолдолд үнэхээр дахин виз олгох уу гэж асуух хүн цөөнгүй байна.
-Би үүнийг итгэлцлийн асуудал гэж бодож байна. БНСУ-ын Засгийн газар итгэлцэлд үндэслэн уг журмыг хэрэгжүүлж буй. Дахин хэлэхэд, 100 хувь итгэж болно. Мөн өөрийн хүсэлтээр Монголд ирээд, дахин Солонгосын виз мэдүүлэх иргэд банкны дансныхаа сүүлийн зургаан сарын гүйлгээний мэдээллийг өгөх шаардлагагүй гэсэн шийдвэрийг манай ЭСЯ-наас гаргасан. Тэгэхээр иргэн дахин виз мэдүүлэхдээ анкет, паспорт, өөрийн хүсэлтээр хилээр гарсан бичиг, цагдаагийн тодорхойлолт, сүрьеэний шинжилгээний дүн зэрэг материал бүрдүүлэх юм.
-Өөрийн хүсэлтээр БНСУ-аас гарсан иргэд олон удаагийн виз авахын тулд яах ёстой вэ?
-Тухайн иргэн богино хугацааны визээр БНСУ-д очсоны дараа оршин сууж буй хаягаа 14 хоногийн дотор бүртгүүлэх шаардлагатай. Зорчих хугацаандаа БНСУ-ын хууль, дүрмийг чанд сахин, эргэж ирсэн тохиолдолд олон удаагийн виз авах боломж нээгдэнэ. Богино хугацаагаар Солонгост зорчоод ирсэн өдрөөс хойш нэг жилийн дотор олон удаагийн виз мэдүүлэх эрхтэй. Бүрдүүлэх материалын хувьд виз мэдүүлгийн анкет, паспорт, оршин сууж буй хаягаа бүртгүүлсэн тодорхойлолт шаардлагатай. Ингэснээр 90 хоногтой, нэг жилийн хүчинтэй, богино хугацааны виз олгоно.
-Визийн материал шалгаж, шийдвэрлэх хугацаа өнгөрсөн онд нэлээд удааширсан. Хойшид визийн материал шалгах, хариу өгөх хугацаа богиносох уу?
-2019 онд визийн хариу өгөх хугацаа нэлээд хойшлогдсон нь иргэдэд ихэд хүндрэл учруулсан. Манай ЭСЯ хүн хүчээ нэмж, ахиц дэвшилтэй шинэ журам хэрэгжүүлэх болсноор богино хугацааны визийн материалыг өдгөө 3-4 долоо хоногт шалган, хариу өгч байгаа. Бусад ангиллын визийг долоо хоногийн дотор олгож эхэлсэн. Түүнчлэн визийн наалтыг халж байгаа, Виз мэдүүлгийн төв нээсэн, “Хур” системийг ашиглаж буй, олон удаагийн визийн нөхцөл болон хамрах хүрээ өргөссөн зэргээр бусад ЭСЯ-тай харьцуулахад шинэлэг, үр дүнтэй журам хэрэгжүүлж буй. Мөн хүний нөөцөө нэмсэн зэрэгтэй холбоотойгоор ирэх дөрөвдүгээр сараас эхлээд визийн материалыг долоо хоногт хянаж, шийдвэрлэнэ.
-Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол, Солонгосын шууд нислэгийг түр зогсоосон. Энэ нь хоёр улсын харилцаанд хүндрэл учруулж байгаа юу?
-Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Гэвч “Ковид-19”-ийн тархалтын улмаас хоёр орны иргэдийн хөл хөдөлгөөн багассан нь харамсалтай. Монголчууд “Зүү орох зайгүй” гэж ярьдаг. Энэ халдварт өвчнөөс болж хоёр орны харилцаанд сэв суух учиргүй. Эл боломжийг ашиглаад ах, дүүсийн харилцаатай Монголын ард түмэн БНСУ-ын төлөө санаа тавьж, урам өгч буйд талархсанаа илэрхийлье. Ямар ч цаг үед хувь хүн болон нийгэмд янз бүрийн асуудал, хүндрэл тулгарсаар л ирсэн. Асуудал нь биш, харин тухайн асуудлыг яаж шийдэх нь чухал. Монгол, Солонгос улс дор бүрнээ асуудлыг ухаалгаар даван туулаасай гэж хүсэж байна.
-БНСУ-д суралцаж буй зарим монгол оюутан түр хугацаагаар эх орондоо ирсэн байхад шууд нислэгийг тодорхой хугацаагаар зогсоожээ. Үүнээс болж сургуульдаа явж чадалгүй, оршин суух хугацаа нь дууссан оюутнуудад дахин виз олгох уу?
-Энэ талаар санаа зовсон хүн цөөнгүй байх шиг. Солонгос улсын Засгийн газраас гадаадын бүх оюутанд гуравдугаар сарын сүүлч юм уу, есдүгээр сарын сүүлч гэж хоёр ангилаад, оршин суух зөвшөөрлийг адил хугацаатайгаар олгодог. Тиймээс нислэг зогсоосон гуравдугаар сарын дунд үед оршин суух хугацаа нь дуусгавар болсон оюутан төдийлөн олон биш учир санаа зовох шаардлагагүй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас МИАТ-ийн тусгай нислэгийг гуравдугаар сарын дундуур үйлдэх тухай зарласан учир уг онгоцоор Солонгост очвол оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудал шийдэгдэнэ. Гэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас Солонгост очиж чадаагүй оюутан манай Элчин сайдын яаманд дахин виз мэдүүлж болно. Тухайн оюутан 2019 оны Гадаад оюутнуудын виз, оршин суух зөвшөөрлийн тухай удирдамжид заасан, магадлан итгэмжлэгдсэн юм уу, энгийн их, дээд сургуульд сурдаг бол хөнгөвчилсөн нөхцөлөөр шуурхай виз олгоно. Хөнгөвчилсөн нөхцөлөөр виз мэдүүлэхдээ магадлан итгэмжлэгдсэн их сургууль (хууль бусаар оршин суух хувь нэгээс бага)-ийн оюутнууд виз мэдүүлгийн маягт, элсэлтийн зөвшөөрлийн хуудас, гадаад оршин суугчийн үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлнэ. Энгийн их, дээд сургуулийн оюутан виз мэдүүлгийн маягт, элсэлтийн зөвшөөрлийн хуудас, дүнгийн гэрчилгээ, гадаад оршин суугчийн үнэмлэхийн хуулбар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид виз мэдүүлгийн маягт, сургуулийн тодорхойлолт, гадаад оршин суугчийн үнэмлэхийн хуулбар зэрэг материалыг бүрдүүлээд виз мэдүүлбэл 2-3 хоногийн дотор шуурхай шалгаж, шийдвэрлэнэ.
-Виз авсан ч нислэг зогсоосноос болж БНСУ руу явж чадаагүй иргэн цөөнгүй байна. Тэдний визийг сунгах боломжтой юу?
-Шууд нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор Солонгос руу зорчиж чадалгүй визийн зөвшөөрлийн хугацаа нь хэтэрвэл хүчингүй болно. Мөн хугацааг нь сунгах боломжгүй. Тиймээс дахин виз мэдүүлэх шаардлагатай гэсэн үг. Шаардлагатай материалуудыг бүрдүүлээд дахин виз мэдүүлсэн тохиолдолд бид нислэг зогсоосноос болоод зорчиж чадаагүй, эсэхийг нь нягтлан тодруулж, тав хоногийн дотор буюу богино хугацаанд виз олгоно. Виз авсан ч хугацаандаа Солонгост зорчоогүй нь дахин виз мэдүүлэхэд ямар нэг сөрөг нөлөө, хүндрэл учруулахгүйг онцлон хэлье.
-Шинэ төрлийн коронавирусийн тархалт БНСУ-д өдгөө ямар түвшинд байна вэ. Олон улсын хэвлэлүүдэд халдварын тархалт намжиж буй гэж нийтэлж эхэлсэн.
-Солонгост өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд халдварын 31 дэх тохиолдол бүртгэгдсэнээс хойш “Ковид-19” маш хурдацтай тархсан. Засгийн газраас нөхцөл байдлыг нарийн ажиглан, хяналтдаа авч, өдгөө тархалтыг зогсоох арга хэмжээ амжилттай авч байгаа. Халдварын тархалт их байхад өдөрт 800 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ тоо өдрөөс өдөрт буурч, гуравдугаар сарын 12-ны байдлаар шинэ тохиолдлын тоо 100-д хүрлээ. Түймэр гарахад галын үндсэн голомтын ойр орчимд оч дөл үсэрдэг шүү дээ. Солонгос улс галын үндсэн голомтыг дарсан, өдгөө үсэрсэн оч дөлийг нь унтрааж байгаа гэж ойлгож болно.
-Солонгост өнгөрсөн хоёрдугаар сарын 18-наас “Ковид-19” хурдацтай тархсан гол шалтгаан юу байсан бэ?
-Гуравдугаар сарын 10 хүртэл шинэ төрлийн коронавирусийн халдварын нийт тохиолдлын 89 хувь нь Тэгү хот болон хойд Кёнсан мужаас илэрсэн. Тархвар зүйн судалгаанд хамрагдаж буй өвчтөнүүдийг эс тооцвол 95 хувь нь тодорхой нэг бүлэгтэй холбоотой гэж ажиглагдаж байна. Солонгост “Ковид-19” гэнэт хурдацтай тархсан нь тодорхой бүс нутаг, бүлэгтэй холбоотой гэсэн үг. Засгийн газраас мэдээллийг ил тод, шуурхай хүргэх тусам иргэд төрдөө итгэж, оновчтой үйлдэл хийж байна. Үүний ачаар хувь хүмүүс Засгийн газраас авч буй тархвар зүйн судалгаанд идэвхтэй оролцож, иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрөөс өгч буй зөвлөмжийг идэвхтэй биелүүлж байгаа.
-“Франс-Пресс”, “Вашингтон пост” зэрэг гадаадын томоохон хэвлэлд шинэ төрлийн коронавирусийн эсрэг БНСУ-ын авч буй арга хэмжээ, бодлогыг ихэд сайшаажээ.
-БНСУ-ын эрүүл мэндийн салбарын тогтолцоо болон “Ковид-19”-ийн эсрэг зөв зүйтэй арга хэмжээ авч буйг АНУ, Австрали болон Европ тивийн хөгжингүй улсууд ихэд сайшааж байгаа. Халдварт өвчний эсрэг хаах, тусгаарлах арга хэмжээ авахыг чухалчилдаг уламжлалт арга барил үр дүнтэй ч гадаад харилцаа хумигдах, иргэдийг албадан хүчлэх зэргээс авхуулаад олон сул талтай. Тухайлбал, ардчилалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн идэвхгүй байдал нэмэгдэх зэрэг сөрөг нөлөө, хохирол гардаг туршлага бий. Тиймээс Солонгос улс уламжлалт арга барилаас өөр, нээлттэй ардчилсан нийгмийн төлөөх, иргэдийн оролцоотой аргыг халдварт өвчинтэй тэмцэхдээ ашиглаж байна. Үүнд хоёр үндсэн зүйлийг чухалчилж байгаа юм. Нэгдүгээрт, нээлттэй, ил тод байж, иргэдийн оролцоог хангах. Хоёрдугаарт, бүтээлч сэтгэлгээг хүндэтгэж, дэвшилт технологи ашигласан үр дүнтэй аргыг хөгжүүлэх. Солонгос улс бүтээлч арга барилыг, ялангуяа мэдээллийн технологийг сайн ашиглаж буй. Тухайлбал, автомашин дотроос шинжилгээ авах, байршил тогтоогч ашиглан тархвар зүйн судалгаа хийх зэрэг нь дэлхий дахинд амжилттай туршлага болж, нээлттэй нийгмээ хэвээр хадгалахын зэрэгцээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Тийм учраас АНУ, Британи, Франц, Австрали зэрэг орны томоохон хэвлэлүүд өндрөөр үнэлсэн болов уу. Солонгост шинэ төрлийн коронавирусийн тохиолдлын тоо өндөр байгаа нэг шалтгаан нь шинжилгээ их хийж буйнх юм. Коронавирусийг эрт үед нь илрүүлэх чухал гэж үзээд шинжилгээнд аль болох олон хүнийг хамруулж байгаа.
-Эрт илрүүлэх нь яагаад чухал вэ?
-Засгийн газраас эрт үеийн шинжилгээнд иргэдийг олноор нь хамруулж, “Ковид-19”-ийн тархалтыг зогсоож байна. Гуравдугаар сарын 13-ны байдлаар Солонгост шинжилгээнд хамрагдсан хүний тоо 250 000-д хүрсэн. 200 хүн тутмын нэг нь шинжилгээ хийлгэсэн гэсэн үг. Солонгос коронавирусийн халдвар илэрсэн бусад оронтой харьцуулахад илүү олон иргэнээ эрт үеийн шинжилгээнд хамруулж буй. Өвчнийг эрт үед нь илрүүлж, хүндрээгүй дээр нь эмчилж байж л бусад хүнд халдвар тараахаас сэргийлж чадна. Энэ утгаараа хамгийн зөв зүйтэй арга юм. Коронавирусийн нас баралт дэлхийд дунджаар 3.7 хувьтай байхад Солонгост 0.9 хувьтай. Халдварын 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн ч нас баралтын хувь нэгээс бага улс одоогоор Солонгос, Герман хоёр л байна. Энэ нь эрт үеийн шинжилгээний үр дүн. Ялангуяа “McDonald’s”, KFC-гийн захиалга шиг иргэдийг машиндаа байхад нь аравхан минутын дотор шинжилгээ авч буйг олон улс сайшаасан. АНУ, Францад саяхнаас уг аргыг ашиглаж эхэлсэн.
-Монгол Улсад хэдхэн хоногийн өмнө “Ковид-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Манай улс цаашид ямар арга хэмжээ аваасай гэж та үзэж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар коронавирусийн эсрэг арга хэмжээг маш хурдацтайгаар эрт үеэс авч хэрэгжүүлсэн. Солонгосын хэвлэл мэдээллээр Монгол Улс Хятадтай 5000 км нутгаар хил залгадаг ч коронавирус илэрсэнгүй гэж онцлон гаргаж, олны анхаарлыг татсан удаатай. Монголчууд Засгийн газрынхаа бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд бүрэн итгэж, шийдвэрийг ягштал мөрдөж байгаа нь надад их гүн сэтгэгдэл үлдээлээ. Ил тод, нээлттэй нийгмийг баримталж, ард иргэдийн сайн дурын оролцоог бүтээлч, дэвшилт технологитой уялдуулах нь коронавирусийн эсрэг тэмцэлд ялалт байгуулах гол түлхүүр. Төрөөс иргэддээ үнэн зөв мэдээллийг ил тод, шуурхай хүргэснээр олон нийтийн итгэл нэмэгдэж, зөв зүйтэй үйлдэл хийдгийг дахин онцолъё. Үүнд суурилан эрт үеийн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван, иргэд ч идэвхтэй оролцож чадвал “Ковид-19”-ийг ялж чадна гэж итгэж байна.